Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 807

 

 

 

 

 

 

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2020/00568 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “А” ХХК-ийн хариуцагч “Т” ХХК, О.Ш- нарт холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 10 470 200 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч О.Ш-, “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“А” ХХК-ийн менежер Ш.Оюун, “Т” ХХК-ийн захирал О.Ш- нар нь 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 03 дугаартай ажлын байр түрээслэх гэрээг байгуулж, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Улаанбаатар БҮК-2-ийн хашаанд байрлах агуулах, гараашийн зориулалттай 1 давхар тоосгон барилгын 144 м.кв талбайг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Т” ХХК-д эзэмшүүлж, барилгын материал хадгалалтын зориулалтаар ашиглуулахаар гэрээг хийсэн. Гэрээгээр талбайн хөлсийг нэг сарын 600 000 төгрөгөөр, өвлийн улиралд 10 дугаар сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 01-ний хооронд нэг сарын 100 000 төгрөгийн халаалтын хөлс /гэрээний 1.3 дахь заалт/ төлөхөөр харилцан тохиролцож, сар бүрийн 10-ны дотор түрээслүүлэгчид бэлнээр буюу дансаар /Голомт банкны 1801062383 тоот дансанд/ төлөхөөр заасан. Гэвч түрээслэгч “Т” ХХК болон иргэн О.Ш- нар нь 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар түрээслэгч “А” ХХК-д түрээсийн төлбөрөөс 5 800 000 төгрөгийг төлсөн. “А” ХХК-д төлөх түрээсийн төлбөр 2017 онд 4 800 000 төгрөг /600 000х3 сар/, халаалтын хөлс 300 000 төгрөг /100 000х3 сар/, 2018 онд 7 200 000 төгрөг /600 000х12 сар/, халаалтын хөлс 600 000 төгрөг /100 000х6 сар/, 2019 онд 3 000 000 төгрөг /600 000х5 сар/, халаалтын хөлс 300 000 төгрөг /100 000х3сар/ Нийт 15 000 000+1 200 000=16 200 000 төгрөг, “Т” ХХК, захирал О.Ш-гээс “А” ХХК-д төлсөн түрээсийн төлбөр 217 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 600 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 700 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1 000 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 500 000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 1 000 000 төгрөг, 2018 онд бэлнээр 2 000 000 төгрөг нийт 5 800 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 16 200 000-5 800 000=10 400 000 төгрөг байгаа. Иймд бусад хугацааны түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 10 400 000 төгрөг, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай захирамжийн тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нийт 10 470 200 төгрөгийг түрээслэгч “Т” ХХК болон иргэн О.Ш- нараас гаргуулж өгнө үү.

Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт “Түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй”, 326.2 дахь хэсэгт “Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно” гэж заасны дагуу түрээсэлсэн агуулахаа буцаан өгөөгүй байснаас 1 жил гаруй хугацаа өнгөрсөн тул учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг шаардаж байгаа. Гэрээний 3.6-д “Гэрээний хугацаа дуусгавар болсон буюу гэрээг цуцалсны дараа түрээслэн авсан байр, эд хөрөнгийг түрээслүүлэгчид хүлээлгэн өгнө” гэсэн үүргийг түрээслэгч биелүүлээгүй тул манайх хэтэрсэн хугацааны төлбөрийг шаардаж байгаа гэжээ.

 

Хариуцагч болон хариуцагч “Т” ХХК-ийн төлөөлөгч О.Ш-, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би энэ агуулахыг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1 жилийн гэрээ хийж түрээсэлсэн нь үнэн. Нэг жилийн дараа гэрээ хийсэн Ш.Оюунтай очиж уулзаад агуулахаа хүлээлгэж өгье гэсэн. Тэр мөнгөө өгч дуусгаад агуулахаас юмаа аваарай гэж хэлсэн. Би агуулахаас ихэнх зүйлээ авсан байсан. Үлдсэн зүйл нь нэхэмжлэгч талаас өгсөн зураг дээр байгаа хөрөө, юм наадаг төхөөрөмж байгаа. Эдгээр нь агуулахад их зай эзлэхгүй. Өөр хүмүүст түрээсэлж болох л байсан. Агуулахад үлдсэн зүйлээ би өөрөө очиж авч чадахгүй байсан тул 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр танил н.Ганбатыг явуулж авахуулсан нь үнэн. Тэгээд агуулахын түлхүүрийг өгсөн. Нэг жилийн түрээсийн төлбөрөөс 1 800 000 төгрөг үлдсэн. Үүнийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин гэрээгээ цуцалъя гээд байхад цуцлахгүй байж байгаад ийм их мөнгө нэхсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Гол нь нэхээд буй мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан бол гэрээний хугацаа дууссан, энэ тухайгаа Ш.Оюунд хэлсэн. Ш.Оюун үлдсэн мөнгөө өгөөд юмаа аваарай гэхээр нь мөнгө олдохгүй байгаад удсан тал бий. Хугацаа дууссанаас хойш гарсан зардлыг хариуцахгүй.

“Т” ХХК нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Улаанбаатар БҮК-2-ийн хашаанд байрлах үйлдвэрийн зориулалттай ажлын байрыг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаагаар түрээслэн ашиглахаар тохиролцож “А” ХХК түүнийг төлөөлөн тус компанид менежер ажилтай Ш.Оюунтай 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ажлын байр түрээслэх 03 дугаар гэрээг байгуулсан. Гэрээ байгуулагдсанаас хойш түрээсийн төлбөрийг сар сард нь хийгээгүй ч гэсэн дараагийн сард нь нөхөж төлөөд явдаг байсан. Гэрээний хугацаа дуусахад 2018 оны 5 дугаар сард тухайн байрыг түрээслэхгүй, гэрээнээс татгалзах талаараа тус компанийн менежер Ш.Оюунд амаар мэдэгдсэн. Уг нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс цуцлах санал гаргаагүй тал нь гэрээнээс татгалзах хугацааг тогтоох ёстой. Гэтэл өөрсдөө ямар ч хариу өгөөгүй. Мөн анх энэ агуулахыг хүлээж авахдаа акт үйлдэн хүлээн аваагүй тул заавал акт үйлдэн хүлээлгэн өгөх шаардлагагүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.2 дахь хэсэгт “Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ” гэж заасан. Гэтэл түрээслэгч агуулахад хадгалуулсны үр шимийг хүртээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-аас нийт 10 470 200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, хариуцагч О.Ш-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 182 000 төгрөгийг улсын орлогод үлдээн, дутуу төлсөн 473 төгрөгийг нөхөн төлүүлж, хариуцагчаас 182 473 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч О.Ш-, хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нар давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын маргаж буй түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон эсэх, дуусгавар болсон бол хэзээ дуусгавар болсон, түрээсийн төлбөрийн үлдэгдлийн талаарх маргааны үйл баримтыг бүрэн гүйцэд тогтоолгүйгээр шийдвэрлэсэн. Ажлын байр түрээслэх гэрээг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай байгуулсан. Гэрээний хугацаанд түрээслэгч “Т” ХХК нь түрээсийн төлбөрийг төлж, 2018 оны 5 дугаар сард түрээсийн гэрээний хугацаа дууссан тул тухайн байрыг түрээслэхээ зогсоох, түрээсийн гэрээний гэрээнээс татгалзаж гэрээг цуцлах талаарх саналыг түрээслүүлэгч “А” ХХК-ийн менежер Ш.О-д мэдэгдэж түрээсийн төлбөрийн үлдэгдэл 2 000 000 төгрөгийг менежер Ш.Оюунд бэлнээр төлсөн. 2018 оны 5 дугаар сард ажлын байр түрээслэх 03 дугаар гэрээний хугацаа дууссан тул гэрээний 3.6, 3.7-д заасны дагуу түрээслэгч “Т” ХХК-ийн захирал О.Ш- түрээслүүлэх талд 2017 оны 5 дугаар сард түрээсийн гэрээгээ цуцлах талаар мэдэгдсэн. Гэтэл түрээслүүлэгч тал нь түрээслэгчийн гаргасан саналыг хүлээн авч ямар нэгэн хариу өгөөгүй, байрыг хүлээн аваагүй. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч О.Ш- нь түрээслүүлэгчид гэрээнээс татгалзах талаар удаа дараа мэдэгдсэн. Гэтэл гэрээ цуцлах талаар түрээслүүлэгч нь түрээслэгчийн саналыг хүлээн аваагүй, гэрээний хугацаа дууссан байхад тухай бүр шинээр гэрээ байгуулаагүй, гэрээ дуусгавар болсон байхад анхан шатны шүүх хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.2 дахь хэсэгт заасны дагуу түрээслэгч нь гэрээнд заасан 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд уг байрыг зориулалтын дагуу ашиглаж үр шимийг нь олж авсан. Харин 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсийн гэрээ дуусаж, гэрээг шинээр байгуулаагүй, гэрээ дуусгавар болсон тул түрээслэгчийн тухайн хөрөнгийг ашиглаж үр шимийг нь олж авах эрхээ эдэлсэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчид 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үүсэхгүй атал анхан шатны шүүх “А” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай “Гэрээ цуцалсан акт” гэх түрээслэгч “Т” ХХК-ийн захирал О.Ш-гийн гарын үсэгтэй бус харин н.Г гэх хүний гарын үсэгтэй нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үндэслэн хариуцагч нь 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр эд зүйлийг агуулахаас авсан гэж үзэн уг байрыг ашиглаагүй хугацааны түрээсийн төлбөр 8 400 000 төгрөгийг гаргуулахаар хангаж шийдвэрлэсэн нь хуулийн шаардлага хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Т” ХХК, хариуцагч О.Ш- нарт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 10 470 200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар 1 800 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 3 тоот “Ажлын байр түрээслэх гэрээ”-гээр “А” ХХК нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хорооны БҮК-2-ын хашаанд байрлах 144 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай ажлын байрыг нэг жилийн хугацаатайгаар “Т” ХХК-д түрээслүүлэх, түрээслэгч нь түрээсийн төлбөрт сар тутам 600 000 төгрөг, өвлийн улиралд буюу 10 дугаар сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд халаалтын хөлсөнд нэмж сар тутам 100 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна. /хх 6-8 тал/

 

Харин О.Ш- нь гэрээнд “Т” ХХК-ийн захирал гэж гарын үсэг зурсан, иргэний хувиар үүрэг хүлээгээгүй тул шүүх О.Ш-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

 

Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн 0023669 дугаар улсын бүртгэлийн Ү-2205016884 тоот Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Байшин үйлдвэрлэх 2 дугаар комбинатын хашаанд байршилтай агуулах, гараашийн зориулалттай 1 давхар тоосгон барилгыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл түрээсийн гэрээний зүйл болох 144 м.кв талбай нь тусдаа бие даасан үл хөдлөх эд хөрөнгө биш байх тул түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр гэрээний үүргийг талууд биелүүлэх ёстой.

 

Гэрээнд зааснаар тооцвол нэг жилийн түрээсийн төлбөр, халаалтын хөлс нийт 7 800 000 төгрөгийн үүрэг хариуцагчид үүссэн ба хариуцагч 6 000 000 төгрөгийг төлсөн, 1 800 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, харин түрээслэгч түрээсийн төлбөрт 5 800 000 төгрөг төлж, 2 000 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдсон байна.

 

Түрээслэгч гэрээний хугацаа дуусахад түрээсийн байрыг түрээслүүлэгчид хүлээлгэн өгөх үүргээ Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар биелүүлснээ нотлоогүй. Харин 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч “А” ХХК нь “Гэрээ цуцалсан акт” үйлдэж тухайн агуулахыг н.Ганбат хүлээлгэн өгч гарын үсэг зурж баталгаажуулсан баримт хэрэгт авагдсан байна. Энэ талаар хариуцагч “Т” ХХК-ийн төлөөлөгч О.Ш- шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад “...өөрийн тоног төхөөрөмж, эд зүйлийг н.Ганбат гэх хүнийг явуулж агуулахаас 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр авч, агуулахын түлхүүрийг өгсөн” гэж тайлбарлажээ.

 

Дээрхээс үзвэл хариуцагч нь түрээсийн байрыг 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ашигласан гэж үзэх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт заасны дагуу хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй.

 

Иймд 13 сарын түрээсийн төлбөр 7 800 000 төгрөг, халаалтын төлбөр 600 000 төгрөг, нийт 8 400 000 төгрөг, түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 2 000 000 төгрөг, хариуцагч “Т” ХХК-ийг эрэн сурвалжлахад гарсан улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нийт 10 470 200 төгрөгийг хариуцагч “Т” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт нийцнэ.

 

Харин шүүх хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь буруу тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч О.Ш-, хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2020/00568 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “492 дугаар зүйлийн 492.1.1” гэснийг хасч өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182 473 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА

 

       ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ