Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/00060

 

                                                         *******-ийн нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2020/00568 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 807 дугаар магадлалтай,

*******-ийн нэхэмжлэлтэй,

*******,******* нарт холбогдох

Гэрээний үүрэгт 10,470,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намнансүрэн, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******,******* нарт холбогдуулан гэрээний үүрэгт 10,470,200 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

2. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2020/00568 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******-аас нийт 10,470,200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч *******-д олгож, хариуцагч*******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 182,000 төгрөгийг улсын орлогод үлдээн, дутуу төлсөн 473 төгрөгийг нөхөн төлүүлж, хариуцагчаас 182,473 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 807 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2020/00568 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас 492 дугаар зүйлийн 492.1.1 гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.08-ны өдрийн 807 дугаар магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцээгүй, 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хариуцагч *******-аас 10,470,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх ингэж шийдвэрлэхдээ хэргийн материалд авагдсан нотлох баримтын шаардлага хангаагүй баримт болох гэрээ цуцалсан тухай актыг үндэслэн түрээсийн төлбөрийн үлдэгдлийг тооцож түрээсийн төлбөрт түрээслэгчээс төлсөн төлбөрийн дүнг буруу тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Тохирсон нөхцөлөөс үзэхэд гэрээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар дууссан байх тул нэхэмжлэгч энэ хугацаан дахь түрээсийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй ... хариуцагчаас нэг жилийн хугацаанд ногдох түрээсийн төлбөр гаргуулах нь зүйтэй гэж үзсэн атлаа хариуцагчийг түрээсийн төлбөрийн хэмжээгээр хөрөнгөжсөн, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хоорондын үүрэг хожим дуусгавар болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд нь уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан гаргуулахаар шаардах эрхтэй тул дээрх хугацаанд хамаарах 13 сарын түрээсийн төлбөр нийт 8,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нийт 13 сарын түрээс 8,400,000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэсэн атлаа тогтоох хэсэгт 10,470,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Хариуцагч 2018 оны 05 дугаар сард түрээсийн гэрээгээ цуцлах талаар саналаа мэдэгдэж, түрээслэгчид түрээсийн төлбөрт 2,000,000 төгрөг бэлнээр өгсөн гэх хариуцагчийн тайлбарыг үнэлж үзээгүй, хэтэрхий нэг талыг барьж шийдвэр гаргасан. Гэрээний хугацаа 2018.05.01-ний өдөр дуусгавар болсон тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасны дагуу түрээслэгч нь гэрээнээс татгалзах, уг агуулахыг түрээслэхээ зогсоох талаар удаа дараа түрээслүүлэгчид мэдэгдэж, агуулахаа хүлээн авахыг шаардсан боловч түрээслүүлэгч агуулахаа хүлээн аваагүй байдаг. Уг агуулахыг санаатайгаар хүлээн авахгүй байж байгаад түрээслэгчээс түрээсийн төлбөрийг үндэслэлгүйгээр нэхэмжилсэн. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.2-т Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ гэж заасан. Гэтэл түрээсийн гэрээний хугацаа 2018.05.01-ний өдөр дуусгавар болсон. Хугацаа дуусгавар болсноос хойш уг агуулахыг ******* нь зориулалтын дагуу ашиглаж үр шимийг нь олж авч чадаагүй. Гэрээнээс татгалзаж байгаа талаар удаа дараа түрээслэгчид мэдэгдсэн тул түрээслэгчийг гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэж байна. Хариуцагч агуулахыг 2019.06.09-ний өдөр сулласан талаар хүлээн зөвшөөрөөгүй байхад энэ талаар маргаагүй гэж шүүх үзсэн нь хуульд нийцээгүй. Зөвхөн нэхэмжлэгчийн мэдүүлэг, нотлох баримтын шаардлага хангаагүй баримт болох гэрээ цуцлах тухай актыг үндэслэсэн, ямар нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь тодорхойгүй, энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй хэтэрхий нэг талыг барьсан, нотлох баримтын шаардлага хангаагүй гэрээ цуцлах тухай актыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэж, нөхөх боломжгүй алдаа гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байхад анхан шатны шүүхийн 2020.02.13-ны өдрийн 00568 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.08-ны өдрийн 807 дугаар магадлал хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж үзэх ёстой байсан. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.08-ны өдрийн 807 дугаар магадлал, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.13-ны өдрийн 00568 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, хариуцагч******* нарт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 10,470,200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 1,800,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, ...агуулахыг 2017.05.01-ний өдөр хүлээн авч, өөрийн эд зүйлийг 2019.06.09-ний өдөр авсан үйл баримтад маргаагүй, харин гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулсан тул энэ хугацааны төлбөрийг төлнө, гэрээнээс татгалзах саналыг удаа дараа гаргасан боловч түрээслүүлэгч хариу өгөөгүй, агуулахад хадгалсан зүйл зай эзлэхгүй тул бусдад түрээслүүлэх боломжтой байсан гэж маргажээ.

6. Анхан шатны шүүх хариуцагч *******-аас нийт 10,470,200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч *******-д олгож, хариуцагч*******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна.

7. 2017.05.01-ний өдрийн 3 тоот Ажлын байр түрээслэх гэрээ-гээр ******* нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хорооны БҮК-2-ын хашаанд байрлах 144 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай ажлын байрыг 1 жилийн хугацаагаар *******-д түрээслүүлэх, түрээслэгч нь түрээсийн төлбөрт сар бүр 600,000 төгрөг, өвлийн улиралд халаалтын хөлсөнд нэмж сар тутам 100,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв юм.

8. Хариуцагч******* нь дээрх гэрээнд *******-ийн захирлын хувьд гарын үсэг зурсан байх тул иргэний хувиар үүрэг хүлээгээгүй гэж дүгнэн*******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийн үндэслэлийг Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т нийцсэн гэж үзнэ.

9. Хэрэгт авагдсан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл гэрээний зүйл болох 144 м.кв талбай нь тусдаа бие даасан үл хөдлөх эд хөрөнгө биш байх тул түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй буюу Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр гэрээний үүргийг талууд биелүүлэх ёстой гэж хоёр шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй.

10. Түрээсийн төлбөр, халаалтын хөлс нийт 7,800,000 төгрөгийн үүрэг хариуцагчид үүссэн ба хариуцагч 6,000,000 төгрөгийг төлсөн, 1,800,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

11. Түрээслэгч гэрээний хугацаа дуусахад түрээсийн байрыг түрээслүүлэгчид хүлээлгэн өгөх үүргээ Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар биелүүлснээ нотлоогүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт заасны дагуу хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй буюу түрээсийн төлбөр 7,800,000 төгрөг, халаалтын төлбөр 600,000 төгрөг, нийт 8,400,000 төгрөг, түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 2,000,000 төгрөг, хариуцагч *******-ийг эрэн сурвалжлахад гарсан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 10,470,200 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэлийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.

12. Анхан шатны шүүх хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь буруу буюу агуулахыг ашиглаагүй байх тул шийдвэрийн тогтоох хэсгээс хуулийн энэ заалтыг давж заалдах шатны шүүх хассан нь зөв юм.

13. Хэргийг хянахад хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул ...хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 807 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 182,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

П.ЗОЛЗАЯА

Д.ЦОЛМОН