Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 834

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Т-, Д.Э- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/00627 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.Т-, Д.Э- нарын хариуцагч Б.Г-, Ц.М- нарт холбогдуулан гаргасан хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах үндсэн, хариуцагч нар 568 464 964.75 төгрөгөөс ногдох хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч Д.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т-, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.А, хариуцагч Ц.М-, хариуцагч Б.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч Д.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т- нар нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1997 онд талийгаач Г.Д-той оюутан байхдаа танилцаад, 2000 онд гэр бүл болж, 13 жил хамт амьдарч, гэрлэлтээ албан ёсоор батлуулсан.

Бидний дундаас 4 охин төрсөн. 2013 онд нөхөр маань нас барж, бага охин гэдсэнд үлдсэн. Ингээд энэ явдлаас хойш эд хөрөнгийн маргааныг хадмууд үүсгэж, шүүхээр яваад 4-5 жил болж байна. Үнэндээ надад 4 хүүхдээ өсгөх, ажилгүй, хүүхдүүд болон бага охиноо харах, байр усны тооцоо, хүүхдүүдийн хэрэглээ гээд хэцүү байна. Энэ хугацаанд хадам талаас нэг ч ирээд тусалж байгаагүй. Яаж намайг амьдар гээд байдгийг ойлгохгүй гайхаж байна. Би эвлэрье гэж зөндөө гуйсан, эд нар зөвшөөрөөгүй.

Би эд нарт их юм хэлдэггүй. Одоо энэ 2 хөгшиний хүүхдүүд бүгд сайхан амьдраад, дутагдах гачигдах зүйлгүй явж байна. Юунд муу амлаад ингээд өөрсдийн үр удамтайгаа шүүхдээд байгааг ойлгодоггүй.

Байрнуудын тухайд нөхөр бид хоёр цуг явж байгаад одоо хотод орж ирье гээд авсан. Төмөр замын байрны хувьд хоёр дүү нь байргүй байсан учраас амьдруулсан. Дүү нараа их харж үзсэн. Тэглээ гээд би юм хэлдэггүй байсан. Дүү Г.Ч- манай нөхрөөс байр авна гээд арван хэдэн сая төгрөг зээлж аваад цалингаасаа сар болгон хийж мөнгөө төлснийг хөрөнгө оруулсан гэж яриад байна. Дүү Г.Г, Г.Ж нар өөр өөрсдийн данстай байсан. Бид хоёр 2000 онд суусан, түүнээс хойш бий болсон манай хөрөнгө, бид үр хүүхдийнхээ төлөө, өөрсдийнхөө төлөө энэ бүхнийг хуримтлуулсан.

Тэрнээс хэн нэгэн хүмүүс буюу ах дүү нарт нь өгөх гэж энэ хөрөнгүүдийг бий болгоогүй. Бид хоёр насны эцэст хуримтлуулсан хөрөнгөө тэтгэвэр болгоод амьдраад болох юм байна гэж бодож байснаас насанд хүрсэн том хүмүүсийг тэжээх гэж хуримтлуулаагүй.

Би энэ хүмүүст маш их гомдож явдаг. Талийгаач дүү нарынхаа сургалтын төлбөр, суух орон байрыг нь хүртэл зохицуулж байсан. Өөрсдийнх нь төрсөн ахын өнчин өрөөсөн үлдсэн 4 дүү нарынхаа хөрөнгөөс яаж ингэж авах гэж байдаг байна. Уг нь бид нарыг харж хандаад явах ёстой байтал ингэж байгаад гомдолтой байна.

Голомт банкны дансны хамтрагч Г.Лхагвадоржийн талаар болохоор энэ хүмүүс цуг хамтран ажиллаж байсан юм гэж худлаа яриад байна.

Манайх 2012 онд Хан-Уул дүүрэгт 2 өрөө байр захиалаад хот руу шилжих болсон учраас ямар нэгэн гүйлгээ хийх болгондоо Мөрөн явах боломжгүй байсан тул захиран зарцуулалтыг хийлгэхээр талийгаач өнгөрөхийнхөө өмнө Г.Л-ийг хамтран эзэмшигч болгосон. Г.Л хамтран эзэмшигч болсон ч ганц төгрөг оруулсан зүйлгүй.

Энэ Голомт банкны дансыг 2000 онд манай нөхөр нээлгээд, 190 000 000 төгрөгийг анх хийж байсан.Тэрнээс биш энэ хүнд мөнгөний талыг өгөх гэж оруулсан юм байхгүй. Мөн манай нөхрийн данс руу өчнөөн олон арьс шир авсан хүмүүс мөнгө хийдэг байсан. Надад хүүхдүүдээ өгсөн хөрөнгийг өгөх сонирхол одоо бол байхгүй.

Би хөрөнгөө хуваахгүй, өгөхгүй, эвлэрье гэж зөндөө гуйсан, бидний өмч учраас хөрөнгөө авна. Хэрэг шийдэгдэхгүй удаан явсны улмаас том охин маань насанд хүрч нэхэмжлэл гаргаад, надад төлөөлөх эрхээ олгосон бусад охидынхоо хууль ёсны төлөөлөгчөөр миний бие шүүхэд төлөөлөн оролцож байгаа.

Иймээс бид хуульд зааснаар талийгчийн өв залгамжлагч нар тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Б.Г-, Ц.М- нар 1974 онд гэр бүл болж, 6 хүүхэдтэй болсон. 1990 он хүртэл улсад жолооч, барилгын засал чимэглэлийн мэргэжлээр ажиллаж байгаад зах зээлийн нийгэмд шилжсэнээр сүүний чиглэлийн саалийн үнээ худалдан авч сүү цагаан идээ зарж борлуулах, хурааж хуримтлуулсан цалин хөлс, ээж ааваас өвлүүлж ирсэн хурдан морь, үнэт эдлэл зэрэг хөрөнгөөр ямаа, гахай улмаар арьс шир, ноос ноолуур, хоёрдогч түүхий эдийн зах зээлийн бизнес эрхлэх болсон. Энэ бизнес Б.Г-, Ц.М- нарын өөрсдийн өмчлөлийн эд зүйлсийг худалдан борлуулсан хөрөнгийн эх үүсвэрээр бий болж 6 хүүхдийн хамтын хөдөлмөрөөр аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байсан. 1995 онд том хүү талийгаач Г.Д- цэргээс халагдаж ирсэн тул энэ бизнесээ удирдан явуулахыг даалгаснаар тэрээр санхүү тооцооны асуудлыг хөтөлж, хариуцаж байсан бөгөөд ямар нэгэн хуулийн этгээд байгуулаагүй байсан тул бүх хөрөнгө түүний нэр дээр байсан. Мөнгөн болон хөдлөх, үл хөдлөх хөрөнгө бүгд талийгаач хүү Г.Д-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг боловч гэр бүлийн бүхий л гишүүдийн 20 гаруй жилийн хүч хөдөлмөр шингэсэн хөрөнгө. Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гэр бүлийн бизнесийн хамтын үйл ажиллагаа эрхэлж байсныг тогтоож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлд дурдсан мөнгөн хөрөнгө, хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгүүд аав, ээж, дүү Г.С, Г.Ч, Г.Г, Г.Жд, Л.Л нарын дундын хөрөнгө учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эдгээр эд хөрөнгүүдийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1 дэх хэсэгт зааснаар шаардаж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Харин нэхэмжлэгч нарыг талийгчийн өвлөгч гэдэгтэй маргахгүй. Энэ шаардлагыг зөвшөөрнө. Харин Хөвсгөл аймгийн Мөрөнд байгаа контейнер, гараашаас оногдох хэсгийг гаргуулахгүй гэжээ.

 

Хариуцагч Ц.М- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Н.Т- 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэл өгөхдөө эхлээд Ц.М- гэдэг хүн маргаан үүсгэсэн гэж байна. 2013 онд миний хүү бурхан болсон. 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос Н.Т- очиж, 11 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Эвийн журмаар шийдвэрлэе гэхэд ерөөсөө зохицоогүй. Та нартай эд хөрөнгө хуваахгүй гэдэг. 2014 оны 3 дугаар сарын 12-25-ны өдрүүдийн хооронд 50 000 000 төгрөгийг банкны хүү өндөр гээд хийсэн. Өмчлөх эрхийн гэрчилгээг өвөө, эмээ хоёр нь зөвшөөрсөн гэж хэлээд 2014 онд өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан байдаг. Ямар нэгэн орлого байхгүй гэж ярихын монгол хүн байж амны билэггүй зүйл ярьдаг. Өвгөн бид хоёр 2018 он хүртэл малаа маллаж байсан. Бүтэн үхрийн мах хүртэл идшинд өгч байсан. Дандаа бидний үйлдлийг сөрөг талаас нь ярьж байна. Хүн чанаргүй гэж байгаа нь ёс зүйн хувьд нийцэхгүй. Оюутны ширээн дээрээс манай гэрт ирсэн. Ямар байдалтай ирснийг чинь мэднэ. Н.Т- дургүй зүйлдээ хөдөлдөггүй, залхуу. 10 гаруй жилийнхээ амьдралын сайн сайхан зүйлээ харлуулж байна. Өнөөдөр ч гэсэн охидууд нь манайд хөдөө очоод байж байна. Монголын уламжлалт сар шинийн баяр болох гэж байхад хүний урамд утсаар мэнд мэдэж байгаагүй. Ажиллаж хөдөлмөрлөж үзээгүй хүн, хүний ажил хөдөлмөрийн үнэлдэггүй юм байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Л 1980 онд төрсөн. Хариуцагч Б.Г-, Ц.М- нарын 4 дэх хүүхэд 7 дугаар ангиа төгсөөд гэр бүлийн бизнест орсон. Сүүлд талийгаач ах Г.Д-тойгоо хамтарч бизнес эрхэлдэг байсныг Голомт банкны дансыг хамтран эзэмшдэг байснаас харж болно. Өвийн асуудлаас болж бизнесийн үйл ажиллагааны хөрөнгө зогсонги байдалд орж бизнесээ үргэлжлүүлэхэд хүндрэл учирсан. Маргаж байгаа хөрөнгүүд эргэлтийн хөрөнгө мөн гэдгийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тогтоосон. Яагаад бусад гишүүдийн ногдох хэсгийг гаргаагүй бэ? гэхлээр тэр үед эдгээр хүмүүс байгаагүй. Харин Г.Л-ийн хувьд байсан учраас 50 хувиар тогтоосон. Талийгаачийн өв залгамжлалтай холбоотой иргэний хэрэг байгаа учраас шүүхээс энэ талаар дүгнээгүй. Харин өнөөдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх ёстой. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

 

Хариуцагч Ц.М-, Б.Г- нар шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Бид хоёр 1974 онд гэр бүл болж 6 хүүхэдтэй болсон бөгөөд 1975 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Г.Д-, 1976 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Г.Чимэдханд, 1978 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Г.С, 1980 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Г.Л, 1991 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Г.Г, Г.Ж нар төрсөн. 1990 он хүртэл улсад жолооч, барилгын ажиллаж хийж байгаад зах зээлийн нийгэмд шилжсэнээр, Хөвсгөл аймгийн Ану худалдаа үйлчилгээний төв-ийн Цасхан цехэд сүү нийлүүлж эхэлсэн. Тухайн үед том хүү Г.Д- 15 настай байсан бөгөөд энэ үеэсээ эхлээд бизнест оролцож 1993 онд 10 дугаар ангиа төгсөөд цэрэгт явж ирээд, түүнээс хойш бусад хүүхдүүдийн хамтаар малын түүхий эд болох арьс шир, ноос ноолуур, өлөн гэдэс зэргийг худалдан авч Улаанбаатар хотод аваачин зарж борлуулах худалдаа арилжааны хамтын аж ахуйн үйл ажиллагааг эрхлэн, том хүү Г.Д-оор удирдуулан явуулж ирснийг шүүх тогтоосон. Энэ бизнесийн хамтын үйл ажиллагаа эрхэлж байх хугацаанд дараах дундын хөрөнгүүд бий болсон.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 5-А байрны 46 тоот, 59.67 метр квадрат талбайтай орон сууц,

Баянгол дүүрэг, 2 дугаар хороолол, 4 дүгээр хороо, Төмөр замын 56 дугаар байрны 46 тоотын 18 метр квадрат талбайтай, 1 өрөө орон сууц,

Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 1 дүгээр баг, 32 дугаар гудамжны 01 тоот, 0.9 га газар дээр байгаа контейнер, гарааш,

Талийгаач Г.Д-ийн нэр дээрх Хас банкин дахь 5000-3751-42 дугаартай дансан дахь 35 839 196.39 төгрөг, 5000-3765-44 дугаартай дансанд 30 000 000 төгрөг,

Талийгаач Г.Д-ийн нэр дээрх Хаан банкин дахь 5890-9392-21 дугаартай харилцах дансан дахь 124 166 560.36 төгрөг,

Талийгаач Г.Д-, Г.Л-той хамтран эзэмшдэг Голомт банкин дахь 4905-0022-18 дугаартай харилцах дансан дахь 322 530 768 төгрөг бүхий нийт 568 464 964.75 төгрөгийн үнэ бүхий мөнгө, эд хөрөнгүүд хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон Хөвсгөл аймагт байгаа 8х8 харьцаатай дүнзэн байшин, контейнер, гараашаас оногдох хэсэг гаргуулах шаардлагаасаа татгалзаад бусад үл хөдлөх эд хөрөнгө, мөнгөн хадгаламжаас оногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Т- шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Эдгээр хөрөнгүүд Н.Т- миний бие, талийгаач Д.Д, бидний дундаас гарсан 4 охин, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө юм. Эд хөрөнгүүдийг авахад та нар ямар хөрөнгө оруулсан юм. Хэдэн төгрөг өгсөн юм. Бид 2 явж байгаад авсан. Үр удмыг чинь бодоод төвөг гэж бодохын. Хамгийн сүүлд мөнгө төгрөг ч байхгүй. “Х” ХХК байрны төлбөрөө дутуу төлсөн гаргаарай гэж хөөхөд энэ талаар би та нараас гуйж байгаад хоорондоо яриад үлдэгдэл 45.000.000 төгрөгийг Г.Л, талийгаач хоёрын дундын данснаас гаргуулж, төлсөн. Бүгд тусдаа ажлаа хийгээд, амьдарч байгаа. Энэ маргаанаас болоод хүүхдүүд, бид хохирч байна. Том охин дөнгөж 10 жилийн сургуулиа төгсөөд аргагүйн эрхэнд ажил хийж байна. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Гуравдагч этгээдийн зүгээс хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байна. Өөр хэлэх тайлбаргүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 476 дугаар зүйлийн 476.1, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Т- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Г-, Ц.М- нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нар хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 568 464 964 төгрөг 75 мөнгө гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар сөрөг нэхэмжлэлийн контейнер, гараашаас оногдох хэсэг гаргуулах шаардлагаас татгалзсаныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараар улсын тэмдэгтийн хураамж 3 119 884 төгрөгийг төлүүлж, улсын орлогод оруулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 3 119 884 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1 026 500 төгрөгийг улсын орлого үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч Д.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т-, өмгөөлөгч Ц.А нар давж заалдах гомдолдоо:

... Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг шийдлийн хувьд хүлээн зөвшөөрч байгаа боловч, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг нарийвчлан тусгаагүй, мөн шаардлагад тусгагдсан 11 эд хөрөнгийг хэнд хэрхэн ногдуулж байгааг тодорхой заагаагүйн улмаас шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй, ойлгомжгүй болсон, улмаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн тул гомдолтой байна.

Нэхэмжлэгч Н.Т- нь “Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 11 эд хөрөнгүүд нь Д.Д, Н.Т-, Д.Э-, Д.А, Д.Д, Д.Ж нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгох,

Н.Т-, Д.А, Д.Д, Д.Ж нарыг талийгаач Д.Д-ийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох,

Хууль ёсны өвлөгч болох Н.Т-, Д.А, Д.Д, Д.Ж нарт өвийн журмаар оногдох эд хөрөнгийг тогтоолгох, холбогдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Түүнчлэн нэхэмжлэгч Н.Т-ийн том охин Д.Э- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад насанд хүрч, шүүхэд хандах эрхээ өөрөө хэрэгжүүлэх боломжтой болсонтой холбоотойгоор хамтран нэхэмжлэгчээр оролцсон ба "Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 11 эд хөрөнгүүд нь Д.Д, Н.Т-, Д.Э-, Д.А, Д.Д, Д.Ж нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгох,

Д.Э-ыг талийгаач Д.Д-ийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох,

Хууль ёсны өвлөгч болох Д.Э-д өвийн журмаар оногдох эд хөрөнгийг тогтоолгож, холбогдох хэсгийг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.

Шүүх хэргийг хянан шийдвэрлээд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч хөрөнгө болох 11 төрлийн хөрөнгөөс хэнд ямар хэмжээгээр ногдож байгаа талаар, мөн өвийн журмаар хөрөнгөөс хэнд ямар хэмжээгээр ногдсоныг, улмаар хэнд ямар хөрөнгийг олгож, хэнд юуг хариуцуулах талаар огт дурдаагүйгээс шүүхийн шийдвэр биелэгдэх ямар ч боломжгүй болсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэг зөрчигдсөн гэж үзэж байна.

Гэр бүлийн дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд болон банкин дахь хадгаламж зэрэг нь талийгаачийн нэр дээр байсан, мөн талийгаачийн эцэг эх, ах дүү нар эд хөрөнгөд маргаан үүсгэснээс шалтгаалан зохих журмын дагуу өвлөх эрхийн гэрчилгээ нээлгэж, өв залгамжлалын асуудал шийдвэрлэгдэх боломжгүй болсон.

Нэгэнт өвийн асуудлаар талийгаачийн эцэг, эх, дүү нар нь маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нар нь хууль ёсны өвлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахын тулд эхлээд Д.Д-, Н.Т- нарыг гэр бүл болсноос хойш бий болсон эд хөрөнгийг хуульд зааснаар Д.Д-, Н.Т-, Д.Э-, Д.А-, Д.Д-, Д.Ж- нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг шүүхийн журмаар тогтоолгох тухай нэхэмжлэлийг мөн шүүхэд гаргасан, уг шаардлагыг шийдвэрлэснээр өвийн асуудлыг шийдвэрлэхэд хялбар болох ёстой байсан.

Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагаас гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг шүүхийн журмаар тогтоолгох тухай шаардлагын талаар шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт огт дурдаагүй, хууль ёсны өвлөгчөөр нэхэмжлэгч нарыг тогтоож байгаа мэт боловч эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй болсон. Иймээс шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт маргаан бүхий эд хөрөнгийн хуваарилалтыг нарийвчлан тусгуулах шаардлагатай.

Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Н.Т- 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр анх нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нар нь Хан-Уул дүүргийн шүүхэд эд хөрөнгийн өмчлөлийн талаар тусдаа нэхэмжлэлтэй иргэний хэрэг үүсгүүлж, энэ хэргийг түдгэлзүүлснээр эцэслэн шийдвэрлэгдэхгүй бүтэн 5 жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд нэхэмжлэгч нь өрх толгойлж, өөрийн 4 хүүхдийг өсгөх гэж маш хэцүү байсан, өөрийн гэр бүлийн эд хөрөнгийг захиран зарцуулах ч эрхгүй байсан боловч шүүхийн үйл ажиллагааг хүндэтгэж хүлээцтэй хандсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлыг нэг бүр шийдвэрлэхгүй, зөвхөн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ гэсэн байдлаар хариуцлагаггүи хандсан нь нэхэмжлэгч нарыг, тэдгээрийн ар гэрийг бас дахин хохирооход хүргэж байна. Цаг хугацааны хувьд ч гэсэн уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хугацаа өнгөрсөн.

Нэхэмжлэгч нар нь өөрсдийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон баримтаа хангалттай гаргасан, мөн хэрэгт цугларсан баримтын хэмжээнд хэргийг бүрэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаахгүйгээр, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж эцэслэн шийдвэрлэж өгөхийг хүсч байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гаргасан зөрчлийг нь зөвтгөж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н, хариуцагч Ц.М- нар давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн болоод нэхэмжлэгч нэмэгдэж тусдаа нэхэмжлэлийн шаардлага гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсонтой холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан байдаг. Нэхэмжлэлд маргаан бүхий 11 эд хөрөнгийг нэхэмжлэл хариуцагч Б.Г-, Ц.М- нарыг оролцуулан хуваан бодож тооцоолон шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад хэргийг шийдэхдээ нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсаныг тодруулан тооцоололгүйгээр хариуцагч нарыг хас эд хөрөнгүүдийг хуваан шийдсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарын хүүхдүүд болох Г.Ж, Г.С, Г.Ч нь өөрсдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан бие даасан шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлт гаргасан байхад анхан шатны шүүх “өмнө нь даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаж байсанг хүлээн авахаас татгалзаад нэгэнт шийдсэн асуудал тул шийдэхгүй” гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээн аваагүй.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй эд хөрөнгө болох Баянгол дүүргийн орон сууцыг анх худалдан авсан өдрөөс өнөөг хүртэл Г.Г, Г.Ж нар нь амьдарч байгаа, дансанд хуримтлагдсан мөнгөний зарим хэсэг болоод хөрөнгүүд нь эдгээр хүмүүсийн хүч, хөдөлмөр, орлогоор бүрдсэн болох хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн харагдаж, нотлогддог. Тухай Г.Г, Г.Ж. Г.Ч нар нь тус  хаяг дээр оршин суудаг гэх хорооны засаг даргын тодорхойлолт, уг байрыг худалдсан иргэн бол Г.Чанцалын “Уг байрыг 2 дүүгээ суулгана гэж анх надаас худалдаж авсан” гэх агуулгатай шүүхэд гаргаж өгсөн тодорхойлолт, мөн уг байрыг худалдаж, хэдхэн хоногийн өмнө Б.Г- гуайн “Монгол Шуудан” банк  дахь дансыг хааж 26 000 000 төгрөгийг Г.Д- нь гарын үсэг зурж хүлээн авсан болохыг нотлох гүйлгээний баримт гэх зэрэг баримтууд нь бүгд уг хавтаст хэрэгт нотлох баримтыг шаардлага хангагдсан хэлбэрээр авагдсан. Гэтэл эдгээр нотлох баримтуудыг үнэлээгүй, уг хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.3 дахь заалтуудыг баримтлаагүй ба баримтлахаас үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзэж байна.

Хариуцагч талын зүгээс шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болоод шүүхийн хэлэлцүүлгийн явцад ч Хөвсгөл аймагт байрлах газар, 2 байшинг үр хүүхдүүдээ анх тусад нь гаргаж байхдаа өгсөн учир маргах зүйлгүй харин уг газар дээр байгаа гарааш, контейнерээс оногдох хэсгийг гаргуулна гэж тодорхой дурдсан атал огт татгалзаагүй эд хөрөнгийг татгалзсан болгож шийдвэртээ тусгасан байна. 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2491 дугаар шийдвэрээр Г.Д, Г.Ч, Г.С, Г.Г, Г.Ж, Г.Л, Б.Г-, Ц.М- нэр нь хамтын бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байсанг тогтоосон бөгөөд харин маргаан бүхий эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг өвийн асуудалтай хамт шийдвэрлэх нь зүйтэй хэмжээн үзсэний үндсэн дээр хариуцагч талын зүгээс сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх хангалттай нотлох баримт хэрэгт авагдсан атал үнэлээгүй.

Анхан шатны шүүх үнэлэх ёстой нотлох баримтыг үнэлээгүй байж ямар ч нотлох баримт байхгүй байсан мэт дүгнэсэн.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад талийгаач нь хамтын бизнесийн үйл ажиллагаанаас өөр ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй нь илэрхий болсон бөгөөд Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тухайн эд хөрөнгө хэний нэр дээр байна, хэнд өвлөгдөн очсон зэрэг байдлаас үл хамааран шийдвэрлэх боломжтой, өмнө нь дурдсанчлан хангалттай нотлох баримт хэрэгт авагдсан гэж үзэж байна.

Дээрхээс үзэхэд анхан шатны шүүх хэт нэг талыг барьсан, үнэлэх ёстой нотлох үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг удаа дараа зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг бүрэн үндэслэлтэйгээр, нотлох баримтад тулгуурлалгүйгээр шийдэж, шударга бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Н.Т-, Д.Э- нар нь хариуцагч Б.Г-, Ц.М- нарт холбогдуулан өвлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд оногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

            Г.Д- 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр нас барсантай холбоотойгоор түүний эхнэр, хүүхдүүд болон эцэг эх нь өвлөх хөрөнгө, хамтарсан бизнесийн үр дүнд бий болсон хөрөнгөөс ногдох хэсгийн талаар маргасан ба дараах нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

            Нэхэмжлэгч Н.Т-, түүний хүүхдүүд Д.Э-, Д.А-, Д.Д-, Д.Ж- нар нь өвлүүлэгчийн хууль ёсны гэр бүлийн гишүүд, хариуцагч Б.Г-, Ц.М- нар  нь төрсөн эцэг эх болохыг нотлох баримтууд хэрэгт авагдсан, Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар нээгдсэн өвийг адил хэмжээгээр өвлөх эрхтэй хууль ёсны өвлөгчид нь нэр бүхий 7 өвлөгч байна.

 

            Өвлүүлэгч Г.Д-ийн өмчлөлд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 6А байрны 41 тоот 59,67 м.кв талбайтай орон сууц, Баянгол дүүрэг, 2 дугаар хороолол, 4 дүгээр хороо, Төмөр замын 56 дугаар байрны 46 тоот 18 м.кв талбай бүхий 1 өрөө байр, /2хх-22/ Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 1 дүгээр баг, 32 дугаар гудамжны 01 тоот, 0,9 га газар дээр баригдсан 8х8 харьцаатай дүнзэн, тоосгон өнгөлгөөтэй байшин, 20 тоннын контейнер, гарааш бүртгэлтэй байсан нь орон сууц захиалгын гэрээ, /1хх-12,89/ үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдож ажилласан Хөрөнгийн үнэлгээний төвийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, КН апартмент хотхоны 6А байрны 41 тоот орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 155 100 000 төгрөгөөр, Баянгол дүүрэг 2 дугаар хороо, Төмөр замын 56 дугаар байрны 46 тоот 1 өрөө байрны зах зээлийн үнэ цэнийг 52 200 000 төгрөгөөр тогтоосон, зохигчид үнэлгээг эсэргүүцэж маргаагүй.

      /2хх 88-106/

 

            Хариуцагч Б.Г-, Ц.М- нар нь “Хөвсгөл аймгийн Мөрөн хот дахь 900 м.кв газар, хувийн орон сууцыг Г.Д-ийг гэр бүл болоход нь өгсөн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагад оруулаагүй, харин контейнер, гараашаас ногдох хэсгийг гаргуулна” гэсэн ба уг 2 хөрөнгийн үнэлгээ нь 5 061 100 /2 000 000 +3 061 100/ төгрөгөөр тогтоогдсон баримт хэрэгт авагджээ. /1хх-57, 135,136/

 

            Мөн Г.Д-ийн эзэмшлийн Хас банкин дахь 5000-3751-42 дугаартай хадгаламжийн дансанд 2019 оны 10 дугаар сарын 25-ны байдлаар 35 839 196,39 төгрөг, 5000-3765-44 дугаартай хадгаламжийн дансанд 30 000 000 төгрөг, Хаан банкин дахь 5890-9392-21 дугаартай харилцах дансанд 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 124 166 560,36 төгрөг, Голомт банкин дахь Г.Лхагвадоржтой хамтран эзэмшдэг 4905-0022-18 дугаартай харилцах дансанд 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 322 530 768 төгрөг, уг харилцах дансны хамтран эзэмшигч Г.Лхагвадоржид ногдох 161 265 384 төгрөгийг хасч тооцоход өвлүүлэгчийн тухайд нийт 356 331 840 төгрөгийн мөнгөн хөрөнгө байгаа нь тогтоогдож байна. /2хх-120, 121, 122/

 

            Дээрх үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, мөнгөн хөрөнгийг гэр бүл болсноос хойш бий болсон, гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэх нэхэмжлэгчийн тайлбар, үндэслэлийг хариуцагч тал эсэргүүцэж, Г.Д-ийн аав, ээж, ах дүүстэйгээ хамтарч эрхэлж ирсэн арьс шир, түүхий эдийн бизнесийн үр дүн тул хамтран өмчлөх эрхтэй гэж маргасан. Хэрэгт Г.Ч, Г.С, Г.Г, Г.Ж нар нь эцэг эх болох Б.Г-, Ц.М-, Г.Л, Г.Д- нартай хамтран ажиллаж байсан гэх үйл баримтыг тогтоосон тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/02491 дугаартай шүүхийн шийдвэр авагдсан байна. /2хх-8-12/ Энэхүү баримт нь хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох баримт биш байна. Тодруулбал, хариуцагч Б.Г-, Ц.М- болон түүний хүүхдүүд болох дээрх нэр бүхий этгээдүүдэд Г.Д-ийн нэр дээрх маргаж буй хөрөнгийг бий болоход гэрээгээр болон хуульд зааснаар хувь оролцуулсан болохоо баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсгийн хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчлөгч болсон гэж үзэх, Г.Д-ийн орон сууцнууд болон банкин дахь хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгө зэргийг хуульд зааснаар бусадтай хамтран өмчлөх хөрөнгө гэж үзэх боломжгүй юм. Иймд Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт зааснаар үр шимийг өмчлөх эрх үүсээгүй гэж үзнэ.

 

            Г.Д-ийн нэр дээрх бүртгэлтэй орон сууцнууд, түүний дансанд буй мөнгөн хөрөнгүүдийг эцэг, эх ах дүү нартайгаа хамтран ажилласнаас бий болсон буюу Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.4 дэх хэсэгт заасан дундаа өмчлөх хөрөнгө гэж нотлох баримт хэрэгт байхгүй.

 

Иймд анхан шатны шүүх Г.Д-ийн нэр дээр бүртгэлтэй дээрх хөрөнгүүдийг дундаа өмчлөх хөрөнгө гэж үзэхгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

            Дээр дурдсан 2 үл хөдлөх хөрөнгө буюу нийт 207 300 000 /155 100 000+52 200 000/ төгрөгөөр үнэлэгдсэн 2 орон сууцыг  Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй. Эдгээр үл хөдлөх хөрөнгө нь “орон сууцны” зориулалттай байгаа учир аж ахуйн үйл ажиллагааны хэрэглэгдэхүүн, уг зорилгоор ашиглах хөрөнгө бус гэр бүлийн хөрөнгө гэж үзнэ. Иймд 6 гишүүнтэй гэр бүлийн нэг гишүүн болох нас барагч Г.Д-ид ногдох хувийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл 34 550 000 төгрөг /207 300 000 :6/ байна.

 

            Иймээс Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгч Г.Д-ид орон сууцнуудаас ногдох хэсэг 34 550 000 төгрөгийн хөрөнгө нь хууль ёсны өвлөгч болох 7 хүнд мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт зааснаар адил хэмжээгээр өвлөгдөх бөгөөд нэг хүнд ногдох нь 4 935 714 төгрөг, эцэг Б.Г-, эх Ц.М- нар 9 871 428 төгрөгийн хэмжээгээр өвийг шаардах эрхтэй.

 

            Харин Г.Д-ийн банкин дахь хадгаламжийн болон харилцах дансанд хуримтлагдсан мөнгөн хөрөнгө нь Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.6-т заасан мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах хөрөнгө, мөнгө байх тул нас барагч Г.Д-ийн хуваарьт хөрөнгөөс 7 өвлөгч мөн адил хэмжээгээр өвлөх эрхтэй. Мөн түүний өмчлөлд байсан гарааш, контейнерыг Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.6-д заасан үндэслэлээр мөн хуваарьт хөрөнгө гэж үзэх тул хуваарьт хөрөнгийн хэмжээ 5 061 100 төгрөгөөр нэмэгдэнэ. Г.Д- нь арьс, шир борлуулах үйл ажиллагаа эрхэлж байсан, эдгээр мөнгөн болон биет хөрөнгийг уг үйл ажиллагаандаа хэрэглэж байсан болох нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдсон.

 

Нийт хуваарьт хөрөнгөөс өвлөгч тус бүрт ногдох хэсгийг тодорхойлбол 50 905 548 /356 331 840:7/ төгрөг, эцэг эх буюу хариуцагч Б.Г-, Ц.М- нарт ногдох өв нь 101 811 096 төгрөг болно. Үүн дээр орон сууцны ногдох хэсгээс өвлөгдөх мөнгөн хөрөнгө 9 871 428 төгрөгийг нэмэхэд нийт 111 680 524 төгрөг болно. Энэ үндэслэлээр хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх өвлүүлэгчийн төрүүлсэн эцэг, эх нь хууль ёсны өвлөгч болохыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байхад сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу болно.

 

Дээрх байдлаар хариуцагч нарт ногдохоос бусад хэсэг нь нэхэмжлэгч Н.Т-, түүний 4 хүүхдэд ногдох болон өвлөх хөрөнгө болно. Нэхэмжлэгч түүний 4 хүүхэд Д.Э-, Д.А-, Д.Д-, Д.Ж- нарт одоо амьдарч буй орон сууц болон нас барагчийн дансан дахь мөнгөн хөрөнгөөс 296 849 256 төгрөг өвлөгдөж үлдэнэ.

 

Мөн нэхэмжлэгч нар нь  хуульд зааснаар өвлөгч гэдгээ үндэслэн өвийн хэмжээний талаар маргаж байхад маргааны үйл баримтыг тогтоож, ногдох хэсгийг тодорхойлоогүй алдаа гаргасныг болон гарааш, контейнерыг гаргуулах сөрөг шаардлагаа дэмжсэн байхад татгалзсан гэж баталж шийдвэрлэснийг дээрх байдлаар залруулах нь зүйтэй.

 

Зохигчдод ногдох өвийн хэмжээг тогтоосныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар шийдвэр биелүүлэх арга журмыг дараах байдлаар зааж, зохигчдын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчдоос тодруулахад Баянгол дүүрэгт байрлах 18 м.кв нэг өрөө байранд хариуцагч Ц.М-, Хан-Уул дүүрэгт байрлах орон сууцанд нэхэмжлэгч Н.Т- хүүхдүүдийн хамт амьдарч байгаа болохоо тайлбарласан тул 52 200 000 төгрөгөөр үнэлэгдэх орон сууцыг мөн Хөвсгөл аймаг дахь хашаа байшингийн хаягт байгаа гарааш, контейнерыг хариуцагч Б.Г-, Ц.М- нарын өмчлөлд шилжүүлэх, нас барагч Г.Д-ийн өвлөгдөх хөрөнгөөс үлдэх 54 421 484 төгрөгийг Голомт банкны Г.Лхагвардоржтой хамтран эзэмшдэг 49 05 002218 тоот дансны Г.Д-ид хамаарах хэсэг болох 161 265 384 төгрөгөөс гаргуулан авах эрхийг хариуцагч нарт олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Н.Т-, Д.Э- нар нь ашиг сонирхлын зөрчилгүй, гэр бүлийн гишүүний хувиар адил нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан тул үлдэх буюу Хан-Уул дүүргийн орон сууц, Г.Д-ийн эзэмшлийн Хас банкин дахь 5000-3751-42 дугаартай хадгаламжийн дансан дахь 35 839 196,39 төгрөг, 5000-3765-44 дугаартай хадгаламжийн дансан дахь 30 000 000 төгрөг, Хаан банкин дахь 5890-9392-21 дугаартай харилцах дансан дахь 124 166 560,36 төгрөг, мөн Голомт банкан дахь 4905 002218 тоот харилцах дансны Г.Д-ид хамаарах мөнгөн хөрөнгөөс 106 843 900 төгрөгийн үлдэгдэл, нийт 296 849 256 төгрөгийн мөнгөн хөрөнгийг данснаас гаргуулах эрхтэй болохыг тогтоох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/00627 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.6 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 6А байрны 41 тоот 59.67 м.кв талбайтай орон сууцыг болон Хас банкин дахь 5000-3751-42 дугаартай хадгаламжийн дансан дахь 35 839 196,39 төгрөг, 5000-3765-44 дугаартай хадгаламжийн дансан дахь 30 000 000 төгрөг, Хаан банкин дахь 5890-9392-21 дугаартай харилцах дансан дахь 124 166 560,36 төгрөг, мөн Голомт банкан дахь Г.Л-н хамтран эзэмшдэг 4905 002218 тоот харилцах дансны 106 843 900 төгрөгийн үлдэгдэл, нийт 296 849 256 төгрөгийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч Н.Т-, Д.Э- нарт данснаас гаргуулах эрхтэй болохыг тогтоож, Баянгол дүүрэг, 2 дугаар хороолол, 4 дүгээр хороо, Төмөр замын 56 дугаар байрны 46 тоот 18 м.кв талбай бүхий 1 өрөө байр, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 1 дүгээр баг, 32 дугаар гудамжны 01 тоот, 0,9 га газар дээрх гарааш, контейнерыг болон Голомт банкны Г.Л-той хамтран эзэмшдэг 49 05 002218 тоот данснаас 54 421 484 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Г-, Ц.М- нарт олгож сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасч,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Н.Т-ээс төлсөн 70 200 төгрөг, хариуцагч Б.Г-, Ц.М- нараас төлсөн 1 026 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 716 362 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Н.Т-ээс төлсөн 70 200 төгрөгийг, хариуцагч Ц.М-ын төлсөн 4 146 384 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

       ШҮҮГЧИД                                    Н.БАТЗОРИГ

 

А.ОТГОНЦЭЦЭГ