Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00179

 

Н.Т, Д.Э нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/00627 дугаар шийдвэр,   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 834 дүгээр магадлалтай,

Н.Т, Д.Э нарын нэхэмжлэлтэй,

Б.Г, Ц.М нарт холбогдох,

Хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

568,464,964.75 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Т, түүний өмгөөлөгч Ц.А, хариуцагч Ц.М, хариуцагч нарын өмгөөлөгч Э.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Т, Д.Э нар нь хариуцагч Б.Г, Ц.М нарт холбогдуулан хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, 568,464,964 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.  

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/00627 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 476 дугаар зүйлийн 476.1, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Т нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Г, Ц.М нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нар хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 568,464,964 төгрөг 75 мөнгө гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар сөрөг нэхэмжлэлийн контейнер, гараашаас оногдох хэсэг гаргуулах шаардлагаас татгалзсаныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараар улсын тэмдэгтийн хураамж 3,119,884 төгрөгийг төлүүлж, улсын орлогод оруулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 3,119,884 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1,026,500 төгрөгийг улсын орлого үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 834 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21ий өдрийн 102/ШШ2020/00627 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.6 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 6А байрны 41 тоот 59.67 м.кв талбайтай орон сууцыг болон Хас банкин дахь 5000-3751-42 дугаартай хадгаламжийн дансан дахь 35,839,196.39 төгрөг, 5000-3765-44 дугаартай хадгаламжийн дансан дахь 30,000,000 төгрөг, Хаан банкин дахь 5890-9392-21 дугаартай харилцах дансан дахь 124,166,560.36 төгрөг, мөн Голомт банкин дахь Г.Лийн хамтран эзэмшдэг 4905002218 тоот харилцах дансны 106,843,900 төгрөгийн үлдэгдэл, нийт 296,849,256 төгрөгийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч Н.Т, Д.Э нарт данснаас гаргуулах эрхтэй болохыг тогтоож, Баянгол дүүрэг, 2 дугаар хороолол, 4 дүгээр хороо, Төмөр замын 56 дугаар байрны 46 тоот 18 м.кв талбай бүхий 1 өрөө байр, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 1 дүгээр баг, 32 дугаар гудамжны 01 тоот, 0,9 га газар дээрх гарааш, контейнерыг болон Голомт банкны Г.Лтой хамтран эзэмшдэг 4905002218 тоот данснаас 54,421,484 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Г, Ц.М нарт олгож сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасч, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Н.Тээс төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Б.Г, Ц.М нараас төлсөн 1,026,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 716,362 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Н.Тээс төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч Ц.Мын төлсөн 4,146,384 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нэг бүрчлэн анхаарч үзээгүй. Тухайлбал, нэхэмжлэгч Н.Т, Д.Э нар нь “Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 11 эд хөрөнгүүд нь Г.Д, Н.Т, Д.Э, Д.А, Д.Д, Д.Ж нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгох, Н.Т, Д.Э, Д.А, Д.Д, Д.Ж нарыг талийгаач Г.Дийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, Хууль ёсны өвлөгч болох Н.Т, Д.Э, Д.А, Д.Д, Д.Ж нарт өвийн журмаар оногдох эд хөрөнгийг тогтоолгох, холбогдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. /2хх 242-246/ Давж заалдах шатны шүүх зохигчдын гомдлын дагуу хэргийг хянаад холбогдох хэсэгт өөрчлөлт оруулсан боловч “Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 11 эд хөрөнгүүд нь Г.Д, Н.Т, Д.Э, Д.А, Д.Д, Д.Ж нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгох” шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан гэж үзэж байна. Учир нь талийгаач болон түүний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг өөрсдийн хөрөнгө мэтээр хариуцагч нар нь нэхэмжлэл гаргаж, олон жилийн турш маргасан тул нэхэмжлэгчийн хувьд эд хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгох зайлшгүй шаардлагатай байсан боловч уг шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан. Уг шаардлагыг шийдвэрлэснээр гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон өвийн хөрөнгийн ногдох хэсгийг хувааж шийдвэрлэхэд хялбар болох байсан.

Давж заалдах шатны шүүх маргаан бүхий эд хөрөнгүүдийн зарим хэсэг болох талийгаачийн нэр дээрх арилжааны банкны дансан дахь мөнгөн хөрөнгө болон Хөвсгөл аймагт байгаа 1 ш машины гарааш, 1 ш контейнер зэргийг ямар ч үндэслэлгүйгээр шууд “талийгаачийн хуваарьт хөрөнгө байсан” гэж үзсэнийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч болон талийгаач, тэдгээрийн дундаас гарсан 4 хүүхдүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд нийт 11 төрлийн үл хөдлөх эд хөрөнгө болон мөнгөн хөрөнгүүд бий. Эдгээрийн 4 нь буюу мөнгөн хөрөнгүүд нь талийгаач Г.Дийн нэр дээр бүртгэлтэй арилжааны банкны дансанд байдаг. Тухайлбал: Голомт банкны 4905002218 тоот данс /Г.Лтой хамтран эзэмшдэг/-ны 2019.10.24-ний өдрийн лавлагаагаар 322,530,768 төгрөгийн хадгаламж, /2хх-122/ Г.Дид ногдох хувь нь 161,265,384 төгрөг болох бөгөөд үүнээс 153,586,080 төгрөгт холбогдох хэсэг нь Н.Т, 4 охинд ногдож, 7,679,304 төгрөгт холбогдох хэсэг нь хариуцагч нарт ногдож байгаа.

Хаан банкны 5890939221 тоот Г.Дийн дансанд 2019.10.24-ний өдрийн лавлагаагаар 124,166,560 төгрөгийн хадгаламж, /2хх-120/ Үүнээс 118,253,867 төгрөгт холбогдох хэсэг нь Н.Т, 4 охинд ногдож, 5,912,693 төгрөгт холбогдох хэсэг нь хариуцагч нарт ногдож байгаа. Хас банкны 5000375142 тоот Г.Дийн дансанд 2019.10.28-ны өдрийн лавлагаагаар 30,000,000 төгрөгийн хадгаламж, /2хх-121/ Үүнээс 28,571,429 төгрөгт холбогдох хэсэг нь Н.Т, 4 охинд ногдож, 428,571 төгрөгт холбогдох хэсэг нь хариуцагч нарт ноогдож байгаа. Хас банкны 5000376544 тоот дансны Г.Дийн дансанд 2019.10.25-ны өдрийн лавлагаагаар 35,839,196 төгрөгийн хадгаламж /2хх-121/ Үүнээс 34,132,568 төгрөгт холбогдох хэсэг нь Н.Т, 4 охинд ногдож, 1,706,628 төгрөгт холбогдох хэсэг нь хариуцагч нарт ногдож байна.

Хөвсгөл аймагт байрлах 1 ш машины гарааш /3,061,600 төг/, үүнээс 2,915,333 төгрөгт холбогдох хэсэг нь Н.Т, 4 охинд ногдож, 145,767 төгрөгт холбогдох хэсэг нь хариуцагч нарт ногдож байгаа. 1 ш контейнер /2,000,000 төг/ нь мөн талийгаач болон түүний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө юм. Үүнээс 1,904,762 төгрөгт холбогдох хэсэг нь Н.Т, 4 охинд ногдож, 95,238 төгрөгт холбогдох хэсэг нь хариуцагч нарт ногдож байгаа. Дээрх хөрөнгүүд нь нэхэмжлэгч, талийгаач нарын 2000 онд гэр бүл болсноос хойш үүссэн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгүүд болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогддог. Түүнчлэн давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.6-д заасныг баримтлан банкин дахь мөнгөн хөрөнгө нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах хөрөнгө мөнгө байх тул хуваарьт хөрөнгө гэж шууд үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Давж заалдах шатны шүүх талийгаач Г.Дийн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс зарим хэсгийг нь түүний хуваарьт хөрөнгө гэж үзсэн тохиолдолд яагаад хуваарьт хөрөнгө гэж үзсэн талаараа, мөн хуваарьт хөрөнгө болох нь ямар баримтаар нотлогдож байгаа талаар тодорхой дүгнэх ёстой байсан. Гэтэл талийгаачийн хуваарьт хөрөнгө болохыг нотлох баримт авагдаагүй, хуваарьт хөрөнгө болох нь тодорхой болсон үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй, нөгөө талаас нэхэмжлэгч болон түүний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох мөнгөн хөрөнгүүд нь зөвхөн Г.Дийн нэр дээр бүртгэлтэй байсан болох нь илэрхий байхад тэдгээр бүх хөрөнгийг ямар ч үндэслэл, нотолгоогүйгээр шууд түүний хуваарьт хөрөнгө байсан гэж үзсэн нь хуульд нийцээгүй. Хариуцагч нарын зүгээс ч дээрх эд хөрөнгүүдийг талийгаачийн хуваарьт хөрөнгө байсан гэж маргаагүй, энэ талаар нотолж мэтгэлцсэн зүйлгүй байхад өвлөгдөх эд хөрөнгийн заримыг хуваарьт хөрөнгө гэж үзэж, нийт 7 өвлөгч нарт шууд хуваарилж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, эд хөрөнгийг хууль ёсны өвлөгч нарт хуваарилж шийдвэрлэхдээ Хас банкны 2 дансны мөнгөн дүнг хооронд сольж бичсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахад энэхүү алдаа нь хүндрэл учруулж болзошгүй тул Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хас банкин дахь 5000-3751-42 дугаартай хадгаламжийн дансан дахь 35,839,196 төгрөг” гэснийг “30,000,000 төгрөг” болгож, “5000-3765-44 дугаартай хадгаламжийн дансан дахь 30,000,000” төгрөг гэснийг 35,839,196 төгрөг” болгож өөрчилж өгнө үү. Нэхэмжлэгч нар нь өөрсдийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон баримтаа хангалттай гаргасан, мөн хэрэгт цугларсан баримтын хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаахгүйгээр, магадлалд дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж эцэслэн шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.1.2-т заасан эрхийнхээ дагуу магадлалд өөрчлөлт оруулж, гаргасан зөрчлийг нь зөвтгөж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч Б.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Нандинцэцэг, хариуцагч Ц.М нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд 834 дугаартай магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Хариуцагч Б.Г, Ц.М нар нь нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрдүүлж буй эд хөрөнгө нь Б.Г, Ц.М нар хүүхдүүдийн хамт эрхэлж байсан гэр бүлийн бизнесийн хүрээнд бий болсон эд хөрөнгө бөгөөд гэр бүлийн бизнесийн хамтын ажиллагаанд оролцож байсан гишүүдэд болон өөрт оногдох хэсгийг гаргуулсны дараа хууль ёсны өвлөгчдөд оногдох хэсгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Давж заалдах шатны шүүх шаардлага хангасан нотлох баримтыг үнэлээгүй тухайд хавтаст хэрэгт сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох хангалттай баримт байдаг. Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэр, өвийн хөрөнгийг бүрдүүлж буй дансан дахь мөнгөн хөрөнгийн хуулга, хэрхэн хаанаас хуримтлагдсан, ямар хүмүүс орлого хийж байсан, өвийн хөрөнгийг бүрдүүлж буй үл хөдлөх хөрөнгөнүүдийн төлбөрийг хаанаас хийсэн, гэрчүүдийн мэдүүлэг, тодорхойлолт зэрэг тэдгээр нотлох баримтыг шүүх огт үнэлээгүйгээс гадна аливаа тайлбар хийгээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талийгаачийн төрсөн дүү, хариуцагч нарын хүүхдүүд болох Г.Ж, Г.С, Г.Ч нар өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан бие даасан шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргаж байсныг давж заалдах шатны шүүх анхаараагүй. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй эд хөрөнгө болох Баянгол дүүргийн Орон сууцыг анх худалдан авсан хугацаанаас өнөөг хүртэл Г.Гончиг, Г.Ж нар нь амьдарч байгаа нь анх байрыг худалдан авч байх үед болоод хэрэг анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байх үед ч тухайн хорооны Засаг даргаас авч байсан тодорхойлолт хэрэгт бий. Дээрх байрыг худалдсан хүний шүүхэд гаргаж өгсөн тодорхойлолт хэрэгт нотлох баримтаар авагдсан байгааг мөн л үнэлээгүй. Эдгээр хүмүүсийн хувьд 12 жил амьдарч байгаа байрнаасаа нэг л өдөр хөөгдөөд гарах нь эрх ашиг нь хөндөгдөж буй явдал маргаангүй мөн байхад анхан шатны шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалтыг баримтлаагүй ба баримтлахаас үндэслэлгүйгээр татгалзсан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтойгоор зөрчигдсөн байхад давж заалдах шатны шүүх огт ач холбогдол өгөөгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн болоод нэхэмжлэгч нэмэгдэж тусдаа нэхэмжлэлийн шаардлага гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсонтой холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй байхад нэхэмжлэлийг хүлээн авсан. Үүнээс гадна анхан шатны шүүх хурлын тэмдэглэл зөрсөн хэлсэн зүйлийг хэлээгүй болгож, хэлээгүй зүйлийг хэлсэн болгож цаасан дээр буулгасан тэмдэглэл, шийдвэрийг үндэслэн гаргасан шийдвэр гэдгийг давж заалдах шатны шүүх авч хэлэлцээгүй. Хариуцагч нарын хувьд сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа л Хөвсгөл аймагт байрлах газар, газар дээрх 2 байшинд маргах зүйл байхгүй хэмээн сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа ч давж заалдах шатны хуралдаан дээр ч тодорхой хэлж байсан. Өвийн журмаар бол хариуцагч нар нь хууль ёсны өвлөгч нар юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн хувьд маргаагүй Хөвсгөл аймагт байрлах газар, газар дээрх 2 байшин гэх эд хөрөнгөнүүдээс өвийн журмаар өөрт ногдох хэсгээ тус тус гаргуулан авах эрхтэй хэмээн үзэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх үүнийг огт анзаараагүй буюу уг эд хөрөнгөнүүдээс өвлөгч нарт ногдох хэсгийг тооцоолон шийдээгүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад талийгаач нь хамтын бизнесийн үйл ажиллагаанаас өөр ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй нь илэрхий болсон бөгөөд Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрээр хамтын бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байсныг тогтоосон, дансны хуулгаас талийгаачийн төрсөн дүү бөгөөд аав ээж нь мөнгө шилжүүлсэн болох нь шууд илэрхий байхад мөн хуульд хамтын бизнесийн үйл ажиллагаа эрхлэхдээ зохих гэрээг байгуулаагүй бол хувь тэнцүүлэн ногдох хэсгээ гаргуулан авна хэмээн зохицуулалт байхад давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаагүй явдал нь шударга бус юм.

Иймд сөрөг нэхэмжлэлдээ маргаагүй 3 эд хөрөнгөнөөс өвийн журмаар өөрт ногдох хэсгээ тус тус гаргуулан, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 834 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.  

7. Нэхэмжлэгч Н.Т, Д.Э нар нь хариуцагч Б.Г, Ц.М нарт холбогдуулан хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, 568,464,964 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

8. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...маргаж байгаа эд хөрөнгө, мөнгө нь бидний гэрлэснээс хойш бий болсон, ...эдгээр хөрөнгийг бий болгоход хариуцагч нарын оролцоо байхгүй, тусдаа ажиллаж, амьдарч байсан. ...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 5-А байрны 46 тоот орон сууц, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 56-р байрны 46 тоот орон сууц, Хөвсгөл аймагт байрлах 8х8 хэмжээтэй байр, газар, гараж, контейнер, талийгаач Г.Дийн нэр дээрх Хас банкны 5000375142 дугаар хадгаламжийн дансан дахь 35,839,196.39 төгрөг, 5000376544 дугаар дансан дахь 30,000,000 төгрөг, Хаан банкны 5890939221 дугаар харилцах дансан дахь 124,166,560.36 төгрөг, Голомт банкны 4905002218 дугаар харилцах дансан дахь 322,530,768 төгрөгийн хууль ёсны өвлөгчид болно” гэж маргасан бол, хариуцагч нараас сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг ...маргаж буй эд хөрөнгө, мөнгийг гэр бүлийн хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болгосон, ...бүх хөрөнгө том хүү Г.Дийн нэр дээр бүртгэлтэй байсан учир 568,464,964 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө болон мөнгөн хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулна гэж тодорхойлсон байна.  

9. Хоёр шатны шүүх зохигчийн маргаж буй үндэслэлд дүгнэлт хийж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, маргааны үйл баримтад хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэснээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

10. Хариуцагч нараас ...маргаж буй эд хөрөнгө, мөнгөн хөрөнгийг гэр бүлийн хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болгосон гэж маргасан, хэрэгт нотлох баримтаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.11.07-ны өдрийн 183/ШШ2018/02491 дүгээр, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр авагдсан байх бөгөөд тус шийдвэрээр нэхэмжлэгч Г.Чимэдлхам, Г.С, Г.Гончиг, Г.Ж нар нь эцэг эх, ах дүү болох Б.Г, Ц.М, Г.Л, Г.Д нартай бизнесийн хамтын үйл ажиллагаа эрхэлж байсныг тогтоон, ...талийгаач Г.Дтой хамтран эзэмшдэг Голомт банкин дахь 4905002218 дугаар харилцах дансанд буй 225,792,089 төгрөгөөс ...56,448,089 төгрөгийг нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн байна. 

11. Анхан шатны шүүх ...маргаж буй эд хөрөнгө, мөнгөн хуримтлалуудын эзэмшигч нь Г.Д, ...хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон гэдэг нь тогтоогдоогүй гэж дүгнэн, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх ...энэ баримт нь хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг нотлохгүй. ...Г.Дийн орон сууцнууд болон банкны хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгийг эцэг эх, ах дүү нартайгаа хамтран ажилласнаас бий болсон буюу Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.4-т заасан дундаа өмчлөх хөрөнгө гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй гэж дүгнэн, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулжээ. 

12. Ийнхүү шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас ...Г.Лтой хамтран эзэмшдэг Голомт банкны 4905002218 дугаар харилцах дансны 106,843,900 төгрөгийн үлдэгдэл .../-ийг/ нэхэмжлэгч нарт данснаас гаргуулах эрхтэй болохыг тогтоож, ...мөн данснаас 54,421,484 төгрөгийг гаргуулж хариуцагч нарт олгохоор шийдвэрлэсэн байх боловч дээрх шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй, мөн зохигчийн маргаж буй Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 1 дүгээр баг, 32 дугаар гудамжны 01 тоотод байрлах гараж, контейнерийг хариуцагч Б.Г, Ц.М нарт олгож шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлийг магадлалд заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасантай нийцэхгүй байна. 

13. Иймд хоёр шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргах нь зүйтэй юм.    

14. Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг ханган, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/00627 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 834 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.05.11-ний өдөр төлсөн 582,165 төгрөг, хариуцагчаас 2020.05.11-ний өдөр төлсөн 868,532 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар тэдэнд буцаан олгосугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

                           ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Д.ЦОЛМОН