Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 833

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Х-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00367 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Х-гийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан НШШГГ-ын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/35 дугаар “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоолын дагуу 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

НШШГГ болон шийдвэр гүйцэтгэгч Р.Азбаяр нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулахгүй удаа дараа төлбөр төлөгч миний эрхийг ноцтой зөрчиж байна. Миний бие нь ам бүл 2, хүүгийнхээ хамт амьдардаг. Нөхөр маань 2019 онд нас барсан миний бие нь өрх толгойлсон бага насны хүүхдийнхээ хамт амьдардаг. Хэдийгээр би төлбөр төлөгч боловч Ц.Солонгод төлөх төлбөрийг өөрийн боломж бололцооны дагуу төлж байгаа бөгөөд мөн надад төлбөр төлөх өөр эд зүйл байхад шийдвэр гүйцэтгэгч нь зөвхөн хүү бид хоёрын орон байрыг зарах, хураах сонирхолтой байна. Миний бие нь төлбөр авагч Ц.Солонгод 10 000 000 гаруй төгрөгийг өгсөн байхад түүнийг хасаж тооцолгүйгээр 48 930 000 төгрөгөөр байрыг дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг гэрийн хаягаар явуулсан байна. Мөн надад төлбөр төлөх өөр зүйл буюу тээврийн хэрэгсэл өөр бусад байдлаар төлөх саналыг тавьсан боловч хүлээн авахгүй зөвхөн хүүхдийн маань амьдрах сурч боловсрох орон гэрийг нь худалдан борлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний орон байр ажиллаж амьдрах ганц зүйл маань юм.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 102/Ш32016/02031 дугаар захирамжаар Ц.Солонгод 48 500 000 төгрөгийг төлөхөөр захирамж гарсны дагуу 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн. Уг шүүгчийн захирамжийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр НШШГГ хүлээн авч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. НШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгч Р.Азбаяр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг хуулийн дагуу явуулахгүй, удаа дараа төлбөр төлөгчийн эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байгаа. Ц.Х- нь төлбөр авагч Ц.Солонгод 2017 оны 10 дугаар сараас хойш 10 000 000 гаруй төгрөгийг төлсөн. Энэ нь баримтаар нотлогдож байгаа. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ц.Х-гийн нэр дээрх 16-04 УНП улсын дугаартай Тоёота приус 20 маркын автомашины захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан байсан. Ц.Х-гийн хувьд бэлэн мөнгө болон өөрийн нэр дээрх тээврийн хэрэгслийг худалдан борлуулж гарах үнийн дүнгээр төлбөр төлөх саналыг төлбөр авагчид гаргасан боловч шийдвэр гүйцэтгэгч Р.Азбаяр нь Ц.Х-гийн боломжит нөхцөл байдлыг үл харгалзан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шийдвэр гаргаж, улмаар 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр орон сууц битүүмжлэх тухай тогтоол гаргаж, 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байрыг хураах тогтоол гарган, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр албадан дуудлага худалдаагаар оруулж борлуулсан. 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Ц.Х-гийн гэр рүү албан тоот явуулж мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэгчийн уг шийдвэр нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж Ц.Х-гийн бусад хэлбэрээр төлбөрийг төлж барагдуулах эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Иймд НШШГГ-ын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 18250713/04 дугаар тогтоолтой эд хөрөнгө битүүмжлэх, 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 18250713 дугаар тогтоолтой Эд хөрөнгө хураах, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 102/Ш32016/02031 дугаар захирамжаар Ц.Солонгод 48 500 000 төгрөгийг төлүүлэх захирамж гарч, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн. Уг шүүгчийн захирамжийг НШШГГ хүлээн авч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр үүсгэж ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад холбогдох байгууллагаас Ц.Х-гын нэр дээрх эд хөрөнгө болон харилцах дансны лавлагааг авахад Ц.Х-гын дансанд төлбөрийн үнэнд дүйцэхүйц мөнгө байгаагүй. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас ирсэн лавлагаанд Ц.Х-гийн нэр дээр Тоёота приус 20 маркын автомашин, төлбөр авагч Ц.Солонгын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо ,Алтай хотхон, Энгельсийн Гудамж, 25 дугаар байр 69 тоотод байршилтай үл хөрөнгө гарч ирсэн. Гарч ирсэн эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч Ц.Солонго нь НШШГГт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах хүсэлтээ өгсөн бөгөөд уг хүсэлтийн дагуу барьцааны эд хөрөнгийг битүүмжилж, талуудаас үнийн саналыг асуухад харилцан тохиролцоогүй тул холбогдох хуулийн дагуу үнэлгээний “Баян могод” ХХК-ийг томилж барьцааны эд хөрөнгөнд үнэлгээ хийлгэхэд 69 900 000 төгрөг гэж үнэлсэн. Үүний дагуу албадан дуудлага худалдааны эхлэх үнийг нийт үнийн дүнгийн 70 хувиар буюу 48 930 000 төгрөг байхаар тооцож, анхны албадан дуудлага худалдаанд орох үнийг талуудад цаг тухай бүрт нь мэдэгдэж 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан. Анхны албадан дуудлага худалдаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан орон сууцыг 50 530 000 төгрөгөөр худалдан борлуулсныг төлбөр төлөгч Ц.Х-д 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр албан тоот хуудсаар мэдэгдсэн. Иймд холбогдох хуульд заагдсаны дагуу төлбөр төлөгч Ц.Х-гийн дансны хуулга болон приус 20 маркын автомашин нь төлбөрийн үнийн дүнд хүрэлцээгүй тул бусад хөрөнгө буюу барьцааны үл хөдлөх хөрөнгө болох орон сууцыг битүүмжилж хураасан ажиллагаа, анхны албадан дуудлага худалдаа нь хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-д заасны дагуу НШШГГт холбогдох НШШГГ-ын 2018 оны 11 сарын 20-ны өдрийн 18250713/04 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай, 2019 оны 04 сарын 18-ны өдрийн 18250713 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/35 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын дагуу 2019 оны 11 сарын 29-ний өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч А.Хоролмагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Х-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С давж заалдах гомдолдоо:

... Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль ёсны явагдаагүй, төлбөр төлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөрийг төлөх хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүйгээр заавал түүний орон байрыг төлбөрт хураах зорилготойгоор төлбөр төлөгчийн эрхийг зөрчиж байна гэж үзэн гомдол гаргасан боловч анхан шатны шүүх хэргийн бодит байдалд дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн төлбөр төлөгч нь төлбөр авагчид тодорхой хэмжээгээр мөнгө өгсөн, үргэлжлүүлэн төлж байх бөгөөд төлбөр авагчаас шийдвэр гүйцэтгэх газарт ямар нэгэн гомдол санал ирүүлээгүй байхад төлбөр төлөгчийн байрыг дуудлага худалдаанд оруулсан нь төлбөр төлөгч болон түүний бага насны хүүхдийн тайван амгалан амьдрах сурч боловсрох эрхийг зөрчиж байна. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 86.4 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгчийн эзэмшил, өмчлөлд байх бусад зүйлээс төлбөрийг төлүүлэх арга хэмжээ авахгүй түүний саналыг ч сонсохгүй өөрсдийн дураар хийж байгаа ажиллагаа нь шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шат дараалсан арга хэмжээ авах боломжит хэлбэрийг сонгож ажиллахгүйгээр орон байрыг нь хураах, худалдан борлуулж байгаа нь хүний амьдрах орон байргүй болгож байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Ц.Х- нь хариуцагч НШШГГт холбогдуулан НШШГГ-ын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/35 дугаар “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоолын дагуу 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/02031 дугаар захирамжаар зээлийн гэрээний үүрэгт 48 500 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Ц.Солонгын нэхэмжлэлийг хариуцагч Ц.Х-г хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт баримтаар авагджээ. Хуулийн хүчин төгөлдөр уг захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тул албадан гүйцэтгүүлэхээр 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ГХ2017/01304 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 18250713 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

    /хх 33-35/

 

Барьцааны зүйл болох Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельсийн Гудамж, 25 дугаар байр 69 тоотод байршилтай 2 өрөө орон сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 18250713/04 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 18250713 дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Мөн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 4/13675 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Ц.Х-д хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдэж, шинжээчийн тогтоосон 69 900 000 төгрөгийн 70 хувиар анхны албадан дуудлага явуулах доод үнэ тогтоогддог, хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч нэг сарын хугацаанд өөрөө худалдан борлуулж төлбөр төлөх санал гаргах эрхтэйг тайлбарласан байна.

 

Гэвч дурдсан хугацаанд төлбөр төлөгч Ц.Х-гаас ямар нэгэн санал гаргаагүй байх бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 12/35 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол болон 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 4/25879 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч нарт анхны албадан дуудлага худалдаа 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цагт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, НШШГГ-ын 200 тоот өрөөнд зохион байгуулах талаар баталгаат шуудангаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар мэдэгджээ.

 

Төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргаагүй байх тул хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн нь мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

            Мөн нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч нь орон сууцыг худалдан борлуулахаас өөрөөр төлөх талаар тайлбарлаж байгаа ч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад энэ тухайгаа шийдвэр гүйцэтгэгчид албан ёсоор санал болгож байгаагүй, бусад хөрөнгийн лавлагаагаар мөнгөн хөрөнгө, бусад төлбөрт төлөх эд зүйлс байгаа нь тогтоогдоогүй байна.

 

Иймд эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, албадан дуудлага худалдаа явуулсан ажиллагаа нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00367 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Н.БАТЗОРИГ

 

А.ОТГОНЦЭЦЭГ