Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/00978

 

 

 Ц.Хоролмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00367 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 833 дугаар магадлалтай,

 

Ц.Хоролмаагийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018.11.20-ны өдрийн 18250713/04 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2019.4.18-ны өдрийн 18250713 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2019.11.12-ны өдрийн 12/35 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын дагуу 2019.11.29-ний өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Ц.Хоролмаа болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Хоролмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ц.Хоролмаа миний бие Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 сарын 102/Ш32016/02031 дугаар шүүгчийн захирамжаар Ц.Солонгод 48,500,000 төгрөгийг төлөхөөр шийдвэр гарсан бөгөөд тус шүүгчийн захирамжийн дагуу 2017.10.23-ны өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон шийдвэр гүйцэтгэгч Р.Азбаяр нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулахгүй удаа дараа төлбөр төлоөгч миний эрхийг ноцтой зөрчиж байна. Миний бие нь ам бүл 2, хүүгийнхээ хамт амьдардаг. Нөхөр маань 2019 онд нас барсан миний бие өрх толгойлсон бага насны хүүхдийнхээ хамт амьдардаг. Хэдийгээр би төлбөр төлөгч боловч Солонгод төлөх төлбөрийг өөрийн боломж бололцооны дагуу төлж байгаа бөгөөд мөн надад төлбөр төлөх өөр эд зүйл байхад шийдвэр гүйцэтгэгч нь зөвхөн хүү бид хоёрын орон байрыг зарах, хураах сонирхолтой байна. Миний бие нь төлбөр авагч Ц.Солонгод 10 гаран сая төгрөгийг өгсөн байхад түүнийг хасаж тооцолгүйгээр 48,930,000 төгрөгөөр байрыг дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг гэрийн хаягаар явуулсан байна. Мөн надад төлбөр төлөх өөр зүйл буюу тээврийн хэрэгсэл өөр бусад байдлаар төлөх саналыг тавьсан боловч хүлээн авахгүй зөвхөн хүүхдийн маань амьдрах сурч боловсрох орон гэрийг нь худалдан борлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний орон байр маань ажиллаж амьдрах ганц зүйл юм. Иймд Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-т гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн эхний ээлжинд бэлэн мөнгө харилцах дансанд байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө, бусад үнэт зүйлээс төлбөрийг гаргуулна. 86.4-т Төлбөр төлөгч иргэнд мөнгө байхгүй, ...бусад хөрөнгөнөөс төлбөрийг гаргуулна гэж заажээ. Гэтэл шийдвэр гүйцэтгэлийн газар нь бусад хөрөнгөнөөс гаргуулахгүй миний өмчлөлийн Баянгол дүүргийн 1-р хороо Алтай хотхон 25-р байр 69 тоот 2 өрөө орон сууцыг албан дуудлага худалдаанд оруулахыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд би 6 настай нялх хүүхдээ дагуулаад хаана амьдрах мөн байр хэдийгээр ганц миний нэр дээр байх боловч мөн хүүгийн маань өмч хөрөнгө юм. Иймд тус байрыг дуудлага худалдаанд оруулахыг зогсоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Азбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.03.09-ний өдрийн 102/Ш32016/02031 дугаар захирамжаар Ц.Солонгод 48,500,000 төгрөгийг төлүүлэх захирамж гарч, 2017.10.23-ны өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн. Уг шүүгчийн захирамжийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүлээн авч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2018.04.10-ны өдөр үүсгэж ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад холбогдох байгууллагаас Ц.Хоролмаагийн нэр дээрх эд хөрөнгө болон харилцах дансны лавлагааг авахад Ц.Хоролмаагийн дансанд төлбөрийн үнэд дүйцэхүйц мөнгө байгаагүй. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас ирсэн лавлагаанд Ц.Хоролмаагийн нэр дээр Тоёота приус 20 маркийн автомашин, Төлбөр авагч Ц.Солонгын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгелсийн гудамж, 25 дугаар байр 69 тоотод байршилтай үл хөдлөх хөрөнгө гарч ирсэн. Гарч ирсэн эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч Ц.Солонго нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах хүсэлтээ өгсөн бөгөөд уг хүсэлтийн дагуу барьцааны эд хөрөнгийг битүүмжилж, талуудаас үнийн саналыг асуухад харилцан тохиролцоогүй тул холбогдох хуулийн дагуу үнэлгээний Баян могод ХХК-г томилж барьцааны эд хөрөнгөнд үнэлгээ хийлгэхэд 69,900,000 төгрөг гэж үнэлсэн. Үүний дагуу албадан дуудлага худалдааны эхлэх үнийг нийт үнийн дүнгийн 70 хувиар буюу 48,930,000 төгрөг байхаар тооцож, анхны албадан дуудлага худалдаанд орох үнийг талуудад цаг тухай бүрт нь мэдэгдэж 2019.11.29-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан. Анхны албадан дуудлага худалдаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан орон сууцыг 50,530,000 төгрөгөөр худалдан борлуулсныг төлбөр төлөгч Ц.Хоролмаад 2019.12.03-ны өдөр албан тоот хуудсаар мэдэгдсэн. Иймд холбогдох хуульд заагдсаны дагуу төлбөр төлөгч Ц.Хоролмаагийн дансны хуулга болон приус 20 маркийн автомашин нь төлбөрийн үнийн дүнд хүрэлцээгүй тул бусад хөрөнгө буюу барьцааны үл хөдлөх хөрөнгө болох орон сууцыг битүүмжилж хураасан ажиллагаа, анхны албадан дуудлага худалдаа нь хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00367 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-д заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 сарын 20-ны өдрийн 18250713/04 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай, 2019 оны 04 сарын 18-ны өдрийн 18250713 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/35 дугаар Анхны алдбан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын дагуу 2019 оны 11 сарын 29-ний өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч А.Хоролмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Хоролмаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 833 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00367 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч тал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анханы шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй гэж үзэж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр авагч орон сууцыг худалдан борлуулж төлбөр авах талаар ямар нэгэн гомдол, санал өгөөгүй байхад түүний байрыг албадан дуудлага худалдаанд оруулж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйл, заалтанд дурдсан арга хэмжээг шат дараалуулж явуулаагүй бөгөөд өрх толгойлсон, бага насны хүүхэдтэй эмэгтэйн амьдрал, ахуй нөхцөлийг судалж, харалгүйгээр орон байрыг нь дуудлага худалдаанд оруулж байгаа нь хүний эрх, эрх чөлөө болон ялангуяа хүүхдийн эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс энэ байдалд ач холбогдол өгөлгүйгээр нөхцөл байдалд тохирсон дүгнэлт өгсөнгүй гэж үзэж байна. Мөн төлбөр төлөгч нь төлбөр авагчид тодорхой хэмжээгээр мөнгө өгсөн, үргэлжлүүлэн төлж байх бөгөөд төлбөр авагчөөс шийдвэр гүйцэтгэх газарт ямар нэгэн гомдол санал ирүүлээгүй байхад төлбөр төлөгчийн байрыг дуудлага худалдаанд оруулсан нь төлбөр төлөгч болон түүний бага насны хүүхдийн тайван амгалан амьдрах сурч боловсрох эрхийг зөрчиж байна.

Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-т гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн эхний ээлжинд бэлэн мөнгө, ...харилцах дансанд байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө, бусад үнэт зүйлээс төлбөрийг гаргуулна. 86.4-т Төлбөр төлөгч иргэнд мөнгө байхгүй, ...бусад хөрөнгөнөөс төлбөрийг гаргуулна гэж заасан байх тул төлбөр төлөгчийн эзэмшил, өмчлөлд байх бусад зүйлээс төлбөрийг төлүүлэх арга хэмжээ авахгүй түүний саналыг ч сонсохгүй өөрсдийн дураар хийж байгаа ажиллагаа нь шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шат дараалсан арга хэмжээ авах боломжит хэлбэрийг сонгож ажиллахгүйгээр орон байрыг нь хураах, худалдан борлуулж байгаа нь хүний амьдрах орон байргүй болгож байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Төлбөр төлөгч Хоролмаа нь төлбөр авагч Солонгод өнөөдрийн байдлаар нийт 48,500,000 төгрөг төлөхөөс 13,600,000 төгрөг төлсөн. Харин үлдэх төлбөрийг хэсэгчлэн төлж байгаа билээ. Иймд дээрх нөхцөл байдлыг хянан үзэж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.28-ны өдрийн 102/ШШ2020/00367 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.10-ны өдрийн 833 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Ц.Хоролмаа нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018.11.20-ны өдрийн 18250713/04 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2019.4.18-ны өдрийн 18250713 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2019.11.12-ны өдрийн 12/35 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын дагуу 2019.11.29-ний өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч талын гомдол үндэслэлтэй, хоёр шатны шүүх Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг хэрэглээгүй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.3.09-ний өдрийн 102/Ш32016/02031 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ц.Солонгын нэхэмжилсэн 48,500,000 төгрөгийг Ц.Хоролмаа төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгчийн захирамж биелэгдээгүй тул хариуцагчаас албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явуулж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2018.11.20-ны өдрийн 18250713/04 дугаартай тогтоолоор Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхоны 25 дугаар байрны 69 тоотын 2 өрөө орон сууцыг битүүмжилж, 2019.4.18-ны өдрийн 18250713 дугаартай тогтоолоор орон сууцыг хураан авч, шинжээчийн үнэлсэн 69,900,000 төгрөгийн 70 хувиар буюу 48,930,000 төгрөгөөр үнийг тогтоож, 2019.11.12-ны өдрийн 12/35 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын дагуу явуулсан 2019.11.29-ний өдрийн албадан дуудлага худалдаагаар орон сууцыг 50,530,000 төгрөгөөр худалдан борлуулсан үйл баримтууд тогтоогджээ.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж зааснаас үзэхэд үүрэг гүйцэтгүүлэгч барьцааны зүйлийг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийг хангасан бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь барьцааны зүйлийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг явуулахаар байна.

Төлбөр төлөгч Ц.Хоролмаа нь Ц.Солонгод зээлийн гэрээний төлбөрт 48,500,000 төгрөг төлөх үүрэгтэйг шүүхийн шийдвэрээр тогтоосон боловч үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шүүх шийдвэрлээгүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч-иргэнээс төлбөрийг гаргуулахдаа Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 86.2, 86.4-т заасан дараалал, журмыг баримтлан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулах ёстой юм.

Хэрэгт буй шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг, материалаас үзэхэд төлбөр төлөгчийн бусад хөрөнгийн талаар холбогдох байгууллагаас лавлагаа авсан, мөн хуульд заасан дараалал, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан, энэ талаар төлбөр төлөгчид мэдэгдсэн гэх баримтгүй байна.

Түүнчлэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Ц.Хоролмаа нь төлбөрт тодорхой хэмжээний мөнгийг төлж, төлбөрийг тээврийн хэрэгсэл, бусад хөрөнгөөр төлөх талаар санал тавьсан байхад төлбөр төлөгчийн орон сууцыг шууд битүүмжлэн хурааж, улмаар худалдан борлуулсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн орон сууцыг битүүмжлэн хурааж, албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан ажиллагаа хууль зөрчсөн тул нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 833 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00367 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 86.2, 86.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Хоролмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018.11.20-ны өдрийн 18250713/04 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2019.4.18-ны өдрийн 18250713 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2019.11.12-ны өдрийн 12/35 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын дагуу 2019.11.29-ний өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ П.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

Б.МӨНХТУЯА

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ