Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 854

 

 

 

 

 

 

 

 

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/00581 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.А-ын хариуцагч “Ж” ХХК, Х.Э- нарт холбогдуулан гаргасан 81 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “Ж” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч талуудтай 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 60 000 000 төгрөгийн үнэ бүхий явган замын хавтан үйлдвэрлэх зориулалттай бетон блокны ком үйлдвэрийг худалдан авагч талд худалдахаар харилцан тохиролцож тухайн үйлдвэрийг хүлээлгэж өгсөн. Хариуцагч талууд нь дээрх төлбөрийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний дотор төлнө гэсэн нөхцөлөөр тохирсон боловч төлбөрийг хугацаандаа төлөөгүй. 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч талууд нь дээрх төлбөрөөс 6 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 54 000 000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр бүрэн төлөхөөр хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам 0,5% алданги тооцож тус тус төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд одоог хүртэл төлбөрийг төлөөгүй байна. Иймд дээрх төлөгдөөгүй үнийн дүн болох 54 000 000 төгрөгийг алданги 27 000 000 төгрөгийн хамт нийт 81 000 000 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Э- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие “Ж” ХХК-д 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр менежерийн ажилд орж 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн болно. 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өөр байгууллага болох барилгын ажилд орсон болно. “Ж” ХХК-д ажиллаж байхад захирал Д.Э- “Ж” ХХК-ийг төлөөлж Б.А-тай явган замын хавтан, бетонон блок үйлдвэрлэх тоног төхөөрөмж авч оронд нь 60 000 000 төгрөгийн үнэтэй дүйцэх 450 м.куб шохойн блокийг солилцох гэрээ байгуулж миний бие менежер албан тушаалын үүднээс гарын үсэг зурж байсан. Тухайн үед гэрээнд алданги төлөхөөр тохиролцсон зүйл огт байгаагүй болно. Миний бие “Ж” ХХК болон Б.А- нарын хоорондох иргэний хэрэгт хамааралгүй тул хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“Ж” ХХК нь Б.А-тай 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Арилжааны гэрээ буюу бараа солилцох худалдах, худалдан авах гэрээ байгуулж 60 000 000 төгрөгийн үнэ бүхий явган хавтан, бетонон блок үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжийг худалдан авч 450 м.куб шохойн блокийг худалдагч талд шилжүүлэхээр гэрээ байгуулсан. Б.А- нь гадаад явах болсон тул мөнгө хэрэгтэй байна гэж гуйсны дагуу 6 000 000 төгрөгийг зээлж өгсөн. Б.А- нь зээлж авсан мөнгөө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 60 000 000 төгрөгийн төлбөрөөс хасаж тооцсоныг хүлээн зөвшөөрч байна. Үлдэгдэл 54 000 000 төгрөгийг төлж барагдуулна. Б.А- нь 54 000 000 төгрөгөөс алданги тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Арилжааны гэрээ буюу бараа солилцох худалдах, худалдан авах гэрээнд талууд алданги төлөхөөр харилцан тохиролцоогүй. Харин 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Худалдан авах гэрээний төлбөр тооцоо дуусгах тухай гэрээ”-д “Ж” ХХК-ийн захирал Д.Э- гарын үсэг зураагүй, менежер Х.Э- дур мэдэж гэрээ байгуулсан тул ажлаас чөлөөлөгдсөн. Х.Энхбаатар захиралтай алдангийн талаар тохироогүй тул 27 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 274 дүгээр зүйлийн 274.1-д заасныг баримтлан хариуцагч “Ж” ХХК/рд:6054404/-аас 54 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жалайр овогт Базарын Аюурзана/ЧТ72020972/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27 000 000 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Х.Э-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 562 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох тэмдэгтийн хураамжид 427 950 төгрөгийг хариуцагч “Ж” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 00797 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах хугацаанд хүчинтэй байхыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч “Ж” ХХК-ийн төлөөлөгч Д.Э- давж заалдах гомдолдоо:

... Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн дугаар 101/ШШ2020/00581 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ж” ХХК-аас иргэн Б.А-д 54 000 000 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь “Ж” ХХК нь 60 000 000 төгрөгийн үйлдвэрийн тоног төхөөрөмж Б.А-ас авсан бөгөөд Б.А-д зээлүүлсэн 6 000 000 төгрөгийг хасаж тооцуулахыг шүүхийн шатанд “Ж” ХХК нь зөвшөөрсөн болно. Б.А- нь зээлж авсан 6 000 000 төгрөгийг тухайн үед зээлж авахдаа 6 200 000 төгрөг болгож өгнө гэсэн тул шүүхийн шийдвэр заасан 54 000 000 төгрөгөөс 200 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч “Ж” ХХК, Х.Э-д тус тус холбогдуулан 81 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “Ж” ХХК нь “...арилжааны гэрээнд заасан 54 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги 27 000 000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй”, хариуцагч Х.Э- нь “...”Ж” ХХК болон нэхэмжлэгч Б.А- нарын хоорондох иргэний хэрэгт миний бие хамааралгүй” гэж тус тус маргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр №1/1 дугаар “Бараа солилцох худалдах, худалдан авах гэрээ”-гээр Б.А- 60 000 000 төгрөгийн үнэ бүхий явган замын хавтан, бетонон блокны ком үйлдвэрийн тоног төхөөрөмжийг, “Ж” ХХК нь 60 000 000 төгрөгийн үнэтэй дүйцэх 450 м.куб шохойн блокийг хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 26-27/

 

            Талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар арилжааны гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд хариуцагч “Ж” ХХК нь арилжааны гэрээгээр хүлээсэн 60 000 000 төгрөгт дүйцэх 450м.куб шохойн блокийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх гэрээний үүргээ зөрчсөнөө хүлээн зөвшөөрчээ.  

 

2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримтад “Ж” ХХК нь иргэн Б.А-д 54 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй, 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төлнө гэж тохиролцсон байх боловч хариуцагч биелүүлээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй, шүүх хариуцагч “Ж” ХХК-аас арилжааны гэрээний үүрэгт 54 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Талууд 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Бараа солилцох худалдах, худалдан авах гэрээ”-д 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Худалдан авах гэрээний төлбөр тооцоо дуусгах тухай” нэмэлт өөрчлөлтийг оруулж, үүргээ хугацаанд биелүүлэхгүй тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги төлөхөөр хариуцагч “Ж” ХХК-ийн менежер Х.Э- гарын үсэг зурж, баталгаажуулсан байх ба “Ж” ХХК нь барилгын материалын худалдаа, барилгын засвар хийх үндсэн ажиллагааны чиглэлтэй, 1 гишүүнтэй, компанийг төлөөлөх эрх бүхий этгээд нь Д.Э- болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх 34-36,47/

 

Иймд төлбөр тооцоо дуусгах гэрээнд гарын үсэг зурсан менежер Х.Э-ыг төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлтэй, эрх бүхий этгээдүүд алдангийн талаар тохиролцоогүй байгааг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулагдаагүй гэж үзнэ.

 

            Дээрх үндэслэлээр алданги тооцох үндэслэлгүй байх тул 27 000 000 төгрөгийн алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцнэ.

 

            Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан 200 000 төгрөгийн талаар зохигчид анхан шатны журмаар хэргийг хэлэлцэхэд мэтгэлцээгүй, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй болно.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Ж” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/00581 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Ж” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.МӨНХЗУЛ

 

                                               ШҮҮГЧИД                                Т.ТУЯА

 

А.ОТГОНЦЭЦЭГ