Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 337

 

О.Ц-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 322 дугаар магадлалтай, О.Ц-д холбогдох 1811027520888 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1948 онд төрсөн, 71 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто тээврийн инженер, эдийн засагч мэргэжилтэй, ял шийтгэлгүй,  У овогт О-н Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8 дахь хэсэгт заасан “Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алах” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх О.Ц-ыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8-д зааснаар 12 жил хорих ял шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Ц-ы давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч О.Ц гаргасан гомдолдоо “2018 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 08 цаг 10 минутын үед бостол хань маань орныхоо урьд шалан дээр хэвтэж байхаар нь хахсан болов уу гэж бодож хоолой, эрүүг барьж үзэхэд бие нь хүйтэн нас барсан байсан. Тэгээд энэ талаар дүүдээ хэлж цагдаа дуудсан. Цагдаа нар ирж хэргийн газрын үзлэг хийхэд гэр эмх замбараагүй байдалтай байсан бөгөөд утсаа хайснаас болж ийм нөхцөл байдал үүссэн. Хавтаст хэрэгт их цус алдсан талаар зураг авагдсан байна. Талийгаач бүдүүн гэдэсний архаг үрэвсэлтэй учир хошногоороо их цус алддаг байсан. Шөнө алдсан цусыг нь цэвэрлэж амжаагүй юм. Энэ бүхнээс болж сандарсандаа гэрт байсан архийг ганцаараа уусан тул цагдаа нар ирэхэд согтуу байсан болно. Мөрдөн шалгах ажиллагааны үед надаас байцаалт авахад нэг ч удаа өмгөөлөгч байлцуулаагүй. Гэрч нар бодит үнэнд нийцэхгүй мэдүүлэг өгчээ. Ханьтайгаа 50 жил хамт амьдарсан бөгөөд сүүлийн гурван жил хэвтрийн байдлын улмаас миний асаргаанд байгаа. Намайг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би одоо 71 настай, үйлдвэрийн ослын улмаас баруун хөлөө өвдөгний тус газраар тайруулсан, хоёр гар тохойн урдуур хугарсан, баруун гуяны бүдүүн чөмөг хугарч хадаас тавиулсан, 5 хавирга хугарсан, нурууны нэг үе гэмтсэн болно. Мөн шинжилгээгээр элэгний с вирустай гэж гарсан. Иймд эдгээр байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу хорих ялыг хөнгөрүүлж, хорих ял эдлэх дэглэмийг өөрчилж өгөхийг хүсч байна” гэжээ.  

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч О.Ц-ы үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон болно. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Ц-ы гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч О.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 19 дүгээр гудамжны 13 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр Ж.Б-ийн биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж хоолойг нь боож алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Ц-ы гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.

Амь хохирогч Ж.Б нь 2010 оноос хойш өвчний улмаас хүний тусламжгүйгээр босох, суух зэрэг хөдөлгөөн хийх чадваргүй болсноор нөхөр О.Ц-ы асаргаанд байсан бөгөөд хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг шүүгдэгч лавтай сайн мэдэж байсан байна. Мөн шүүгдэгч О.Ц амь хохирогчийг байнга зодож, бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэлд байлгадаг байсан нь гэрч Ц.Г, Ц.С, О.Э, Ж.П нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдсон тул түүнийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан хэмээн хүндрүүлэн зүйлчилж, ял шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзнэ.

Харин шүүгдэгч О.Ц нь авто ослын улмаас баруун хөлөө өвдөгний тус газраар тайруулсан, хоёр гар тохойн урдуур хугарснаас болж хөгжлийн бэрхшээлтэй иргэнээр тогтоогдож эмчийн хяналтад байдгаас гадна артерийн даралтын ихсэлт нь 3-р үе шат буюу амь насанд аюул учрах эрсдэл өндөр, титэм судасны цусан хангамжийн архаг дутагдал, зүрхний дутмагшил, В, С вирусын шалтгаант элэгний архаг үрэвсэл, бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэл өвчтэй болох нь түүний мэдүүлэг болон Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолтоор тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч О.Ц-ы хувийн байдлыг харгалзан үзэж хорих ял эдлэх дэглэмийг өөрчлөх тухай гомдлыг хүлээн авч, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 322 дугаар магадлалд “шүүгдэгч О.Ц-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН