Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 322

 

О.Цд холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Энхбаатар,

шүүгдэгч О.Ц, түүний өмгөөлөгч Д.Долгорсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гантуяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч Ё.Цогтзандан, С.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Цы давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1811027520888 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

....................., 1948 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Ханх суманд төрсөн, 70 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер, эдийн засагч мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 2, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 19 дүгээр гудамжны 13 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................../;

О.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг Яргайтын 19 дүгээр гудамжны 13 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж эхнэр Ж.Бямбаагийн хоолойг боож алсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: О.Цы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “.....................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д зааснаар шүүгдэгч О.Цыг 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цы энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 101 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Цаас нийт 6.463.892 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Урианхан овгийн Цэнгэлчулууны Гантуяа /РД:РХ80092900/-д олгож, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад оногдуулсан ял хүндэдсэн байна. Ял шийтгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Миний ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байгаа нөхцлүүд бол би гэм буруугаа хүлээж, туйлын их гэмшиж, харамсаж байна. Би 71 настай хөгшин хүн. Үйлдвэрлэлийн осолд орж баруун хөлөө Оросын Холбооны Улсын эмнэлэгт тайруулсан. Баруун гуяны бүдүүн чөмөг хугарсан, хадаастай. Таван хавирга хугарсан. Хоёр гар хугарсан, баруун гар хадаастай. Хурууны нэг үе гэмтсэн, бүрэн тахир дутуу хүн. Одоо биеийн эрүүл мэнд муу байна. 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт 3 удаа хэвтсэн. Одоо ахиад хэвтэх гэж байна. Цусны даралт өндөр, эмчийн хяналтанд байдаг. Элэг өөхтэй, С вирус ихтэй. Хоногт хоёр цаг унтдаг болоод байна. Сүүлийн үед хавантай болов. Нас минь явж, чадал минь сулджээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний охин Ц.Гантуяад 6.500.000 төгрөг төлсөн. Хаан банкны хугацаагүй хадгаламжид 9.000.000 төгрөг байгаа. Үүнийг бүгдийг охинд өгөв. Би урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй. Хүү, охин хоёроосоо уучлалт гуйж хүцэл өчин тохиролцсон. Байнгийн асаргаанд байх шаардлагатай болоод байна. Миний хань бүдүүн шулуун гэдэсний доод хэсэг, тодор шамбарамын архаг өвчтэй хүн байсан. Бөгсөөрөө их цус алддаг байсан. 1 дүгээр эмнэлэг, дүүргийн мэс заслын эмнэлэгээр олон удаа явсан. Их цус гарах үед түргэн тусламж дуудаж үзүүлдэг. Эм, лаа өгдөг. Энэ тухай шүүх эмнэлгийн дүгнэлтэд огт байхгүй байна. Хавтас хэрэгт байгаа цус, энэ алдалтаас үүдэлтэй. Цэвэрлэж чадахгүй байсан юм. Мэс засал хийлгэх хүсэлтийг эмнэлэг хүлээн аваагүй. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж амь насыг хохироосон гэж ял оноосон. Гэр бүлийн хүчирхийллийн сэдвээр нэг ч удаа гомдол, өргөдөл гарч байгаагүй. Ц.Гантулга, Ж.Пүрэв, О.Эрдэнэчимэг нарын мэдүүлэг худлаа, намайг яллах гэсэн байр суурьтай байна. Би 3 жилийн хугацаанд жил бүр гэрээ хэлцлийг халамжийн байгууллагатай хийж гэрээг чанд мөрдөн ажилладаг байсан. Би биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж 50 жил ханилсан ханиа алах зорилго, шалтгаан, үндэслэл байхгүй. Энэ ял надад хүндэдсэн юм. Иймд миний ялыг хөнгөрүүлж өгөхийг гуйж, хүсч байгааг минь хүлээн авна уу. Санамсар болгоомжгүй үйлдэл гаргасныг минь харгалзан үзэж эдлэх ялыг минь багасгаж, дэглэмийг өөрчилж өгөхийг хүсэж байна.” гэв.

Шүүгдэгч О.Цы өмгөөлөгч Д.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлчлүүлэгчийнхээ гомдлыг дэмжиж оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Цы хувийн байдалтай холбоотой цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн гэх тодорхойлолтыг гаргаж өгч байна. Уг тодорхойлолтод онош нь артерийн даралт ихсэлт, 3 дугаар үе шат эрсдэл өндөртэй, титэм судасны цусан хангамжийн архаг дутагдалтай, зүрхний дутмагшилтай, элэгний В,С вирусийн шалтгаант үрэвсэлтэй байна гэсэн байгаа. Иймд эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж ял эдлүүлэх дэглэмийг өөрчилж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж гомдол гаргаагүй. Анхан шатны шүүх үнэн зөв шийдвэр гаргасан. Шүүгдэгч гомдол дээрээ маш их худлаа зүйл бичсэн байна. Ээжийг маань онц, харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон байж гэрч нарын мэдүүлгийг худлаа, намайг гүтгэж байна гэж бичсэн байна. Гэрч нарын мэдүүлгүүд бүгд үнэн. Шүүгдэгч хийсэн үйлдэлдээ огтхон ч гэмшихгүй байна. Шүүх, прокурорын шийдвэрийг үл ойшоож байна. Шүүгдэгч нэг хөлөө анд явж байгаад буу алдсанаас болж гэмтээсэн, мөн элэг нь В,С вирустэй гэдгийг би өмнө нь сонсож байгаагүй. Оршуулгын зардал төлөөгүй, өмнө нь хэрэгт холбогдож байсан. Би уг хүнтэй тохиролцохгүй, ээжийг маань харгис хэрцгийгээр хохироосон. Намайг өлгийтэй байхад авч шидэж байсан гэдэг. Ер нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг хүн байсан. Манай гэрийнхнээс хэн ч гомдол гаргаж байгаагүй. Тухайн үед гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль ч байгаагүй. Ах, дүү, хамаатан садан болон ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ. Энэ хэргийг ойр дотны хүмүүс маань айж, цочиж хүлээж аваагүй. Ийм зүйл болох гээд байсан юм гэдэг байдлаар хүлээж авч байгаа. Намайг гомдлоо буцаагаад ав гэж хэлүүлсэн байдаг. Надад гомдлоо буцааж авах сэтгэл байхгүй. Анхан шатны шүүх хуралдаанд прокуророос 17 жилийн хорих ялын санал тавьсан. Шүүхээс ялын хамгийн доод хэмжээг оноосон, би хангалттай гэж үзэж байна.” гэв.

Прокурор М.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлдтээ: “Шүүгдэгч О.Ц нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж Бямбаагийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Энэ талаар гэрч, хохирогч нар тодорхой мэдүүлдэг. Шинжээчийн дүгнэлт ч тодорхой гарсан байдаг. Анхан шатны шүүх хэргийг бүх талаас нь хянаж үзээд О.Цд ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д зааснаар 12 жилийн хорих ял оногдуулсан. Шүүхээс шүүгдэгчийн биеийн байдлыг харгалзан үзэж хорих ялын хамгийн доод шийтгэлийг оногдуулсан байдаг. Ял шийтгэлийн хувьд тохирсон, хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

О.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг Яргайтын 19 дүгээр гудамжны 13 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж эхнэр Ж.Бямбаагийн хоолойг боож алсан гэмт хэргийг үйлдсэн нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гантуяагийн “2018 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 12 цаг 40 минутын үед манай нагац ах Пүрвээ утсаар ярьж “өглөө аав чинь ярьсан 09 цаг 10 минутын үед ээжийг чинь нас барсан байна” гэж хэлсэн юм. Тухайн үед намайг байшингийн үүдний хэсэгт ороход үүдэнд баанан дотор цус болсон дэрний уут, хажуу талд нь цустай дэр зэрэг байсан юм. Хаалга онгойлгон байшинд орох үед ээж маань шалан дээр шалдан орноос нилээд зайтай ухаангүй хэвтэж байсан. Гэрт бүх эд зүйл сандаачсан эмх замбараагүй байсан. Мөн манай аав Цэнгэлчулуун архи уусан согтуу орон дээр сууж байсан. Тухайн үед аав намайг танихгүй өөрийн гэсэн ухаангүй байсан. Удаагүй цагдаа нар ирээд араас нь эмнэлэг ирсэн бөгөөд ээжийг үзээд нас бараад удсан байна. Энэ өглөө нас бараагүй байна. Урьд шөнө нас барсан байна гэж хэлсэн. Би бодохдоо аав ээжийг зодоод алсан байх гэж бодож байна. Аав байнга архи уудаг, уухаараа ээжийг зоддог байсан. Бид нар аавд хэлэхээр хөлгүй хүнд хууль үйлчлэхгүй та нар цагдаа дууд гэж хэлдэг байсан.” гэх мэдүүлэг /1хх-32-33/,

шинжээч эмч Ө.Сарангэрэлийн “хүзүүнд цус хуралт, ховч ясны хугарал нь ямар нэгэн биет зүйлээр бооход үүсэх боломжгүй. Харин гараар багалзуурдах үед үүснэ. Биед үүссэн гэмтлүүд нь хөхөлбөр хүрэн өнгийн гэмтлүүд байсан учир 1-3 хоногийн хугацаанд үүссэн байх боломжтой. Ховч яс хугарч амьсгал бүтдэг тул гэмтэл авсан даруйдаа нас барсан байх боломжтой.” гэх мэдүүлэг /1хх-80-81/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-6-9/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-10-15/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-17/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2205, 12125, 5826 дугаартай дүгнэлтүүд /1хх-75-78, 83, 99-100/, гэрч Ц.Сүхбаатар /1хх-129-130/, гэрч О.Эрдэнэчимэг /1хх-133-134/, гэрч Д.Чулуунбаатар /1хх-138-139/, гэрч П.Гэрэлтуяа /1хх-146-147/ нарын мэдүүлгүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Шүүгдэгч О.Ц нь “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж амь насыг хохироосон гэж ял оноосон. Гэр бүлийн хүчирхийллийн сэдвээр нэг ч удаа гомдол, өргөдөл гарч байгаагүй. Ц.Гантулга, Ж.Пүрэв, О.Эрдэнэчимэг нарын мэдүүлэг худлаа, намайг яллах гэсэн байр суурьтай байна. Би 3 жилийн хугацаанд жил бүр гэрээ хэлцлийг халамжийн байгууллагатай хийж гэрээг чанд мөрдөн ажилладаг байсан. Би биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж 50 жил ханилсан ханиа алах зорилго, шалтгаан, үндэслэл байхгүй. Энэ ял надад хүндэдсэн юм. Иймд миний ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гантуяа, гэрч П.Гэрэлтуяа, О.Эрдэнэчимэг, шинжээч эмч Ө.Сарангэрэл нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу байцааж авсан мэдүүлгүүд нь шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдсон, уг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүхээс шүүгдэгч О.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор оногдуулсан ял нь, хорих ялыг эдлүүлэхээр заасан дэглэм нь тус тус хуульд нийцсэн гэж үзэв.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Цы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Цы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                            Н.БАТСАЙХАН

 ШҮҮГЧ                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

                         ШҮҮГЧ                                            Д.МЯГМАРЖАВ