Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 54

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч Ё.Цогтзандан, С.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч Н.Булганчимэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

иргэдийн төлөөлөгч Д.Эрдэнэбулган,

шүүгдэгч О.Ц, түүний өмгөөлөгч Д.Долгорсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ц холбогдох эрүүгийн 1811027520888 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

О.Ц, 1948 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 70 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер, эдийн засагч мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 2, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг Яргайтын 19 дүгээр гудамжны 13 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч О.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 5-аас 6-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг Яргайтын 19 дүгээр гудамжны 13 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж Ж.Б-ийн хоолойг боож алсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би өөрийн эхнэр талийгчтай гэр бүл болоод 50 жил болж байна. Эхнэртэйгээ амьдраад 10 жил болсны дараа хотод нүүж ирсэн. Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, 69 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан учир хотод шилжиж ирсэн. Бид хоёр нэг охин, 5 хүүтэй. Эхнэр маань олон жил намайг асарсан учир би түүнийг хэвтэрт ороход нь өөрөө асрахаар болж албан ёсоор асран хамгаалагчаар нь тогтоогдсон. 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр ахмадын баяр болж байсан, хороон дээр урьсан бичиг ирсэн. Би эхнэрээсээ явж болох уу гэж асуухад намайг явуулаагүй. Маргааш нь би гадаа сууж байгаад унтсан. Тэгээд би шөнө 03 цаг өнгөрөөгөөд сэрч хөгшнийгөө хуурайлаад олон шөнө нойргүй унтсан учир ядраад буцаад унтчихсан. Өглөө сэрээд харахад орныхоо урд уначихсан байхаар нь сандарсандаа яагаад унасан юм бол гээд гараараа цээж нь дээр нь дарж үзэхэд бие нь хүйтэн байсан. Хүү урьд орой нь том махтай хоол хийж өгсөн. Тэгээд хоолойд нь ямар нэгэн зүйл тээглэсэн юм болов уу гэж бодоод хоолойг нь барьж үзсэн. Би маш их тэвдэж сандарсан байсан. Хүмүүст залгаж хэлэх гэтэл миний утас олдохгүй байсан учраас гарч хажуу айлын хүний утаснаас төрсөн дүү Пүрвээд нь залгаж хэлсэн. Тэгээд би айж сандарсандаа гэрт байсан хар чингис архийг уусан. Гэртээ ороод би огт юманд хүрээгүй, талийгаачид ч гар хүрээгүй. Цагдаа ирэхэд би согтуу байсан нь үнэн. Би цагдаагийн байгууллагад очсоныхоо дараа дахиж гэртээ очоогүй. Бид хоёр өмнө нь олон зүйлийн шалтгаанаас болж маргадаг байсан нь үнэн. Би хөгжлийн бэрхшээлтэй болсноосоо хойш их түргэн ууртай болсон. Өмнө нь уурласан үедээ охинтойгоо ярьж буудал ч юм уу өөр газар гадуур байж байгаад уур гарсан үед гэртээ очдог байсан. Би эхний өгсөн мэдүүлэгт хэлсэн үгээ хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд эхнэрээ асран хамгаалж байсан хүний хувьд түүнийгээ сайн анзаараагүйн улмаас энэ хэрэг гарсан гэж үзээд хэргээ хүлээн зөвшөөрсөн. Алах ямар нэгэн санаа байгаагүй. Амьдралд минь тохиолдсон хүнд гарз боллоо...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би шүүгдэгч О.Ц-ны охин нь байгаа юм. Намайг хүүхэд байхаас л байнга маргаан гардаг, байнгын дарамтад, айдастай байдаг байсан. Бид нар том болсон хойноо маргаанд нь оролцож боль гэж их хэлдэг байсан. Цагдаад өгнө гэж хэлэхэд хөлгүй хүнд хууль үйлчилдэггүй гэж хэлдэг. Нөхөрт гарснаасаа хойш хааяа гэртээ ирэхэд ээжийг минь хөх няц болгочихсон байдаг байсан. Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ надад ёс бус үг хэллэг их хэлдэг байсан. Миний ээж хүний өөдөөс үг хэлдэггүй их даруухан хүн байсан. Бид нар гэр бүлийн хүчирхийлэл, айдас дунд өсч хүмүүжсэн. Аавыг минь хүмүүс залуу байхад нь даргаа гэж архи, согтууруулах ундааны зүйлийг ихээр өгдөг байсан нь нөлөөлсөн байх гэж боддог. Ууг нь аав маань дээд 2 дээд сургууль төгссөн, Белхановын усан замын дээд сургууль төгсч Хөвсгөл аймгийн Усан замын ангийн дарга, Сүхбаатар онгоцны дарга, Дорнод аймагт авто засварын газрын дарга зэрэг ажил хийж байсан. Гэрт нь байхад нь битгий архи уу гэж хэлэхэд яв, гар, зайл, янхан гичий гэх мэтээр элдвээр хэлдэг байсан. Манай гэр бүл 3 хүү 1 охинтой айл байсан. Дунд ах 2000 онд 24 насандаа амиа хорлосон, том ах 2008 онд өөрийнхөө хоолойг боож нас барсан. Манай ах Ц.Баатарсүрэн их мундаг хүн байсан. Гэвч гэр бүлийн бүх хүмүүст хандан хүн тус бүрд гэрээслэл бичиж үлдээгээд амиа хорлосон. Энэ үед ах маань бага насны хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн байсан. Энэ хүн одоо шүүх хуралдаанд олон зүйлийг худлаа ярьж байна. Тэр үедээ согтуу байсан гэж хэлчхээд одоо яагаад эрүүл байсан гэж яриад байгаа юм бэ. Намайг гэрт ороход гэрийн доторх эд зүйл замбараагүй агсам тавьсан байдалтай байсан. Би гомдолтой байна. Хамт амьдраад 50 жил болчхоод яагаад ингэснийг нь ерөөсөө ойлгохгүй байна. Оршуулгын зардалд гаргасан мөнгөө нэхэмжилж байна. Мөн хадгаламжид байгаа мөнгийг нь нэхэмжилнэ...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 12 цаг 40 минутын үед манай нагац ах Пүрвээ утсаар ярьж өглөө аав чинь ярьсан 09 цаг 10 минутын үед ээжийг чинь нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд би аавын гэрт очсон чинь манай нагац ахын охин Гэрлээ ирсэн цагдаа дуудсан гэж хэлээд байж байсан юм. Тухайн үед намайг байшингийн үүдний хэсэгт ороход үүдэнд ваанан дотор цус болсон дэрний уут, хажуу талд нь цустай дэр зэрэг байсан юм. Удаагүй цагдаа болон эмч ирээд ээжийг үзээд нас бараад удсан байна энэ өглөө нас бараагүй байна. Шөнө нас барсан нас бараад удсан байна гэж хэлсэн юм. Би бодохдоо аав ээжийг зодоод алсан байх гэж бодож байна. Манай аав О.Ц архи маш их уудаг архи уусан үедээ байнга ээжийг зоддог байсан юм. Бид нар хэлэх үед хөлгүй хүнд хууль үйлчлэхгүй гэж хэлээд байдаг байсан юм. Ер нь бол миний мэдэх намайг бага байхаас байнга архи уудаг уух үедээ гэр ээжийг байнга дарамталж зоддог байсан юм. Мөн аав архи уусан үедээ гэр бүлийн гишүүдийг хөөж цохиж зоддог элдэв янзаар дарамталдаг байсан. ...Манай гэр бүл 3 хүү 1 охинтой айл байсан. Дунд ах 2000 онд 24 настайдаа гясалтаа ууж амиа хорлосон, том ах 2008 онд өөрийнхөө хоолойг боож дүүжлэгдэж нас барсан. Нас барахдаа гэрээслэл бичсэн байсан гэрээслэлдээ аавыг битгий архи уу архинаас болж энэ бүх юм болж байна гэсэн утгатай гэсэн гэрээслэл бичсэн байсныг бага ах Сүхбаатараас сонсож байсан…” гэжээ /1хх-32-35/.

О.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би шөнө 03 цаг өнгөрч байхад сэрэхэд эхнэр маань орноосоо унаад газарт хэвтэж байсан би очоод гэдсэн дээр нь дарж үзсэн чинь амьсгалж байгаа эсэх нь мэдэгдэхгүй байхаар нь хоолойд нь юм тээглэсэн байж магадгүй гэж бодоод 2 гараараа эхнэрийнхээ хоолойноос шахаж базсан тухайн үед би өөрөө согтуу байсан учраас эхнэрийнхээ хоолойноос чанга эсвэл зөөлөн базсанаа сайн мэдэхгүй байгаа юм би эхнэрийнхээ хоолойг шахаж базаад алчихна гэж бодоогүй тухайн үедээ л хоолойд нь юм тээгэлдчихсэн юм болов уу гэж бодож байсан энэ муу архинаас л болж ийм боллоо...” гэжээ. /1хх-112-114, 151-153/

Гэрч Ц.Сүхбаатар нь мэдүүлэхдээ: “...Аав Ц намайг мэдээ орсон цагаас хойш ээж Бямбааг зодож дарамталдаг байсан... Ер нь хаана ч хамаагүй гараа атгаж байгаад л цохчихдог гартаа дайралдсанаа шиднэ, их муухай эмэгтэй хүн гэж хайрлахгүй, эр хүмүүс нэгнээ зодож байгаа юм шиг л миний ээжийг цохиж зоддог байсан...” гэжээ /1хх-128-130/.

Гэрч О.Эрдэнэчимэг нь мэдүүлэхдээ: “...Манай гэр бүл 2013 онд нүүж ирэх үед эмээ нь хөл дээрээ явдаг байсан... Эмээ өвөө хоёр хоёулаа нийлж архи уудаг байсан хамт архи уухаараа хоорондоо маргалдаж хэрүүл хийнэ. Хэрүүл хийхээрээ өвгөн нь эмгэнээ зодоод гэрээсээ хөөгөөд гаргачихдаг байсан... гэжээ. /1хх-133-134/.

Гэрч Ж.Пүрэв нь мэдүүлэхдээ: “...Би тэтгэвэрт 2014 онд гарсан тэр цагаасаа эгч Бямбаагийн гэрт ойр ойрхон очдог болсон юм. Тэр үед очих болгонд Ц халамцуу согтуу тааралдах болсон. Ааш зан нь ширүүн болчихсон байсан. Ах дүү нараа ч гэр орноосоо хөөж байсан гэсэн. Эгчийн маань ангийнхныг гэртээ урьж дайлж цайлчхаад өөрөө согтчихоороо эгчийг маань найзуудтай нь хамт хөөж байсан гэсэн. 2015 онд 3 дугаар сард би эгчтэйгээ золгохоор гэрт нь очиход О.Цэнгэлчулуун согтуу намайг хөөгөөд эгчтэй маань уулзуулаагүй оршуулга дээр явж байгаад машинтай аваарт орж гараа 2 удаа хугалж байсан...” гэжээ /1хх-137-139/.

Гэрч Э.Хүдэрчулуун нь мэдүүлэхдээ: “...Ж.Бямбаа нь бүрэн хүний хяналтад байдаг хүн, өөрөө өндийж суух, босох хөдөлгөөн хийх чадваргүй, өөрөө хийдэг хөдөлгөөн нь хэвтэр дээрээ 2 тал руугаа эргэх хөдөлгөөн хийж чадна. 2 гарын хувьд булчингийн сулралтай, саажилттай, аягатай цайгаа ч барьж чаддаггүй хүн байсан... гэжээ /1хх-140-142/.

Гэрч П.Гэрэлтуяа нь мэдүүлэхдээ: “...Би байшингийн хаалгаар ортол нөхөр Цэнгэлчулуун нь согтуу хойд орон дээрээ хэвтчихсэн, талийгаач орныхоо урд доогуураа нүцгэн хэвтэж байсан. Би эхлээд амьд юм болов уу гэж бодоод ойртох гэтэл гар нь хөшсөн, цайвар өнгөтэй байсан болохоор ойртоогүй... Гантуяа 13:25 минутын үед ирсэн ба бид хоёр хамт байшинд орсон чинь Гантуяа аавдаа уурлаад та л ингэсэн шүү, таныг өгдөг газарт нь өгнө гээд талийгаач руу ойртох гээд байхаар нь би цагдаа дуудчихсан ойртоод хэрэггүй гээд ойртуулаагүй... гэжээ /1хх145-147/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №2205 дугаартай дүгнэлт:

“1,2,3,4,5.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүүнд цус хуралт, ховч ясны хугарал, дух, хуйх, цээж, хэвлий, зүүн шуу, баруун мөр, бугалга, шуу, зүүн баруун гуя, өвдөг, нуруунд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн хүзүүнд цус хуралт, ховч яс хугарал нь багалзуурдах үед үүсэх боломжтой, шинэ гэмтэл, үхэлд шууд хүргэсэн, дух, хуйх, цээж, хэвлий, зүүн бугалга, зүүн шуу, баруун мөр, бугалга, шуу, зүүн баруун гуя, зүүн өвдөг, нуруунд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр амьд үед үүссэн хөнгөн зэргийн гэмтэлд хамаарагдана.

6. Талийгаач нь нас барах үедээ эрүүл, цусанд спиртийн зүйл илрээгүй байна.

7. Талийгаач нь 3-р бүлгийн цустай байна.

8. Талийгаач нь элэгний архаг үрэвсэл, өөхлөлт, нойр булчирхайн архаг үрэвсэл, бөөрний тэвшинцрийн архаг үрэвсэл бүхий өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй.

9. Талийгаач нь механик амьсгал бүтэлт боолтын улмаас амьсгалын цочмог дутагдлаар нас баржээ.

10. Үтрээний арчдас, наалдац эр бэлгийн эс илрээгүй байна...” гэжээ /1хх75-79/.

Шүүх шинжилгээний хүрээлэн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн №10512 дугаартай дүгнэлт:  

“ХГҮ-ээр хураан авсан гэх цагаан өнгөтэй, ягаан өнгийн цэцгэн хээтэй дэрний уут, ногоон эрээн өнгийн нүүр гарын алчуур, ягаан өнгийн футболк, ногоон ууттай олон хэсэг бүхий хагарсан архины шилүүд, цагаан өнгийн салфетка, загасны зурагтай house гэсэн бичигтэй даавуун уут, саарал өнгийн 40х15 см даавууны хэсэг, эрээн алаг 27х24 см даавууны хэсэг, 24х15 см даавууны хэсэг, 32х30 см саарал өнгийн даавууны хэсэг, 17х23 см бор хүрэн өнгийн даавууны хэсэг, хуванцар савтай улаан хүрэн өнгийн шилэн зүйл дээр цус илэрсэн. Уг цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна.

2. Ягаан цоохор өнгийн California гэсэн бичигтэй футболк, №1,2,3 гэсэн марльнууд, бор өнгийн алх дээр цус илрээгүй...” гэжээ. /1хх-93/.

2018 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-6-16х/.

2018 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-17-21х/.

              Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-250/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 5-аас 6-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг Яргайтын 19 дүгээр гудамжны 13 тоотод өөрийн бүрэн асаргаанд байдаг, хөдөлгөөн хийх чадваргүй, хэвтэрт байдаг эхнэр Ж.Бямбааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж хоолойг нь боож алсан буюу хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-6-16х/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-17-21х/, Шүүх эмнэлгийн шинжилгээний задлан шинжилгээний 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №2205 дугаар дүгнэлт, мөн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн №10512 дугаар дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гантуяагийн “...Тухайн үед намайг байшингийн үүдний хэсэгт ороход үүдэнд ваанан дотор цус болсон дэрний уут, хажуу талд нь цустай дэр зэрэг байсан юм. Удаагүй цагдаа болон эмч ирээд ээжийг үзээд нас бараад удсан байна энэ өглөө нас бараагүй байна. Шөнө нас барсан нас бараад удсан байна гэж хэлсэн юм. Би бодохдоо аав ээжийг зодоод алсан байх гэж бодож байна. Манай аав О.Цэнгэлчулуун архи маш их уудаг архи уусан үедээ байнга ээжийг зоддог байсан юм. Бид нар хэлэх үед хөлгүй хүнд хууль үйлчлэхгүй гэж хэлээд байдаг байсан юм. Ер нь бол миний мэдэх намайг бага байхаас байнга архи уудаг уух үедээ гэр ээжийг байнга дарамталж зоддог байсан юм...”/хх-32-35/ гэх мэдүүлэг, гэрч П.Гэрэлтуяагийн “...Би байшингийн хаалгаар ортол нөхөр Цэнгэлчулуун нь согтуу хойд орон дээрээ хэвтчихсэн, талийгаач орныхоо урд доогуураа нүцгэн хэвтэж байсан. Би эхлээд амьд юм болов уу гэж бодоод ойртох гэтэл гар нь хөшсөн, цайвар өнгөтэй байсан болохоор ойртоогүй, ... Гантуяа 13 цаг 25 минутын үед ирсэн ба бид хоёр хамт байшинд орсон чинь Гантуяа аавдаа уурлаад та л ингэсэн шүү, таныг өгдөг газарт нь өгнө гээд талийгаач руу ойртох гээд байхаар нь би цагдаа дуудчихсан ойртоод хэрэггүй гээд ойртуулаагүй...” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч О.Ц-ныг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Ингэхдээ тухайн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол болон түүний хувийн байдал зэргийг харгалзан уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүх, шүүгдэгч О.Ц-нд ял шийтгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г нь баримтаар 6.463.892 төгрөг нэхэмжилж байх тул шүүгдэгч О.Ц-наас гаргуулан олгох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Цэнгэлчулуун нь нийт 101 хоног цагдан хоригдсон байх тул уг хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д зааснаар шүүгдэгч О.Ц 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цэнгэлчулуунд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 101 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Цэнгэлчулуунаас нийт 6.463.892 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Урианхан овгийн Цэнгэлчулууны Гантуяа /РД: /-д олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ц авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН

 

                                    ШҮҮГЧИД                                Ё.ЦОГТЗАНДАН

 

                                                                                             С.БАТЖАРГАЛ