Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 1098

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00639 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Х” ХХК-ийн хариуцагч Б.В-д холбогдуулан гаргасан 2 973 270 төгрөг гаргуулах үндсэн, “Х” ХХК-аас 1 842 379 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай “Х” ХХК нь орон сууц, ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах 104 дүгээр байрны инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Дээрх 104 дүгээр байрны 32 тоотын эзэмшигч Б.В- нь орон сууц ашиглалтын төлбөр халаалт, халуун ус, цэвэр ус, бохир ус, суурь хураамжуудыг 2015 оны 11 дүгээр сараас 2019 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд төлж барагдуулаагүй болно. Иймд орон сууц ашиглалтын төлбөр болон нэмэгдсэн өртгийн албан татвар орсон дүнгээр 1 993 104 төгрөг, үндсэн төлбөрийн алданги 980 173 төгрөг, нийт 2 973 227 төгрөгийг хариуцагч Б.В-гээс гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн өмчлөлийн орон сууц гэрчилгээнд 37.8 м.кв-аар бичигдсэн. Манайх 38 м.кв-ийн 0.2 м.кв-ийг хүсэлтийн дагуу 2006 оноос 2015 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд илүү төлөгдсөн 7 867 төгрөгийг хасаж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр 44.97 м.кв гэж гарсан тул талбай тооцох хуульд заасан зохицуулалтын дагуу 43.58 м.кв-ийн талбайн зөрүү 1.39 м.кв-ийг 460 төгрөг 40 сараар тооцоход 27 064 төгрөг болсон. Халаалтын талбайн төлбөрийн зөрүү 49.4 м.кв-аар бодогдсон учир нэмж зөрүү 89 323 төгрөгийг халаалтын төлбөрөөс хасаж байна. Мөн ЦТП 3 сарын төлбөр 12 000 төгрөг, алдангийг бүхэлд нь хасч тооцож хариуцагчаас 1 816 352 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг орон сууцны засвар, ашиглалт, үйлчилгээ хариуцдаг төрийн байгууллагууд болон нэхэмжлэгч талаас гаргуулсан баримтад үндэслэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талын нэхэмжилсэн төлбөрийн задаргааг нэхэмжлэгч байгууллагаас гаргуулсны дагуу Усны хэрэг эрхлэх газарт очиж тооцоолол хийлгүүлсэн. Цэвэр, бохир усны төлбөр аваагүй атлаа нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөр бодож нэхэмжилсэн байна. Тухайн үед гарсан төлбөрөөс нэмэгдсэн өртгийн албан татвар бодож авах ёстой. Төлбөр гаргаагүй байхад нэмэгдсэн өртгийн албан татвар бодож авах ёсгүй гэдгийг Усны хэрэг эрхлэх газар мэдэгдсэн. Үүнээс үзэхэд усны төлбөр бодогдсон хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах ёстой юм байна. Усны төлбөр бодогдсон үеийн төлөх ёстой нэмэгдсэн өртгийн албан татвар 80 595 төгрөг байна. Гэтэл усны төлбөр бодогдоогүй үеийн нэмэгдсэн өртгийн албан татварт 56 117 төгрөг, орон сууцны м.кв зөрүү 5.82 м.кв-ийн төлбөр 110 852 төгрөг, ЦТП-ийн төлбөр 276 832 төгрөг, даатгалын төлбөрт 40 500 төгрөг, үндсэн төлбөрийн алданги 980 173 төгрөг усны төлбөрөөс 18 792 төгрөг, нийт 1 483 266 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үлдсэн нэхэмжлэлийн шаардлага 1 490 000 төгрөг төлөхөөр тооцоо гарч байна. Хэрэглэсэн усан дээрээ маргалдаагүй тоолуураараа явж байгаа. Тогтоолоор баталгаажсан үнэ тарифаар бодогдсон эсэхэд эргэлзэж байгаа тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие 2006 оноос эхлэн орон сууцныхаа ашиглалтын төлбөр тооцооныхоо талаар “Х” ХХК-тай харилцаж ирсэн. 2006 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарыг хүртэл төлбөр тооцоогоо цаг хугацаандаа төлөөд явж байсан. Гэтэл 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 02 дугаар сар хүртэлх 4 сарын хугацаанд хөдөө өвчтэй ээжийгээ асарч байгаад ирээд ашиглалтын төлбөрөө төлөхөөр 2016 оны 3 сарын сүүлээр ороход төлбөр 800 000 гаруй төгрөг гарсан гэхээр нь гайхаж төлбөрөө сар сараар нь анх удаа хэвлүүлж авч үзэхэд манай орон сууцны м.кв дээр 11.6 метр квадратыг автоматаар нэмж энэ олон жил илүү төлбөр авч хохироож байсныг мэдэж холбогдох газраар шалгуулах, мөн над шиг хохирч яваагаа мэдээгүй, зөвхөн манай байранд гэхэд 375 өрх байгаа энэ иргэдэд хэлж бүгдээрээ шүүхэд хандах талаараа хэлсэн. Энэ асуудлаа нягтланд нь хэлэхэд тийм юм байхгүй, бид тантай хийсэн гэрээн дээр бичигдсэн талбайн хэмжээгээр төлбөрөө аваад явж байгаа, та үл хөдлөхийн гэрчилгээгээ авч ир гэсэн. Би гэрчилгээгээ авч орон гэрээтэйгээ тулгахад 37.8 м.кв талбайгаараа бичигдэж гэрээтэйгээ тохирсон атлаа програмдаа 49.4м.кв -аар тооцож авснаа нягтлан нь хүлээн зөвшөөрч за бид таны метр квадратын зөрүүг, гэрээгүйгээр авсан даатгалын 1500 төгрөгийг авсан бүх сарыг хасаж, дулааны үйлчилгээний төлбөрийн 5 500 төгрөгийн зөрүүг чинь хасаад тооцоод өгье гэхэд нь 2015 оны 11,12 дугаар сар, 2016 оны 1,2,3,4 дүгээр саруудын төлбөрүүдээс илүү тооцож авсан мөнгөө хасаад хэдэн төгрөг болж байгааг бодоход 235 000 төгрөг болсон. Энэ мөнгөө маргааш нь 2016 оны 4 дүгээр сарын 20-ны төлөхөөр ороход захирал Б.Туулд танилцуулсан танай байрыг чинь мэргэжлийн байгууллагаар хэмжүүлэхээр болсон та мөнгөө тушаахаа азнаж бай гэсэн. Ингээд 2 сарын дараа инженертэй дахин уулзахад хэмжилтийн компани руу албан тоотоор хандчихсан байгаа хариу өгөөгүй байна гэсэн. Би Эрчим Хүчний Зохицуулах Хороонд гомдол гаргаж гомдлын хариугаа албан тоотоор хүлээн авсан. Гаргасан гомдлын хариу маань энэ бүхний нотлох баримт болж байна. Иймд миний бие “Х” ХХК-д өглөггүй харин ч авах авлагатай. Орон сууцны талбайн хэмжээг тухай барилгыг барьж гүйцэтгэсэн компани нь магадлангаар батлагдсан зургийн дагуу тооцогдсон талбайн хэмжээг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүргүүлснээр гэрчилгээ гарсан. СӨХ-ны төлбөр ч одоо гэрчилгээн дээрх талбайгаар тооцоод авч байна.

Иймд Хаусинг Холд ХХК-иас надаас илүү тооцож авсан доорх мөнгийг нэхэмжилж байна. Дулааны үйлчилгээний төлбөрийн талаар: Дулааны эрчим хүчний үйлчилгээний тариф эрчим хүчний зохицуулах хорооны 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 70 дугаар тогтоолоор батлагдан 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс хэрэгжиж эхэлснээс хойш тарифт өөрчлөлт ороогүйг 201 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 8/491 тоот гомдлын хариуд зааснаар үйлчилгээний төлбөр нь орон сууцны талбайн хэмжээнээс хамаарч 40 м.кв хүртэл 3 000 төгрөг 41-80 м.кв 5 000 төгрөгөөр тооцож авна гэж заасан атал “Х” ХХК манай орон сууцны м.кв талбай дээр автоматаар 11.6 м.кв-ийг нэмж 49.4 м.кв болгож тооцож авсан, авахдаа бүр 5 500 төгрөгөөр тооцон авч, хохироосон. 2007 оны 02 дугаар сараас 2016 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд 5500-3000=2500 төгрөгийн илүү үнээр нь 6 илүү нэмсэн м.кв-аар нь үржүүлэхэд 106 сар*2500=265 000 гарч байна. Энэ илүү авсан 265 000 төгрөгийг гаргуулна.

Халаалтын м.кв-ийг буруу тооцож 2006 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд халаалтын мөнгө илүү авч хохироож байна. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээн дээр баталгаажсан 37.8 м.кв-ийг 49.4м.кв аар тооцож нийт 1З жил 4 сарын хугацаа буюу 160 сар болж байна. Иймд илүү тооцож авсан 11.6м.кв*506 төгрөг /2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн №206 109 дүгээр тогтоолоор батлагдсанаас хойш тариф өөрчлөгдөөгүй/ =5869.60 төг болж байгаа үүнийгээ 160 сараар үржүүлэхэд 939 136 төгрөгийг илүү авч хохироосон тул “Хасуинг холд” ХХК-аас гаргуулна.

Даатгалын хураамж сайн дурын үндсэн дээр 2 тал тохиролцсоны үндсэн дээр хийгддэг хэлцэл юм. “Хасинг холд” ХХК-аас шүүхэд ирүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хариу тайлбарт даатгалын байгууллага өдөрлөг хийж байгаад гэрээ хийсэн гэжээ. Энэ талаараа иргэнд мэдэгдсэн мэдэгдэл санал авсан баримт байхгүй. Даатгалын байгууллага, “Х” ХХК хоёр нь иргэний өмнөөс шийдвэр гаргаад хүчээр хураамж авч хохироож байна. Хэрэглэгчид мэдэгдээгүй, гэрээ хийгээгүй байж даатгалын хураамж гэж 1500 төгрөгийг сар бүр авч хохироосон зөрчлөө хүлээн зөвшөөрч тооцооноос хасаж өгөхөөр тохиролцсон атлаа шүүхэд худал зүйлийг ярьж байна. 2006 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 сарын 22 хүртэлх хугацаанд нийт 160 сар * 1500 төгрөг=240 000 төгрөгийг гаргуулна.

ЦТП-ийн мөнгө гэж сар бүр 5000 төгрөг авсан тухайд: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газрын улсын байцаагчийн дүгнэлтээр ЦТП-ийн төлбөрийг хэрэглэгчээс авахгүй гэдгийг тогтоосон, гэтэл авч байгааг нь эрчим хүчний зохицуулах хорооноос авах ёсгүй энэ үйлдлээ зогсоо гэж шаардсаны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 29-ний 17 тоот албан бичгээрээ энэ үйлдлээ зогсоосон талаар “Х” ХХК нь Эрчим хүчний зохицуулах хороонд мэдэгдсэн байсан. 2007 оноос эхлэн авч эхэлсэн. Иймд 2007 оны 01 дүгээр сараас 2016 оны 02 дугаар сар хүртэлх 9 жилийн хугацаанд хууль бусаар авсан 5000*108 сар=540 000 төгрөгийг гаргуулах, наториатын зардалд 3900 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Иймд “Х” ХХК-аас нийт 1 988 036 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас даатгалын төлбөр 40 500 төгрөгийг, халаалтын төлбөрт 2015 оны 02 дугаар сараас хойш илүү авсан төлбөрөөс 89 323 төгрөг, мөн 0.2 м.кв-ийн зөрүү 7 854 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрч байна. ЦТП-ний төлбөрт 276 832 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК нь харилцагч байгууллагуудтай гэрээ хийсэн. Уг гэрээний үндсэн дээр оршин суугч нартай мөн гэрээ байгуулсан. Сүүлийн 3 сарын 12 000 төгрөгийг төлөөгүй байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Насанчимэгийн гарын үсэгтэй гэрээнд ЦТП-ний төлбөр багтсан байгаа. Эрчим хүчний зохицуулах хорооны хариу тайлбараас харахад 2016 оноос хойш журам мөрдөгдөж эхэлсэн байна. ЦТП-ийн 3 сарын төлбөр болох 12 000 төгрөгийг хасаж тооцох боломжтой. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын алданги 980 173 төгрөгөөс татгалзаж байна. Усны төлбөр гараагүй хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвар тооцно гэсэн ойлголт байхгүй. Усны төлбөрөөс биш суурь хураамжаас нэмэгдсэн өртгийн албан татвар бодогдсон. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны м.кв-ийн хэмжээнд шинжээч томилуулж, дүгнэлт гарсантай холбоотойгоор үнийн дүнг багасгаж тооцох, суурь хураамж болон төлсөн хугацааны төлбөрийг нэхэмжлэх ёстой талаар ойлгосон. Тиймээс сөрөг шаардлагаас даатгал 40 500 төгрөг, ЦТП-ийн төлбөр 276 832 төгрөг, халаалт м.кв зөрүү 97 190 төгрөг нийт 414 522 төгрөг гаргуулахаар болж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.В-гээс 1,145,243 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 671 109 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Х” ХХК-аас 137 960 төгрөг гаргуулан хариуцагч Б.В-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 280 325 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 522 төгрөгийг, хариуцагч Б.В-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 342 төгрөгөөс 44 428 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 32 036 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 4 789 төгрөгийг, улсын төсвөөс илүү төлсөн 10 914 төгрөгийг тус тус гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н давж заалдах гомдолдоо:

... Иргэн миний хувьд төлбөрөө цаг хугацаандаа төлж байсан гэтэл “Х” ХХК нь м.кв талбай дээр нэмж төлбөр авснаас маргаан гарсан. Мөн нэхэмжлэгч нь 2006 оноос эхлэн авах есгүй гэрээ хийгээгүй даатгалын мөнгө, м.кв-ын зөрүү, суурь хураамжийн үнийн зөрүү, хэрэглэгчээс авах ёсгүй ЦТП нэрээр авсан хураамж болон миний гаргасан сөрөг нэхэмжлэлийг үгүйсгээгүй авч байснаа хүлээж нэхэмжлэлээсээ хасаж татгалзаж байгаагаа хэлсээр байтал хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2015 оны 11 дүгээр сард мэдсэн цагаасаа хойш энэ асуудлаараа холбогдох газруудад нь хандаж байсан.

Миний хувьд “Х” ХХК-д 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 3 удаа хүсэлтээ бичгээр гаргаж талбайг хэмжиж гэрчилгээн дээрх м.кв-аар тооцон бодож өмнө нь илүү бодож авсан мөнгөө хасуулж тооцоогоо дуусгамаар байна гэж хандсан боловч надад нэг ч удаа хүсэлтийн хариуг өгөөгүй. Мөн шүүхэд хүсэлт гаргаж “Х” ХХК-д хандаж байсан 3 удаагийн өрөгдлөө гаргуулах талаар шүүгчийн захирамж гарсан боловч шүүгчийн захирамж дутуу биелсэн атал шүүх хурал хийсэнд гомдолтой байна. Тус компани нь утсаар болон бичгээр 3 000 000 гаруй төгрөгөө төл гэж байсан атлаа шүүхийн нэхэмжлэлд яагаад 1 816 352 төгрөг гэж нэхэмжилсэн. Манай орон сууцны талбайг үнэнээр нь тооцож бодож төлбөрөө авч байсан бол иргэн би цаг хугацаандаа төлбөрөө төлөх байсан. Иймд хэрэглэгчийн буруу биш учраас алдангийг “Х” ХХК нь хэрэглэгчээс нэхэмжлэх эрхгүй гэж маргасан тул энэ үйлдлээ “Х” ХХК нь хүлээж нэхэмжлэлээсээ татгалзсаныг дэмжиж байгаа. Төлбөрийн дэлгэрэнгүй бичилттэй нэхэмжлэхийг 2006-2008 он хүртэл бичиж өгдөг байснаа  сүүлдээ санаатайгаар гаргаж өгөхгүй кассын орлогын баримтаар бэлэн мөнгө авч байсан нь айл өрхийн м.кв дээр нэмж ашиг гаргаж хэрэглэгчдийн хууран мэхлэх, төөрөгдүүлэх үйлдлээ нууж байсан. Төлбөрийн дэлгэрэнгүй жагсаалтаа гаргуулж авах гэтэл нягтлан н.Энхтуяа уурлаад өгөөгүй.

Сар бүр авч байсан халаалт, дулааны үйлчилгээний төлбөр Эрчим хүчний зохицуулах хорооноос баталж өгсөн үнийн тарифаар метр квадратаар бодогдож байгаа тул тогтмол ижил дүнгээр бодогдох байтал түүвэр хийж үзэхэд өндөр дүнтэй гарсан байгаа нь илүү мөнгө тооцож авч байсныг нотолж байна. Энэхүү хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, “Х” ХХК-аас нийт 1 824 112 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Б.В-д холбогдуулан 2015 оны 11 дүгээр сараас 2019 оны 8 дугаар сарыг дуусталх хугацааны халаалт, дулааны суурь хураамж, усны суурь хураамж, 2015 оны 11 дүгээр сараас 2017 оны 8 дугаар сарыг дуусталх хугацааны халуун ус, цэвэр ус, бохир усны төлбөрт 1 993 097 төгрөг, алданги 980 172 төгрөг, нийт 2 973 270 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад халаалтын төлбөрт 541 118 төгрөг, дулааны суурь хураамж 228 667 төгрөг, усны суурь хураамж 117 500 төгрөг, цэвэр усны төлбөрт 269 325 төгрөг, бохир усны төлбөрт      170 868 төгрөг, халуун усны төлбөрт 1 816 352 төгрөг, баримт, төлбөрт үйлчилгээний 5 202, нэмэгдсэн өртгийн албан татвар 136 713 төгрөг, нийт 1 816 352 төгрөг болгон багасгаж, орон сууцны талбайн хэмжээг шинжээч тогтоосныг зөвшөөрч, халаалтын төлбөрийн зөрүү         124 246 төгрөг, алданги 980 173 төгрөг, 2015 оны 11, 12 дугаар сар, 2016 оны 1 дүгээр сарын ЦТП-ийн 3 сарын төлбөр болох 12 000 төгрөг, даатгал 40 500 төгрөг, нийт 1 156 925 төгрөгийн төлбөрөөс татгалзжээ. /хх26/

 

            Хариуцагч Б.В-гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, К104 дүгээр байрны орон сууцны талбайн хэмжээг шүүхээс томилсон шинжээч 44.97 м.кв гэж тодорхойлсонтой холбоотойгоор тагтны хэсгийн 1.54 м.кв талбайг хасч 43.58 м.кв-аар тооцон дулааны төлбөрийн хэмжээг багасгасан ба төлбөрийг Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 204 дүгээр тогтоолоор тогтоосон тарифаар тооцсоноо, мөн цэвэр, бохир, халуун усны сар тутмын хэрэглээ нь тоолуураар хэмжигдсэнийг үндэслэн хэрэглээний  төлбөр, усны суурь хураамжийг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан тарифаар тооцсоноо нэхэмжлэгч шүүхэд баримтаар гаргажээ.

     /хх128 ар тал, 246-248/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчээс гаргасан тооцооллыг  баримтаар няцаагаагүй, хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэх явцад дээр дурдсан төлбөрийн тооцооллыг хүлээн зөвшөөрч, 1 490 000 төгрөгийн төлбөрийг төлөхөөр байна гэж тайлбарласан нь  шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. /хх-25/

 

Хэрэглэгч буюу орон сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун ус, цэвэр, бохир усны ашиглалтын төлбөрийг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагад төлөх үүрэгтэй, төлбөрийг төлөөгүй байгаа нь хэргийн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч төлбөр гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Дээр дурдсан орон сууцны ашиглалтын төлбөр нь сар тутмын хэрэглээгээр тухай бүр тооцогддог, төлбөрийг дараа сарын тодорхой өдрөөр таслан төлөх үүргийг хэрэглэгч гэрээгээр хүлээсэн зэрэг нөхцөл байдлыг шүүх дүгнэн, тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгт хамааруулж, 2016 оны 9 дүгээр сараас урагших төлбөрийг шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь хэсэгт нийцсэн байна.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 1 145 243 төгрөгөөр хангаж, үлдэх 671 109 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болно.

 

            Хариуцагч Б.В- нь 2015 оны 10 дугаар сараас хойш орон сууцны талбайг 49.4 м.кв-аар тооцож илүү төлбөр төлүүлсэн, мөн үндэслэлгүйгээр төлбөр авсан тул орон сууц ашиглалтын төлбөрийг төлөөгүй, нэхэмжлэлээр шаардаж буй төлбөрийг зөвшөөрөхгүй гэж марган, үндэслэлгүйгээр илүү төлсөн 1 988 036 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа анхан шатны шүүх хуралдааны явцад 1 537 514 төгрөгөөр багасгаж, 414 522 төгрөг болгосон уг  дүн нь даатгал 40 500 төгрөг, ЦТП-ийн төлбөр 276 832 төгрөг, халаалтад илүү төлсөн 97 190 төгрөгийн төлбөр болохыг тайлбарласан байна. /хх-25, 26/

 

            Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас халаалтын 97 190 төгрөг, даатгалын 40 500 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн, ЦТП-ийн төлбөрт төлсөн 276 832 төгрөгийг эс зөвшөөрсөн байна.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн шүүхэд гаргасан баримтаар нэхэмжлэгч Б.В-гээс ЦТП-ийн төлбөрт 2006 оны 10 дугаар сараас 2015 оны 10 дугаар сар хүртэл нийт 264 832 төгрөг төлүүлсэн нь тогтоогдсон.

 

            Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 7/43 дугаар дүгнэлт, Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 8/491 тоот албан бичгээр хэрэглэгчтэй харилцан тохиролцолгүйгээр ЦТП нэрээр нэмэлт төлбөр авч байгааг зөрчилд тооцож, зогсоохыг шаардсан нь хэрэгт баримтаар авагдсан ба нэхэмжлэгч “Х” ХХК нь ЦТП буюу ус дулаан дамжуулах төвийн цахилгааны төлбөрийг хэрэглэгчээр төлүүлэх үйлдлээ зогсоосон талаар эрх бүхий байгууллагад мэдэгдсэн тухай мөн дурджээ. /хх-25-30/

 

            Түүнчлэн, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа 2016 оны 1-3 дугаар сарын ЦТП-ийн төлбөрт 12 000 төгрөг шаардсанаа дэмжээгүй, хэрэглэгч төлөх ёсгүй болохыг зөвшөөрсөн, хариуцагч сөрөг шаардлагад оруулан тооцсон нь үндэслэлгүй болно.

 

            Хэргийн дээрх нөхцөл байдал, баримтаас үзвэл ЦТП буюу ус дулаан дамжуулах төвийн цахилгааны төлбөрийг хэрэглэгч төлөх үүрэггүй байх тул хариуцагчийн төлсөн       264 832 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэгч “Х” ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх ба Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар уг мөнгийг сөрөг нэхэмжлэлээр буцаан шаардсан хариуцагчийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

            Уг шаардлагатай холбоотой хөөн хэлэлцэх хугацааны талаар тусгайлан хуульд заагаагүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа хамаарна. Хэрэгт ЦТП-ийн цахилгааны төлбөрийг хэрэглэгчээс төлүүлж байгаа нь буруу зөвшөөрөхгүй, асуудал шийдэгдсэний дараа төлнө гэж тэмдэглэсэн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн талуудын үйлдсэн бичмэл баримт хэрэгт авагдсан байна.     

     /хх-128/

 

Иймд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.3 дахь хэсэгт зааснаар тухайн өдрөөс хөөн хэлэлцэх 10 жилийн хугацааг тоолох бөгөөд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

 

            Анхан шатны шүүх уг шаардлага  гаргах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар 3 жил гэж хуулийг буруу хэрэглэснээс гадна хэргийн дээрх баримтыг үнэлэлгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр тоолон, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь алдаатай болсныг дээрх байдлаар залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй.

 

            Харин хариуцагч нь анхан шатны журмаар хэргийг хэлэлцэн шийдвэрлэх явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан, шүүх талуудын мэтгэлцсэн хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэг, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсгийг зөрчихгүй бөгөөд анхан шатны шүүх хуралдаанаар мэтгэлцсэнээс өөрөөр, 1 824 112 төгрөгөөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад сөрөг нэхэмжлэлийг 402 552 төгрөгөөр хангасан өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00639 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “нэхэмжлэгч “Х” ХХК-аас 137 960 төгрөг гаргуулан хариуцагч Б.В-д олгож, мөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 280 325 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч “Х” ХХК-аас 402 552 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.В-д олгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “4 789 төгрөгийг” гэснийг “12 735 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 147 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                            ШҮҮГЧИД                                   Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ