Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00630

 

                                      “ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00639 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1098 дугаар магадлалтай,

“ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

****д холбогдох

Орон сууцны халаалт, дулаан, цэвэр, бохир, халуун ус, үйлчилгээ, НӨАТ-ынтөлбөр, зардал 1,816,352төгрөг гаргуулах тухай үндсэн,

“ **** ****” ХХК-аас 1,842,379 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Насанчимэг нарын хамтран гаргасан гомдлоор  

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Үүлэнсолонго, Э.Оюун-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Насанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. “ **** ****” ХХК нь “ ****д холбогдуулан Орон сууцны халаалт, дулаан, цэвэр, бохир, халуун ус, үйлчилгээ, НӨАТ-ынтөлбөр, зардал 1,816,352төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, марган “ **** ****” ХХК-аас 1,842,379 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00639 дүгээр шийдвэрээрИргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ****гээс 1,145,243 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ **** ****” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 671,109 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “ **** ****” ХХК-аас 137,960 төгрөг гаргуулан хариуцагч ****д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 280,325 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “ **** ****” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,522 төгрөгийг, хариуцагч ****гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,342 төгрөгөөс 44,428 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 32,036 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 4,789 төгрөгийг, улсын төсвөөс илүү төлсөн 10,914 төгрөгийг тус тус гаргуулан хариуцагчид олгожшийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1098 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00639 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын нэхэмжлэгч “ **** ****” ХХК-аас 137,960 төгрөг гаргуулан хариуцагч ****д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 280,325 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч “ **** ****” ХХК-аас 402,552 төгрөгийг гаргуулж хариуцагч ****д олгосугай гэж,тогтоох хэсгийн 2 дахь заалтын 4,789 төгрөгийг гэснийг 12,735 төгрөгийг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,147 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Насанчимэг нар хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүх “...уг шаардлагатай холбоотой хөөн хэлэлцэх хугацааны талаар тусгайлан хуульд заагаагүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарна, мөн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3-т зааснаар тухайн шаардлага зөрчигдсөн үеэс эхлэн хөөн хэлэлцэх 10 жилийн хугацааг тоолох бөгөөд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй. Анхан шатны шүүх уг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар 3 жил гэж хуулийг буруу хэрэглэснээс гадна хэргийн дээрх баримтыг үнэлэлгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр тоолон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь алдаатай болсон...” гэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. Иймд 2006 оны 06 дугаар сараас 2015 оны 10 сар хүртэлх хугацааны “ **** ****” ХХК-тай байгуулсан гэрээн дэх 37.8 м.кв-ийг 49.4 м.кв-аар тооцон 11.6 м.кв-ийг автоматаар нэмж тооцон авсан үнийн зөрүү болох 11,6*506 =5869.60*125=733,700 төгрөгийг гаргуулах. Шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгч “ **** ****” ХХК-ийн захирал Б.Туулаас “...энэ айлын орон сууцны талбай гэрчилгээн дээр нь гарчихсан байхад танай компани яагаад хэмжүүлэх гээд хүсэлт гаргаад байгаа юм бэ...” гэхэд хэрэглэгчийн хүсэлтээр гэж худлаа хэлсэн. Би өмнө нь дээд байгууллагаар нь хэмжүүлчихсэн дүгнэлтээ үзүүлсээр байтал, мөн намайг м.кв-ийн зөрүүгээр мөнгө нэхэмжлэнгүүд гэнэт шинжээч томилуулан хэмжүүлэх хүсэлт гарган цаг хугацаа авсан ба хэмжилтийн компанийг ямар ч шалтгаангүйгээр сольсон. Шүүх энэ үндэслэлээ хэмжилт хийдэггүй компани учраас сольсон гэж тайлбарласан байдаг. Шинжээчийг шүүх өөрөө томилдог атлаа яахаараа хэмжилт хийдэггүй компанийг томилсон нь ойлгомжгүй бөгөөд анхан шатны шүүхийн шүүгч нэхэмжлэгч талд үйлчилсэн гэж хардаж байна. Б.Туул надад анх орон сууцны чинь талбай өндөр байх тусмаа зарахад танд ашигтай шүү дээ, иргэд талбай том болгож өгөөч гэдэг гэж ярьсан. Энэ мэтээр иргэдийг ухуулж, нэмсэн м.кв-ын зөрүүд үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна. Хэрэглэгчид мэдэгдээгүй, гэрээ хийгээгүй байж даатгалын хураамж гэж 1,500 төгрөгийг сар бүр авч хохироосон зөрчлөө хүлээн зөвшөөрч тооцооноос хасаж өгөхөөр анхан шатны шүүх хуралд тохиролцсон. 2006.06.30-наас 2019 оны 08 сар хүртлэх хугацаанд нийт 159 сар*1,500 төгрөг=238,500 төгрөгийг хүчээр хууран мэхэлж авсан. Анхан шатны шүүх хурал дээр нэхэмжлэгч тал ямар ч гэрээ тохиролцоогүйгээр даатгалын мөнгө авч байснаа хүлээж даатгалд гэж авсан мөнгөө өгөхөөр тохирсон, шүүгч сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилсэн энэ мөнгийг “ **** ****” ХХК нь өгөхөөр тохирсон учир нэхэмжлэхээс чинь хасчих уу гэсэн санал надад тавьсан гэвч миний хувьд энэ шийдвэрийг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт тусгуулах хүсэлтэй байгаагаа бичгээр шүүгчид гаргасан боловч шийдвэрт тусгаагүй, шүүгч “ **** ****” ХХК нь даатгал нэрээр хурааж авсан 238,500 төгрөгөө өгөхөөр хүлээн зөвшөөрсөн байхад мөн хугацааг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хасаж тооцон хураамжид төлсөн мөнгөнөөс 40,500 төгрөгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байгаа талаараа давж заалдах шатны шүүхэд гаргасан ба шүүх “...хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэхдээ та нэхэмжлэлээсээ хасаж тооцсон тул...” гээд шийдвэрлэж өгөөгүйд гомдолтой байна. Иймд гэрээгүйгээр, хэрэглэгчид мэдэгдэлгүйгээр сар бүр авч байсан 238,500 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.

4.1. Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн дүгнэлтээр ЦТП-ийн төлбөрийг хэрэглэгчээс авахгүй гэдгийг тогтоочихоод байхад авч байгааг нь Эрчим хүчний зохицуулах хорооноос авах есгүй, энэ үйлдлээ зогсоо гэж шаардсаны дагуу 2016.01.29-ний өдрийн 17 тоот албан бичгээрээ энэ үйлдлээ зогсоосон талаар “ ****- ****” ХХК нь Эрчим хүчний зохицуулах хороонд мэдэгдсэн байдаг. 2007 оноос эхлэн авч эхэлсэн. Мөн 2020.02.23-нд Эрчим хүчний зохицуулах хороонд миний бие дахин хандаж дээрх асуудлуудад албан тоотоор хариу авч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг албан тоотод ЦТП-ийн төлбөрийг хэрэглэгчээс авах есгүй ЦТП-д гарсан зардлыг орон сууцны контор нь өөрөө зардалдаа шингээж явах ёстой гэдгийг нь бичээд өгчихсөн байхад шүүгч дээд газраас нь өгсөн нотлох баримтыг судлаагүй, энэ талаар шүүхийн шийдвэрт нэг ч үг, өгүүлбэр оруулаагүй байгаад гомдолтой байна. Хууль бусаар авсан 2006 оны 10 сараас 2016 оны 02 сар хүртэл 113 сар*5,500=621,500 төгрөгөөс 12,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байгаа талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад давж заалдах шатны шүүх “...ЦТП буюу ус, дулаан дамжуулах төвийн цахилгааны төлбөрийг хэрэглэгч төлөх үүрэггүй байх тул хариуцагчийн төлсөн мөнгөний хэмжээгээр нэхэмжлэгч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх ба Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар уг мөнгийг сөрөг нэхэмжлэлээр буцаан шаардсан хариуцагчийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна...” гэснийг дэмжиж байгаа. Харин мөнгөн дүн зөрүүтэй буюу 621,500 төгрөгийг 264,832 төгрөг гэж “ **** ****” ХХК-ийн гаргасан баталгаагүй тооцооны дүнгээр шийдвэрлэсэн тул зөрүү 356,668 төгрөгийг гаргуулж өгнө үү.

4.2. Анхан шатны шүүхийн шүүгч мөнгө тушаасан баримтаас өөр нотлох баримтгүй иргэний талд биш нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баталгаагүй жагсаалтыг үндэслэн нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Миний хувьд өмгөөлөгч хөлсөлж авах боломжгүй байсан тул анхан шатны шүүхэд бүрэн итгэсэн. Гэтэл урьдаас хөөн хэлэлцэх хугацаа гэж юм байдаг, таны шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан байна гэж хууль мэдэхгүй намайг өмгөөлөгч аваагүй сул талыг минь ашиглаж хөөн хэлэлцэх хугацаа чинь дууссан гэж ойлгуулсан, үүнд би үнэмшиж, шүүгчдээ итгэж нэхэмжлэлээсээ дууссан гээд байгаа хугацааныхаа мөнгөө хасаж нэхэмжлэлээ багасгасан.Гэтэл давж заалдах шатны шүүх хянаад анхан шатны шүүх хуулийн заалтыг буруу хэрэглэж, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь алдаатай болсныг хэлээд таны хөөн хэлэлцэх хугацаа нь сэргээгдсэн үеийн нэхэмжилж байгаа мөнгийг шийдвэрлэх гэтэл та анхан шатны журмаар хэргийг хэлэлцэн шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байгаа тул зарим хэсгийг хангах боломжгүй гээд орхиж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэгэнт хөөн хэлэлцэх хугацааг нь хуулийн дагуу тодорхой болгоод шийдээд өгчихсөн хэрнээ яагаад “ **** ****” ХХК-ийн надаас дээрэмдэж авсан мөнгийг гаргуулж болохгүй байгаа юм бэ. Иргэн би анхан шатны шүүхийн шүүгчийг хуулиа 100 хувь мэдэж байгаа учраас л хугацаа чинь дуусчихсан гээд хэлээд байна гэж итгэн шийдэгдэхгүй их мөнгө нэхэж байхаар хуулийн дагуу тооцогдох хугацаанд хамаарах мөнгөө нэхэмжилье гэж бодоод л нэхэмжлэлээсээ хасаж бичсэн. Энэ үйлдлээ зөв, бурууг нь ч мэдэхгүй шүүгчид бүрэн итгэж өмгөөлөгч авч зөвлөгөө аваагүй иргэн миний хариуцлагын асуудал ч амьдрал дээр өмгөөлөгч хөлсөлж авах боломжгүй байснаасаа болж хохирч байна. Миний хувьд “ **** ****” ХХК-д 2016.04.20-ны өдрөөс хойш 3 удаа хүсэлтээ бичгээр гаргаж, гэрээ болон гэрчилгээн дээрх 37.8 м.кв-аар тооцон бодож, өмнө нь илүү бодож авсан мөнгөө хасуулж тооцоогоо дуусгамаар байна гэж хандсан боловч надад нэг ч удаа хүсэлтийн хариуг өгөөгүй. Мөн шүүхэд хүсэлт гаргаж “ **** ****” ХХК-д хандаж байсан 3 удаагийн хүсэлтээ гаргуулах талаар шүүгчийн захирамж гаргуулсан боловч шүүгчийн захирамж дутуу биелсэн байхад хэргийг шийдвэрлэсэн. Тус компани нь утсаар болон бичгээр 3 сая гаруй төгрөгөө төл гэж дарамталж байсан хэрнээ шүүхийн нэхэмжлэлд яагаад 1,816,352 төгрөг болж өөрчлөгдөв, илүү тооцож хулгай хийж авсан мөнгөө алданги болгон бичиж нэхэмжилсэн байна гэж хардаж байна. Манай орон сууцны талбайг үнэнээр нь тооцож бодож, төлбөрөө авч байсан бол иргэн би цаг хугацаандаа төлөх байсан, урьд нь ч төлөөд явж байсан. Иймд хэрэглэгчийн буруу биш учраас алдангиа “ **** ****” ХХК бүрэн үүрэх ёстой, хэрэглэгчээс нэхэмжлэх эрхгүй гэж маргасан тул энэ үйлдлээ “ **** ****” ХХК нь хүлээж, нэхэмжлэлээсээ татгалзсан байгааг дэмжиж байгаа. Сар бүр авч байсан халаалт, дулааны үйлчилгээний төлбөр Эрчим хүчний зохицуулах хорооноос баталж өгсөн үнийн тарифаар м.кв-аар бодогдож байгаа тул тогтмол ижил дүнгээр бодогдох байтал түүвэр хийж үзэхэд өндөр дүнтэй гарсан байгаа нь илүү мөнгө тооцож авч байсныг нотолж байгаа.

4.3. Хэрэглэгч би энэ байгууллагатай хийсэн гэрээ гэх зүйл байдаггүй, нэхэмжлэгч тал шүүхэд хэрэглэгчтэй хийсэн гэрээ гэж жижиг цагаан дэвтэр, цэнхэр өнгөтэй ашиглалтын карт гэсэн зүйлийг гэрээг төлөөлнө гэж шүүхэд гаргаж өгсөн байдаг. Гэвч гэрээ гээд байгаа жижиг цагаан дэвтэр дээр нь манай байрны тоот хэрэглэгчийн гарын үсэг огт байхгүй. /хэргийн 123 дугаар тал/ Цэнхэр өнгөтэй орон сууц ашиглалтын картын сунгах хэсэгт 2007-2009 он хүртэлх хугацаанд гэсэн хүснэгт дээр би гарын үсгээ зурсан байгаа. /хэргийн 125 дугаар тал/ Надтай дахин хэзээ ч ямар ч гэрээ хийгээгүй. Ийм учраас манай гэрээний хугацаа дууссан гэж үзэж байгаа ба “ **** ****” ХХК нь надаас гэрээний үүрэг нэхэх ямар ч үндэслэлгүй байгаагийн дээр гэрээгүй хууль бусаар 2009.06.01-нээс 2015 оны 11 сар хүртэлх хугацаанд ашиглалтын төлбөр нэрээр авсан бүх мөнгийг гаргуулж, шинээр хийгдэх гэрээнээс хойш төлбөрт суутгуулж тооцуулах хүсэлтэй байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар гэрээг бичгээр байгуулах ба талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. “ **** ****” ХХК-д 2017 онд л анх удаа хэрэглэгчдэд дулаан дамжуулах чиглэлээр Эрчим хүчний зохицуулах хорооноос 3 жилийн хугацаатай зөвшөөрөл олгосон байдаг. Гэтэл тэрнээс өмнөх жилүүдэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь гаргуулах талаар шүүх хурал дээр хүсэлт тавьсан боловч шүүгч хүсэлтийг хангаагүй “ **** Холд” ХХК нь тусгай зөвшөөрөлтэй гэсэн боловч нотлох баримтаар гаргаж өгдөггүй ба анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ энэ талаар хариуцагч маргаагүй гэж худлаа бичжээ. Давж заалдах шатны шүүх энэ байгууллага орон сууц ашиглалттай холбоотой үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шинжлэн судлаагүй. “ **** ****” ХХК нь 2020.05.15-нд буюу хэдхэн хоногийн өмнө танай орон сууцны ашиглалтын гэрээ дууссан тул контор дээр ирж гэрээгээ сунгана уу гэсэн бичиг хаалган дээр наасан байсан. Бодвол одоо шинээр гэрээ хийх гэж байна гэж ойлгож байгаа.

4.5. Шүүх талуудын хооронд хийгдсэн гэрээг шинжлэн судлаагүй, анхан шатны шүүх хурал дээр “ **** ****” ХХК-тай хийсэн гэрээ надад байхгүй гэдэг талаар тодорхой ярьсан боловч хурлын тэмдэглэл болон шийдвэрт нэг ч үг, өгүүлбэр бичигдээгүй байдаг. Захирал Б.Туул нь давж заалдах шатны шүүх хурлаас гарч ирээд танайд шат дараатай арга хэмжээ аваад эхэлнэ гэж загнасан. Мөн хэрэг эцэслэж шийдвэрлэгдээгүй, шүүхийн шатанд явжбайхад Б.Туулийн ажилтан нь хаалга зогсоо зайгүй нүдэж дарамталж байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа 38.7 м.кв-аар тооцож гэрээ хийснээ тайлбарласан байгаа. Гэрээг орлоно гээд байгаа цэнхэр өнгөтэй карт нь 2007-2009 он хүртэлх хугацаанд хүчинтэй байсан ба дахин сунгагдаагүй. Гэрээнд тусгасан 37.8м.кв-аар тооцож, би төлбөрөө төлнө, “ **** холд”ХХК мөн зөвшөөрч төлбөрөө авахаар гарын үсэг зурчихаад манай м.кв дээр 11.6 м.кв-ийг автоматаар нэмж илүү төлбөр авсанд гомдолтой байна.2007-2009 оны хооронд хүчинтэй гэж 2 талаасаа зөвшөөрч гарын үсэг зурсан баримтыг үндэслэл болгож шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Насанчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

6. Анхан шатны шүүх ****гээс 1,145,243 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ **** ****” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 671,109 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, “ **** ****” ХХК-аас 137,960 төгрөг гаргуулан хариуцагч ****д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 280,325 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч “ **** ****” ХХК-аас 402,552 төгрөг гаргуулж хариуцагч ****д олгохоор өөрчлөлт оруулжээ.

7. Анхан болон давж заалдах шатны шүүхнэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 671,109 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хангагдсан хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.

8. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, анхан шатны шүүхийн маргааны зарим үйл баримтын талаар хийсэн дүгнэлтийг зөвтгөж, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Тухайлбал, зохигчийн хуульд заасан эрх, үүрэг,  эрх зүйн байдлыг, түүнчлэн хариуцагч ****орон сууцны ашиглалтын болон илүү төлсөн төлбөрийн хэмжээг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зөв дүгнэсэн байна.

9. Нэхэмжлэгч “ **** ****” ХХК нь ****д холбогдуулан 2015.11 дүгээр сараас 2019.08 дугаар сарыг дуусталх хугацааны халаалт, дулааны суурь хураамж, усны суурь хураамж, 2015.11 дүгээр сараас 2017.08 дугаар сарыг дуусталх хугацааны халуун ус, цэвэр ус, бохир усны төлбөрт 1,993,097 төгрөг, алданги 980,172 төгрөг, нийт 2,973,270 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад халаалтын төлбөрт 541,118 төгрөг, дулааны суурь хураамж 228,667 төгрөг, усны суурь хураамж 117,500 төгрөг, цэвэр усны төлбөрт 269,325 төгрөг, бохир усны төлбөрт 170,868 төгрөг, халуун усны төлбөрт 1,816,352 төгрөг, баримт, төлбөрт үйлчилгээний 5,202 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 136,713 төгрөг, нийт 1,816,352 төгрөг болгон багасгаж, орон сууцны талбайн хэмжээг шинжээч тогтоосныг зөвшөөрч, халаалтын төлбөрийн зөрүү 124,246 төгрөг, алданги 980,173 төгрөг, 2015 оны 11, 12 дугаар сар, 2016 оны 01 дүгээр сарын ЦТП-ийн 3 сарын төлбөр болох 12,000 төгрөг, даатгал 40,500 төгрөг, нийт 1,156,925 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзжээ.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Насанчимэгээс “ **** ****” ХХК2015 оны 10 дугаар сараас хойш орон сууцны талбайг 49.4 м.кв-аар тооцож илүү төлбөр төлүүлсэн, мөн үндэслэлгүйгээр төлбөр авсан тул орон сууц ашиглалтын төлбөрийг төлөөгүй, нэхэмжлэлээр шаардаж буй төлбөрийг зөвшөөрөхгүй гэж маргаж, үндэслэлгүйгээр илүү төлсөн 1,988,036 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч анхан шатны шүүх хуралдааны явцад шаардлагаа 1,537,514 төгрөгөөр багасгаж, даатгал 40,500 төгрөг, ЦТП-ийн төлбөр 276,832 төгрөг, халаалтад илүү төлсөн 97,190 төгрөг, нийт 414,522 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон байна.

11. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч ****өөрийн өмчлөлд байгаа сууцны халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй.

12. Нэхэмжлэгч “ **** ****” ХХК-аас ****гийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, К104 дүгээр байрны 32 тоот орон сууцны талбайн хэмжээг шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 44.97 м.кв-ээс тагтны хэсгийн 1.54 м.кв талбайг хасч 43.58 м.кв талбайгаар тооцож, дулааны төлбөрийн хэмжээг Эрчим хүчний зохицуулах хорооны 2015.07.06-ны өдрийн 204 дүгээр тогтоолоор тогтоосон, усны суурь хураамжийг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2014.06.13-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан тариф аргачлалаар, мөн цэвэр, бохир, халуун усны сар тутмын хэрэглээг тоолуураар хэмжигдсэнийг үндэслэн хэрэглээний төлбөр шаардсан байна.

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Насанчимэг “ **** ****” ХХК-ийн дээрх тооцооллыг баримтаар няцаагаагүй бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн тооцооллыг хүлээн зөвшөөрч, 1,490,000 төгрөгийн төлбөрийг төлөхөөр байна гэсэн тайлбарыг гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

14. Хоёр шатны шүүх орон сууцны ашиглалтын төлбөр нь сар тутмын хэрэглээгээр тухай бүр тооцогддог, төлбөрийг дараа сарын тодорхой өдрөөр таслан төлөх үүргийг хэрэглэгч хүлээсэн нөхцөл байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгт хамааруулж, 2016 оны 09 дүгээр сараас өмнөх төлбөрийг шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

15. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, эрх бүхий байгууллагаас тогтоосон үнийн тариф аргачлалаар, шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн Б.Ванданхүүгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, К104 дүгээр байрны 32 тоот орон сууцны талбайн хэмжээнд хариуцагчийн үүргийг тодорхойлж, нэхэмжлэгч “ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,145,243 төгрөгийг хангаж, үлдэх 671,109 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

16. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Насанчимэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ хүрээнд анхан шатны шүүх хуралдаанд 1,988,036 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 1,573,514 төгрөгөөр багасгаж, сөрөг шаардлагаас даатгал 40,500 төгрөг, ЦТП-ийн төлбөр 276,832 төгрөг, халаалт м.кв зөрүү 97,190 төгрөг нийт 414,522 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан байна.

17. Хэрэгт авагдсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2015.08.14-ний өдрийн 7/43 дугаар дүгнэлт, Эрчим хүчний зохицуулах хорооны 2016.05.19-ний өдрийн 8/491 тоот албан бичгээр хэрэглэгчтэй харилцан тохиролцолгүйгээр ЦТП нэрээр нэмэлт төлбөр авч байгааг зөрчилд тооцож, зогсоохыг шаардсанаас гадна нэхэмжлэгч “ **** ****” ХХК нь ЦТП буюу ус дулаан дамжуулах төвийн цахилгааны төлбөрийг хэрэглэгчээр төлүүлэх үйлдлээ зогсоосон талаар дурдсан байна.

18. Нэхэмжлэгч “ **** ****” ХХК хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 02 дугаар сараас 2015 оны 10 дугаар сарын халаалтын төлбөрт орон сууцны талбайг 49.4 м.кв-аар тооцсонтой холбоотойгоор 97,190 төгрөг, даатгалын төлбөр 40,500 төгрөгийг буцаан төлөх, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа 2016 оны 1-3 дугаар сарын ЦТП-ийн төлбөрийг гаргуулах шаардлагаа дэмжилгүй хэрэглэгч төлөх ёсгүй болохыг тус тус зөвшөөрсөн байх бөгөөд эдгээр нөхцөл байдлын талаар талууд маргаагүй болно.

Давж заалдах шатны шүүх ЦТП буюу ус дулаан дамжуулах төвийн цахилгааны төлбөр 12,000 төгрөгийг хэрэглэгч төлөх үүрэггүй, нэхэмжлэгч “ **** ****” ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөнгэж дүгнэж, уг төлбөрийгнэхэмжлэгчээс буцаан шаардсан хариуцагчийн шаардлагыг хангасан ньИргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцжээ.

19. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Насанчимэг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан, шүүх талуудын мэтгэлцсэн хэмжээнд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг хангасан байхаас гаднаИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.6, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцсэн байна.

20. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.3-т заасанхөөн хэлэлцэх хугацааны талаардавж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, тэдгээрийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

21. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хийсэн дүгнэлт бодит байдалд нийцсэн, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Насанчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1098 дугаар магадлалыг хэвээр үлдээж,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Насанчимэгийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ 

                                            ШҮҮГЧИД                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД