Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 639

 

2020 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2020/00639

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,           

Нэхэмжлэгч: Х Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.В-д холбогдох,

 

Хариуцагч Б.В-ээс2,973,270 төгрөг гаргуулах тухай “Х Х “ ХХК-ийннэхэмжлэлтэй, “Х Х “ ХХК-дхолбогдох 1,842,379 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Туул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Насанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х Х “ ХХК-ийнтөлөөлөгч Б.Туул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай “Х Х “ ХХК нь Орон сууц, ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах 104 дүгээр байрны инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Дээрх 104 дүгээр байрны 32 тоотын эзэмшигч Б.В  нь орон сууц ашиглалтын төлбөр халаалт, халуун ус, цэвэр ус, бохир ус, суурь хураамжуудыг 2015 оны 11 дүгээр сараас 2019 оны 08 дугаар сарыг дуустал хугацаанд төлж барагдуулаагүй байгаа болно. Иймд орон сууц ашиглалтын төлбөрт 1,993,097 төгрөг, алданги 980,172.90 төгрөг, нийт 2,973,270 төгрөгийг иргэн Б.В-ээсгаргуулж өгнө үү. Манай байгууллага нь тухайн айлд сар бүр мессеж болон төлбөрийн мэдэгдлийг сар бүр мессеж болон бичгээр хүргүүлж байсан болно. Дээрх хугацаанд тухайн айлыг халаалт, халуун ус, цэвэр усаар тасралтгүй хангаж харилцагч байгууллага УБДС ТӨХК, УСУГ-уудад сар бүрийн төлбөрийн үлдэгдэлгүй байгаа болно. Манай байгууллага нь цаашид үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байх тул дээрх айлын төлбөрийг барагдуулж бидний ажилд тус болно уу гэжээ.

 

Нэхэмжлэгч “Х Х “ ХХК-ийн төлөөлөгч Б.Туул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь орон сууц ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах 104 дүгээр байрны инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Дээрх 104 дугаар байрны 32 тоотын эзэмшигч Б.В  нь 2015 оны 11 дүгээр сараас 2019 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны орон сууц ашиглалтын төлбөр халаалт, халуун ус, цэвэр ус, бохир ус, суурь хураамжийн төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Иймд орон сууц ашиглалтын төлбөр болон нэмэгдсэн өртгийн албан татвар орсон дүнгээр 1,993,104 төгрөг, үндсэн төлбөрийн алданги 980,173 төгрөг, нийт 2,973,227 төгрөгийг хариуцагч Б.В-ээсгаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн өмчлөлийн орон сууц гэрчилгээнд 37,8 м.кв-аар бичигдсэн байдаг. Манайх 38 м.кв-ийн 0.2 м.кв-ийг хүсэлтийн дагуу 2006 оноос 2015 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд илүү төлөгдсөн 7,867 төгрөгийг хасаж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр 44,97 м.кв гэж гарсан тул талбай тооцох хуульд заасан зохицуулалтын дагуу 43.58 м.кв-ийн талбайн зөрүү 1.39 м.кв-ийг 460 төгрөг 40 сараар тооцоход 27,064 төгрөг болсон. Халаалтын талбайн төлбөрийн зөрүү 49,4 м.кв-аар бодогдсон учир нэмж зөрүү 89,323 төгрөгийг халаалтын төлбөрөөс хасаж байна. Мөн ЦТП 3 сарын төлбөр 12,000 төгрөг, алдангийг бүхэлд нь хасч тооцож хариуцагчаас 1,816,352 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч “Х Х “ ХХК-ийнтөлөөлөгч Б.Туул шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас даатгалын төлбөр 40,500 төгрөгийг, халаалтын төлбөрт 2015 оны 02 дугаар сараас хойш илүү авсан төлбөрөөс 89,323 төгрөг, мөн 0,2 м.кв-ийн зөрүү 7,854 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрч байна. ЦТП-ний төлбөрт 276,832 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улаанбаатар дулааны шугам сүлжээ ТӨХК нь харилцагч байгууллагуудтай гэрээ хийсэн. Уг гэрээний үндсэн дээр оршин суугч нартай мөн гэрээ байгуулсан. Сүүлийн 3 сарын 12,000 төгрөгийг төлөөгүй байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Насанчимэгийн гарын үсэгтэй гэрээнд ЦТП-ний төлбөр багтсан байгаа. Эрчим хүчний зохицуулах хорооны хариу тайлбараас харахад 2016 оноос хойш журам мөрдөгдөж эхэлсэн байна. ЦТП-ийн 3 сарын төлбөр болох 12,000 төгрөгийг хасаж тооцох боломжтой. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын алданги 980,173 төгрөгөөс татгалзаж байна. Усны төлбөр гараагүй хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвар тооцно гэсэн ойлголт байхгүй. Усны төлбөрөөс биш суурь хураамжаас нэмэгдсэн өртгийн албан татвар бодогдсон гэжээ.

 

Хариуцагч Б.В гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Насанчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг орон сууцны засвар, ашиглалт, үйлчилгээ хариуцдаг төрийн байгууллагууд болон нэхэмжлэгч талаас гаргуулсан баримтад үндэслэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талын нэхэмжилсэн төлбөрийн задаргааг нэхэмжлэгч байгууллагаас гаргуулсны дагуу Усны хэрэг эрхлэх газарт очиж тооцоолол хийлгүүлсэн. Цэвэр, бохир усны төлбөр аваагүй атлаа нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөр бодож нэхэмжилсэн байна. Тухайн үед гарсан төлбөрөөс нэмэгдсэн өртгийн албан татвар бодож авах ёстой. Төлбөр гаргаагүй байхад нэмэгдсэн өртгийн албан татвар бодож авах ёсгүй гэдгийг Усны хэрэг эрхлэх газар мэдэгдсэн. Үүнээс үзэхэд усны төлбөр бодогдсон хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах ёстой юм байна. Усны төлбөр бодогдсон үеийн төлөх ёстой нэмэгдсэн өртгийн албан татвар 80,595 төгрөг байна. Гэтэл усны төлбөр бодогдоогүй үеийн нэмэгдсэн өртгийн албан татварт 56,117 төгрөг, орон сууцны м.кв зөрүү 5.82 м.кв-ийн төлбөр 110,852 төгрөг, ЦТП-ийн төлбөр 276,832 төгрөг, даатгалын төлбөрт 40,500 төгрөг, үндсэн төлбөрийн алданги 980,173 төгрөг усны төлбөрөөс 18,792 төгрөг, нийт 1,483,266 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үлдсэн нэхэмжлэлийн шаардлага 1,490,000 төгрөг төлөхөөр тооцоо гарч байна. Хэрэглэсэн усан дээрээ маргалдаагүй тоолуураараа явж байгаа. Тогтоолоор баталгаажсан үнэ тарифаар бодогдсон эсэхэд эргэлзэж байгаа тул хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Б.В гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Насанчимэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн У.Насанчимэг миний бие 2006 оноос эхлэн орон сууцныхаа ашиглалтын төлбөр тооцооныхоо талаар Хаусинг Холд ХХК-тай харилцаж ирсэн. 2006 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарыг хүртэл төлбөр тооцоогоо цаг хугацаандаа төлөөд явж байсан. Гэтэл 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 02 дугаар сар хүртэлх 4 сарын хугацаанд хөдөө өвчтэй ээжийгээ асарч байгаад ирээд ашиглалтын төлбөрөө төлөхөөр 2016 оны 03 сарын сүүлээр ороход төлбөр 800,000 гаруй төгрөг гарсан гэхээр нь гайхаж төлбөрөө сар сараар нь анх удаа хэвлүүлж авч үзэхэд манай орон сууцны м.кв дээр 11,6 метр квадратыг автоматаар нэмж энэ олон жил илүү төлбөр авч хохироож байсныг мэдэж холбогдох газраар шалгуулах, мөн над шиг хохирч яваагаа мэдээгүй, зөвхөн манай байранд гэхэд 375 өрх байгаа энэ иргэдэд хэлж бүгдээрээ шүүхэд хандах талаараа хэлсэн. Энэ асуудлаа нягтланд нь хэлэхэд тийм юм байхгүй, бид тантай хийсэн гэрээн дээр бичигдсэн талбайн хэмжээгээр төлбөрөө аваад явж байгаа, та үл хөдлөхийн гэрчилгээгээ авч ир гэсэн. Би гэрчилгээгээ авч орон гэрээтэйгээ тулгахад 37,8 м.кв талбайгаараа бичигдэж гэрээтэйгээ тохирсон атлаа програмдаа 49,4м.кв -аар тооцож авснаа нягтлан нь хүлээн зөвшөөрч за бид таны метр квадратын зөрүүг, гэрээгүйгээр авсан даатгалын 1500 төгрөгийг авсан бүх сарыг хасаж , дулааны үйлчилгээний төлбөрийн 5500 төгрөгийн зөрүүг чинь хасаад тооцоод өгье, та тэгээд төлбөрөө төлчих хэл амаа ололцъё гэхээр нь 2015 оны 11,12 дугаар сар, 2016 оны 1,2,3,4 дүгээр саруудын төлбөрүүдээс илүү тооцож авсан мөнгөө хасаад хэдэн төгрөг болж байгааг яг одоо цуг тооцъё гээд бодоход 235,000 төгрөг болсон.

Ингээд энэ мөнгөө маргааш нь 2016 оны 04 дүгээр сарын 20-нд төлөхөөр ороход захирал Б.Туулд танилцуулсан танай байрыг чинь мэргэжлийн байгууллагаар хэмжүүлэхээр болсон та мөнгөө тушаахаа азнаж бай гэсэн. Ингээд 2 сар шахуу болсны дараа инженертэй дахин уулзахад хэмжилтийн компани руу албан тоотоор хандчихсан байгаа хариу өгөөгүй байна гэхээр нь танай компани бүтэхгүй юм байна. Би дээд байгууллага руу чинь гомдол гаргая гэж хэлээд Эрчим Хүчний Зохицуулах Хороонд гомдол гаргаж гомдлын хариугаа албан тоотоор хүлээн авсан.

            Гомдолд 4 зүйлийг шалгаж албан тоотоор хариу өгөөч гэж хандсан. Үүнд: Орон сууцны талбайг хэмжиж м.кв-ийг тодорхой болгох, Холбогдох хууль журмаар мөрдөгдөж байгаа дулааны үйлчилгээний төлбөрийн тарифыг баталсан тогтоол шийдвэр, хэрэгжиж мөрдөж эхэлсэн хугацаа, ЦТП-ийн төлбөрийг хэрэглэгчээс авах эсэх талаар, Даатгалын хураамжийг 2 тал харилцан тохиролцож гэрээ хийсний үндсэн дээр авах ёстой. Гэвч хэрэглэгчид мэдэгдэлгүй,гэрээ хийгээгүй байж хүчээр мөнгө авсан талаар шалгуулж тогтоолгохыг хүссэн.

            Гаргасан гомдлын хариу маань энэ бүхний нотлох баримт болж байна. Иймд миний бие “Х Х “ ХХК-дөглөггүй харин ч авах авлагатай байгаа. Орон сууцны талбайн хэмжээг тухай барилгыг барьж гүйцэтгэсэн компани нь магадлангаар батлагдсан зургийн дагуу тооцогдсон талбайн хэмжээг Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүргүүлснээр улаан дээр хараар бичиж баталгаажуулсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ минь гарсан уг гэрчилгээ минь байсаар байтал талбайг өөрчлөн илүү төлбөр авч хохироож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. СӨХ-ны төлбөр ч одоо гэрчилгээн дээрх талбайгаар тооцоод авч байна.

            Миний хувьд “Х Х “ ХХК-д2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 3 удаа хүсэлтээ бичгээр гаргаж талбайг хэмжих гэрчилгээн дээрх м.кв аар тооцон бодож өмнө нь илүү бодож авсан мөнгөө хасуулж тооцоогоо дуусгамаар байна гэж хандсан боловч надад нэг ч удаа хүсэлтийн хариуг өгөөгүй утсаар болон бичгээр 3,000,000 төгрөгийг төл гэж дарамталж байсан хэрнээ шүүхийн нэхэмжлэлд яагаад 1,993,097 төгрөг болж өөрчлөгдөв. Илүү тооцож хулгай хийж авсан мөнгөө алданги болгон бичиж нэхэмжилсэн байна гэж хардаж байна. Манай орон сууцны талбайг үнэнээр нь тооцож бодож төлбөрөө авч байсан бол иргэн би цаг хугацаандаа төлөх байсан урьд нь ч төлөөд явж байсан. Иймд хэрэглэгчийн буруу биш учраас алдангаа “Х Х “ ХХК бүрэн үүрээд хэрэглэгчээс нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна.

            “Х Х “ ХХК нь төлбөрийн дэлгэрэнгүй бичилттэй нэхэмжлэхийг 2006 оноос 2008 он хүртэл бичиж өгдөг байснаа сүүлдээ санаатайгаар гаргаж өгөхгүй кассын орлогын баримтаар мөнгө авч байсан,мөн банкинд төлбөрийг шууд шивэж өгсөн байдаг төлбөр өндөр гарсан байна төлбөрийн задаргааг нь харья гэхээр “Х Х “ ХХК дээрээ очиж ав бидэнд зөвхөн төлбөр нь шивэгдэж ирдэг гэсэн тайлбарыг хийдэг байсан ба нэгэнт банкин дээр ирсэн учраас төлөөд гардаг байсан. Гэвч энэ үйлдэл нь айл өрхийн м.кв дээр нэмж ашиг гаргаж хэрэглэгчдийг хууран мэхлэх , төөрөгдүүлэх үйлдлээ нууж байсан гэж харагдаж байгаа. Үнийг мөнгө тушаасан баримтууд нотолно.

            Миний хувьд 28 жил санхүү нягтлангийн ажил хийж байна. Төлбөрийн дэлгэрэнгүй жагсаалтаа гаргуулж авах гэсэн юм гээд очиход нягтлан н.Энхтуяа гэгч хүүхэн уурлаж юуг нь үздэг юм бэ сар бүр ижилхэн л гарна шүү дээ гэхэд би авч үзэх эрхтэй гэж хэлэхэд уурлаж нүүр рүү ус цацаж байсан. Энэ талаараа зав зай муутай байдаг учраас гомдлоо гаргаад явж чадаагүй доромжлуулаад өнгөрсөн. Нягтлан бодогч нь миний мэдэхийн 3 дахь удаагаа солигдож байна. Инженер нь олон жил ажиллаж байгаа н.Намжилмаа гэж эмэгтэй байгаа тэр хүн болсон процессыг мэдэж байгаа ба энэ хүнээр баталгаажуулж бичиг хийлгэж авч байснаа нотлох баримтаар өгч байна. Сар бүр авч байсан халаалт, дулааны үйлчилгээний төлбөр Эрчим хүчний зохицуулах хорооноос баталж өгсөн үнийн тариф, метр квадратаар бодогдож байгаа тул тогтмол ижил дүнгээр бодогдох байтал түүвэр хийж үзэхэд өндөр дүнтэй гарсан байгаа нь илүү мөнгө тооцож авч байсныг нотолж байна. 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Х Х “ ХХК-ийннягтлан байна танайд орж хэмжилт хийх гэсэн юм гэж дарамталсан. Хариуд нь би ажил ихтэй зав муу байдаг тул хэмжилт хийж өгч асуудлыг шийдээд өгөөч гэж 3 удаа хүсэлтээ өгсөөр байхад шийдвэрлээгүй мөртлөө шүүхэд хандчихсаны дараа хэмжих гээд яах вэ дээ би хэмжүүлчихсэн гээд утсаа тавьсан.

            Иймд “Х Х “ ХХК-иас надаас илүү тооцож авсан доорх мөнгийг нэхэмжилж байна.             Дулааны үйлчилгээний төлбөрийн талаар: Дулааны эрчим хүчний үйлчилгээний тариф эрчим хүчний зохицуулах хорооны 2013 оны 07 дугаар 05-ны өдрийн 70 дугаар тогтоолоор батлагдан 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс хэрэгжиж эхэлснээс хойш тарифт өөрчлөлт ороогүйг 201 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 8/491 тоот гомдлын хариуд зааснаар үйлчилгээний төлбөр нь орон сууцны талбайн хэмжээнээс хамаарч 40 м.кв хүртэл 3000 төгрөг 41-80 м.кв 5000 төгрөгөөр тооцож авна гэж заасан байтал “Х Х “ ХХК манай орон сууцны м.кв талбай дээр автоматаар 11,6 м.кв-ийг нэмж 49,4м.кв болгож тооцож авсан, авахдаа бүр 5500 төгрөгөөр тооцон авч хууран мэхэлж хохироосон. 2007 оны 02 дугаар сараас 2016 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд 5500-3000=2500 төгрөгийн илүү үнээр нь 6 илүү нэмсэн м.кв-аар нь үржүүлэхэд 106 сар*2500=265,000 гарч байна. Энэ илүү авсан 265,000 төгрөгийг гаргуулна.            

            Халаалт: Мөн л м.кв-ийг буруу тооцож 2006 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд халаалтын мөнгө илүү авч хохироож байна. Монгол Улсын эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээн дээр баталгаажсан 37,8 м.кв-ийг 49,4м.кв аар тооцож нийт 1З жил 4 сарын хугацаа буюу 160 сар болж байна. Иймд илүү тооцож авсан 11,6м.кв*506 төг /2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №206 109-р тогтоолоор батлагдсанаас хойш тариф өөрчлөгдөөгүй/ =5869.60 төг болж байгаа үүнийгээ 160 сараараа үржүүлэхэд 939,136 төгрөгийг илүү авч хохироосон тул ХасуингХолдоос гаргуулна.

            Даатгалын мөнгө авсан талаар: Даатгалын хураамж сайн дурын үндсэн дээр 2 тал тохиролцсоны үндсэн дээр хийгддэг хэлцэл. Х Х ХХК-аас шүүхэд ирүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хариу тайлбарт даатгалын байгууллага өдөрлөг хийж байгаад гэрээ хийсэн гэжээ. Энэ талаараа иргэнд мэдэгдсэн мэдэгдэл санал авсан баримт хаана байна. Даатгалын байгууллага, “Х Х “ ХХК хоёр нь иргэний өмнөөс шийдвэр гаргаад хүчээр хураамж авч хохироож байгааг шүүгч анхааралдаа авах байх гэж бодож байна. Хэрэглэгчид мэдэгдээгүй, гэрээ хийгээгүй байж даатгалын хураамж гэж 1500 төгрөгийг сар бүр авч хохироосон зөрчлөө хүлээн зөвшөөрч тооцооноос хасаж өгөхөөр тохиролцсон атлаа шүүхийн тайлбарт худал мэдээлэл өгч байгааг юу гэж ойлгох вэ?. 2006 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 сарын 22 хүртэлх хугацаанд нийт 160 сар * 1500 төгрөг=240,000 төгрөгийг гаргуулна.

            ЦТП-ийн мөнгө гэж сар бүр 5000 төгрөг авсан тухайд: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газрын улсын байцаагчийн дүгнэлтээр ЦТП-ийн төлбөрийг хэрэглэгчээс авахгүй гэдгийг тогтоочхоод байхад авч байгааг нь эрчим хүчний зохицуулах хорооноос авах есгүй энэ үйлдлээ зогсоо гэж шаардсаны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 29-ний 17 тоот албан бичгээрээ энэ үйлдлээ зогсоосон талаар “Х Х “ ХХК нь Эрчим хүчний зохицуулах хороонд мэдэгдсэн байсан. 2007 оноос эхлэн авч эхэлсэн. Иймд 2007 оны 01 дүгээр сараас 2016 оны 02 дугаар сар хүртэлх 9 жилийн хугацаанд хууль бусаар авсан 5000*108 сар=540,000 төгрөгийг гаргуулах. Наториатын зардалд: 3900 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Иймд “Х Х “ ХХК-иаснийт 1,988,036 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.В гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Насанчимэг шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн талаар бичгээр гаргасан байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны м.кв-ийн хэмжээнд шинжээч томилуулж, дүгнэлт гарсантай холбоотойгоор үнийн дүнг багасгаж тооцох, суурь хураамж болон төлсөн хугацааны төлбөрийг нэхэмжлэх ёстой талаар ойлгосон. Тиймээс сөрөг шаардлагаас даатгал 40,500 төгрөг, ЦТП-ийн төлбөр 276,832 төгрөг, халаалт м.кв зөрүү 97,190 төгрөг нийт 414,522 төгрөг гаргуулахаар болж байна гэжээ.

  

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч “Х Х “ ХХК нь хариуцагч Б.В д холбогдуулан 2015 оны 11 дүгээр сараас 2019 оны 08 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны халаалт, дулааны суурь хураамж, усны суурь хураамж, 2015 оны 11 дүгээр сараас 2017 оны 08 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны халуун ус, цэвэр ус, бохир усны төлбөрт 1,993,097 төгрөг, алданги 980,172 төгрөг нийт 2,973,270 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 2007 оны 02 дугаар сараас 2016 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд дулааны үйлчилгээний төлбөрт 265,000 төгрөг, 2006 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл халаалтын төлбөрт 939,136 төгрөг, даатгалын төлбөрт 240,000 төгрөг, 2007 оны 01 дүгээр сараас 2016 оны 02 дугаар сар хүртэл ЦТП-ийн төлбөрт 540,000 төгрөгийг тус тус илүү төлсөн, нотариатын зардал 3,900 төгрөг нийт 1,988,036 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг шаардлага гарган маргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Х Х “ ХХК-ийннэхэмжлэлийн талаар:

 

Нэхэмжлэгч “Х Х “ ХХК нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, К104 дүгээр байрны орон сууцны ашиглалтын үйл ажиллагааг хариуцан ажилладаг болох нь орон сууц ашиглалтын карт /хх-ийн 101/, “Х Х “ ХХК-ийнУлаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай байгуулсан Дулааны эрчим хүчийг худалдах худалдан авах гэрээ /хх-ийн 118-123/, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн халаалт, халуун, цэвэр, бохир усны ашиглалтын төлбөрийг 2015 оны 10 дугаар сараас хойш төлөөгүй байх бөгөөд, төлөхөөс татгалзсан шалтгаанаа ...нэхэмжлэгч орон сууцны м.кв-ыг илүү тооцож дулааны төлбөр, суурь хураамж авсан, ЦТП, даатгалын төлбөрийг үндэслэлгүй хураасан гэжээ.

 

Шүүхээс хариуцагч Б.В гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, К104 дүгээр байр, 32 тоот орон сууцны м.кв-ыг тогтоолгохоор томилсон шинжээчийн дүгнэлтээр орон сууцны талбайг ...44.97 м.кв гэж тодорхойлсон байна.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.4-т Дангаар өмчлөх талбайн хэмжээг тодорхойлохдоо, сууц өмчлөгчийн сууцны талбай дээр дангаар өмчлөх сууцны бус зориулалттай талбайн гуравны нэгийг нэмнэ гэж заасан. Хуулийн уг зохицуулалт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 4.62м.кв тагтны хэсгийн 1/3 буюу 1,54 м.кв талбайг хасч тооцвол орон сууцны талбайн хэмжээ нь 43,58 м.кв байна. Шинжээчийн дүгнэлтээр орон сууцны м.кв-ыг 44.97 м.кв гэж тодорхойлсонтой холбоотойгоор талууд 43,58 м.кв талбайд ногдох хэмжээгээр дулааны төлбөр тооцохыг хийхийг зөвшөөрч маргаагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагчаас 2015 оны 11 дүгээр сараас 2019 оны 08 дугаар сарыг дуустал хугацаанд орон сууцны м.кв талбайг 44,97 м.кв тооцож халаалтын төлбөрт 630,929 төгрөг, дулааны суурь хураамж 228,667 төгрөг, усны суурь хураамж 117,500 төгрөг, 2015 оны 11 дүгээр сараас 2017 оны 08 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны цэвэр ус 269,325 төгрөг, бохир ус 170,868 төгрөг, халуун ус 346,959 төгрөг, баримт 4,200 төгрөг, төлбөрт үйлчилгээ 1002 төгрөг, НӨАТ 136,713 төгрөгийг нийт 1,816,352 төгрөгийг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 11-12 дугаар сар, 2016 оны 01 дүгээр сарын ЦТП-ийн 3 сарын төлбөр болох 12,000 төгрөг, даатгал 40,500 төгрөг, халаалтын төлбөрөөс м.кв зөрүү 124,246 төгрөг, алданги 980,173 төгрөг нийт 1,156,925 төгрөг гаргуулахаас татгалзсан.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууцны ... хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус ... зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад ... төлнө гэж заасан тул хариуцагч Б.В  нь халаалт, халуун, цэвэр, бохир усны ашиглалтын төлбөрийг төлөх үүрэгтэй.

 

Шүүхэд нэхэмжлэгч “Х Х “ ХХК нь хариуцагч Б.В-ээс2015 оны 11 дүгээр сараас 2019 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны халаалт, халуун, цэвэр, бохир усны ашиглалтын төлбөрийг гаргуулахаар 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан. Орон сууцны ашиглалтын төлбөрийг хэрэглэгчийн сар бүр төлөх үүрэгтэй учир тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгт хамаарна. Нэхэмжлэгч 3 жилийн хугацаанд шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, хариуцагч үүргийг зөвшөөрөөгүй тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хариуцагч 2016 оны 08 дугаар сарын төлбөрөөс өмнөх хугацааны орон сууцны ашиглалтын төлбөр төлөх үүргээс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр чөлөөлөгдөнө.

 

Харин хариуцагч 2016 оны 08 дугаар сараас 2019 оны 08 дугаар сарын хугацаанд хэрэглэсэн халаалт, суурь хураамж, усны суурь хураамж, 2015 оны 11 дүгээр сараас 2017 оны 08 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны халуун ус, цэвэр ус, бохир усны төлбөрийг төлөөгүй тул орон сууцны талбайг 43,58 м.кв тооцон халаалт, суурь хураамж, усны суурь хураамж, халуун ус, цэвэр ус, бохир усны төлбөрт нийт 1,145,243 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар цэвэр, бохир усны төлбөрөөс нэмэгдсэн өртгийн албан татварын тооцож нэхэмжилсэн нь нотлогдож байна.

 

Иймд хариуцагч Б.В-ээс1,145,243 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х Х “ ХХК-долгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 671,109 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагч Б.В гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч Б.В  нь нэхэмжлэгч “Х Х “ ХХК-дхолбогдуулан 2007 оны 02 дугаар сараас 2016 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд дулааны үйлчилгээний төлбөрт 265,000 төгрөг, 2006 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл халаалтын төлбөрт 939,136 төгрөг, даатгалын төлбөрт 240,000 төгрөг, 2007 оны 01 дүгээр сараас 2016 оны 02 дугаар сар хүртэл ЦТП-ийн төлбөрт 540,000 төгрөг, нотариатын зардал 3,900 төгрөг нийт 1,988,036 төгрөгийг гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1,988,036 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 1,573,514 төгрөгөөр багасгаж, сөрөг шаардлагаас даатгал 40,500 төгрөг, ЦТП-ийн төлбөр 276,832 төгрөг, халаалт м.кв зөрүү 97,190 төгрөг нийт 414,522 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч 2015 оны 02 дугаар сараас 2015 оны 10 дугаар сарын халаалтын төлбөрт орон сууцны талбайг 49.97 м.кв-аар тооцсонтой холбоотойгоор 97,190 төгрөг, даатгалын төлбөр 40,500 төгрөгийг буцаан төлөхийг зөвшөөрсөн.

 

Харин ЦТП-ийн төлбөрт 276,832 төгрөг нэхэмжилснээс ...хариуцагч 2015 оны 11, 12 сар, 2016 оны 01 дүгээр сарын төлбөр 12,000 төгрөгийг төлөөгүй, үлдэх 264,832 төгрөгийг хариуцагч Б.В  2006 онд байгуулсан Орон сууц эзэмшигч, өмчлөгч нартай ашиглалтын явцад үүсэх харилцааг зохицуулах гэрээний дагуу төлсөн тул зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

 

ЦТП буюу ус, дулаан дамжуулах төвийн ашиглалтын насосын цахилгааны төлбөрт хариуцагч Б.В  нь нэхэмжлэгч “Х Х “ ХХК-д2006 оны 10 дугаар сараас 2015 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд нийт 264,832 төгрөг төлсөн нь “Х Х “ ХХК-ийнсанхүүгийн тооцооны баримт, хариуцагчийн тайлбараар нотлогдож байна.  

Иргэний хуулийхн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй.  

Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч “Х Х “ ХХК нь хариуцагч Б.В-ээсЦТП-ийн төлбөрийг үндэслэлгүйгээр авсан нь тогтоогдохгүй байна.  

Түүнчлэн хариуцагч 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 2006 оны 10 дугаар сараас 2015 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд шилжүүлсэн ЦТП-ийн төлбөрийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байх тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж үзэв. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2-т зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тохиолдолд шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй.  

Иймд нэхэмжлэгч “Х Х “ ХХК-иас137,960 төгрөг гаргуулан хариуцагч Б.В д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 280,325 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.                

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.В-ээс1,145,243 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х Х “ ХХК-долгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 671,109 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Х Х “ ХХК-иас137,960 төгрөг гаргуулан хариуцагч Б.В д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 280,325 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Х Х “ ХХК-иасулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,522 төгрөгийг, хариуцагч Б.В-ээсулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,342 төгрөгөөс 44,428 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 32,036 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 4,789 төгрөгийг, улсын төсвөөс илүү төлсөн 10,914 төгрөгийг тус тус гаргуулан хариуцагчид олгосугай.   

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АЗБАЯР