Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 1133

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/00986 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Э-ын хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2019/07894 дүгээр шийдвэрээр Г.Э-аас 66 854 573 төгрөгийг гаргуулж, “ЦФ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг НШШГГт албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 59 дүгээр байр, 7 тоот 40 м.кв 3 өрөө орон сууцыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үнэлгээ тогтоосныг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ирсэн тус албаны нээлттэй хаалганы өдрийн мэдээлэл дээрээс 114 332 200 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл 55.3 дахь хэсэгт зааснаар Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэсний дагуу миний өмчлөлийн байрыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байх тул би шүүхэд гомдол гаргаж байна. Иймээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас иргэн Г.Э- миний Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 59 дүгээр байр, 7 тоот 40 м.кв орон сууцыг үнэлсэн 114 332 200 үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2019/07894 дүгээр шийдвэрээр Г.Э-аас 66 854 573 төгрөгийг гаргуулж, “ЦФ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 59-7 тоот 40 м.кв 3 өрөө орон сууцыг хуульд зааснаар битүүмжилж, хураасан байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу зах зээлийн үнийн саналыг өмчлөгч, төлбөр төлөгч Г.Э-аас авахад, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 140 000 000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр авагч “ЦФ” ХХК нь дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй, шинжээч томилуулах тухай 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 85/19 дүгээр албан бичгийг ирүүлсэн. Иймд 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 255 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр томилж, талуудад энэ талаар танилцуулсан. Барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 114 332 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, мөн 10 дугаар сарын 09-ний өдөр төлбөр төлөгчид 2019 оны 4/21533 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Төлбөр төлөгч Г.Э-ын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах 1 сарын хугацаа олгох өгөх тухай хүсэлтийн дагуу хугацааг олгосон байна. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цагт зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулсан боловч худалдан борлогдоогүй. Иймд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 10 цагт зохион байгуулах хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн боловч шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Э-ын НШШГГт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г.Э-ын урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.Э- давж заалдах гомдолдоо:

... Хариуцагч НШШГГ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хуулийн хэлбэр төдий байдлаас хандаж явуулдаг болох нь зохигчдын тайлбар, нотлох баримтаас харагдана. Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар бусдын эрхийг зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгоно гэсэн энэ заалтыг зөв барьсан атлаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т “Үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлэхээр зохицуулсан байна” гэж заасан заалтыг барьсан ч талуудыг тохиролцуулах ажиллагааг хуульд зааснаар явуулсан эсэх талаар нягтлаагүй, шийдвэр гүйцэтгэгч тохиролцуулах ажиллагааг хуульд зааснаар явуулаагүй, энэ талаар нотлох баримтгүй атал уг заалтыг шүүх баримталсан нь учир дутагдалтай. Төлбөр төлөгч нь төлбөрөө төлж чадахгүй байхад хариуцагчийн үйлдлээс болоод нэмээд шинжээчийн үйлчилгээний төлбөрт орж байгаад гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Г.Э- нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зээлийн гэрээний үүрэгт 66 839 573 төгрөгийг гаргуулахаар “ЦФ” ХХК нэхэмжилснийг хариуцагч Г.Э- хүлээн зөвшөөрсөн, талуудын эвлэрлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2019/07894 дугаар захирамжаар баталгаажуулсан байна. Хуулийн хүчин төгөлдөр уг захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тул албадан гүйцэтгүүлэхээр 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2019/12432 дугаар захирамж гарч мөн өдөр 101/ГХ2019/01018 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хх 35-38/

 

            Шийдвэр гүйцэтгэх байгууллага барьцааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 59 дүгээр байр 7 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 158/01 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 158/01 дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

            2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр төлбөр авагч “ЦФ” ХХК-аас шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу 2019 оны 9 дүгээр сарын 30-ний өдрийн 255 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор томилогдсон “Хөрөнгө-Эстимэйт” ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлангаар Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 59 дүгээр байр 7 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 114 332 200 төгрөг гэж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

 

            Дээрх хөрөнгийн үнэлгээний талаар 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 4/21533 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Г.Э-д мэдэгдэж, шинжээчийн тогтоосон 114 332 200 төгрөгийн 70 хувиар анхны албадан дуудлага явуулах доод үнэ тогтоогддог, хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч нэг сарын хугацаанд өөрөө худалдан борлуулж төлбөр төлөх санал гаргах эрхтэйг тайлбарласан байна. /хх71/

 

            Төлбөр төлөгч нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр барьцааны орон сууцыг 1 сарын хугацаанд худалдан борлуулах хүсэлтийг гаргасан ч уг хугацаанд худалдан борлуулаагүй тул 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/04 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 4/25695 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Г.Э-д хүргүүлж анхны албадан дуудлага худалдаа 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цагт НШШГГ-ын 200 тоот өрөөнд зохион байгуулах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар мэдэгджээ.

 

            Г.Э- нь хөрөнгийн үнэлгээний талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргаагүй байх тул хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн нь мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

Иймд эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, албадан дуудлага худалдаа явуулсан ажиллагаа нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/00986 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                           ШҮҮГЧИД                                    С.ЭНХТӨР

 

А.ОТГОНЦЭЦЭГ