Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2021/00738

 

   Г.Энхцацралын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/00986 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1133 дугаар магадлалтай,

 Г.Энхцацралын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгч Г.Энхцацралын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.

Нэхэмжлэгч Г.Энхцацрал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.15-ны өдрийн 101/ШЗ2019/07894 дүгээр шийдвэрээр Г.Энхцацралаас 66,854,573 төгрөгийг гаргуулж, Цогзол финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа болно. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 59 дүгээр байр, 7 тоот 40 м.кв 3 өрөө орон сууцыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үнэлгээ тогтоосныг 2019.11.25-ны өдөр ирсэн тус албаны нээлттэй хаалганы өдрийн мэдээлэл дээрээс 114,332,200 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдлээ. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл 55.3-т зааснаар Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө, мөн хуулийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэсний дагуу миний өмчлөлийн байрыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байх тул би шүүхэд гомдол гаргаж байна. Иймээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас иргэн Г.Энхцацрал миний Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 59 дүгээр байр, 7 тоот 40 м.кв орон сууцыг 114,332,200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмонтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.15-ны өдрийн 101/ШЗ2019/07894 дүгээр шийдвэрээр Г.Энхцацралаас 66,854,573 төгрөгийг гаргуулж, Цогзол финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 59-7 тоот 40 м.кв 3 өрөө орон сууцыг хуульд зааснаар битүүмжилж, хураасан байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу зах зээлийн үнийн саналыг өмчлөгч, төлбөр төлөгч Г.Энхцацралаас авахад барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 140 сая төгрөгөөр үнэлсэн. Төлбөр авагч Цогзол финанс ББСБ ХХК нь дээрх үнэлээг хүлээн зөвшөөрөөгүй, шинжээч томилуулах тухай 2019.09.26-ны өдрийн 85/19 дүгээр албан бичгийг ирүүлжээ. Иймд 2019.09.30-ны өдрийн 255 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилж, талуудад энэ талаар танилцуулсан байна. Барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 114,332,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 2019.10.08-ны өдөр хүлээн авч, мөн сарын 9-ний өдөр төлбөр төлөгчид 2019 оны 4/21533 дугаар албан бичгээр мэдэгджээ. Төлбөр төлөгч Г.Энхцацралд 2019.10.11-ний өдөр ШШГТХ-ийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах 1 сарын хугацаа олгох тухай хүсэлтийн дагуу хугацааг олгосон байна. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2019.11.29-ний өдрийн 10 цагт зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулсан боловч худалдан борлогдоогүй. Иймд 2019.12.27-ны өдөр 10 цагт зохион байгуулах хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн боловч шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/00986 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Энхцацралын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г.Энхцацралын урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1133 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/00986 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Энхцацрал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.24-ний өдрийн 101/ШШ2020/00986 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.25-ны өдрийн 1133 дугаар магадлалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах хяналтын гомдлыг гаргаж байна.

Магадлалын хянавал хэсэгт барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй гэж үзсэн байна. Нэхэмжлэлийн шаардлага үнэлгээний тайлан болон үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан атал шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дүгнэсэн байна. Гэтэл тус үнэлгээний тайланд хөрөнгийн орлогын хандлага, өртгийн хандлага, зах зээлийн хандлага гэсэн 3 хандлагаас зах зээлийн хандлагыг сонгон авч хөрөнгийн үнэлгээг гаргасан байхад шүүх зах зээлийн хандлагыг тодорхойлоогүй, үнэлгээ үнэн зөв гэдэгт дүгнэлт өгөхгүйгээр нэхэмжлэлд хамааралгүй асуудлаар дүгнэлт гаргасанд гомдолтой байна.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хуулийг хэлбэр төдий байдлаас хандаж явуулдаг болох нь зохигчдын тайлбар, нотлох баримтаас тодорхой харагддаг. Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар бусдын эрхийг зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгоно гэсэн зүйл заалтыг зөв барьсан атлаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт Үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр зохицуулсан байна. гэж заасан заалтыг барьсан ч талуудыг тохиролцуулах ажиллагааг хуульд зааснаар хийсэн эсэхийг шүүгч нягтлаагүй, шийдвэр гүйцэтгэгч тохиролцуулах ажиллагааг хуульд зааснаар явуулж шаардлагатай ажиллагааг хийгээгүй, хийсэн гэдгээ нотлогдоогүй байхад уг заалтыг барьсан нь учир дутагдалтай хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Учир нь тохиролцуулах ажиллагаа огт хийгдээгүй учраас нотлох баримт гаргаагүй, энэ талаар 2 талаас уулзаж ярилцсан тохиролцсон гэсэн тэмдэглэл өөр бусад тогтоол акт байхгүй байна. Төлбөр төлөгч этгээд нь урдах төлбөрөө яаж төлөх үү гэж байхад хариуцагчийн үйлдлээс болоод нэмээд шинжээчийн хоёр гурван зуун мянгын төлбөрт орж байгаад гомдолтой байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч Г.Энхцацрал Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 Хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч Г.Энхцацралаас 66,854,573 төгрөгийг гаргуулан Цогзол финанс ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 59 дүгээр байрны 7 тоот, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар шинжээч томилж, үнэлгээ тогтоолгоход 114,332,200 төгрөгөөр үнэлсэн үйл баримт тогтоогджээ.

 Төлбөр төлөгч Г.Энхцацрал үнэлгээг эс зөвшөөрч, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.-т шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж, 55.7.-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3.-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж тус тус зохицуулсан.

 Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн, нэхэмжлэлийн шаардлага, түүнийг нотолсон үндэслэл, тайлбараа нотлоогүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдэн, шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлж, нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлсний үндсэн дээр өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан шаардлагад нийцжээ.

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхино.

 Нэхэмжлэгч үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд гаргасан нь хууль зөрчөөгүй боловч тэрээр барьцааны хөрөнгийг үнэлсэн үнэлгээний тайлантай 2019.10.09-ний өдөр танилцсан болох нь хэргийн 71 дүгээр талд авагдсан Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр нотлогдсон, тэрээр үнэлгээг эс зөвшөөрсөн гомдлоо 2019.12.02-ны өдөр буюу үнэлгээтэй танилцснаас хойш 53 хоногийн дараа гаргасан байх тул хоёр шатны шүүх нэхэмжлэгчийг хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэх дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн заалтад нийцжээ.

 Шийдвэр гүйцэтгэгчийн 2019.09.30-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоолоор томилогдсон хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө эстимэйт ХХК нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 59 дүгээр байрны 7 тоот, 40 м.кв талбай бүхий /хэмжилтээр 89 м.кв, балкон орсон/ орон сууцыг үнэлэхдээ үнэлж буй хөрөнгийн төлөв байдал, байршил, орчинтой нь биеэр танилцаж, хөрөнгөд үзлэг, хэмжилт, судалгаа, шинжилгээ хийж, хөрөнгийн орчны судалгаа, зах зээлийн ханшийг судалж, хөрөнгийг зах зээлийн ханшаар, өртгийн хандлагын аргаар, орлогын хандлагын аргаар тус тус үнэлж, тооцоолсны үндсэн дээр орон сууцыг 114,332,200 төгрөгөөр үнэлжээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, тайлбар үндэслэлээ нотлох, нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 Шинжээчийн үнэлгээг үндэслэлгүй гарсан гэж үзэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч Г.Энхцацрал үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг баримтаар нотлоогүй, энэ талаар хэрэгт баримтгүй тул нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, шүүх нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

 Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцжээ.

 Иймд хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/00986 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1133 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Г.Энхцацралын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс 2020.06.22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                          Б.УНДРАХ

                                                       Г.ЦАГААНЦООЖ

                                               Д.ЦОЛМОН

                                                        Х.ЭРДЭНЭСУВД