Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2020/00986

 

 

 

 

 

 

 

 

                           2020         03         24                             

                               101/ШШ2020/00986

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ЧТ00000 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0-р байр 0тоотод оршин суух, А овогт Г-ийн Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 0, өөрийн байранд байрлах, Н-газарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хулан нар оролцов.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2019/07894 дүгээр шийдвэрээр Г.Эаас 66,854,573 төгрөгийг гаргуулж, “Цогзол финанс” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг Нгазарт албадан гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа болно. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 59 дүгээр байр, 7 тоот 40 мкв 3 өрөө орон сууцыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үнэлгээ тогтоосныг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ирсэн тус албаны нээлттэй хаалганы өдрийн мэдээлэл дээрээс 114,332,200 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдлээ. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл 55.3-т зааснаар “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө. Мөн хуулийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд  гаргаж болно” гэсний дагуу миний өмчлөлийн байрыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байх тул би шүүхэд гомдол гаргаж байна. Иймээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас иргэн Г.Э миний Баянзүрх дүүргийн 1 дүгээр  хороо, 12 дугаар хороолол, 59 дүгээр байр, 7 тоот 40 мкв орон сууцыг үнэлсэн 114,332,200 үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунжаргал шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2019/07894 дүгээр шийдвэрээр Г.Эаас 66,854,573 төгрөгийг гаргуулж, “Цогзол финанс” ББСБ-д олгохоор шийдвэрлэжээ. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 59-7 тоот 40 мкв 3 өрөө орон сууцыг хуульд зааснаар битүүмжилж, хураасан байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу зах зээлийн үнийн саналыг өмчлөгч, төлбөр төлөгч Г.Эаас авахад, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 140 сая төгрөгөөр үнэлсэн. Төлбөр авагч “Цогзол финанс ББСБ” ХХК нь дээрх үнэлээг хүлээн зөвшөөрөөгүй, шинжээч томилуулах тухай 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 85/19 дүгээр албан бичгийг ирүүлжээ. Иймд 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 255 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр томилж, талуудад энэ талаар танилцуулсан байна. Барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 114,332,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, мөн сарын 9-ний өдөр төлбөр төлөгчид 2019 оны 4/21533 дугаар албан бичгээр мэдэгджээ. Төлбөр төлөгч Г.Эын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ШШГТХ-ийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах 1 сарын хугацаа олгох өгөх тухай хүсэлтийн дагуу хугацааг олгосон байна. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цагт зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулсан боловч худалдан борлогдоогүй. Иймд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 10 цагт зохион байгуулах хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн боловч шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч Нгазарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргаж, хариуцагч тус гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгчээс гомдлын шаардлагын үндэслэлийг “... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон “Хөрөнгө Эстимэйт” ХХК үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн гэж тодорхойлсон.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 07894 дүгээр захирамжаар эвлэрэлд уригдсан тал Г.Эаас 66,839,573 төгрөгийг гаргуулж, өргөдөл гаргагч “Цогзол финанс ББСБ” ХХК-нд олгож, эвлэрэлд уригдсан тал Г.Э нь шүүгчийн захирамжийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар, 59 дүгээр байр, 7 тоот хаягт байршилтай Ү-2204003234 тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулахаар шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 5-6 дах талд/

Уг шүүгчийн захирамжид тус шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр 01018 дугаартай гүйцэтгэх хуудас, 12432 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамжийг олгож, Нгазарт хүргүүлжээ. /х.х-ийн 35-36 дахь талд/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт “ ... иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд гаргана ...” гэж зааснаар нэхэмжлэгч Г.Э нь хуульд заасан харьяаллын дагуу гомдлын шаардлагаа гаргажээ.

Нэхэмжлэгч Г.Э нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2204003234 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 59 дүгээр байрны 7 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгч болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 52-53 дахь талд/

Нэхэмжлэгчийн гомдлыг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт зааснаар эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэхэд шүүх хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт “Үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлэхээр зохицуулсан байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 158/01 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”, 2019 оны 09 сарын 24-ний өдрийн 158/01 дугаартай “эд хөрөнгийг хураасан тухай тогтоол”-р тус шүүгчийн захирамжид дурдсан барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураасан байх бөгөөд нэхэмжлэгч нь тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой маргаагүй. /х.х-ийн 44, 56 дахь талд/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж зохицуулсан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд төлбөр төлөгч Г.Э нь үл хөдлөх хөрөнгийг 140,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч “Цогзол финанс ББСБ” ХХК хүлээн зөвшөөрөөгүй, өөрөөр хэлбэл дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар талууд санал тохиролцоогүй улмаас Нгазар 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 255 тоот “Шинжээч томилох тухай тогтоол”-р “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 54, 57, 59 дэх талд/

Шинжээчээр томилогдсон “Хөрөнгө эстимэйт” ХХК нь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 59 дүгээр байр 7 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 114,332,200 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээч томилохтой холбоотой ажиллагааг хийж гүйцэтгэхдээ холбогдох хууль, журмыг зөрчсөн талаар нэхэмжлэгч маргаагүй.  /х.х-ийн 61-70 дэх талд/

Харин, нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах үндэслэл болох үнэлгээг зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 зааснаар баримтаар нотлоогүй болно.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Нгазраас томилсон шинжээч “Хөрөнгө эстимэйт” ХХК нь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 59 дүгээр байр 7 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотолж ирүүлсэн фото зургуудаар ийнхүү үнэлгээг зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн гэж шууд дүгнэх үндэслэлгүй байхаас гадна тус фото зургуудыг үнэн зөв гэж эргэлзээгүй дүгнэх үндэслэлгүй байна. /х.х-ийн 120-124 дэх талд/

Түүнчлэн, хариуцагч Нгазар “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин Э.Эрдэнэбатад хуульд заасан эрх үүргийг танилцуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шинжээчид эрх, үүрэг тайлбарлаж, танилцуулаагүй гэсэн тайлбар үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй. /х.х-ийн 59, 68-70 дахь талд/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт “шүүх, прокурор, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага болон Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гаргасан гомдол”-ыг шүүх гомдлоор авч хэлэлцэнэ гэж зохицуулсан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч болон холбогдох албан тушаалтны үйл ажиллагаанд гаргасан нэхэмжлэгчийн гомдлоор шүүх хэргийг хүлээн авч хянан шийдвэрлэх журамтай.

Тодруулбал, хариуцагч Нгазрын эрх бүхий албан тушаалтны шинжээч томилохтой холбоотойгоор хийж гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа төлбөр төлөгч, өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж  болно” гэж зохицуулсан.

Шинжээчээр томилогдсон “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэгч нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төлбөр төлөгч Г.Эд мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 71-72 дахь талд/

Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй 2019 оны 10 дугаар сарын  9-ний өдөр танилцсан байх боловч 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хөрөнгийн үнэлгээний талаар нэхэмжлэл гаргасан нь шүүхэд гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн байгаа болохыг дурдав.

Иймд дурдсан үндэслэлүүдээр, нэхэмжлэгч Г.Эын үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон

                                                                                                   ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Эын Нгазарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г.Эын урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ЭНХЖАРГАЛ