Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1162

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ХЭС” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/00749 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ХЭС” ХХК-ийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн санал болгох хурлаар Улсын бүртгэлийн                      Ү-2203008727 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, Их засаг өргөн чөлөө-6 дугаар бүхий 5 давхар барилгын 1 дүгээр давхарт байрлах 246.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг “Голомт банк” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн санал болгох ажиллагаанаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2001 дүгээр шийдвэрээр “ХК” ХХК-аас 654 539 088 төгрөгийг гаргуулж, Голомт банкинд олгохоор шийдвэрлэж, төлбөрийн үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Хан компанийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Их засаг өргөн чөлөө 6 дугаар бүхий 5 давхар барилгын 1 дүгээр давхарт байрлах 246.4 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байсан.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2014 оноос хэрэгжиж эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэрэгжих явцад “ХЭС” ХХК-ийн зүгээс Хан компанид холбогдуулж өмчлөлтэй холбоотой маргаанаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. “ХК” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцуулсан барьцаа хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар шүүхийн шийдвэрээр “ХЭС” ХХК-ийг барьцаа хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн.

Өмчлөгчөөр шийдвэрлэсэн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2017 онд НШШГГт хандсан. 2017 онд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсч түүнээс хойш “ХЭС” ХХК-ийг өмчлөгчөөр тогтоохтой холбоотой ажиллагаа хийгдээгүй. Манай компанийн зүгээс өмчлөгчөөр тогтоох шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой хүсэлт, шаардлагыг удаа дараа хүргүүлсэн боловч хэрэгжүүлээгүй. Шийдвэр гүйцэтгэх газраас “ХК” ХХК, Голомт банк нарын хоорондох төлбөрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа барьцаа хөрөнгө болох шүүхийн шийдвэрээр манай компанийн өмчлөл мөн болох нь тогтоогдсон хөрөнгийг 2 удаа дуудлага худалдаанд оруулсан ч тухайн хөрөнгө худалдан борлогдоогүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.5 дахь хэсэгт заасны дагуу төлбөр авагч Голомт банкинд санал болгосон. Санал болгох уулзалтад “ХК” ХХК, Хан компани, “ХЭС” ХХК, Голомт банкны төлөөллүүд уулзсан. Уулзалтаар Голомт банк төлбөртөө тооцож авах эсэх, төлбөрийн зөрүүгийн талаар ярилцсан. Манай компани өмчлөгчөөр тогтоогдсон учраас өмчлөгчөөр тогтоогдсон шийдвэр хэрэгжсэний дараа санал болгох уулзалт болох учиртай. Төлбөрийн зөрүүг шилжүүлээгүй тохиолдолд өмчлөгч компани авах эрхтэй болно. Манай компанид өмчлөгчөөр тогтоосон шийдвэр хэрэгжээгүй байгаа тохиолдолд Хан компани өмчлөгч хэвээр үлдэж байгаа учраас төлбөрийн зөрүү Хан компанид очих сөрөг үр дагавар үүснэ.

Өмчлөгчөөр тогтоосон шийдвэртээ түүнийгээ хэрэгжүүлж чаддаггүй. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээр хангуулаад шилжүүллээ гэхэд төлбөрийн үлдэгдлээ авч чадахгүй байх асуудал үүсч байна. Иймд тухайн өдрийн санал болгох ажиллагаанаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрээр Хан компанийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Их засаг өргөн чөлөө-6 дугаар бүхий 5 давхарт барилгын 1 дүгээр давхарт байрлах объектыг “ХЭС” ХХК-ийг өмчлөгчөөр тогтоох шийдвэр гарсан. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт барьцааны гэрээтэй, төлбөрийн асуудал явагдаж байгаа.

2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Хан констракшн сервис” ХХК-аас 657 969 733 төгрөг гаргуулж Голомт банкинд олгохоор шүүхийн шийдвэр гарсан. Төлбөр авагч Голомт банк нь зөрүү төлбөрийг төлснөөр өмчлөх эрх үүснэ гэсэн шийдвэр дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан. Өнөөдрийг хүртэл Голомт банк төлбөрөө төлөөгүй. Санал болгох хурлын шийдвэрээр Голомт банк 434 287 167 төгрөгийг зөрүү төлбөрт төлөх ёстой байсан. Хан сервис компанийн өмчлөгчөөр тогтоолгох асуудлын хувьд манайх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйл зааснаар дарааллын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа.

Мөн тус хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэх баримт бичгийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор барьцаалсан битүүмжилсэн, хураан авсан хөрөнгийг бусдад шилжүүлсэн тохиолдолд уг хөрөнгө хэний эзэмшилд шилжсэнээс үл хамааран гаргуулж, түүнийг төлбөрт суутгана гэж заасан тул барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн ч барьцааны эрх мөн адил шилжиж, өмчлөх эрх тогтоосон үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа хуулийн дагуу явагдаж байна. Иймээс манайх дараалал харгалзаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа. Иймд санал болгох хурлын шийдвэр хуульд нийцсэн гэж үзэж байна гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манайх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байгаа. 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 654 539 088 төгрөг, мөн барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Их засаг өргөн чөлөө 6 дугаар бүхий 5 давхар барилгын 1 дүгээр давхарт байрлах 246.4 м.кв талбайг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг “ХК” ХХК-аас гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан. Тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нийт 6 жилийн хугацаатай явагдсан. 6 жилийн хугацаанд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаанд төлбөр төлөгч гомдол гаргах процессын ажиллагаа явагдсаар байгаа. Үүний дараа санал болгох хурлын шийдвэр гарсан. Шийдвэр гарах явцад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны процессын маш олон зөрчил гарсан. Ажиллагаануудын талаар төлбөр авагч, төлөгч төлөгч талд мэдэгдэх ёстой байтал мэдэгдээгүй.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Голомт банкнаас н.Мандах гэх хүн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан. н.Мандах гэх хүний итгэмжлэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгт 2014 онд өгөгдсөн. Итгэмжлэлийн хугацаа 2015 онд дууссан. Итгэмжлэлийн хугацаанд анхны албадан дуудлага худалдаа буюу хөрөнгө битүүмжлэх, хөрөнгө хураах зэрэг ажил явагдсан. Үүнээс хойш ажиллагаа хүчингүй болсны дараа дахиж ажиллагаа явагдсан талаар төлбөр авагч талд мэдэгдээгүй. Энэ бүх ажиллагаа итгэмжлэлгүй явагдсан байсан. Санал болгох хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оруулсан. Санал болгох хурлаар хөрөнгийн үнэлгээ тэрбум гаран төгрөг болсон талаар, үүнтэй холбоотой зөрүү төлбөр төлөх талаар, барьцаа хөрөнгийг шилжүүлэх зэрэг асуудлууд нь цаг хугацаа үрэлгүй нэг дор нэг өдөр шийдэгдсэн байсан. Үүнд Голомт банкны зүгээс гомдолтой байна. Санал болгох хурал дээр хугацаа өгөх боломжтой байсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэх байгууллага санал болох хурлыг хийж зөрүү мөнгийг төлбөл барьцаа хөрөнгийг шилжүүлнэ, танайх авахгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг буцаана гэж ярьж шийдвэр гарсан. Өмчлөгчөөр тогтоосон асуудал шийдэгдсэний дараа санал болгох хурлыг хийх ёстой байсан. Иймээс санал болгох хурлыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, санал болгох хурлыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. Голомт банкны зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон процессын ажиллагаанд гомдолтой байна. Мэдэгдэх болон тайлбар авах ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан хариуцагч НШШГГ-ын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаар дугаар санал болгох ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “ХЭС” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг үүрэг болгосон гүйцэтгэх баримт бичиг нь өмчлөгчөөр тогтоосон гүйцэтгэх баримт бичгээс өмнө нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэгдсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт заасан дарааллын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь илт үндэслэл муутай байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2001 дүгээр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар санал болгох хурлыг зохион байгуулж, хурлаар барьцааны зүйл нь хэний өмчлөлд шилжсэн эсэхийг үл харгалзан Голомт банкнаас үнэлгээний зөрүүг төлсөн тохиолдолд төлбөр төлөгчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд мөн хуульд заасан үндэслэлээр албадан гүйцэтгэх эрх зүйн зохицуулалттай бөгөөд албадан гүйцэтгэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлдэг.

Шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт заасан гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах дараалалд хамаарахгүй 2 шийдвэрийг хамааралтай мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж барьцаа хөрөнгийг дарааллын дагуу гэх үндэслэлээр Голомт банкны өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь 101/ШШ054 дүгээр шийдвэрийг хэрэгжих боломжгүй болгосон.

Харин Голомт банкнаас үнэлгээний зөрүүг төлсөн тохиолдолд 2001 дүгээр шийдвэрийн хариуцагч буюу төлбөр төлөгч “Хан констракшн сервис” ХХК-д олгохоор шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “Хан констракшн сервис” ХХК-д үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөл боломжийг бүрдүүлэн өгч тус компанид хууль бусаар давуу байдлыг олгож, харин тус хөрөнгийн жинхэнэ өмчлөгч болох манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Ийнхүү Шийдвэр гүйцэтгэх газраас 2001, 101/ШШ054 дүгээр шийдвэрүүдийг албадан гүйцэтгэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3, 112.4 дэх хэсгүүдэд заасан журмыг ноцтой зөрчиж илт хууль бусаар шийдвэрлэснийг анхан шатны шүүх хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон нотлох баримтуудыг бодитоор үнэлгээгүй, зохих дүгнэлт хийж чадаагүй гэж үзэх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/00749 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч “ХЭС” ХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн санал болгох хурлаар Улсын бүртгэлийн Ү-2203008727 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, Их засаг өргөн чөлөө-6 дугаар бүхий 5 давхар барилгын 1 дүгээр давхарт байрлах 246.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг “Голомт банк” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2001 дугаар шийдвэрээр “Хан констракшн сервис” ХХК-аас 448 249.97 ам.доллар буюу 654 539 088.6 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. /хх30-34/

 

            Хуулийн хүчин төгөлдөр уг шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тул албадан гүйцэтгүүлэхээр 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 8630 дугаар захирамж гарч мөн өдөр 1964 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 550 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хх 28-29, 35/

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүргийн гүйцэтгэлийн барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Их засаг өргөн чөлөө-6-д байрлах барилгын 1 давхар, 246.6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/254 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03/259 дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

            Дээрх хураагдсан эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн мэдэгдлийг төлбөр төлөгч “Хан констракшн сервис” ХХК-д 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 3/4695, 3/4694 дугаар албан бичгээр хүргүүлснийг төлбөр төлөгч хүлээн авсан байх боловч үнийн саналаа ирүүлээгүй тул “Голомт банк” ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолоор дурдсан эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцжээ. /хх 42-45/

 

            2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шинжээч томилох тухай 48 дугаар тогтоолоор томилогдсон “Итгэлт Эстимэйт” ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлангаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 1 093 371 900 төгрөг гэж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

 

            Дээрх хөрөнгийн үнэлгээний талаар 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 3/11719, 3/11720 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч “Хан” ХХК, “Хан констракшн сервис” ХХК-д тус тус мэдэгдэж, шинжээчийн тогтоосон 1 093 371 900 төгрөгийн 70 хувиар анхны албадан дуудлага явуулах доод үнэ тогтоогддог, хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч нэг сарын хугацаанд өөрөө худалдан борлуулж төлбөр төлөх санал гаргах эрхтэйг тайлбарласан байна. /хх59-61/

 

            2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 5/201 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг 2016 оны 5 дүгээр сарын 04-ний өдөр 3/16896, 3/16897 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч “Хан констракшн сервис” ХХК, “Хан” ХХК-д тус тус хүргүүлж анхны албадан дуудлага худалдаа 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагт болохыг, мөн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 3/20783, 3/20784 дугаар албан бичгээр төлбөр төлөгчид Хоёр дахь албадан дуудлага худалдааг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар мэдэгджээ. /хх 69/

 

            Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхтэй холбоотой дээрх ажиллагаа явагдаж байх үед 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ054 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч “Хан констракшн сервис” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь “ХЭС” ХХК болохыг тогтоосон /хх 11/ байх боловч барьцааны хөрөнгийг төлбөр төлөгчид санал болгох ажиллагаа явуулсныг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй юм. Иймд нэхэмжлэгч “ХЭС” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

 

            Хоёр дахь албадан дуудлага худалдаагаар барьцааны эд хөрөнгө нь худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасны дагуу төлбөр авагчид эд хөрөнгийг санал болгох ажиллагаа нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цагт тус албаны 408 тоот өрөөнд болохыг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 4/29173, 4/29174 дугаар албан бичгээр төлбөр төлөгчид мэдэгдсэн, мөн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 4/28095, 4/28096 тоот албан бичгээр төлбөр төлөгчид, нэхэмжлэгч “ХЭС” ХХК-д 4/28097 тоот албан бичгээр тус тус санал болгох ажиллагаа 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 09 цагт тус газрын 402 тоотод болохыг мэдэгдсэн байна. /хх70-74/

 

            Нэхэмжлэгч “ХЭС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг санал болгох ажиллагаанд оролцож, өмчлөлийн зүйл нь өөр компанийн өр төлбөрт гуравдагч этгээдэд шилжихийг зөвшөөрөхгүй талаар, төлбөр авагч “Голомт банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь барьцааны гэрээний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар саналаа илэрхийлсэн нь шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэлд тусгагджээ.

 

            Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хуульд заасан журмаар явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг буруутгах үндэслэлгүй байна.

 

Санал болгох хурлаар барьцааны хөрөнгийг “Голомт банк” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дотор эд хөрөнгийн үнийн зөрүү 434 287 167 төгрөгийг шилжүүлснээр өмчлөх эрх шилжих талаар төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 4/29099, 4/29100 дугаар албан бичгээр мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2 дахь хэсгийг зөрчихгүй.  

 

            Мөн нэгэнт улсын бүртгэлээр баталгаажсан хөрөнгийг барьцаалсан, барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх тул өмчлөгч өөрчлөгдсөнөөр барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаалагчийн эрх хэрэгжихгүй байх үндэслэлгүй бөгөөд өмчлөгч эрхээ зөрчигдсөн гэж үзвэл буруутай этгээдээс хохирлоо шаардах эрх нээлттэй.

 

            Иймд эд хөрөнгийг санал болгох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/00749 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ