Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 749

 

 

 

 

 

 

 

 

 2020 оны03 срын 26 өдөр

                           181/ШШ2020/00749

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х Э С ХХК -ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Н Ш Ш Г Г - т холбогдох

 

 Гуравдагч этгээд: Г Б ХХК

 

Улсын бүртгэлийн Ү-2203008727 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, Их засаг өргөн чөлөө-6 дугаар бүхий 5 давхар барилгын 1 дүгээр давхарт байрлах 246.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Г Б ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтуяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал, Г.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн санал болгох ажиллагаанаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2001 дүгээр шийдвэрээр Хан констракшн ХХК-аас 654,539,088 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгохоор шийдвэрлэж, төлбөрийн үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Хан компанийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Их засаг өргөн чөлөө 6 дугаар бүхий 5 давхар барилгын 1 дүгээр давхарт байрлах 246.4 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байсан.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2014 оноос хэрэгжиж эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэрэгжих явцад Хан трэйвэл энд сервис ХХК-ийн зүгээс Хан компанид холбогдуулж өмчлөлтэй холбоотой маргаанаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хан констракшн ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцуулсан барьцаа хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар шүүхийн шийдвэрээр Х Э С ХХК-ийг барьцаа хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн.

Өмчлөгчөөр шийдвэрлэсэн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2017 онд Н Ш Ш Г Г т хандсан. 2017 онд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсч түүнээс хойш Х Э С ХХК-ийг өмчлөгчөөр тогтоохтой холбоотой ажиллагаа хийгдээгүй.

Манай компанийн зүгээс өмчлөгчөөр тогтоох шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой хүсэлт, шаардлагыг удаа дараа хүргүүлсэн боловч хэрэгжүүлээгүй. Шийдвэр гүйцэтгэх газраас Хан констракшн ХХК, Г Б нарын хоорондох төлбөрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа барьцаа хөрөнгө болох шүүхийн шийдвэрээр манай компанийн өмчлөл мөн болох нь тогтоогдсон хөрөнгийг 2 удаа дуудлага худалдаанд оруулсан ч тухайн хөрөнгө худалдан борлогдоогүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.5 дахь хэсэгт заасны дагуу төлбөр авагч Голомт банкинд санал болгосон. Санал болгох уулзалтанд Хан констракшн ХХК, Хан компани, Х Э С ХХК, Голомт банкны төлөөллүүд уулзсан. Уулзалтаар Г Б төлбөртөө тооцож авах эсэх, төлбөрийн зөрүүгийн талаар ярилцсан. Манай компани өмчлөгчөөр тогтоогдсон учраас өмчлөгчөөр тогтоогдсон шийдвэр хэрэгжсэний дараа санал болгох уулзалт болох учиртай. Төлбөрийн зөрүүг шилжүүлээгүй тохиолдолд өмчлөгч компани авах эрхтэй болно. Манай компанид өмчлөгчөөр тогтоосон шийдвэр хэрэгжээгүй байгаа тохиолдолд Хан компани өмчлөгч хэвээр үлдэж байгаа учраас төлбөрийн зөрүү Хан компанид очих сөрөг үр дагавар үүснэ.

Өмчлөгчөөр тогтоосон шийдвэртээ түүнийгээ хэрэгжүүлж чаддаггүй. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээр хангуулаад шилжүүллээ гэхэд төлбөрийн үлдэгдлээ авч чадахгүй байх асуудал үүсч байна. Иймд тухайн өдрийн санал болгох ажиллагаанаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрээр Хан компанийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Их засаг өргөн чөлөө-6 дугаар бүхий 5 давхарт барилгын 1 дүгээр давхарт байрлах объектыг Х Э С ХХК-ийг өмчлөгчөөр тогтоох шийдвэр гарсан. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт барьцааны гэрээтэй, төлбөрийн асуудал явагдаж байгаа.

2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Хан констракшн сервис ХХК-аас 657,969,733 төгрөг гаргуулж Голомт банкинд олгохоор шүүхийн шийдвэр гарсан. Төлбөр авагч Г Б нь зөрүү төлбөрийг төлснөөр өмчлөх эрх үүснэ гэсэн шийдвэр дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан. Өнөөдрийг хүртэл Г Б төлбөрөө төлөөгүй. Санал болгох хурлын шийдвэрээр Г Б 434,287,167 төгрөгийг зөрүү төлбөрт төлөх ёстой байсан. Хан сервис компанийн өмчлөгчөөр тогтоолгох асуудлын хувьд манайх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйл зааснаар дарааллын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа.

Мөн тус хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэх баримт бичгийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор барьцаалсан битүүмжилсэн, хураан авсан хөрөнгийг бусдад шилжүүлсэн тохиолдолд уг хөрөнгө хэний эзэмшилд шилжсэнээс үл хамааран гаргуулж, түүнийг төлбөрт суутгана гэж заасан тул барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн ч барьцааны эрх мөн адил шилжиж, өмчлөх эрх тогтоосон үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа хуулийн дагуу явагдаж байна.

Иймээс манайх дараалал харгалзаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа. Иймд санал болгох хурлын шийдвэр хуульд нийцсэн гэж үзэж байна” гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байгаа. 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр  654,539,088 төгрөг, мөн барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Их засаг өргөн чөлөө 6 дугаар бүхий 5 давхар барилгын 1 дүгээр давхарт байрлах 246.4 м.кв талбайг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг Хан констракшн ХХК-иас гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан. Тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нийт 6 жилийн хугацаатай явагдсан.

6 жилийн хугацаанд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаанд төлбөр төлөгч гомдол гаргах процессийн ажиллагаа явагдсаар байгаа. Үүний дараа санал болгох хурлын шийдвэр гарсан. Шийдвэр гарах явцад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны процессийн маш олон зөрчил гарсан. Ажиллагаануудын талаар төлбөр авагч, төлөгч төлөгч талд мэдэгдэх ёстой байтал мэдэгдээгүй.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Голомт банкнаас н.Мандах гэх хүн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан. н.Мандах гэх хүний итгэмжлэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хавтаст хэрэгт 2014 онд өгөгдсөн. Итгэмжлэлийн хугацаа 2015 онд дууссан. Итгэмжлэлийн хугацаанд анхны албадан дуудлага худалдаа буюу хөрөнгө битүүмжлэх, хөрөнгө хураах зэрэг ажил явагдсан.

Үүнээс хойш ажиллагаа хүчингүй болсны дараа дахиж ажиллагаа явагдсан талаар төлбөр авагч талд мэдэгдээгүй. Энэ бүх ажиллагаа итгэмжлэлгүй явагдсан байсан. Санал болгох хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оруулсан. Санал болгох хурлаар хөрөнгийн үнэлгээ тэрбум гаран төгрөг болсон талаар, үүнтэй холбоотой зөрүү төлбөр төлөх талаар, барьцаа хөрөнгийг шилжүүлэх зэрэг асуудлууд нь цаг хугацаа үрэлгүй нэг дор нэг өдөр шийдэгдсэн байсан. Үүнд Голомт банкны зүгээс гомдолтой байна.

Санал болгох хурал дээр хугацаа өгөх боломжтой байсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэх байгууллага санал болох хурлыг хийж зөрүү мөнгийг төлбөл барьцаа хөрөнгийг шилжүүлнэ, танайх авахгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг буцаана гэж ярьж шийдвэр гарсан.

Өмчлөгчөөр тогтоосон асуудал шийдэгдсэний дараа санал болгох хурлыг хийх ёстой байсан. Иймээс санал болгох хурлыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, санал болгох хурлыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Голомт банкны зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон процессийн ажиллагаанд гомдолтой байна. Мэдэгдэх болон тайлбар авах ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байна” гэв.

   ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х Э С ХХК нь хариуцагч Н Ш Ш Г Г т холбогдуулан санал болгох ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Н Ш Ш Г Г  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2001 дүгээр шийдвэрээр Ханконстракшн сервис ХХК-иас 448,249 ам доллар гаргуулж, нэхэмжлэгч Г Б ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Тус шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 18-ны 8630 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж гарч, 2014 оны 9 дүгээр сарын 19-ний 550 “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол”-р шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

 

2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/254 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Их засаг өргөн чөлөө-6-д байрлах барилгын 1 давхар, 246,6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн авч, тэмдэглэл үйлдсэн ба уг үл хөдлөх эд хөрөнгийг 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 03/259 тоот тогтоолоор хураан авчээ.

 

Шинжээч “Итгэлт эстимэйт” ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Их засаг өргөн чөлөө-6-д байрлах барилгын 1 давхар, 246,6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээний хандлагаар 1,093,371,900 төгрөгөөр үнэлж, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлуулагдаагүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Энэ хуулийн 72.1, 72.2-т заасны дагуу дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө суутган авахыг санал болгоно. Хэрэв төлбөр авагч авахаас татгалзсан, эсхүл хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй бол худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана.” гэж, 73.5-д “Төлбөр авагчийн барьцаанд байгаа, эсхүл дундын өмчлөлийн худалдан борлогдоогүй төлбөр төлөгчид ногдох хөрөнгийг энэ хуулийн 55.3-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож, үнийн дүнгийн зөрүүг төлснөөр төлбөр авагчид шилжүүлнэ.” гэж тус тус заажээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаар дугаар санал болгох хурлаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д зааснаар барьцааны хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэн, зөрүү 434,287,167 төгрөгийн төлбөрийг төлбөр авагчаас гаргуулж, төлбөр төлөгчид шилжүүлэх” гэж шийдвэрлэсэн.

 

Нэхэмжлэгч нь “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 54 дүгээр шийдвэр “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Их засаг өргөн чөлөө-6-д байрлах барилгын 1 давхар, 246,6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Хан трейвэл энд сервис ХХК-ийг тогтоож шийдвэрлэсэн. Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах боломжгүй болоод байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3-д заасан дараалал зөрчиж санал болгох хурлыг зохион байгуулсан. Хэрэв, төлбөр авагч Г Б ХХК нь зөрүү мөнгийг төлөөд үл хөдлөх эд хөрөнгийг авсан тохиолдолд өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3-д “Хэд хэдэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу хэд хэдэн төлбөр авагчийн хөрөнгийн шинжтэй шаардлагыг гүйцэтгэх баримт бичиг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэгдсэн дарааллын дагуу хангах бөгөөд, эхний гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаснаар дараагийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зарчмыг баримтална.” гэж заажээ.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Их засаг өргөн чөлөө-6-д байрлах барилгын 1 давхар, 246,6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангуулахыг үүрэг болгосон гүйцэтгэх баримт бичиг өмнө нь бүртгэгдсэн ажиллагаа явуулж байгаа нь хуульд заасан дараалал болон журам зөрчөөгүй байна.

 

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаар дугаар санал болгох ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Х Э С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д  заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаар дугаар санал болгох ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Х Э С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР