Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00899

 

Хантрэйвэл энд сервис ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Ундрах, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/00749 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1162 дугаар магадлалтай

Хантрэйвэл энд сервис ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 

Улсын бүртгэлийн Ү-2203008727 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, I хороо, Их засаг өргөн чөлөө-6 дугаар бүхий, 5 давхар барилгын 1 дүгээр давхарт байрлах 246.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Голомт банк ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, Б.Цэрэннадмид, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтуяа, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: 2019.12.13-ны өдрийн санал болгох ажиллагаанаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013.11.05-ны өдрийн 2001 дүгээр шийдвэрээр Хан констракшн ХХК-аас 654,539,088 төгрөгийг гаргуулж, Голомт банкинд олгохоор шийдвэрлэж, төлбөрийн үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Хан компанийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн I хороо, Их засаг өргөн чөлөө 6 дугаар бүхий 5 давхар барилгын 1 дүгээр давхарт байрлах 246.4 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байсан. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2014 оноос хэрэгжиж эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэрэгжих явцад Хантрэйвэл энд сервис ХХК-ийн зүгээс Хан компанид холбогдуулж өмчлөлтэй холбоотой маргаанаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хан констракшн ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцуулсан барьцаа хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар шүүхийн шийдвэрээр Хантрэйвэл энд сервис ХХК-ийг барьцаа хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн. Өмчлөгчөөр шийдвэрлэсэн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2017 онд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан. 2017 онд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсч түүнээс хойш Хантрэйвэл энд сервис ХХК-ийг өмчлөгчөөр тогтоохтой холбоотой ажиллагаа хийгдээгүй. Манай компанийн зүгээс өмчлөгчөөр тогтоох шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой хүсэлт, шаардлагыг удаа дараа хүргүүлсэн боловч хэрэгжүүлээгүй. Шийдвэр гүйцэтгэх газраас Хан констракшн ХХК, Голомт банк нарын хоорондох төлбөрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа барьцаа хөрөнгө болох шүүхийн шийдвэрээр манай компанийн өмчлөл мөн болох нь тогтоогдсон хөрөнгийг 2 удаа дуудлага худалдаанд оруулсан ч тухайн хөрөнгө худалдан борлогдоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.5 дахь хэсэгт заасны дагуу төлбөр авагч Голомт банкинд санал болгосон. Санал болгох уулзалтад Хан констракшн ХХК, Хан компани, Хантрэйвэл энд сервис ХХК, Голомт банкны төлөөллүүд уулзсан. Уулзалтаар Голомт банк төлбөртөө тооцож авах эсэх, төлбөрийн зөрүүгийн талаар ярилцсан. Манай компани өмчлөгчөөр тогтоогдсон учраас өмчлөгчөөр тогтоогдсон шийдвэр хэрэгжсэний дараа санал болгох уулзалт болох учиртай. Төлбөрийн зөрүүг шилжүүлээгүй тохиолдолд өмчлөгч компани авах эрхтэй болно. Манай компанид өмчлөгчөөр тогтоосон шийдвэр хэрэгжээгүй байгаа тохиолдолд Хан компани өмчлөгч хэвээр үлдэж байгаа учраас төлбөрийн зөрүү Хан компанид очих сөрөг үр дагавар үүснэ. Өмчлөгчөөр тогтоосон шийдвэртээ түүнийгээ хэрэгжүүлж чаддаггүй. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээр хангуулаад шилжүүллээ гэхэд төлбөрийн үлдэгдлээ авч чадахгүй байх асуудал үүсч байна. Иймд тухайн өдрийн санал болгох ажиллагаанаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.06.13-ны өдрийн шийдвэрээр Хан компанийн өмчлөлийн 5 давхар барилгын 1 дүгээр давхарт байрлах объектыг Хантрэйвэл энд сервис ХХК-ийг өмчлөгчөөр тогтоох шийдвэр гарсан. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт барьцааны гэрээтэй, төлбөрийн асуудал явагдаж байгаа. 2013.11.05-ны өдрийн Хан констракшн сервис ХХК-аас 657,969,733 төгрөг гаргуулж Голомт банкинд олгохоор шүүхийн шийдвэр гарсан. Төлбөр авагч Голомт банк нь зөрүү төлбөрийг төлснөөр өмчлөх эрх үүснэ гэсэн шийдвэр дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан. Өнөөдрийг хүртэл Голомт банк төлбөрөө төлөөгүй. Санал болгох хурлын шийдвэрээр Голомт банк 434,287,167 төгрөгийг зөрүү төлбөрт төлөх ёстой байсан. Хан сервис компанийн өмчлөгчөөр тогтоолгох асуудлын хувьд манайх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйл зааснаар дарааллын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа. Мөн тус хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэх баримт бичгийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор барьцаалсан битүүмжилсэн, хураан авсан хөрөнгийг бусдад шилжүүлсэн тохиолдолд уг хөрөнгө хэний эзэмшилд шилжсэнээс үл хамааран гаргуулж, түүнийг төлбөрт суутгана гэж заасан тул барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн ч барьцааны эрх мөн адил шилжиж, өмчлөх эрх тогтоосон үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа хуулийн дагуу явагдаж байна. Иймээс манайх дараалал харгалзаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа. Иймд санал болгох хурлын шийдвэр хуульд нийцсэн гэж үзэж байна гэжээ.

Гуравдагч этгээдийн гаргасан хариу тайлбарт: Манайх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байгаа. 2013.11.05-ны өдөр 654,539,088 төгрөг, мөн барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Их засаг өргөн чөлөө 6 дугаар бүхий 5 давхар барилгын 1 дүгээр давхарт байрлах 246.4 м.кв талбайг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг Хан констракшн ХХК-аас гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан. Тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нийт 6 жилийн хугацаатай явагдсан. 6 жилийн хугацаанд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаанд төлбөр төлөгч гомдол гаргах процессын ажиллагаа явагдсаар байгаа. Үүний дараа санал болгох хурлын шийдвэр гарсан. Шийдвэр гарах явцад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны процессын маш олон зөрчил гарсан. Ажиллагаануудын талаар төлбөр авагч, төлөгч төлөгч талд мэдэгдэх ёстой байтал мэдэгдээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Голомт банкнаас н.Мандах гэх хүн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан. н.Мандах гэх хүний итгэмжлэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгт 2014 онд өгөгдсөн. Итгэмжлэлийн хугацаа 2015 онд дууссан. Итгэмжлэлийн хугацаанд анхны албадан дуудлага худалдаа буюу хөрөнгө битүүмжлэх, хөрөнгө хураах зэрэг ажил явагдсан. Үүнээс хойш ажиллагаа хүчингүй болсны дараа дахиж ажиллагаа явагдсан талаар төлбөр авагч талд мэдэгдээгүй. Энэ бүх ажиллагаа итгэмжлэлгүй явагдсан байсан. Санал болгох хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оруулсан. Санал болгох хурлаар хөрөнгийн үнэлгээ тэрбум гаран төгрөг болсон талаар, үүнтэй холбоотой зөрүү төлбөр төлөх талаар, барьцаа хөрөнгийг шилжүүлэх зэрэг асуудлууд нь цаг хугацаа үрэлгүй нэг дор нэг өдөр шийдэгдсэн байсан. Үүнд Голомт банкны зүгээс гомдолтой байна. Санал болгох хурал дээр хугацаа өгөх боломжтой байсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэх байгууллага санал болох хурлыг хийж зөрүү мөнгийг төлбөл барьцаа хөрөнгийг шилжүүлнэ, танайх авахгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг буцаана гэж ярьж шийдвэр гарсан. Өмчлөгчөөр тогтоосон асуудал шийдэгдсэний дараа санал болгох хурлыг хийх ёстой байсан. Иймээс санал болгох хурлыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, санал болгох хурлыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. Голомт банкны зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон процессын ажиллагаанд гомдолтой байна. Мэдэгдэх болон тайлбар авах ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/00749 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаар дугаар санал болгох ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Хантрэйвэл энд сервис ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1162 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/00749 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.26-ны өдрийн 1162 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хэргийн гол үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй ба хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй юм. Мөн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн зүгээс маргаж буй үйл баримт, хуулийн үндэслэлд огтоос дүгнэлт хийгээгүй ба зөвхөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилтэд үндэслэж шийдвэр гаргасан нь туйлын буруу юм. Нэхэмжлэгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу хэрэгжүүлсэн барьцаа хөрөнгийг битүүмжилсэн, хураасан, үнэлгээ тогтоосон, албадан дуудлага худалдаанд оруулсан зэрэг ажиллагаанд огтоос маргаагүй, зөвхөн санал болгох ажиллагаа нь хууль бус тул хүчингүй болгуулахаар маргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх санал болгох ажиллагаа хууль зөрчөөгүй гэж дүгнэхдээ нэхэмжлэгчийн маргаж буй гол үйл баримтад бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны ерөнхий хэрэгжилтэд үндэслэсэн тул давж заалдах шатны шүүх хэргийн гол үйл баримтад огт дүгнэлт хийгээгүй байна. Нэхэмжлэгчийн маргаж буй үйл баримтын тухайд: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Улсын бүртгэлийн Ү-2203008727 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Их засаг өргөн чөлөө-6 дугаар бүхий, 5 давхар барилгын 1 дүгээр давхарт байрлах 246.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах дараах 2 шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа билээ. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013.11.05-ны өдрийн 2001 дүгээр шийдвэрээр Хан Констракшн ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 654.539.088 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамжид 3,430,645 төгрөг, нийт 657,969,733 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгох, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Улсын бүртгэлийн Ү-2203008727 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Их засаг өргөн чөлөө-6 дугаар бүхий, 5 давхар барилгын 1 дүгээр давхарт байрлах 246.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шийдвэр. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шаны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ054 дүгээр шийдвэрээр Хан Трэйвэл энд Сервис ХХК-ийг дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн шийдвэрүүд юм. Мөн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт заасан гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах дараалалд хамаарахгүй 2 шийдвэрийг хамаараптай мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж барьцаа хөрөнгийг дарааллын дагуу гэх үндэслэлээр Голомт банкны өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэснээр 101/ШШ054 дүгээр шийдвэрийг хэрэгжих боломжгүй болгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4 дэх хэсэгт дараагийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах нь эхний гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг хангуулах төлбөр авагчийн ашиг сонирхолд хамааралгүй бол энэ хуулийн 112.3-т заасан дарааллыг баримтлахгүй гэж заасан. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4 дэх хэсгийг үндэслэн 101/ШШ054 дүгээр шийдвэрийг хэрэгжүүлснээр 2001 дүгээр шийдвэрийн төлбөрт авагч Голомт банкны эрх ашиг сонирхлыг хөндөхгүй юм. Харин Голомт банкнаас үнэлгээний зөрүүг төлсөн тохиолдолд зөрүүг 2001 дүгээр шийдвэрийн хариуцагч буюу төлбөр төлөгч Хан констракшн сервис ХХК-д олгохоор шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Хан констракшн сервис ХХК-д үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөл боломжийг бүрдүүлэн өгч тус компанид хууль бусаар давуу байдлыг олгож, харин тус хөрөнгийн жинхэнэ өмчлөгч болох манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Ийнхүү Шийдвэр гүйцэтгэх газраас 2001, 101/ШШ054 дүгээр шийдвэрүүдийг албадан гүйцэтгэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3, 112.4 дэх хэсгүүдэд заасан журмыг ноцтой зөрчиж илт хууль бусаар шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөсөн нь буруу юм. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.26-ны өдрийн 181/ШШ2020/00749 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.26-ны өдрийн 1162 дугаар магадлалд өөрчлөлд оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Хантрэйвэл энд сервис ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2019.12.13-ны өдрийн санал болгох хурлаар Сүхбаатар дүүрэг, I хороо, Их засаг өргөн чөлөө-6 дугаар бүхий, 5 давхар барилгын 1 дүгээр давхарт байрлах 246.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Голомт банк ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан ба үндэслэлээ ...шүүхийн шийдвэрээр Хантрэйвэл энд сервис ХХК-ийг барьцаа хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн шийдвэр хэрэгжсэний дараа санал болгох уулзалт болох учиртай гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2001 шийдвэрээр Хан констракшн сервис ХХК-аас 448,249.97 ам.доллар буюу 654,539,088.06 төгрөгийг гаргуулж, Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэснийг Хан констракшн сервис ХХК сайн дураар биелүүлээгүй тул хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч нь үүргийн гүйцэтгэлийн барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй, дуудлага худалдаанд оруулах үнийн санал ирүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч хүлээн авсан бөгөөд үнийн санал гаргаагүй байх тул Голомт банк ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцжээ.

Итгэлт Эстимэйт ХХК нь 2016.03.23-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайланг гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байдал тогтоогдоогүй, шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч Хан ХХК, Хан констракшн сервис ХХК-д тус тус мэдэгдэж, шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувиар анхны албадан дуудлага явуулах доод үнэ тогтоогддог, хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч нэг сарын хугацаанд өөрөө худалдан борлуулж төлбөр төлөх санал гаргах эрхтэйг тайлбарласан тухай баримт хэрэгт авагдсан байна.

Түүнчлэн мэдэгдлийг төлбөр төлөгч нарт хүргүүлж анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар мэдэгджээ.

Дээрх албадан дуудлага худалдаагаар барьцааны эд хөрөнгө нь худалдан борлогдоогүй тул төлбөр авагчид эд хөрөнгийг санал болгох ажиллагааны мэдэгдлийг төлбөр төлөгч болон нэхэмжлэгч Хантрэйвэл энд сервис ХХК-д санал болгох ажиллагаа явагдах товыг мэдэгдсэн тухай баримт хэрэгт байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх явцад төлбөр төлөгч Хан констракшн сервис ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Хантрэйвэл энд сервис ХХК болохыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ054 дугаар шийдвэрээр тогтоосон байх боловч барьцааны хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа явуулсныг хууль бус гэж үзэхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3-т Хэд хэдэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу хэд хэдэн төлбөр авагчийн хөрөнгийн шинжтэй шаардлагыг гүйцэтгэх баримт бичиг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэгдсэн дарааллын дагуу хангах бөгөөд, эхний гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаснаар дараагийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зарчмыг баримтална гэж, мөн зүйлийн 112.4. Дараагийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах нь эхний гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг хангуулах төлбөр авагчийн ашиг сонирхолд хамааралгүй бол энэ хуулийн 112.3-т заасан дарааллыг баримтлахгүй гэж зохицуулжээ.  

Шийдвэр гүйцэтгэгчийн 2019.12.13-ны өдрийн тэмдэглэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг санал болгох ажиллагаанд оролцож, өмчлөлийн зүйл нь өөр компанийн өр төлбөрт гуравдагч этгээдэд шилжихийг зөвшөөрөхгүй талаар, төлбөр авагч Голомт банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь барьцааны гэрээний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар саналаа илэрхийлсэн нь тусгагдсан, санал болгох хурлаар барьцааны хөрөнгийг Голомт банк ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон, ...эд хөрөнгийн үнийн зөрүүг шилжүүлснээр өмчлөх эрх шилжих талаар төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт албан бичгээр мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

Иймээс ...шийдвэрүүдийг албадан гүйцэтгэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3, 112.4 дэх хэсгүүдэд заасан журмыг ноцтой зөрчиж илт хууль бусаар шийдвэрлэсэн байхад шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөсөн нь буруу гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/00749 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1162 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

Б.УНДРАХ

Х.СОНИНБАЯР

Д.ЦОЛМОН