Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1161

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/00950 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.М-ын хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд төлсөн 33 740 538 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, хариуцагч “Х” ХХК-аас хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн 33 740 538 төгрөгийг буцаан гаргуулах гэж тодорхойлж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дараах зүйлс хамаарна. Үүнд 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1500019383 тоот зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох эрхгүй бөгөөд тооцон авсан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зээлдэгч буцаан авах эрхтэй болно. Тодруулбал, тус хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл, мөн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл болно. Хариуцагч талын тайлбараар анхнаасаа шинэ зээл олгох зорилгоор энэ гэрээг байгуулаагүй, энэ гэрээ бол өмнөх зээлийн гэрээний үргэлжлэл гэж тайлбарладаг. Энэхүү тайлбараар шинээр зээл олгох тухай гэрээ байгуулж, гадаад хэлбэрийг бий болгосон нь хожим үр дүнд хүрэх буюу шинээр зээл олгох хүсэл зориггүй байсныг илтгэж байгаа. “Хас банк”-ХХК-ийн зүгээс Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1, 224.2.3-т тус тус заасны дагуу хүү тооцон авах эрхээ нэгэнт алдсан байна. Хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон авах эрхээ алдсан тул хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцон авсан 33 740 538 төгрөгийг буцаан гаргуулах эрхтэй. Учир нь зээлийн хөрөнгө болох 80 000 000 төгрөгийг зээлдэгчид зориулалтын дагуу бодитоор ашиглах боломжоор хангаж, зээлийн хөрөнгийг ашигласны үндсэн дээр эргэн төлөх боломжоор хангах үүрэгтэй байсан. Энэхүү үүргээ банк зөрчсөн байгаа нь зээлдэгч намайг эргэлтийн хөрөнгөө ашиглах, өөрийн бизнестээ оруулж, эргэлдүүлэх, үүнээсээ ашиг орлого олж, эргээд зээл төлөх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн. Бодитоор зээл олгоогүй, зээлийн мөнгөн хөрөнгийг зориулалтын дагуу чөлөөтэй ашиглаж, гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжийг санаатай хязгаарлаж, өөр зээл рүү суутган авсан, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон болно. Дээрх байдлаар зээлийг бодитоор ашиглуулаагүйн улмаас хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон авах эрхээ банкны зүгээс алдсан атлаа хууль зүйн ямар нэг үндэслэлгүйгээр миний харилцах данснаас хүү, нэмэгдүүлсэн хүү суутгасан болно. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224.2, 224.2.3-т мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах гэж зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох эрхээ хариуцагч алдсан ба хүү, нэмэгдүүлсэн хүүнд суутган төлүүлсэн 33 740 538 төгрөгийг зээлдэгч буцаан шаардах эрхтэй болно. Мөн энэ асуудлын хүрээнд хариуцагч банкны гэм буруутай үйлдэл нь баримтаар тогтоогдсон байх учир гэм буруутай үйлдлийн улмаас хүү, нэмэгдүүлсэн хүү тооцогдож, зээлдэгчид хохирол учирсан бол энэхүү хохирлыг арилгах үүргийг Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч хүлээж байгааг дурдах нь зүйтэй. Иймээс зээлдэгч нь тухайн учирсан хохирлыг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзэх үндэслэлтэй юм. Нэхэмжлэлийн үндэслэлээ хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үр дагавар арилгуулах гэж шаардаагүй. Хариуцагч “Х” ХХК зээлийг зориулалтын дагуу ашиглах боломжоор хангах үүргээ биелүүлээгүйгээс Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224.2.3-т зааснаар хүү авах эрхээ алдсан. Банк хүү, нэмэгдүүлсэн хүү 33 740 538 төгрөг тооцон авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа тул энэ үндэслэлээр шаардаж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч тал гаргасан тайлбартаа талуудын хооронд байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1500019383 дугаар зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэл, 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн атлаа тайлбарынхаа 2.2 дахь хэсэгт банк үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн тул хүү, нэмэгдүүлсэн хүү авах эрхээ алдсан гэх логикгүй, хууль зүйн үндэслэлгүй байдлаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан байна. Тодруулбал нэхэмжлэгч нь “Х” ХХК-тай хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан гэх боловч Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасны дагуу “Х” ХХК-ийг үүрэг биелүүлэх хугацаагаа хэтрүүлсэн гэж үзэж, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхээ алдсан гэж тайлбарласан ба хэрэв гэрээний аль нэг тал үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж, хохирлоо барагдуулахыг шаардаж байгаа тохиолдолд тухайн гэрээ нь хүчин төгөлдөр байх шаардлагын үүднээс 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1500019383 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэрээ болохыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үндэслэлтэй. Мөн нэхэмжлэгч 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар арилгуулах гэж тодорхойлсон атлаа хэлцлийн дагуу “Х” ХХК-д эргүүлэн төлсөн үндсэн зээлийн төлбөрөө эргүүлэн шаардаагүй, ийнхүү шаардаагүйгээ 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн төлбөрт шилжсэн гэх байдлаар тайлбарлаж зөвхөн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсан нь 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу “Х” ХХК 80 000 000 төгрөгийг зээлдүүлсэн, нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Жижиг бизнесийн зээлд шилжүүлж гэрээ байгуулсан, үүний үр дүнд нэхэмжлэгч анх авсан байсан 80 000 000 төгрөгийг бага хүүтэйгээр эргүүлэн төлж байсан, энэ нь өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл байсан гэдгийг нотолж байгаа болно. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл биш болохыг ойлгож мэдэж байх боловч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлөхгүйн тулд хууль зүйн үндэслэлгүй, хоорондоо зөрчилтэй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн шинжтэй тайлбар, шаардлага, тодруулга гаргаж байна.

Үүссэн нөхцөл байдал нь нэг зээлийн төлбөрийг хаах зорилгоор өөр зээлийг олгосон эсхүл зээлдэгчид шинээр зээл олгосон хэрэг биш, харин нэхэмжлэгчийн зээлийн нөхцөл өөрчлөх хүсэлтийн дагуу зээлийн хугацааг сунгаж, хүүг бууруулах зэргээр зээлийн нөхцөлийг өөрчлөхдөө зээлийн шугамын гэрээний дансыг хааж, сар бүр эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн гэрээний данс руу зээлдэгчийн үүргийг шилжүүлсэн болно. Нэхэмжлэгч өөрийн бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулсан тус 80 000 000 төгрөгийг эргүүлэн төлж чадахгүйд хүрсэн тул харилцагчийн нөхцөл байдлыг харгалзан үзэж 2016 онд зээлийн нөхцөлийг өөрчилсөн. “Х” ХХК-ийн хувьд зээлдэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн түүний нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийн хүүг нь бууруулж хугацааг нь сунгасан. Зээлдэгчийн хүсэлтийг харгалзан гэрээг нь сунгасан байхад авсан зээлийнхээ хүүг төлөхгүй гэж тайлбарлаж, банкны гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор хийсэн гүйлгээг буруутган шинээр 80 000 000 төгрөгийн зээл авах байсан, түүнийгээ төлж чадах байсан мэтээр тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Түүнчлэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, хугацаа сунгах зэрэгт тогтоосон нэг загвараар гэрээг байгуулах ёстой, бусад байдлаар болохгүй гэж хориглосон зүйл байхгүй. Мөн харилцагчийн зээлийн дансыг өөрчилж болохгүй гэсэн хориглосон заалт байхгүй. 2014 оны зээлийн гэрээний хугацаа сунгах хүсэлтийн дагуу хугацааг сунгахдаа 2016 оны зээлийн гэрээ гэсэн нэртэй гэрээг хийсэн болно. Бие даасан гэрээ биш өмнөх зээлийн үргэлжлэл, 2014 оны зээл бүрэн төлөгдөөгүй байгаа болно. Нэхэмжлэгч нэмж 80 000 000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргаагүй, банкнаас дахиж зээл олгох хүсэл зориг илэрхийлээгүй, зөвхөн зээлийн нөхцөл өөрчилсөн зэргээс үзвэл банк нэхэмжлэгчид нэмж 80 000 000 төгрөг олгох үүрэг хүлээгээгүй болно. Иймд Иргэний хуулийн 223 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх нөхцөл байдал бий болоогүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул “Х” ХХК-д холбогдох зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд төлсөн 33 740 538 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 557 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я, өмгөөлөгч Д.Д нар давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг огт хангаагүй байна. Учир нь анхан шатны шүүхийн шүүгч нь хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлээгүй, болж өнгөрсөн үйл факт, хэрэгт байгаа баримтыг ямагт банкны талд ашигтайгаар тайлбарлан үнэлж, шүүхэд хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон баримт байх ёсгүй талаар заасан хуулийн заалтыг зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн. Мөн хууль хэрэглээний алдаа гаргаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байхын зэрэгцээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй зэрэг алдааг гаргасан байна.

Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох боломжийг боогдуулж, баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй, тухайн баримтаар нотлогдох боломжтой үйл баримтыг эсрэгээр нь үнэлж дүгнэн нэхэмжлэгчийг хохироосон. Давж заалдах шатны шүүхээс өмнө нь нэгэнт дүгнэгдсэн хэргийн нөхцөл байдлуудыг үл тоомсорлож, эсрэг байр суурь илэрхийлэн байж хариуцагч банкны эрх, ашгийг хамгаалсан шийдвэрийг гаргаад байна.

2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 206 тоот магадлалын үндэслэх хэсэгт “Зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу зээл буюу 80 000 000 төгрөг зээлдэгчийн дансанд шилжсэнээр банк гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, зээл олгогдсон гэж үзэхээр байх боловч уг зээлийг зээлдэгч өөрөө хэрхэн зарцуулсан үйл баримтыг тодруулах нь банкны зээлийн зориулалт, зээл ашиглалттай холбоотой хууль болон гэрээний заалт бодит байдал дээр хэрэгжсэн эсэхийг тодорхойлоход ач холбогдолтой” гэж дүгнэсэн.

Давж заалдах шатны шүүхийн заалтын хүрээнд баримт цуглуулах ажиллагааг нэхэмжлэгч талын хүсэлтээр хийсний дараагаар хариуцагч банк нь нэхэмжлэгчээс харилцах данснаас суутгал хийхдээ баталгаат гарын үсэг бүхий зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн гүйлгээ хийсэн нөхцөл байдал тогтоогдсон. Шинээр зээлийн харилцаа үүсч, хариуцагч банкны зүгээс зээл олгох үүргээ биелүүлсэн хэдий ч бодитоор ашиглах боломжийг хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байгаа нь илэрхий байсан. Гэтэл зээлийн гэрээ болон хуулиар хүлээсэн үүргийн дагуу бодитоор зээл олгох, зориулалтын дагуу ашиглах нөхцөлөөр хангах үүргээ биелүүлээгүй хариуцагч банкны үйлдлийг зөвтгөж, шинээр зээлийн харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн зүгээс “2014 оны зээлийн гэрээний үүрэг дуусаагүй” гэж хэрэгт авагдсан баримтыг буруу бөгөөд хэт хайхрамжгүй, хөнгөн дүгнэсэн.  2014 оны зээлийн дансны хуулга хавтаст хэрэгт авагдсан бөгөөд хамгийн арын нүүр нь хавтаст хэргийн 16 талд авагдсан. Энэхүү дансны хуулгаар хамгийн сүүлд 80 000 000 төгрөгийн төлөлт, мөн 299 078.12 төгрөгийн төлөлтийг хийснээр 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн үлдэгдэл 0.00 болж, зээлдэгчийн зүгээс 2014 оны зээлийг төлөх үлдэгдэлгүй болсныг харж болно. Энэ зээлийн данс хаагдсан байхын зэрэгцээ зээлийн мэдээллийн санд энэхүү зээл төлөгдсөн гэж бүртгэгдсэн. Энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

Мөн одоо нэхэмжилж буй 33 740 538 төгрөгийн хувьд 2014 оны зээлийн хүүгийн төлөлт огт биш, нэгэнт хаагдсан зээлийг төлөх боломжгүй ба харин 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний дагуу нээгдсэн 1500019383 тоот зээлийн данс төлсөн хүүгийн төлбөр байдгийг анхаарч үзээгүй байна.

Хэрэгт авагдсан бүх баримтуудаар 2016 оны зээлийн гэрээг шинэ зээлийн гэрээ гэж үзэх хангалттай үндэслэл бүрдсэн. Мөн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 206 тоот магадлалаар шинээр олгосон зээл гэж үзэх талаар үндэслэл бүхий дүгнэлтийг 2 параграфаар өгсөн. Энэхүү магадлалд заасан дүгнэлтийг эс зөвшөөрч хэргийн талууд гомдол гаргалгүй магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байтал анхан шатны шүүхээс эдгээр нөхцөл байдлыг үл анхаарч 2016 зээлийн гэрээний олон нөхцөлүүдээс зөвхөн эргэн төлөлтийн хуваарийг хэсэгчлэн авч үнэлж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2016 оны зээлийн гэрээний нөхцөлүүдээс зөвхөн хариуцагч банкны эрх ашигт нийцэх хэсгийг (эргэн төлөлтийн хуваарь) таслан авч шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа нь хэтэрхий нэг талд бөгөөд хариуцагч банкны ашиг сонирхлыг илүүд үзсэн гэж үзэх үндэслэл, хардлагыг төрүүлж байна.

Анхан шатны шүүхээс хууль хэрэглээний алдаа гаргасан. Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлдэгчид мөнгө хүлээлгэн өгч, зориулалтын дагуу ашиглах нөхцөлийг хангасан үеэс л арилжааны банк зээлийн хүү тооцох ёстой. Зээлийн мөнгөн хөрөнгийг хуульд заасны дагуу зээлийн данс нээж шилжүүлсэн боловч зориулалтын дагуу ашиглах нөхцөл боломжийг хязгаарлаж байсан бол энэ хугацаандаа ногдох хүүг төлүүлэх нь Иргэний хуулийн үүргээ шударгаар, зохих ёсоор биелүүлэх хуулийн шаардлагад нийцэхгүй.

2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 80 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгосон хэдий ч тэр өдрөө өөр зээлд харилцагчийн зөвшөөрөлгүй суутган төлүүлж, зориулалтын дагуу ашиглах боломжийг хязгаарласан. Гэвч тэр өдрөөс хойш 2016 оны зээлд нэхэмжлэгчээр 33 740 538 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтаар үндэслэлгүйгээр хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын шаардлага, үндэслэлээ нотлох боломжийг хязгаарласан. Монгол банкны дэргэдэх Зээлийн мэдээллийн сангаас нэхэмжлэгчийн нэр дээрх хаагдсан болоод хаагдаагүй зээлийн мэдээллүүдийг гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүхээс хангаагүй. Зээлийн мэдээллийн сангаас ирэх мэдээллээр 2014 оны зээл хаагдсан талаар, 2016 оны зээл ямар ангилалд идэвхитэй байгааг бүрэн тодорхойлох боломжтой байсан. Гэтэл энэхүү баримтыг гаргуулах хүсэлтийг хангаагүй атлаа 2014 оны зээлийг хаагдаагүй гэж хэрэгт авагдаагүй үйл баримтыг үнэлж дүгнэсэн. Гэвч хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар 2014 оны зээл 0.00 үлдэгдэлтэй болсныг харах боломжтой байсан.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч “Х” ХХК-аас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд төлсөн 33 740 538 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж,  үндэслэлээ зээлийн хөрөнгийг бодитоор зээлдэгчид олгож, ашиглах боломж олгоогүй атлаа хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тайлбарласан.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч марган, 2014 оны зээлийн гэрээний үүргээ зээлдэгч биелүүлэх боломжгүй болж хугацааг нь сунгуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, зээлийн гэрээний нөхцлийг өөрчилж талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан, зээлийн үлдэгдэл төлбөр 80 000 000 төгрөгт хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг 2016 оны гэрээгээр үүссэнийг зээлдэгч зөвшөөрч төлсөн тул буцаан шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж татгалзал гаргажээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 5001191150 тоот Зээлийн шугамын гэрээгээр зээлдэгч Б.М- нь “Х” ХХК-аас жилийн 27.60 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлсэн 80 000 000 төгрөгийн зээлийг хүлээн авсан, зээл ашигласны хүүг сар тутам төлж байсан, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 78 274 320 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байсан талаарх бичгийн баримтыг хариуцагч шүүхэд гаргасан /хх-17-19, 91-93/, тус 2014 оны зээлийн гэрээ байгуулагдсан болон зээлийн үлдэгдэлтэй байсан үйл баримтын тухайд нэхэмжлэгч маргаагүй.

 

Зээлдэгч Б.М-аас 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр зээлсэн 80 000 000 төгрөгийг хугацаанд нь төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн тул гэрээний хугацааг сунгаж өгөхийг хүссэн, мөн эхний 6 сард хүүг дангаар төлөх, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тогтоохдоо сард 2 000 000 төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр төлөх санал бүхий хүсэлтийг “Х” ХХК-д бичгээр гаргасан баримт хэрэгт авагдсан байна. /хх-86/

 

Хэргийн дээрх нөхцөл байдал, бичгийн баримтуудаас үзвэл зээлдэгч Б.М- нь 2014 оны зээлийн гэрээний үүрэгт 78 274 320 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байсан, зээлийн төлбөрөө хугацаанд нь биелүүлэх боломжгүй шалтгаанаар гэрээг сунгуулах хүсэлтийг зээлдүүлэгчид гаргасан нь нотлогдсон байна. Иймд 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1500019383 тоот зээлийн гэрээг зээлдэгчийн хүсэл зоригийн дагуу Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт зааснаар талууд харилцан тохиролцож гэрээний нөхцлийг шинэчлэн тогтоох замаар байгуулагдсан, талуудад Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Зээлдүүлэгч нь 80 000 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зээлдэгч Б.М-ын 50011971117 тоот харилцах дансанд 1500019383 тоот зээлийн гэрээний дагуу байршуулсан тул /хх-89/ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зээл олгогдсон тооцно.

 

Харин мөн өдрөө зээлдэгчийн 50011971117 тоот харилцах данснаас 80 000 000 төгрөгийг 5001191150 тоот зээлийн шугаман дансанд шилжүүлснээр 2014 оны зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 78 274 320 төгрөгийн үндсэн зээл, 2 024 757 төгрөгийн хүүгийн төлбөр хаагдсан байх бөгөөд зээлдүүлэгч ийнхүү 2014 оны гэрээний үлдэгдэл төлбөрийг үл маргах журмаар төлүүлсэн нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол зээл, түүний хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгчийн болон батлан даагчийн данснаас үл маргалдах журмаар төлүүлэх” тухай заалтыг зөрчихгүй. 2014 оны зээлийн шугамын гэрээний 2.2.1-д “энэ гэрээнд заасан тохиолдолд гэрээний 4.3.1-т заасан данснаас зээлийн төлбөр болон бусад төлбөрийг үл маргах журмаар суутган авах, бусад арга хэмжээ авах” гэж заасан боловч гэрээний 4.3.1-т дансны дугаарыг тухайлан заагаагүй.

 

Иймд гэрээнд өөрөөр заасан буюу зөвхөн тодорхой дугаар бүхий данснаас суутгаснаар тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй тул зээлдэгчийн харилцах данснаас зээлийн төлбөрийг үл маргах журмаар төлүүлсэн нь хууль болон гэрээг зөрчихгүй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасанд нийцэх бөгөөд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т заасан “үүрэг гүйцэтгүүлэгч гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан” үндэслэлээр 2014 оны зээлийн гэрээний үүрэг дуусгавар болж, 2016 оны гэрээний үүрэг болон солигдсон нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Зээлдэгч Б.М- нь өөрийн хүсэлтийн дагуу гэрээ шинэчлэн байгуулагдсан, 2014 оны гэрээний үүргийн үлдэгдлийг 2016 оны гэрээний мөнгөн хөрөнгөөр хаасан ч  2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний дагуу жилийн 24 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлсэн 80 000 000 төгрөгийг хүүгийн хамт зээлдүүлэгч “Х” ХХК-д хавсралт 1-ээр тогтоосон эргэн төлөлтийн хуваарийн дагуу буцаан төлөх үүргийг гэрээний 3.2.1 дэх заалтаар хүлээсэн, гэрээг зөвшөөрч гарын үсэг зурсан, мөн эргэн төлөх хуваарийг тогтоосон гэрээний хавсралт-1-ийг зөвшөөрч гарын үсэг зурснаас гадна /хх-69-72/, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 33 740 538 төгрөг төлснийг гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Дээрхээс дүгнэвэл хууль болон гэрээнд заасан үндэслэлгүй байхад зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүд 33 740 538 төгрөгийг зээлдэгч Б.М-аар төлүүлсэн  гэж хариуцагч “Х” ХХК-ийг буруутгах үндэслэлгүй, банк үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь тогтоогдохгүй, зээлийн хөрөнгийг зээлдэгчийн зөвшөөрөлгүйгээр өөр дансанд шилжүүлж, зээлийг зориулалтынх нь дагуу олгоогүй атлаа хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэл нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний үүрэг, маргаантай эрх зүйн харилцаа, маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэргийн нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасанд нийцсэн байна.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/00950 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ