Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1160

 

 

 

 

 

 

 

 

 

 

МУЕПГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/00774 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч МУЕПГ-аас хариуцагч Р.О-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 644 955 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, хариуцагчийн өмгөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Р.О- нь Авто замын газрын орлогч дарга, Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болон мөн яамны Стратегийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, “Ривер Гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот дахь 242 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг нийт 644 955 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд түүний хөрөнгө их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогджээ. Дээрх гэмт хэрэгт Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолоор Р.О нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан прокуророос шүүгдэгч Р.О-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, мөрдөн байцаалтын явцад мөрдөн байцаагчийн тогтоолоор эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлөгдсөн эд хөрөнгийг эзэмшигч нарт нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэсэн. Шүүхээс Р.О-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хэдийгээр хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн ч Р.О-гийн гэм хор учруулсны хариуцлагыг хүлээлгэхгүй орхигдуулж болохгүй бөгөөд энэхүү гэм хор учруулсны хариуцлагыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар прокурорын байгууллага нэхэмжлэх нь хууль ёсны бөгөөд 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол улс нэгдэн орсон Авлигалын эсрэг НҮБ-ын конвенцийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад “энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргээс олсон орлого буюу тийм орлогын үнийн дүнтэй тохирох эд хөрөнгийг хураах”-аар зохицуулсантай нийцэж байна. Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтад үндэслэлгүйгээр хөрөнгөжихийг нийтийн албан тушаалтанд хориглосон, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, хууль бус аливаа шийдвэрийг хүчингүй болгох асуудлыг Иргэний хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу шийдвэрлэнэ” гэж тус тус заасан. Иймд Р.О-г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийг үйлдсэн болохыг Эрүүгийн шүүхийн шийдвэрээр тогтоосон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу төрд учруулсан гэм хорын хохирол болох 644 955 000 төгрөгийг Р.О-гоос гаргуулж, улсын орлого болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дээрх нэхэмжлэл нь Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудын тодорхой заалтууд болон хүний эрхийг ноцтой зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 482 дугаар шийтгэх тогтоолоор Р.О-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг яллаж яллах дүгнэлт үйлдэж шүүхээр түүний гэм бурууг хэлэлцсэн боловч шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож, тухайн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлөгдсөн эд хөрөнгийг эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэсэн. Уг тогтоол нь өнөөдрийг хүртэл хүчинтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9.1.1 дэх хэсэгт нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хэргийн үйл баримтыг дахин нотлохгүй гэж хуульчилсан. Нэгэнт шүүхээр шийдвэрлэгдээд дууссан асуудал дээр бусдад ямар нэг байдлаар төлөх төлбөр байхгүй. Нэхэмжлэгч нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл 7.1.8, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, Авлигалын эсрэг НҮБ-ын конвенцийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх хэсэгт заасныг хууль зүйн үндэслэл болгодог. 2003 онд гарсан Авлигалын эсрэг НҮБ-ын конвенцид Монгол улс 2005 онд нэгдэн орсон, үүний дараа тухайн конвенцид заасан эрх үүргийнхээ хүрээнд өөрийнхөө дотоодын хууль тогтоомжид агуулгыг тусгасан өөрчлөлт оруулж, ял болон албадлагын арга хэмжээг оруулсан. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд авлигын тухай гэмт хэргүүдийг бүхэлд нь оруулж өгсөн. Авлигын эсрэг хуулийн заалтууд нь ерөнхий заалтууд, Эрүүгийн хуульд заасан заалтууд, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгээгүй тохиолдолд Авлигалын тухай хуульд заасан төрийн албан хаагчийн цалин бууруулах, ажлаас нь халах зэрэг арга хэмжээнүүдийг авахаар шийдвэрлэсэн. Р.О-гийн хэргийн тухайд энэ хэргийг нэгэнт шийдвэрлээд дууссан гэж үзэж байгаа учир тухайн үндэслэлээр Р.О-той холбогдуулж иргэний нэхэмжлэл гаргах үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх энэ ажиллагаанд хэрхэн яаж оролцох талаар зохицуулсан, мөн прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох онцгой субъект гэдгийг мөн хуулийн 31 дүгээр зүйлд зохицуулсан. Нэхэмжлэгч төрийн байгууллагын хүсэлтээр буюу авлигатай тэмцэх газрын хүсэлтээр орж ирсэн гэж тайлбарладаг, гэтэл өнөөдөр төрд хохирол учирсан гэж нэхэмжлэл гаргаж байгаа бол авлигатай тэмцэх газарт хохирол учраагүй, нийтэд учирсан хохирол гэж тайлбарлаж байгаа бол энэ талаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т нийтийн ашиг сонирхлыг зохицуулсан байна. Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 20 дугаар зүйлд төр, нийтийн эрх ашгийг хамгаална гэсэн зохицуулалт байдаг боловч төрд учирсан хохирол тогтоогдоогүй байна. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй Иргэний тухай хуулийн 497 дугаар зүйлд нийтийн ашиг сонирхолд гэм хор учирсан талаар зохицуулалт байхгүй. Иймд Улсын Ерөнхий прокурорын зүгээс энэ нэхэмжлэлийг гаргах эрхтэй эсэх талаар тодруулах хэрэгтэй. Р.О-гийн хувьд эрүүгийн хэрэгт бусдад төлөх хохиролгүй гэсэн шүүхийн шийдвэр гарсан байхад бусдад төлөх хохирол төлбөртэй гэсэн гэм хорын нэхэмжлэл гаргаад байгаа нь нэгэнт тогтоогдсон хүчин төгөлдөр болсон тогтоолын эсрэг нэхэмжлэл гаргаад байгаа зүйл харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5. 65.1.6-д заасан нөхцөлүүд аль аль нь энэ хэрэгт тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Р.О-гоос 644 655 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Улсын ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.13, 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б давж заалдах гомдолдоо:

... Хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн нягталж, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Тодруулбал, “уг шийтгэх тогтоолд “Р.О-д холбогдох эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул түүний эрх зүйн байдлыг ямарваа нэгэн байдлаар дордуулж, ял, албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй. Р.О-гийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, “Ривер гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот дахь 242 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй” гэж дүгнэн, уг орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч нарт буцаан олгохоор шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл, хохирлын асуудлыг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэж, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байхад нэхэмжлэгч байгууллага хохирлын асуудлаар дахин нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэхгүй” гэжээ.

Шийтгэх тогтоолын дээрх дүгнэлт нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй талаарх дараах нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх анхаарсангүй. Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь түүний үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах “ял шийтгэл”-ээс чөлөөлж буй явдал болохоос гэмт хэрэг үйлдсэний улмаас үүссэн хохирлоос чөлөөлөх үндэслэл болохгүй. Мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, хөөн хэлэлцэх хугацаа дууссаны улмаас ял шийтгэлээс чөлөөлж, хэрэгсэхгүй болгож байгаа хэргийн хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан бүхий л албадлагын арга хэмжээг нэгэнт цуцлах нь зүй ёсоор хийгдэх ажиллагаа. (Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгож буй эрүүгийн хэрэгт цагдан хоригдож байсан шүүгдэгчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг цуцлахтай адил)

Битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлсөн үйл баримт нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг шийдвэрлэсэн хэрэг биш гэдгийг ялгаж салгах ёстой.

Нэхэмжлэгчийн зүгээс эрүүгийн хэргийг шалгах явцад битүүмжилсэн байсан байрыг гаргуулж өг гэж нэхэмжлээгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн. Тодруулбал, 644 955 000 төгрөгийн хохирлыг барагдуулахыг шаардаж, нэхэмжлэл гаргасныг анхаарсангүй. Нийтийн албан тушаалтны “Үндэслэлгүйгээр олсон орлого, нэмэгдсэн хөрөнгө” нь татвар төлөгчдийн мөнгөөр бүрдүүлдэг төсвийн хөрөнгийн гарз буюу хохирол байдгийг анхааралдаа авах шаардлагатай.

Шүүхийн энэхүү дүгнэлт нь дараах байдлаар үндэслэлгүй буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь иргэний шүүхээс Р.О-гийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг тогтоож өгөхийг хүсээгүй. Энэ нь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримт бөгөөд үүний улмаас үүссэн хохирлын асуудал шийдвэрлэгдээгүй учраас иргэний журмаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь мөн иргэний шүүхээс хариуцагчид албадлагын арга хэмжээ авч, эд хөрөнгийг хураахыг шаардаж нэхэмжлэл гаргаагүй. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авсан эд хөрөнгө битүүмжилсэн албадлагын арга хэмжээг хэрхэх талаар Шийтгэх тогтоолд шийдвэрлэснийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэсэн гэж шүүхийн байгууллага дүгнэлт хийж байгаа нь үнэхээр ойлгомжгүй байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч шаардах эрхгүй байна гэж шүүх дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 497 дугаар зүйл буюу “Гэм хор учруулснаас хариуцлага хүлээх” үндэслэлээр гаргасан. Хариуцагчийн гэмт буруу нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, үүний улмаас учирсан хохирлын хэмжээ нь мөн адил тогтоогдсон. Шаардах эрхийн бүрэлдэхүүн хангалттай баримт болон хууль зүйн үндэслэлээр тогтоогдсон байхад ийнхүү шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хуулийг буруу тайлбарлаж, хэргийн үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэж чадаагүйгээс хэргийг ийнхүү шийдвэрлэсэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх, арилгуулах асуудалд буруу жишиг тогтоож, нийтийн албан тушаалтан ял завшихаас гадна хохирлоо төлөхгүй байх нөхцлийг бүрдүүлж байна. Дээр дурдсан тайлбар үндэслэлүүдийг харгалзан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй боловч хэрэгт авагдсан баримтад үндэслэн залруулах боломжтой байна.

 

            Нэхэмжлэгч МУЕПГ- нь хариуцагч Р.О-д холбогдуулан гэм хорын хохиролд 644 955 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 482 дугаар шийтгэх тогтоолоор хариуцагч Р.О-г “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, харин хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

            Хариуцагч Р.О-г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, 644 955 000 төгрөгийн үнэ бүхий  орон сууц нь үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө болохыг тогтоосон шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-126-140/

 

            Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох талаар заасан. Дээрх шүүхийн шийтгэх тогтоолоор хариуцагч Р.О-г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутайг тогтоосон тул уг гэмт хэргийн улмаас нийтийн болон үндэсний ашиг сонирхолд хохирол учирсан гэж үзнэ.

 

Мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн бодит хохирлыг нөхөн төлүүлэх, Авилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт  “Шүүгч энэ хуулийн 7.1.7, 7.1.8-д заасныг зөрчсөн этгээдийн тухайн олсон эд хөрөнгө, орлогыг хураах буюу давуу эрхийг хүчингүй болгох” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн   7.1.8-д “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэж тус тус заасан. Иймд хуулийн дээрх зохицуулалтын дагуу гэм буруутай этгээдээр нийтийн болон үндэсний ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй.

 

            Шүүхийн шийтгэх тогтоолоор хариуцагч Р.О-гийн үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө нь 644 955 000 төгрөгийн үнийн дүнтэй болох нь тогтоогдсон тул энэ хэмжээгээр нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж прокурорын байгууллага нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн “...төр нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно” гэж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь “бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл”-ээр иргэний хэрэг үүсгэж болно” гэж тус тус заасанд нийцнэ.

 

            Учир нь төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцох эрх Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгээр прокурорт олгогдсон байна.

 

            Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т “учруулсан хохирлыг арилгуулах” иргэний эрх зүйн хамгаалалтыг тогтоосон, мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт “үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан. Иймд шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон нийтийн ашиг сонирхолд учруулсан хохирлын хэмжээ буюу 644 955 000 төгрөгийг гэм буруутай этгээд болох хариуцагч Р.О-гоос гаргуулахаар нэхэмжилсэн прокурорын нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Дээрх шүүхийн шийтгэх тогтоолд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө болох орон сууцыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй талаар дүгнэж, битүүмжилсэн хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлж, эзэмшигч нарт буцаан олгохоор заасан нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авсан албадлагын арга хэмжээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн болохоос гэмт хэргийн улмаас нийтийн эрх, ашиг сонирхолд учирсан хохирлыг шийдвэрлээгүй байна.

 

Энэ талаар анхан шатны шүүх буруу дүгнэлт хийж, хэргийн нөхцөл байдал, хохирлыг арилгуулахтай холбоотой хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйг залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн /прокурорын/ давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/00774 дүгээр шийдвэрийн  тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч МУЕПГ-ыннэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Р.О-гоос 644 955 000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ