Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2022/00599

 

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/00774 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1160 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-н нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д холбогдох

Гэм хорын хохиролд 644,955,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд болон өмгөөлөгч А.Энхгэрэл, М.Дэлгэрнасан нарын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Одонсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч А.Энхгэрэл, М.Дэлгэрнасан, нарийн бичгийн дарга  Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д холбогдуулан гэм хорын хохиролд 644,955,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/00774 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-с 644,655,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1160 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/00774 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-с 644,955,000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд болон өмгөөлөгч А.Энхгэрэл, М.Дэлгэрнасан нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Монгол “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ын газраас хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 644,955,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020.03.30-ны өдөр 183/ШШ2020/00774 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлыг 2020.05.29-ний өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 1160 дугаартай магадлал гаргахдаа Иргэний хуулийн холбогдох заалтуудыг бүрэн хэрэглээгүй, хэрэглэвэл зохих заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлэн хэргийг шийдвэрлэсэн явдалд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч буюу “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ын газар “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д холбогдуулан гэм хорын хохирол 644,955,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргахдаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу төрд учруулсан гэм хорын хохирол хэмээн шаардлага гаргасан. Давж заалдах шатны шүүх “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т “учруулсан хохирлыг арилгуулах” иргэний эрх зүйн хамгаалалтыг тогтоосон, мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д “үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан. Иймд шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон нийтийн ашиг сонирхолд учруулсан хохирлын хэмжээ буюу 644,955,000 төгрөгийг гэм буруутай этгээд болох хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-с гаргуулахаар нэхэмжилсэн прокурорын нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна...” гэж хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 229 дүгээр зүйл болох гэрээний үүрэг зөрчигдсөнөөс үүсэх гэм хорын хохирлыг арилгах хуулийн заалтыг баримталж шийдвэрлэж байгаа явдал нь шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцаа, маргааны зүйлийг буруу тодорхойлсон. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа Эрүүгийн хуульд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол хэмээн хариуцагчаас шаарддаг. Эрүүгийн хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой шаардлагыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт заасан зохицуулалтаар шийдвэрлэх нь хуульд нийцнэ. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, маргааны зүйлийг тодорхойлохдоо гэрээний үүрэг зөрчсөнөөс үүсэх гэм хорын хохиролд хамааруулан, хуульд байхгүй хохирлын нэр томьёо (үндэсний ашиг сонирхолд) гарган шийдвэрлэж буй явдлыг хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан хэмээн үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ гэжээ. Хохирол хүлээсэн этгээд байж гэмээнэ, хохирол төлбөр барагдуулах ойлголт гарна. Гэтэл давж заалдах шатны шүүх нийтийн болон үндэсний ашиг сонирхолд хохирол учирсан гэж дүгнэж байгаа нь хэт үндэслэл муутай.

4.2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.15-ны өдрийн 482 дугаар шийтгэх тогтоолд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-г бусдад төлөх төлбөргүй хэмээн зааж эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлөгдсөн эд хөрөнгийг өмчлөгч нарт буцаан олгохоор шийдвэрлэсэн бөгөөд энэхүү тогтоол хуулийн хүчин төгөлдөр байхад... давж заалдах шатны шүүхийн 1160 дугаар магадлалд эрүүгийн журмаар ял, албадлагын арга хэмжээг шийдвэрлэснээс хохирлыг шийдвэрлээгүй байна гэж дүгнэсэн нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлтийг няцаах үндэслэл болохгүй юм. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хариуцан арилгах явдал нь Иргэний хуулийн 52 дугаар бүлгээр зохицуулагдан шийдвэрлэгдэхээс бус, гэмт хэргийн үйлдэл болох үндэслэлгүй хөрөнгөжиж буй үйлдэл нь хохирол биш юм. Учир нь эрүүгийн гэмт хэргийн үйлдэл, олж авсан хөрөнгийг Эрүүгийн хуулийн ял, албадлагын арга хэмжээгээр хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Энэ ч утгаараа эрүүгийн хариуцлага болох ял, албадлагын арга хэмжээг хэрэглэх хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн. Харин үүнийг хохирол хэмээн үзэж хор уршиг арилгах зорилгоор гэм хорын хохирол хэмээн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 487 дугаар тогтоолд бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэснийг Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх няцааж дүгнэлт хийгээгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоосон үйл баримтыг шүүх дахин шийдвэрлэж буй явдал нь хуулийг ноцтой зөрчсөн хэмээн үзэж байна.

4.3. Үүнээс гадна давж заалдах шатны шүүх “...хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутайг тогтоосон тул уг гэмт хэргийн улмаас нийтийн болон үндэсний ашиг сонирхолд хохирол учирсан гэж үзнэ. ...Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн бодит хохирлыг нөхөн төлүүлэх, Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Шүүгч энэ хуулийн 7.1.7, 7.1.8-д заасныг зөрчсөн этгээдийн тухайн олсон эд хөрөнгө, орлогыг хураах буюу давуу эрхийг хүчингүй болгох” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэж тус тус заасан. Иймд хуулийн дээрх зохицуулалтын дагуу гэм буруутай этгээдээр нийтийн болон үндэсний ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй..., ...прокурорын байгууллага нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн “...төр нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно” гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл”-ээр иргэний хэрэг үүсгэж болно” гэж тус тус заасанд нийцнэ. Учир нь төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцох эрх Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар прокурорт олгогдсон байна.” гэж дүгнэсэн нь шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийг шийдвэрлээгүй, өөрийн санаачилгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлж, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6. (нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана...), 116 дугаар зүйлийн 116.2. (Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.), 116.3 (Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.)-т заасныг тус тус зөрчсөн. Энэ хэргийг шийдвэрлэхэд нийтийн эрх ашиг зөрчигдсөн хэмээн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн хэмээн яригдаагүй, тэр талаар нотлох баримт шинжлэн судлаагүй болно. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, хөндлөнгийн байр сууринаас, хараат бусаар хэргийг хянан шийдвэрлэх учиртай. Прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар зохицуулагдсан. Прокурор зөвхөн төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор байна.

4.4. Уг хэрэгт хохирсон талаар төрийн аль нэг байгууллагын хүсэлт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Авлигатай тэмцэх газар нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-т хүсэлт гаргаснаар энэ нэхэмжлэлийг гаргасан гэж тайлбарладаг боловч Авлигатай тэмцэх газрын хүсэлт энэ нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэх үндэслэл болохгүй юм. Прокурорын хувьд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцгой субьект юм. Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3-р бүлэгт заасан хэргийн оролцогч мөн боловч маргааны зүйлийн талаар ямар нэгэн тодорхой сонирхолгүй, зөвхөн төрийн байгууллагын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог этгээд гэдгээр онцлог байдлаар түүний эрх хэмжээг тодорхойлсон байдгийг энд онцгойлон дурдмаар байна. Прокурорын тухай хууль 2017.06.09-ний өдөр батлагдаж, 2017.07.01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд шинэчилсэн зохицуулалтаар орж ирсэн нийтийн ашиг сонирхлыг хамгаалах тухай зохицуулалт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасан заалттай нийцэхгүй байгаагаас гадна, хууль тогтоогчоос аль нэг хуульд нь нийцүүлэн нэмэлт өөрчлөлтийг оруулаагүй байхад прокурор нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нь хуульд нийцнэ, энэ хэргийн нэхэмжлэгч болно гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн нь хэт нэг талыг барьж хэргийг хүчээр, ямар нэгэн аргаар шийдвэрлэх даалгавартай мэт шүүхийн магадлал гаргалаа гэж харж байна. Иргэний хэргийг шүүх хүлээн авч шийдвэрлэх зохицуулалт нь зөвхөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан зохицуулалтад хамаарна. Энэ заалтад өнөөдрийн байдлаар нэмэлт өөрчлөлт ороогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-т өөрийн санаачилгаар, төр, нийтийн болон үндэсний ашиг сонирхлыг хамгаалах нэхэмжлэл гаргах эрх үүсээгүй.

4.5. Мөн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг дураараа өөрчлөн “нийтийн болон үндэсний ашиг сонирхолд” хохирол учирсан хэмээн хуульд байхгүй үг хэллэг хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Нийтийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг хэлнэ гэжээ. Нийтийн ашиг сонирхолд хохирол, хор уршиг учирсан гэж дүгнэлт хийх хууль зүйн үндэслэл байхгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, эрх зүйн маргаантай харилцаа, маргааны зүйлийг зөв тодорхойлсон бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад бүрэн нийцсэн. Талуудын маргаж буй харилцааг эрүүгийн журмаар эцэслэн шийдвэрлэсэн, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх ба түүнд гомдол гаргаагүй прокурорын алдааг өнөөдөр иргэний журмаар засах, бусдад төлөх төлбөргүй талаар дүгнэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг ямар ч тохиолдолд өөрчлөх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал “хариуцагчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч Монгол “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ын газраас хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д холбогдуулан гэм хорын хохиролд 644,955,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан байна.

8. Нэхэмжлэгчээс “... “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь Авто замын газрын орлогч дарга, Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болон мөн яамны Стратегийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Ривер Гарден хотхоны 304 дүгээр байрны 201 тоот дахь 242 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг нийт 644,955,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд түүний хөрөнгө их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогджээ. Дээрх гэмт хэрэгт Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, тус шүүхийн 2017.12.15-ны өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолоор “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэдийгээр шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн ч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-н гэм хор учруулсны хариуцлагыг хүлээлгэхгүй орхигдуулж болохгүй бөгөөд энэхүү гэм хор учруулсны хариуцлагыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар прокурорын байгууллага нэхэмжлэх нь хууль ёсны юм... Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтад үндэслэлгүйгээр хөрөнгөжихийг нийтийн албан тушаалтанд хориглосон, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, хууль бус аливаа шийдвэрийг хүчингүй болгох асуудлыг Иргэний хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу шийдвэрлэнэ” гэж тус тус заасан. Иймд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийг үйлдсэн болохыг Эрүүгийн шүүхийн шийдвэрээр тогтоосон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу төрд учруулсан гэм хорын хохиролд 644,955,000 төгрөгийг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-с гаргуулж, улсын орлого болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч, “... Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.25-ны өдрийн 482 дугаар шийтгэх тогтоолоор “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллаж яллах дүгнэлт үйлдэж шүүхээр түүний гэм бурууг хэлэлцсэн боловч шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож, тухайн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлөгдсөн эд хөрөнгийг эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэсэн. Уг тогтоол нь өнөөдрийг хүртэл хүчинтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9.1.1-д нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хэргийн үйл баримтыг дахин нотлохгүй гэж хуульчилсан... Авлигын эсрэг хуулийн заалтууд нь ерөнхий заалтууд, Эрүүгийн хуульд заасан заалтууд, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгээгүй тохиолдолд Авлигын эсрэг хуульд заасан төрийн албан хаагчийн цалин бууруулах, ажлаас нь халах зэрэг арга хэмжээнүүдийг авахаар шийдвэрлэсэн. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-н хэргийн тухайд энэ хэргийг нэгэнт шийдвэрлээд дууссан гэж үзэж байгаа учир тухайн үндэслэлээр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-той холбогдуулж иргэний нэхэмжлэл гаргах үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх энэ ажиллагаанд хэрхэн яаж оролцох талаар зохицуулсан, мөн прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох онцгой субьект гэдгийг 31 дүгээр зүйлд зохицуулсан. Нэхэмжлэгч төрийн байгууллагын хүсэлтээр буюу авлигатай тэмцэх газрын хүсэлтээр орж ирсэн гэж тайлбарладаг, гэтэл төрд хохирол учирсан гэж нэхэмжлэл гаргаж байгаа бол авлигатай тэмцэх газарт хохирол учраагүй, нийтэд учирсан хохирол гэж тайлбарлаж байгаа ч энэ талаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зохицуулсан байна. Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 20 дугаар зүйлд “төр, нийтийн эрх ашгийг хамгаална” гэсэн зохицуулалт байдаг боловч төрд учирсан хохирол тогтоогдоогүй. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй Иргэний хуулийн 497 дугаар зүйлд нийтийн ашиг сонирхолд гэм хор учирсан талаар зохицуулалт байхгүй. Иймд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ын зүгээс энэ нэхэмжлэлийг гаргах эрхтэй эсэх талаар тодруулах хэрэгтэй... Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргаан бүхий орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлж “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д олгосон, өөрөөр хэлбэл, хохирлын асуудлыг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэсэн, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байхад нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-т заасан журамд нийцэхгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул нэхэмжлэгч нь гэм хор учруулсны хариуцлагыг иргэний журмаар шаардах эрхгүй, түүнчлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй...” гэж хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

10. Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан “... Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох талаар заасан. Шүүхийн шийтгэх тогтоолоор хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутайг тогтоосон тул уг гэмт хэргийн улмаас нийтийн болон үндэсний ашиг сонирхолд хохирол учирсан гэж үзнэ, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5, Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 7 дугаар зүйлийн 7.1.8-д заасан зохицуулалтын дагуу гэм буруутай этгээдээр нийтийн болон үндэсний ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй, шүүхийн шийтгэх тогтоолоор хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гийн үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө нь 644,955,000 төгрөгийн үнийн дүнтэй болох нь тогтоогдсон тул энэ хэмжээгээр нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж прокурорын байгууллага нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т тус тус нийцнэ, учир нь төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцох эрх Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгээр прокурорт олгогдсон байна. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т “учруулсан хохирлыг арилгуулах” иргэний эрх зүйн хамгаалалтыг тогтоосон, мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д “үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй, шүүхийн шийтгэх тогтоолд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө болох орон сууцыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй талаар дүгнэж, битүүмжилсэн хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлж, эзэмшигч нарт буцаан олгохоор заасан нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авсан албадлагын арга хэмжээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн болохоос гэмт хэргийн улмаас нийтийн эрх, ашиг сонирхолд учирсан хохирлыг шийдвэрлээгүй байна...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

11. Хариуцагч талын “... Давж заалдах шатны шүүх хуульд байхгүй хохирлын нэр томьёо гарган шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан, хохирол хүлээсэн этгээд байж гэмээнэ хохирол төлбөр барагдуулах ойлголт гарна, гэтэл давж заалдах шатны шүүх нийтийн болон үндэсний ашиг сонирхолд хохирол учирсан гэж дүгнэж байгаа нь хэт үндэслэлгүй, эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрээр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-г бусдад төлөх төлбөргүй хэмээн зааж, битүүмжлэлээс чөлөөлөгдсөн эд хөрөнгийг өмчлөгч нарт буцаан олгосон хүчин төгөлдөр шийдвэр байхад үүнийг няцаалгүй, нэгэнт тогтоогдсон үйл баримтыг  дахин шийдвэрлэж буй нь хуулийг ноцтой зөрчсөн...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.1, 4.2, 4.5-д заасан хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй. Учир нь, Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор заасан ба уг хуулийн 22.10 дугаар зүйлийн 1-д заасан “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу хэн нэгэн тодорхой этгээд (хүн, хуулийн этгээд)-д эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол учирсан байхыг шаардахгүй, харин уг гэмт хэрэг үйлдэгдсэн бол үүний улмаас нийтийн болон үндэсний ашиг сонирхолд шууд үр дагавар буюу хохирол учирсан гэж үзнэ. Хариуцагчийн хувьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 482 дугаар шийтгэх тогтоолоор үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутай болох нь тогтоогдсон тул уг гэмт хэргийн улмаас нийтийн ашиг сонирхолд хохирол учирсан гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. 

12. Дээрх Эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоолоор “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлж, эзэмшигч нарт буцаан олгосон нь тухайн шүүх гэмт хэргийн улмаас нийтийн эрх, ашиг сонирхолд учирсан хохирлыг шийдвэрлэсэн хэрэг биш. Өөрөөр хэлбэл, шүүх эрүүгийн журмаар ял оногдуулах эсэх асуудлыг шийдвэрлэснээс бус нийтийн эрх ашигт учирсан хохирлыг шийдвэрлээгүй тул уг шүүхийн шийтгэх тогтоол нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг хязгаарлахгүй юм.

13. Эрүүгийн хуульд заасан Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн хувьд шууд хохирогч тодорхой бус тул прокурор төрийн нэрийн өмнөөс нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 17 дугаар зүйлийн 17.2, 31 дүгээр зүйлийн 31.1-д (2002 оны хуулийн) нийцнэ, өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд (хохирсон) төрийн байгууллагын хүсэлт шаардлагагүй гэж үзнэ. Иймд, “... төрийн аль нэг байгууллагын хүсэлт хэрэгт авагдаагүй байхад шүүхээс прокурорын нэхэмжлэлийг хүлээн авсан нь хууль зөрчсөн, прокурор нэхэмжлэл гаргах эрхгүй...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.4-т заасан хариуцагч талын гомдлыг хангахгүй.

14. Нэхэмжлэгчээс “хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийг үйлдсэн болохыг Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоосон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу төрд учруулсан гэм хорын хохиролд 644,955,000 төгрөгийг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гоос гаргуулж, улсын орлого болгуулах”-аар шаардсан нэхэмжлэлийн хүрээнд давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 “учруулсан хохирлыг арилгуулах” иргэний эрх зүйн хамгаалалтын хүрээнд мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа ... учруулсан бодит хохирол...-г нөхөн төлөх үүрэгтэй” гэсэн ерөнхий зохицуулалтыг тайлбарлан хэрэглэснийг буруутгахгүй, иймд “давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, маргааны зүйлийг буруу тодорхойлсон, хуулийг буруу хэрэглэсэн...” гэсэн хариуцагч талын гомдол үндэслэлгүй байна.

15. Иймд, шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1160 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 3,382,725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.     

                                                  

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЦОЛМОН

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ