Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 83

 

Н.А, Д.Б нарт холбогдох

         эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Д.Б-гийн өмгөөлөгч Б.Болортуяа, С.Алтанцэцэг, шүүгдэгч Н.А-гийн өмгөөлөгч Б.Гантөмөр, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 841 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1106 дугаар магадлалтай, Н.А-, Д.Б-нарт холбогдох 201626011692 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Б-гийн өмгөөлөгч Б.Болортуяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, охины хамт Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Сэлбийн Дундголын 4-85 тоотод түр оршин суух,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 2,200,000 төгрөгөөр торгох ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7,530,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн магадлалаар хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж, Сүхбаатар дүүргийн прокуророос 2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 хэсэг болгон өөрчилж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон О овогт Д-ийн Б,

2. Монгол Улсын иргэн, 1971 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникийн техникч мэргэжилтэй, “А Б” ХХК-д харуул ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон зам гудамжны 36-10 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Н А.

Н.А-, Д.Б-нар нь бүлэглэн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А Б” ХХК-д борлуулагч, ачигчаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 62,347,267 төгрөгийн хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.А-, Д.Б-нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад 50,558,187 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.А-г 02 жил 02 сар хорих ялаар, шүүгдэгч Д.Б-г 02 жил 02 сар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Н.А-, Д.Б-нарын тус бүр эдлэх 02 жил 02 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч нарын бага насны хүүхэд болох 2011 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн А.Э-д хууль ёсны асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн Засаг дарга хууль ёсны асран хамгаалагч томилох хүртэл хугацаанд шүүгдэгч нарын бага насны охин А.Э-г хараа хяналтандаа байлгаж асрах үүргийг шүүгдэгч Д.Б-гийн төрөл, садан болох С.Я, Н.О нарт хариуцуулж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6, 7 дахь заалтуудыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос Н.А-, Д.Б-нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.”, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Н.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Н.А-, Д.Б-нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад 50,558,187 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Н.А-, Д.Б-нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.А-г 2 жил 2 сар хорих ялаар, шүүгдэгч Д.Б-г 2 жил 2 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 1 жил хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.А-, Д.Б-нарын тус бүр эдлэх 2 жил 2 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Н.А- нь 31,442,000 төгрөг, Д.Б-нь 16,500,000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Н.А-гийн өмгөөлөгч Д.Батбаяр, шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Б.Болортуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Б-гийн өмгөөлөгч Б.Болортуяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул тогтоол, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд:

1. 1 дүгээр хавтаст хэргийн 11, 13, 14 дүгээр талд 2015 оны 10 дугаар сарын 05-аас 13-ны өдрүүдэд хийгдсэн “бүтээгдэхүүний тооцоо төлж барагдуулах”, “өргөдөл”, “тооцоо нийлсэн баримт”-ууд хэрэгт авагдсан байх ба хугацааг 1 жилээр зааж тухайн 1 жилийн хугацаа дуусаагүй байхад буюу 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр цагдаад өргөдөл өгсөн байдаг. Ийнхүү иргэний эрх зүйн харилцаа үүсэж, хугацаа дуусгавар болоогүй байхад үндэслэлгүйгээр хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь иргэний эрх зүйн харилцааг эрүүгийн эрх зүйн харилцаанаас ялгаж зааглаагүй явдал төдийгүй, дээрх баримтуудаар үнэ өртгийг дараа төлүүлэхээр тохиролцсон нь завших үйлдэл гэж үзэхгүй байх үндэслэл болно.

2. Яагаад О гэдэг хүн эхнээс нь гомдол гаргах, хохирогчоор тогтоогдоод хохирогчийн эрхийг эдлээд байна вэ? “А б” ХХК-ний 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01/2011 дугаартай захирлын тушаал 1 дүгээр хх-ийн 159 дүгээр талд хэрэгт авагдсан байх ба уг тушаалаар компанийн захирал Х.Г “О-ийг гүйцэтгэх захирлаар 2011 оны 01 дүгээр сарын 01-нээс томилсон байх юм.

Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т “гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон ТУЗ /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна. Гэтэл хэрэгт компанийн дүрэм, Оюунбилэгтэй байгуулсан гэрээ, компаниас компанийг энэ хэрэгт төлөөлөх эрх олгогдоогүй байхад өөрийгөө захирал гэж гомдол, мэдүүлэг өгөөд байдаг төдийгүй Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр /хх-6/ 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр цохсон байдаг. Мөн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 2016 оны 05 дүгээр сарын 18-ны өдрийн №3417 дугаартай прокурорын тогтоол /хх-234/-ыг хэргийн оролцогчдод танилцуулаагүй болох нь хэрэгт /хх-25/ авагдсан. Энэхүү тогтоолд хэн нэгэн оролцогч ялангуяа хохирогч гомдол гаргаагүй байхад 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг үүсгэх тухай прокурорын тогтоол үйлдэгдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэсүгэй гэж мөрдөн шалгах ажиллагааг дахин эхлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна.

3. Эрүүгийн хэргийг түдгэлзүүлэхээр санал хүргүүлсэн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолд /хх-116/ “Сэжигтнээр О.Ч-г тооцох, шалгах шаардлагатай, хаана байгаа газар тогтоогдоогүй байх тул” гэж, “Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай” 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1029 дугаартай прокурорын тогтоолд /хх-117/ “хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдвал зохих этгээд тогтоогдохгүй байх тул” гэсэн үндэслэлүүдийг зааж хэргийг түдгэлзүүлж байгаад 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн прокурорын тогтоолоор /хх-119/ хэргийг сэргээжээ. Ийнхүү 9 сар хэргийг түдгэлзүүлсэн хэдий ч сэргээснээс хойш Ч гэгчтэй холбоотой 1 өгүүлбэр ч бичигдсэнгүй, ажиллагаа ч хийгдээгүй байна. Үндэслэлгүйгээр түдгэлзүүлж цаг хугацаа алдсанаар миний үйлчлүүлэгч Б-гийн эрх зүйн байдал дордоход хүрсэн. Гэтэл анхан шатны шүүх дээрх байдалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй төдийгүй шийтгэх тогтоолдоо /32-р тал/ “2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т заасантай дүйцүүлэхэд гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод, дээд хэмжээний хувьд 2015 оны Эрүүгийн хууль нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй” гэсэн нь шүүх “өөрийн үзэмжээр, хохирлын хэмжээ ийм юм чинь 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэг байх ёстой” гэсэн дүгнэлтийг өгөөд зогсохгүй 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэсэн, 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “яллагдагчаар татах тогтоол /1 дүгээр хх-ийн 78, 79/ үйлдэгдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж ял сонсгож, яллагдагчаар татсан атал энэхүү прокурорын тогтоолд өөрчлөлт оруулаагүй, хүчингүй болгоогүй байхад шүүх ийнхүү дүгнэлт хийсэн явдал нь тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний субъект нь аж ахуй нэгж байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд, албан үүргийн дагуу тухайн эд хөрөнгийг хүлээн авч шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан байхыг шаарддаг билээ.

Энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг шүүхийн практикт бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлэх гэмт хэрэг нь албан тушаалтан, албан үүргийн хувьд энэ байдлаа ашиглан шунахайн зорилгоор уг эд хөрөнгийг үнэ төлбөргүй бүр мөсөн өөртөө авах бусдад шилжүүлэн өгөх үйлдлээр илрэхийг, эд хөрөнгийг завших гэдгийг албан ажлын үүрэг, гэрээ болон бусад тусгай даалгавраар тодорхой эд хөрөнгийг эрхлэн хариуцах эрхийг эдэлж байгаа этгээд энэ эрхээ ашиглан эзэмшилдээ байгаа хөрөнгөөс хууль бусаар үнэ төлбөргүй өөрийн мэдэлд шилжүүлэн авч эзэмшилдээ оруулахыг ойлгож байсан. Тухайн эд хөрөнгө нь гэрээ хэлцэл, албан тушаал, ажил үүргийн дагуу гэм буруутай этгээдийн өөрийнх нь мэдэлд байх явдал. Б-д тухайн гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаагүй, сонсгосон байлаа ч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой байтал мөрдөн байцаалтад 9 сарын цаг хугацааг алдаж, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

“А Б” ХХК нь Д.Б-г албан ёсоор ажилд аваагүй, гэрээ хийгээгүй үүнийг ажил, үүргийн хувьд орлогыг тухайн компанид шилжүүлэх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд өмчлөгчийн зөвшөөрөлтэйгөөр бараа бүтээгдэхүүнийг борлуулж байсан нь нотлогддог.

4. Анхан шатны шүүх өмнө нь “А б” ХХК-ийн кассын тайлан, дэмжих бусад баримт, шүүгдэгч нарын данс тооцооны дэвтэр, бусад нотлох баримтуудыг цуглуулах шалгах, шинжлүүлэх аргаар маргаан бүхий зарим асуудлыг шийдвэрлэх шаардлагыг анхаарч нягтлах нь зүйтэй гэсэн” дүгнэлтийг өгч байсан. Хохирогч нь удаа дараа буюу 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэг дээр “санхүүгийн үндсэн баримт яагаад байдаггүй юм бэ” гэсэн асуултад хохирогч “надаас шаардаж аваагүй, бүх баримт байгаа” гэж хариулж байсан ба энэ хариултыг энэ шүүх хуралдаан дээр ч мөн өгч байсан болно. Мөн хохирогчоос авсан мэдүүлэгт /хх-166/ “буцаасан барааг компанийн технологич буцаалтын журналд бүртгэж авдаг”, гэрч Г.Цэвэлмаа /О-ийн ээж/ /2 дугаар хх-н 196-198/ үйлдвэрлэлийн явцын талаар хар дэвтэр ч байдаг” гэсэн байх ба “өмнөх дүгнэлтэд зарлагын баримтуудыг дэмжих санхүүгийн бусад баримт байхгүй байна” гэсэн дүгнэлтийг хийсэн байхад ч зарлагын баримтуудаас гадна дээрх санхүүгийн дэмжих баримтуудыг сүүлийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2166 тоот шинжээчийн дүгнэлтийг гаргахад гаргаж өгөөгүй явдал нь хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, дүгнэлт бодитой гараагүй гэж үзэх үндэслэл болно. Шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа мэдүүлээд байгаа хохирогчийн /надад бүх баримт байгаа, надаас шаардаж аваагүй гэх/ мэдүүлэгт мөрдөгч болон прокурор, шүүгч ач холбогдол өгөөгүй явдал нь хэргийг хэт нэг талыг барьсан, нотлох баримтуудыг цуглуулах, шалгах, шинжлүүлэх ажиллагааг бүрэн хийгээгүйг нотолж байна. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтээр Д.Б-, Н.А- нарын хэн нь хичнээн төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээж авсан, хэдэн төгрөгийн тооцоо хийсэн, хэдэн төгрөг завшаад байгааг дүгнэлтэд ялгаж зааглаагүй.

5. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7.5-д “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно” гэсэн байх ба хэрэгт авагдсан дан ганц зарлагын падааныг анхан шатны баримтанд тооцож, шинжээчийн дүгнэлтэд үндэслэж байгаа бол Б-гийн 38, А-гийн 79 ширхэг баримтыг үйлдсэн хүн, зөвшөөрсөн гарын үсэг, тамга тэмдэг дарагдсан зарлагын баримт нь мөн хүчин төгөлдөр баримт юм.

Давж заалдах шатны шүүх хохирлын тооцоог буруу гаргасныг зөвтгөж, Эрүүгийн хуулийн 17.4 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлсэн хэдий ч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт “шүүгдэгч Н.А-, Д.Б-нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй юм.

 Бүлэглэсэн гэх тухайд үүнд санаатай нэгдэж үйлдсэн байх ёстой. Анхан шатны шүүх субъектив санаа зорилго тогтоогдоогүй байхад гэмт үйлдэлд санаатай нэгдэж, хэн нэгнийхээ хууль бус үйлдлийг мэдсээр байж үргэлжлүүлж, итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт үйлдлээ нуух буюу итгэлийг олж урвуулахад чиглэгдсэн хууль бус олон арга, хэлбэрээр гүйцэтгэх ёсгүй үйлдлүүдийг гүйцэтгэсэн” гэж ойлгомжгүй, хэд хэдэн гэмт хэргийн шинжүүдийг хамруулж, хавтаст хэрэгт авагдаагүй үйл баримтыг Бгийн сэдэл, зорилго байсан мэтээр дүгнэж, давж заалдах шатны шүүх бүлэглэх субъектив санаа зорилго байхгүй байхад шууд бүлэглэсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт боллоо. Тодруулбал 2014 оны 07 дугаар сарын 01-нээс 2015 оны 08 дугаар сарын 13 хүртэл борлуулагчаар ажиллаж байхдаа уг гэмт хэргийг үйлдсэн гэдэг ба хөдөлмөрийн гэрээ, ажилтнаар авсан тушаал шийдвэргүй, энэ талын бичгийн нотлох баримтгүй, гэрч, хохирогч нар ч үүнийг баталж мэдүүлдэг, түүний ажиллаж байсан гэх хугацаа нь гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлохгүй ба Бгийн 36, А-гийн 79 ширхэг зарлагын баримтанд гарын үсэг зурсан тооны зөрүү ч бүлэглэсэн гэж үзэх үндэслэл болохгүй билээ.

6. Нийслэлийн шүүхээс хүүхдийн асуудлын талаарх шийтгэх тогтоолын заалтыг хүчингүй болгосон ба давж заалдах шатны шүүх хуралдаан болсноос хойш өнөөдрийг хүртэл 6 настай охин А.Э- аав, ээж нь эзгүй, аав болох Н.А- 1 ч удаа охиныгоо асуугаагүй, хүүхдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байгааг харгалзан үзнэ үү.

7. Б нь давж заалдах шатны шүүхэд 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гомдол гаргасан ба цагдан хориотой байх энэ хугацаанд тэдний ар гэр 6 настай охины эрх ашгийн үүднээс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хохирогчид 16,500,000 төгрөгийн хохирол барагдуулсныг, хохирогч Б-гийн төлөх ёстой хохирлын тооцооноос Я-д итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүний 3,403,570 төгрөгийг хасаж тооцох нь зөв гэж хүсэл зоригоо илэрхийлснийг, зүйлчлэлийг зөвтгөж хорихоос өөр төрлийн ял оногдуулахад татгалзах зүйлгүй гэснийг Д.Б-мэдээгүй байсан ба 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдаан болж Д.Б-г гэм буруугаа хүлээгээгүй гэх үндэслэлээр түүнд хорихоос өөр төрлийн ял хэрэглээгүй атлаа хуулийг буруу хэрэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэсэнд гомдолтой байна.

Д.Б-нь хохирлыг бүрэн барагдуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа болон түүний үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарсан, хохирогчоос хохирлоо нөхөн төлсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулахад татгалзах зүйлгүй гэснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын санкцыг сонгож 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялаас хасаж ял эдэлсэнд тооцож өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б-гийн өмгөөлөгч С.Алтанцэцэг хэлсэн саналдаа “Хавтас хэргийн хүрээнд Д.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэх эргэлзээтэй үндэслэл байдаг юм. Энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэхэд мөн адил эргэлзээтэй. Нийгэмд учруулсан хор уршиг арилсан. Д.Б-гийн 2 дугаар ангийн жоохон охин нь ямар ч хараа хяналтгүй, хичээлдээ явж чадахгүй байгаа юм. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын төрлийг сонгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар заалтыг хэрэглэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Н.А-гийн өмгөөлөгч Б.Гантөмөр хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Н.А- нь гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалын Н.А-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь нотлогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтас хэргийн хүрээнд буюу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруу, хувийн байдал зэргийг харгалзан үзэж ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б-гийн өмгөөлөгч Б.Болортуяагийн гаргасан гомдлыг үндэслэн Н.А-, Д.Б-нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Н.А-, Д.Б-нарыг бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас 62,347,267 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд хохирлын хэмжээг 50,558,187 төгрөг гэж тооцсоныг давж заалдах шатны шүүхээс нягтлан шалгаж 47,076,727 төгрөгийн хохирол учруулсан гэж зөвтгөн дүгнэсэн нь үндэслэлтэй хэргийн бодит байдалд нийцжээ.

Н.А-, Д.Б-нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарах бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулиар бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийн улмаас “үлэмж хэмжээний хохирол учирсан” гэсэн хүндрүүлэх шинж байхгүй болсон учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв хэрэглэсэн гэж үзнэ. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч нар нь бүлэглэн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А б” ХХК-д борлуулагч, ачигчаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад 47,076,727 төгрөгийн хохирол учруулсан нь хангалттай тогтоогдсон бөгөөд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсгийг зөв тодорхойлж зүйлчилсэн байна.

Харин анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.Б-гийн гэм бурууд оногдуулсан ял шийтгэл нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт үйлдэл дэх оролцооны түвшин, хандлага, шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүйн дээр ял оногдуулах нийтлэг зарчмыг баримталж чадаагүй байна гэж дүгнэлээ.

 Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байх шаардлага давхар тавигддаг болно.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ. 

Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагыг үндэслэн шүүдэгч Д.Б-д хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах боломжтой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял болгон хөнгөрүүлж, түүний нийт цагдан хоригдсон 142 хоногийг оногдуулсан ялд оруулан тооцож, ялыг бүрэн эдэлж дууссан байгааг харгалзан Д.Б-г нэн даруй суллах өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортуяагийн гаргасан гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 841 дүгээр шийтгэх тогтоол түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1106 дугаар магадлалд “Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-гийн нийт цагдан хоригдсон 142 /зуун дөчин хоёр/ хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагаар тооцон, түүнийг ял эдэлж дууссанд тооцож, нэн даруй сулласугай” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, шүүгдэгч Д.Б-гийн өмгөөлөгч Б.Болортуяагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсүгэй.

2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

            ШҮҮГЧ                                                        С.БАТДЭЛГЭР

                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН