Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 447

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Сдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 101/ШШ2020/00061 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч.Сдын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Н” ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 62 752 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ч.Сд,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Амарбаяр,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ө.Эрдэн-Очир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Сд 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээр 1 мкв талбайг 1 600 000 төгрөгөөр тооцож, нийт 135 680 000 төгрөгөөр 84,5 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг захиалж, гэрээ байгуулсан өдрөө төлбөрийн 90 хувь болох 122 112 000 төгрөг, үлдсэн 10 хувь болох 13 568 000 төгрөгийг мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлөхөөр тохиролцсон ба уг үүргээ биелүүлсэн.

“Н” ХХК нь гэрээний 3.2 дахь хэсэгт заасны дагуу орон сууцыг 2016 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгөх хугацааг 60 хоног хэтэрсэн тохиолдолд захиалагч талд хоногийн 0,5 хувиар бодож алданги төлөх үүрэг хүлээсэн.

Улмаар 2017 оны 10 дугаар сард байр ашиглалтад орж бид байрыг хүлээж авсан боловч байрны гэрчилгээг бидэнд гаргаж өгөөгүй ба 2019 оны 9 дүгээр сард байрны гэрчилгээгээ албан ёсоор гаргуулж авсан.

Энэ хугацаанд тухайн байрны засвар үйлчилгээ болон байрны гэрчилгээ, гэрээнд заасан хариуцлагын талаар хариуцагч компанитай уулзаж шаардлага тавьсан боловч хариу өгөөгүй. Хариуцагчийн гаргаж өгсөн тооцоо нийлсэн актад гэрээний дагуу төлбөр тооцоо бүрэн дуусаж төлбөр тооцооны үлдэгдэл “0” гэж байгаа. Гэрээтэй холбоотой төлбөр тооцоо болон гомдлын шаардлага байхгүй.

Нэхэмжлэгчээс ашиглалтын зардлыг 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн. Тооцоо нийлсэн актад дээрх баримтыг үндэслэж ашиглалтын зардалд ямар нэгэн тооцоо байхгүй гэсэн агуулгыг тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл алданги төлөөгүй байгаа нь үүргээ гүйцэтгээгүйгээс үүсч байгаа хариуцлага болохоос ажил гүйцэтгэгч гэрээний үүргийг зөрчсөн гэх үйлдэл биш.

Иймд “Н” ХХК үүрэг гүйцэтгэх хугацаанаас 185 хоног хэтрүүлсэн тул гэрээний дагуу алданги бодож 62 752 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний алдангид 62 752 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

“Н” ХХК болон иргэн Ч.Сд нарын хооронд 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Тус гэрээгээр “Н” ХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Санто Смарт Аппартмент хотхоны барилгыг барьж гүйцэтгсэн 84.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалагч талд шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

Гүйцэтгэгчийн зүгээс гэрээнд заасан чанар, хэмжээнд тохирсон орон сууцыг барьж гүйцэтгэн гэрээний 5.1-т заасны дагуу орон сууцны иж бүрдэл, чанар зэргийг шалган захиалагч талд хүлээлгэн өгөхийн зэрэгцээ цаашид захиалагч болон гүйцэтгэгч нарын хооронд ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй талаар харилцан тохиролцож талууд тооцоо нийлсэн акт үйлдсэн байдаг.

н.Уранчимэг тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан. Тооцоо нийлсэн актад ашиглалтын төлбөртэй холбоотой зүйл байхгүй.

Орон сууц захиалах гэрээг Ч.Сд байгуулсан. Байрны төлбөр төлсөн тухай нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шүүхэд ирүүлсэн байсан. Төлбөртэй холбоотой асуудал болон шаардлага гаргахтай холбоотой асуудалд Ч.Сдыг төлөөлөөд хүү, охин хэн аль нь төлөөлж оролцдог. Тиймээс удаа дараагийн үйлдэл дээр харагддаг. Уранчимэгийн хувьд би охин нь гээд өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулъя гэж тооцоо нийлсэн актыг үйлдсэн.

Алдангийн хэмжээний асуудлыг ярьж байна. 84,5 метр квадрат байр 135 650 000 төгрөг алданги 62 752 000 төгрөг зөрүү 72 928 000 төгрөг үүнийгээ 84,5 м.кв-д хуваахад 863 000 төгрөг гарч байгаа. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээний 2.4-т зааснаар уг байрыг хямдралтай үнэ 1 600 000 төгрөгөөр зарсан. Энэ орон сууцны зах зээлийн үнэ 2 600 000-2 700 000 төгрөг байдаг.

Иймд талуудын хооронд төлбөр тооцоотой холбоотой шаардлага байхгүй тухай хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн акт үйлдсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 Шүүх: Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-аас 62 752 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Сдад олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 471 710 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 471 710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Сдад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Нандин-Эрхэм” ХХК нь Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн мянга, Нандин бизнес төв хаягт бүртгэлтэй бөгөөд тус хаягийн бүртгэл өөрчлөгдөөгүй болохыг хавтаст хэрэгт өгсөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдоно.

Мөн Ч.Сдтай байгуулсан 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-нд тус хаягаар байгуулсан. Одоогоор тус хаягтаа үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулсаар байгаа бөгөөд “Нандин- Эрхэм” ХХК-ийн олгосон итгэмжлэл дээрх хаягаар тодорхойлогдоно.

Иймд Чингэлтэй дүүргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэх харьяаллын маргааныг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүх шийдвэрлэж шүүхийн харьяалал зөрчигдсөн байна.

Нэхэмжлэгчээс “архивын хуулбар үнэн” тэмдэг дарагдсан гэрээг гаргаж өгснийг шүүх хүлээн авч нотлох баримтын хэмжээнд үнэлж үндэслэж шийдвэрээ гаргасан. Шүүх гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар шийдвэрлэж байгаа бол тус гэрээний хууль ёсны хүчин төгөлдөр байдлын талаар шалган тогтоох ёстой. Ч.Сд “Нандин- Эрхэм” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний хүчин төгөлдөр байдлыг Иргэний хуульд зааснаар хүчин төгөлдөр гэрээ эсэхийг шалгах тогтоох ёстой.

Гэрээнд компанийг төлөөлж гүйцэтгэх захирал хэмээн төслийн багийн удирдагч Ц.Өлзий-Орших гарын үсэг зурж байгуулсан байна. “Нандин-Эрхэм” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2006 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн Ц.Оюунтуяа ажиллаж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Д.Намба гүйцэтгэх захирлаар ажиллан 2019 оны 05 дугаар сарын 09-ноос ахин Ц.Оюунтуяа гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Иймд “Нандин-Эрхэм” ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй Ц.Өлзий-Оршихын иргэн Ч.Сдтай байгуулсан 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А2/16 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” нь Компанийн тухай хуулийг зөрчиж төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн гэрээ байх тул Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байна.

Дээр дурдсанаар “Н” ХХК-г төлөөлөх эрхгүй этгээдийн Ч.Сд нартай байгуулсан үндсэн гэрээг шүүх хүчин төгөлдөр гэж дүгнэж байгаа бол түүнтэй мөн адил Ч.Сдыг төлөөлөх эрхгүй этгээд болох Д.Уранчимэгийн байгуулсан 2019 оны 09 сарын 03-ны “Тооцоо нийлсэн акг”-ийг мөн хүчин төгөлдөр гэж үзэх ёстой. Төлөөлөх хууль ёсны эрхтэй этгээдийн хийсэн хэлцэл эсэхийг дээрх хэлцлүүдэд аль алинд нь адил тэнцүүгээр авч үзэх ёстой.

Өөрөөр хэлбэл “үндсэн гэрээ”, “тооцоо нийлсэн акт” Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8- д зааснаар нэг бол адил хүчин төгөлдөр бус хэлцэл эсхүл мөн хуулийн 65.1-д зааснаар адил хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх ёстой. “Орон сууц захиалгын гэрээг” хүчин төгөлдөр гэж үзэх бол тус гэрээний 5.2-т Орон сууц хүлээлгэн өгөх хугацаа болон ажлын гүйцэтгэл нь гүйцэтгэгчээс шалтгаалахгүй, урьдчилан мэдэх боломжгүй байсан, хүндэтгэн үзэх шалтгаанаар хойшлогдох тохиолдолд захиалагч талд урьдчилан мэдэгдэх ба захиалагч тал уг хугацааг хүндэтгэн үзэж хүлээн зөвшөөрөх бөгөөд хугацаа алдсан гэж үзэхгүй, бөгөөд хуульд заасан хариуцлага хүлээхгүй. Төр захиргааны байгууллагын асуудал шийдвэрлэх хугацаа, гүйцэтгэгчээс хамааралгүй хойшилсон. Цахилгаан, дулаан, холбоо, усны асуудал, хариуцсан байгууллагуудаас шууд шалтгаалах хугацаа, байгаль, цаг уурын гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, нийгэм, улс төр, гэмт үйлдэл, хандлага, зэрэгтэй холбоотой гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл” гэж заасныг анхаарах ёстой байсан.

Тус нөхцөл үүссэн талаар захиалагчид 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүргүүлж гэнэтийн болон давагдашгүй нөхцөл байдлыг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тогтоосон.

Энэ хугацаанд хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй. Ч.Сд бичгийг хүлээж аваад хариу өгөөгүй байдлаар хүлээн зөвшөөрсөн. Харин орон сууцыг улсын комисс хүлээж авсны дараа өмгөөлөгчөөс нь албан мэдэгдэл 2019 оны 11 дүгээр сард хүргүүлсэн байдаг нь бодит үйл баримт, нөхцөлтэй нийцэхгүй байна.

Орон сууц хүлээн авахдаа үйлдсэн тооцоо нийлсэн актад хэн алиндаа өр төлбөр, үүргийн гүйцэтгэлгүй гэдгийг тодорхойлсон болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Сд нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгүүлэх гэрээний алдангид 62 752 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

 Ч.Сд болон “Н” ХХК-ийн хооронд 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч “Н” ХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Санто смарт апартмент хотхоны А2 блок, 8 дугаар давхрын 84,8 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, автомашины гараашийг өөрийн материалаар барьж гүйцэтгэж, 2016 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч тал нь гэрээний нийт үнэ 135 680 000 төгрөгийн 90 хувь болох 122 112 000 төгрөгийг 3 хоногийн дотор төлөх, үлдэгдэл төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан талаар талууд маргаагүй бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

 

“Н” ХХК-ийг төлөөлж гэрээнд Ц.Өлзий-Орших гүйцэтгэх захирал гэж гарын үсэг зурж, компанийн тамга дарж баталгаажуулсан байна. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй” гэж зааснаар “Н” ХХК нь өөрийн ажилтны байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргах үндэслэлгүй юм.

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч Ж.Сэржханд нь гэрээний дагуу 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 122 112 000 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 13 568 000 төгрөгийг төлж, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн болохыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

 Харин “Н” ХХК нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, гэрээний 3.2-д зааснаар орон сууцыг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл үүсээгүй нөхцөлд 2016 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөх, гэрээний 3.4-т зааснаар гэрээгээр тохиролцсон төлбөрийг 100 хувь бүрэн төлж дуусгаснаар байрны өмчлөх эрхийг захиалагчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж анхан шатны шүүхийн дүгнэсэн нь зөв болжээ.

 

Учир нь “Н” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн дээрх орон сууцны барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гарсан, “Н” ХХК нь Ч.Сдад 2017 оны 09 дүгээр сард орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгсөн, Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас Ч.Сд, О.Анужин, О.Гэрэлт нарыг тус орон сууцны өмчлөгч болохыг улсын бүртгэлийн Ү-2204103778 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000756224 тоот гэрчилгээг 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр олгосон байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.3.-т гүйцэтгэгч тал барилга ашиглалтад орон хугацаанаас 60 хоног хэтэрсэн тохиолдолд захиалагч талд хоногийн 0,5 хувийн алданги төлөх үүрэгтэй гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолтод нийцсэн байх тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар алдангийг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй гэж дүгнэнэ.

 

Хэргийн 43 дугаар талд авагдсан 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн тооцоо нийлсэн актад “Санто смарт аппартмент хотхоны 1 дүгээр ээлжийн барилгын захиалагч Ч.Сд болон гүйцэтгэгч “Н” ХХК-ийн хооронд хийгдсэн А2-16 тоот гэрээний дагуу төлбөр тооцоо бүрэн дуусч 2 талын тооцооны үлдэгдэл 0 /тэг/ болж, тус гэрээтэй холбоотой цаашид ямар нэгэн тооцоо болон гомдлын шаардлага байхгүй болсныг 2 тал харилцан зөвшөөрч, баталгаажуулав” гэж бичиж захиалагч талыг төлөөлж Д.Уранчимэг, “Н” ХХК-ийн төлөөлж нягтлан бодогч Д.Отгонжаргал нар тус тус гарын үсэг зурсан байх боловч захиалагч Ч.Сдаас хуульд заасан төлөөлөл хэрэгжүүлэх эрх олгогдоогүй, уг хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

 Иймд тооцоо нийлсэн актаар алдангийн талаар тохиролцоогүй тул алданги нэхэмжлэх эрхгүй гэсэн хариуцагч талын тайлбар давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Харин орон сууц захиалан бариулах гэрээний үнэ нь хөнгөлөлттэй нөхцөлөөр тохиролцсон байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагч байгууллагаас алдангийг гаргуулахдаа гэрээний үнийн дүнгийн 10 хувиар тооцож бууруулах нь бодит нөхцөл байдалд нийцнэ гэж дүгнэж хариуцагч байгууллагаас 13 568 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр А2/16 дугаартай Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээг талууд эх хувиар эсхүл нотариатаар гэрчлүүлсэн байдлаар гаргаж өгөөгүй ч хэн аль нь гэрээ байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан гэрээний хувийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.

 

“Нандин-Эрхэм” ХХК нь Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн мянга, Нандин бизнес төв хаягт бүртгэлтэй байгаа боловч хариуцагч маргааныг харьяаллын дагуу өөр шүүхэд шилжүүлэх хүсэлт гаргаагүй байна. Иймд давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон үнийн дүнгийн өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 101/ШШ2020/00061 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “232 дугаар зүйлийн 232.6” гэснийг “186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.8” гэж “62 752 000” гэснийг “13 568 000” гэж өөрчилж,

2 дахь заалтын “471 710” гэснийг “225 790” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 471 710 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

       ШҮҮГЧИД                                    А.ОТГОНЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА