Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2020/00061

 

 

 

-

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2020/00061

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ч.Э

 

Хариуцагч: Н Э ХХК

 

62,752,000 төгрөг гаргуулах тухай гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Амарбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал, хариуцагчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “Мишээл экспо” худалдааны төвд зохион байгуулагдсан Барилга, орон сууцны үзэсгэлэн дээр “Н Э” ХХК-ийн павильон дээр очиж тус компанийн Баянзүрх дүүргийн дүүргийн 26 дугаар хороонд баригдаж буй Санто Смарт Аппартмент хотхоны орон сууцтай танилцсан. Тухайн үед орон сууцныхаа тухай инженер Отгонжаргал гэдэг хүн танилцуулж эхний 20 байр захиалагчдад урамшуулалтай байгаа, 100 хувь байрны төлбөрийг бэлэн төлөх бол захиалагчид 1 мкв-ыг 1 сая зургаан зуун мянган төгрөг ба ашиглалтанд 2016 оны IV дүгээр улиралд орно гэж бидэнд танилцуулсан.

Би гэрийнхэнтэйгээ тухайн компанийн барьж буй барилгын талаар ярилцаад, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Тус гэрээгээр 84,5 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг захиалж 1 мкв талбайг 1,600,000 төгрөгөөр бодож нийт 135,680,000 төгрөгийг тус компанид төлөхөөр гэрээ хийж, гэрээ байгуулсан өдрөө төлбөрийн 90 хувь болох 122,112,000 төгрөг, үлдсэн 10 хувь болох 13,568,000 төгрөгийг 11 сарын 30 ны өдөр төлөхөөр гэрээ байгуулж зохих төлбөрөө бүрэн төлж үүргээ биелүүлсэн.

“Н Э” ХХК гэрээний 3.2 дахь хэсэгт заасны дагуу орон сууцыг 2016 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулж захиалагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон бөгөөд барилгын компани барилга ашиглалтанд орох хугацаанаас 60 хоног хэтэрсэн тохиолдолд захиалагч талд хоногийн 0,5 хувиар бодож алданги төлөх үүрэг хүлээсэн юм.

Захиалагчийн зүгээс 2016 оны 12 дугаар сараас хойш сар бүр компани дээр очиж барилга хэзээ ашиглалтанд орохыг лавлаж шаардлага тавьдаг байсан боловч тухай бүр ирэх сард ашиглалтанд орно гэж хариу хэлдэг байсан. Улмаар 2017 оны 10 дугаар сард байр ашиглалтанд орж бид байрыг хүлээж авсан боловч байрны гэрчилгээг бидэнд гаргаж өгөөгүй. Сураг сонсоход Төрийн банканд байрыг барьцаанд тавьсан гэж дуулдах болсон бөгөөд Төрийн банк дээр очиж уулзахад Нандин эрхэм компани барилгыг манай банканд барьцаанд тавьж авсан зээлээ төлөхгүй байгаа тухай бидэнд мэдэгдсэн.

2019 оны 3 дугаар сард Төрийн банкны зээлийн мэргэжилтэн ирж уулз гэсний дагуу очиж уулзахад байрнууд барьцаанд байгаа тухай мэдэгдэж бүх айлын хаалганд мэдэгдэх хуудас наасан байсан.

Байрны төлбөрөө 100 хувь бүрэн төлсөн бидний хувьд байрныхаа гэрчилгээг авах гэж 2 жил хөөцөлдсөний эцэст 2019 оны 9 сард байрны гэрчилгээгээ албан ёсоор гаргуулж авсан.

Энэ хугацаанд тухайн байрны засвар үйлчилгээ болон байрны гэрчилгээ, гэрээнд заасан хариуцлагын талаар хариуцагч компанитай уулзаж шаардлага тавьсан боловч хариу өгөөгүй.

Бидний хооронд байгуулсан гэрээгээр үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож хариуцлага хүлээнэ гэж заасны дагуу “Нандин эрхэм” компани үүрэг гүйцэтгэх хугацаанаас 185 хоног хэтрүүлсэн тул гэрээний алдангид Иргэний хуульд заасны дагуу 50 хувиас хэтрэхгүйгээр бодож 62,752,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Амарбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 206 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэх зарчмыг тухайлан зааж өгсөн байдаг. Иргэний харилцаанд оролцогчид талууд нь үүргийг тогтоосон газар хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ. Талуудын хооронд орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээнд талууд хүсэл сонирхлыг тэгш чөлөөтэй байгуулсан гэж үзэж байгаа. Гэрээ нь Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх захиалагч нь уг ажлыг хүлээж авснаар хэлэлцэж тохиролцсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр талууд ямар орон сууцыг ямар үнээр ямар төлбөрийг шилжүүлэх вэ, ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг тодорхой тусгасан байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар талууд гэрээгээ байгуулаад хугацаандаа оруулах үүргийг хариуцагч буюу “Н Э” ХХК биелүүлээгүй байна. Гэрээний 3.2 дахь хэсэгт гүйцэтгэгч нь захиалсан орон сууцны гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлс үүсээгүй нөхцөлд 2016 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгнө гэж заасан байдаг. Мөн гэрээний 3.3 дахь хэсэгт гүйцэтгэгч тал барилга ашиглалтад орох хугацаанаас 60 хоног хэтэрсэн тохиолдолд захиалагч талд хоногийн 0,5 хувийн алданги төлөх үүрэгтэй. Мөн гэрээний 4.3 дахь хэсэгт захиалагч тал мөнгөө төлөөгүй бол 0,5 хувийн алданги тооцно гэж тус тус заасан байна. Тухайн барилга орон сууцыг улсын комисс 2016 оны 9 сард ашиглалтад оруулж хүлээж авсан. Гэхдээ Иргэний хуулийн 108 дугаар зүйлд үл хөдлөх хөрөнгө Улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчинтэй болдог. Үүнээс үзэхэд орон сууцыг 2019 оны 9 сард хүлээлгэж өгсөн. Энэхүү гэрчилгээ улсын бүртгэлд бүртгүүлснээр захиалагч тал ажлын гүйцэтгэлийг бүрэн хүлээж авсан гэж үзэж байна. Тиймээс хариуцагчийн хариу тайлбарт дурдагдаад байгаа гомдлын шаардлага гаргах хугацаа байгаа. Орон сууцны тооцоо нийлсэн акт гэж яриад байна. Гэрээний 5.1 дэх хэсэгт талууд гэрээг дүгнэж төлбөр тооцоог бүрэн дууссан тохиолдолд байрыг захиалагч талд хүлээлгэн өгнө. Тэгэхээр үүнээс үзэхэд төлбөр тооцоо дууссан асуудал харагдаж байна. Мөн захиалагч тал төлбөр тооцоо бүрэн дуусаж тооцоо нийлсэн актад алдангийн асуудал огт яригдахгүй бөгөөд гэрээний үндсэн үнэ болох 135,000,000 төгрөгийн төлбөр тооцооны асуудал яригдана. Хариуцагчийн гаргаж өгсөн  тооцоо нийлсэн актад гэрээний дагуу төлбөр тооцоо бүрэн дуусаж төлбөр тооцооны үлдэгдэл 0 гэж байгаа. Гэрээтэй холбоотой төлбөр тооцоо болон гомдлын шаардлага байхгүй. Ямар нэгэн тооцоо гэдэгт нэхэмжлэгч тал юу гэж ойлгож байгаа вэ гэхээр тухайн үед гэрчилгээ гаргахгүй 2 жил болоод гэрчилгээ гаргах захиалгыг улсын бүртгэлд “Н Э” ХХК өгөхдөө тооцоо нийлээд буюу ашиглалтын зардлыг төлөх шаардлагыг тавьсан. Нэхэмжлэгчээс ашиглалтын зардал тухайн үед төлөөгүй байсан. Ашиглалтын зардлыг 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн. Өөрөөр хэлбэл тооцоо нийлсэн актад дээрх баримтыг үндэслэж ашиглалтын зардалд ямар нэгэн тооцоо байхгүй гэсэн агуулгыг тусгасан байдаг. Мөн гомдлын шаардлагыг ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажил ямар нэгэн доголдолтой бол гэж тусгасан. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэгчийн хариуцлагын талаар гомдлын шаардлага гаргах хугацааг тусгайлан зохицуулж өгсөн. Хугацааны хувьд шаардлагын үндэслэл нь юу байх вэ гэхээр ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн бол гэж байгаа.Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн гэдэг нь бид гэрээний үндсэн маргаан бол алдангийн асуудал буюу хариуцлагын асуудал яригдаж байгаа. Гэрээний үндсэн нөхцөлийг зөрчсөн асуудал яригдаагүй. Өөрөөр хэлбэл алданги төлөөгүй байгаа нь үүргээ гүйцэтгээгүйгээс үүсч байгаа хариуцлага болохоос ажил гүйцэтгэгч гэрээний үүргийг зөрчсөн гэх үйлдэл биш. Хариуцагчийн зүгээс Уранчимэг гэх хүн нэхэмжлэгчийг төлөөлөөд явж байсан гэж тайлбарлаж байна. Гэтэл Уранчимэг нь гэрээ байгуулах үед гадаадад байсан. Хариуцагч тайлбараа нотлох үүрэгтэй. Зөвхөн төлбөр тооцоо хийхдээ шаардлагаа тооцоо дууссан ашиглалтын зардлаа төл гэж шахаж гарын үсгээ зурахгүй бол гэрчилгээ гарахгүй гэсэн асуудал байдаг. Төлбөр тооцоо нийлсэн актын хувьд нэхэмжлэл гаргасан этгээд болон гэрээ байгуулсан этгээд бол Ч.Э байдаг боловч Уранчимэг гарын үсгээ зурсан. Эрх зүйн хувьд бүгд бие даасан үүрэг хүлээсэн статустай байгаа. Гэтэл нэхэмжлэгч тайлбартаа хэлсэн. Би энэ тооцоо нийлсэн актын тухайд огт мэдээгүй  хөөцөлдөж байсан гэсэн тайлбараас авч үзэхэд тооцоо нийлсэн актад Ч.Э өөрөө гарын үсэг зураагүй буюу тооцоо нийлсэн агуулга нь хариуцагчийн тайлбарлаж байгаа үндэслэл биш гэж үзэж байгаа учраас хариуцагчийн татгалзаж байгаа татгалзал нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч “Н Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний алдангид 62,752,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

“Н Э” ХХК болон иргэн Ч.Э нарын хооронд 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан. Тус гэрээгээр “Н Э” ХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Санто Смарт Аппартмент хотхоны барилгыг барьж гүйцэтгэн 84.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалагч талд шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

Гүйцэтгэгчийн зүгээс гэрээнд заасан чанар, хэмжээнд тохирсон орон сууцыг барьж гүйцэтгэн гэрээний 5.1-т заасны дагуу орон сууцны иж бүрдэл, чанар зэргийг шалган захиалагч талд хүлээлгэн өгөхийн зэрэгцээ цаашид захиалагч болон гүйцэтгэгч нарын хооронд ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй талаар харилцан тохиролцож талууд тооцоо нийлсэн акт үйлдсэн байдаг.

Иймд талуудын хооронд төлбөр тооцоотой холбоотой шаардлага байхгүй тухай хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн акт үйлдсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тооцоо нийлсэн актад Уранчимэг гарын үсэг зураагүй, гадаадад байсан гэж тайлбарлаж байна. 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн тооцоо нийлсэн актад Уранчимэг зураагүй бөгөөд гадаадад байсан бол үнэлгээ хийлгэх хүсэлт гаргаад шинжээч томилуулаад гарын үсэг мөн биш болохыг тогтоох ёстой. Уранчимэг зураагүй бол хариуцагч тал шүүхэд хуурамч нотлох баримт  өгсөн асуудал яригдана. Гэрээний тухайд Уранчимэг өөрөө байж байгаад тооцоо нийлсэн актад гарын үсгээ зурсан. Ашиглалтын зардалтай холбоотойгоор тооцоо нийлсэн акт үйлдсэн гэж ярьж байна. Тооцоо нийлсэн актад ашиглалтын төлбөртэй холбоотой зүйл байхгүй. Гэтэл ашиглалтын зардалтай холбоотой тооцоо нийлсэн гэж тайлбарласан байж нөгөө талаараа энэ тооцоо нийлсэн актад төлбөр тооцоо нийлж гарын үсэг зурахгүй бол өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхгүй гэсэн гээд ашиглалтын зардалд гарын үсэг зурсан асуудлаа үгүйсгэж байгаа нь нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. Гомдлын шаардлага бол хуульд заасны дагуу үүснэ. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ байгаа. Уг гэрээнд төлбөрийн асуудал болоод доголдол зэрэг асуудлууд яригдана. Орон сууц захиалах гэрээг Ч.Э байгуулсан. Байрны төлбөр төлсөн тухай нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шүүхэд ирүүлсэн байсан. Төлбөртэй холбоотой асуудал болон шаардлага гаргахтай холбоотой асуудалд Ч.Эыг төлөөлөөд хүү, охин хэн аль нь төлөөлж оролцдог. Тиймээс удаа дараагийн үйлдэл дээр харагддаг. Уранчимэгийн хувьд би охин нь гээд өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулъя гэж тооцоо нийлсэн актыг үйлдсэн.

Алдангийн хэмжээний асуудлыг ярьж байна. 84,5 метр квадрат байр 135,650,000 төгрөг алданги 62,752,000 төгрөг зөрүү 72,928,000 төгрөг үүнийгээ 84,5 метр квадратад хуваахад 863,000 төгрөг гарч байгаа. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээний 2,4 дэх хэсэгт зааснаар уг байрыг хямдралтай үнэ 1,600,000 төгрөгөөр зарсан. Энэ орон сууцны зах зээлийн үнэ 2,600,000-2,700,000 төгрөг байдаг. Энэ тухай гэрээнд тусгагдсан тул шүүх анхаарах байх. Хугацаа хэтэрсэн асуудал болон гэрчилгээ гараагүй асуудал Төрийн банкны санхүүжилттэй холбоотой асуудал байсан тухай дээр дурдсан. 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр орон сууцыг ашиглалтад оруулна гэж байсан. Өөрөөр хэлбэл тооцоо нийлсэн асуудал бол Төрийн банкны асуудалтай холбоотой байсан. Энэ тухай цаг тухайд нь оршин суугчдад мэдэгдэж байсан. Дээрх орон сууцны байрлал Баянмонгол хороололд байдаг. Хотын бүсчлэлийг авч үзэхэд А зэргийн бүсчлэлтэй. Гэрчилгээ гарахгүй байгаа Төрийн банкны асуудлыг ярилцаж байгаад талууд 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр талууд тооцоо нийлсэн. Өг авлагын дэлгэрэнгүй тайланд тодорхой харагдаж байгаа. Бид алданги огт байхгүй гэж хэлээгүй. Иргэний хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 гэрээ хүчингүй болгох талаар тусгасан. Тооцоо нийлсэн акт нь Иргэний хуулийн 456 дугаар зүйлд заасан тооцоо нийлэх гэрээний шинжийг агуулж байгаа учраас талууд тооцоо нийлсэн учраас өр төлбөрийн асуудалгүй гэж харагдаж байна. Тухайн үед 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ямар нэгэн байдлаар цаашид өр төлбөрийн асуудалд тооцоо дууссан. “Н Э” ХХК-ийн үүрэг дуусгавар болсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл харагдахгүй байна. Тооцоо нийлсэн актыг өнөөдөр мэдэж байна гэж ярьж байна. Өнөөдөр мэдэж байгаа бол тооцоо нийлсэн актыг гарын үсэг зурахгүй бол гэрчилгээ гаргаж өгөхгүй гэж дарамталж зуруулсан гэдгийг яаж мэдэж байгаа юм бэ, тэгэхээр тооцоо нийлсэн актын тухайн үед Ч.Э өөрөө мэдэж байсан. Мэдэж учраас байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1 дэх хэсэгт зааснаар орон сууцыг хүлээлгэж өгөх гэрээний үндсэн төлбөр болон гэрээг зөрчсөнөөс үүсэх алданги бүх зүйлүүдийг талууд харилцан тохиролцож байрыг хүлээлгэж өгөх болон гэрчилгээний асуудал яригддаг. Нэхэмжлэл гаргахдаа хавсаргасан материал 7-13 хуудаст авагдсан гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Э нь Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгүүлэх гэрээний алдангид 62,752,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байн.

 

Шүүх, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрллээ.

 

Талууд 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр А2/16 дугаартай Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч “Н Э” ХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Santo smart apartment хотхоны А2 блок, 8 дугаар давхрын 84,8 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, автомашины гаражийн барилгыг өөрийн материалаар гүйцэтгэж, 2016 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч тал нь гэрээний нийт үнэ 135,680,000 төгрөгийг гэрээ хийгдсэнээс хойш 3 хоногийн дотор, нийт үнийн 90 хувь 122,112,00 төгрөгийг урьдчилгаанд төлөх, үлдэгдэл төлбөрийг гэрээний хавсралт 3-т зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан ёсоор төлбөрийн үүргээ гүйцэтгэсэн талаар талууд маргаагүй бөгөөд төлбөрөө зохих ёсоор төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоосон.

 

Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээний Гуравдугаар зүйлийн 3.2.-т “Гүйцэтгэгч нь захиалсан орон сууцыг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл үүсээгүй нөхцөлд 2016 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй”, 3.3.-т “Гүйцэтгэгч тал барилга ашиглалтад орон хугацаанаас 60 хоног хэтэрсэн тохиолдолд захиалагч талд хоногийн 0,5 хувийн алданги төлөх үүрэгтэй”, 3.4-т “Гэрээгээр тохиролцсон төлбөрийн 100 хувь бүрэн төлж дуусгаснаар байрны өмчлөх эрхийг захиалагчид шилжүүлэх үүрэгтэй...” гэж тус тус заажээ.

 

Талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.4.-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги” гэж тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

 

Хариуцагч “Н Э” ХХК нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй болох нь дор дурдсанаар тогтоогдов.

 

“Н Э” ХХК-ийн гүйцэтгэсэн барилгын ажлын үр дүн болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 Хүннүгийн гудамж, 212 дугаар байр, 810 тоот хаягт байршилтай 84,8 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-2204103778 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг Ч.Сэржхэнд О.Анужин, О.Гэрэлт нарт 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр олгожээ.

 

Дээрх орон сууцны барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2017/105 дугаартай улсын комиссийн дүгнэлт гарч, нэхэмжлэгч Ч.Э 2017 оны 9 дүгээр сарын сүүлээр орон сууцны түлхүүрээ хүлээн авсан болох нь хэргийн материал, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдов.

 

Хариуцагч нь дээр дурьдсан нөхцөл байдлын улмаас Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээний Гуравдугаар зүйлийн 3.3-т заасан алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д тус тус зааснаар төлөх үндэслэлтэй байна.

 

Талуудын байгуулсан гэрээний дагуу орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх 2016 оны 4 дүгээр улирал өнгөрснөөс хойш, гэрээний 3.3-т заасан 60 хоногийн хугацаа мөн хэтэрч орон сууцыг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гарсныг тооцоход нэхэмжлэгчийн шаардаж буй алданги 62,752,000 төгрөгийн дүн үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь хэрэгт авагдсан 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр А2/16 дугаартай Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй, талууд 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр тооцоо нийлж, тооцооны үлдэгдэл 0 болж, тус гэрээтэй холбоотой цаашид ямар нэгэн тооцоо болон гомдлын шаардлага байхгүй гэж харилцан тохиролцсон хэмээн маргасныг үндэслэлгүй гэж үзлээ.

 

Учир нь 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “Санто смарт аппартмент хотхоны 1 дүгээр ээлжийн барилгын захиалагч Ч.Э болон гүйцэтгэгч Нандин эрхэм ХХК-ийн хооронд хийгдсэн А2-16 тоо гэрээний дагуух төлбөр тооцоо бүрэн дуусч  2 талын тооцооны үлдэгдэл 0 /тэг/ болж, тус гэрээтэй холбоотой цаашид ямар нэгэн тооцоо болон гомдлын шаардлага байхгүй болсныг 2 тал харилцан зөвшөөрч, баталгаажуулав” гэх Тооцоо нийлсэн актад захиалагч талыг төлөөлж гарын үсэг зурсан этгээдэд захиалагч Ч.Эаас Иргэний хуульд заасан төлөөлөл хэрэгжүүлэх эрх олгогдоогүй тул уг хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй, хэрэгт авагдсан Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан шаардлагыг хангасан, эрх бүхий, төрийн байгууллага буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын хуулбар үнэн тэмдэг дарагдаж, баталгаажсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Н Э” ХХК-иас 62,752,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Эад олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 471,710 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 471,710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Эад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.УНДРАА