Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2021/01381

 

 ,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/00061 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 447 дугаар магадлалтай,

 ,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй,

 “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 62,752,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч  ,,,,,,,,,,,,,,,,,,,, түүний өмгөөлөгч М.Амарбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2016.05.18-ны өдөр орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээр 1 м.кв талбайг 1,600,000 төгрөгөөр тооцож, нийт 135,680,000 төгрөгөөр 84,5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг захиалж, гэрээ байгуулсан өдрөө төлбөрийн 90 хувь болох 122,112,000 төгрөг, үлдсэн 10 хувь болох 13,568,000 төгрөгийг мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлөхөөр тохиролцсон ба уг үүргээ биелүүлсэн.  “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь гэрээний 3.2 дахь хэсэгт заасны дагуу орон сууцыг 2016 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгөх хугацааг 60 хоног хэтэрсэн тохиолдолд захиалагч талд хоногийн 0,5 хувиар бодож алданги төлөх үүрэг хүлээсэн. 2017 оны 10 дугаар сард байр ашиглалтад орж бид байрыг хүлээж авсан боловч байрны гэрчилгээг бидэнд гаргаж өгөөгүй ба 2019 оны 9 дүгээр сард байрны гэрчилгээгээ албан ёсоор гаргуулж авсан. Энэ хугацаанд тухайн байрны засвар үйлчилгээ болон байрны гэрчилгээ, гэрээнд заасан хариуцлагын талаар хариуцагч компанитай уулзаж шаардлага тавьсан боловч хариу өгөөгүй. Хариуцагчийн гаргаж өгсөн тооцоо нийлсэн актад гэрээний дагуу төлбөр тооцоо бүрэн дуусаж төлбөр тооцооны үлдэгдэл 0 гэж байгаа. Гэрээтэй холбоотой төлбөр тооцоо болон гомдлын шаардлага байхгүй. Нэхэмжлэгчээс ашиглалтын зардлыг 2019.09.03-ны өдөр төлсөн. Тооцоо нийлсэн актад дээрх баримтыг үндэслэж ашиглалтын зардалд ямар нэгэн тооцоо байхгүй гэсэн агуулгыг тусгасан. Иймд  “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК үүрэг гүйцэтгэх хугацаанаас 185 хоног хэтрүүлсэн тул гэрээний дагуу алданги бодож 62,752,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.  “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК болон иргэн  ,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд 2016.05.18-ны өдөр орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гүйцэтгэгчийн зүгээс гэрээнд заасан чанар, хэмжээнд тохирсон орон сууцыг барьж гүйцэтгэн гэрээний 5.1-т заасны дагуу орон сууцны иж бүрдэл, чанар зэргийг шалган захиалагч талд хүлээлгэн өгөхийн зэрэгцээ цаашид захиалагч болон гүйцэтгэгч нарын хооронд ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй талаар харилцан тохиролцож талууд тооцоо нийлсэн акт үйлдсэн, уг актад  ,,,,,,,,,,,,,,,,,, гарын үсэг зурсан. Тооцоо нийлсэн актад ашиглалтын төлбөртэй холбоотой зүйл байхгүй. Орон сууц захиалах гэрээг  ,,,,,,,,,,,,,,,,,,, байгуулсан. Байрны төлбөр төлсөн тухай нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шүүхэд ирүүлсэн байсан. Төлбөртэй холбоотой асуудал болон шаардлага гаргахтай холбоотой асуудалд  ,,,,,,,,,,,,,,,,,,,ыг төлөөлөөд хүү, охин хэн аль нь оролцдог. 84.5 м.кв байр 135,650,000 төгрөг, алданги 62,752,000 төгрөг, зөрүү 72,928,000 төгрөг, үүнийг 84.5 м.кв-д хуваахад 863,000 төгрөг гарч байгаа. Иймд талуудын хооронд төлбөр тооцоотой холбоотой шаардлага байхгүй тухай хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн акт үйлдсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/00061 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч  “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 62,752,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  ,,,,,,,,,,,,,,,,,,,д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 471,710 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 471,710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  ,,,,,,,,,,,,,,,,,,,ад олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 447 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/00061 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “232 дугаар зүйлийн 232.6” гэснийг “186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.8” гэж “62,752,000” гэснийг “13,568,000” гэж өөрчилж, 2 дахь заалтын “471,710” гэснийг “225,790” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 471,710 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очирын хяналтын журмаар гаргасан гомдолд:

...Магадлалын “шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгоогүй хэсгийг” дор дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчил гаргасан.

1.1. Шүүхийн харьяалал зөрчсөн:  “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь Чингэлтэй дүүргийн 9-р хороо, Дэнжийн мянга, “Нандин бизнес” төв хаягт бүртгэлтэй бөгөөд тус хаягийн бүртгэл өөрчлөгдөөгүй болохыг хавтаст хэрэгт өгсөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдоно. Мөн  ,,,,,,,,,,,,,,,,,,,тай байгуулсан 2016.05.18-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээг тус хаягаар байгуулсан. Одоогоор тус хаягтаа үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулсаар байгаа бөгөөд  “,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн олгосон итгэмжлэл дээрх хаягаар тодорхойлогдоно. Иймд Чингэлтэй дүүргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэх харьяаллын маргааныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүх шийдвэрлэж шүүхийн харьяалал зөрчигдсөн байна. Тус агуулгаар гаргасан давж заалдах гомдолд магадлалын хянавал хэсгийн 7 дах талд “  “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь Чингэлтэй дүүргийн 9-р хороо, Дэнжийн мянга, “Нандин бизнес” төв хаягт бүртгэлтэй байгаа боловч хариуцагч маргааныг харьяаллын дагуу өөр шүүхэд шилжүүлэх хүсэлт гаргаагүй байна. Иймд давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм” гэжээ. Маргааныг харьяаллын дагуу хүлээн авах, хэрэв харьяалал зөрчин ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авсан болох нь холбогдох баримтуудаар тогтоогдвол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан ажиллагаа нь шүүхийн өөрийн гүйцэтгэх ажиллагаа юм. Шүүх өөрийн үндсэн гүйцэтгэх ажиллагааг зохигчдоор гүйцэтгүүлж болохгүй. Тус алдааг давж заалдах шатны шүүхээс “хариуцагч жинхэнэ хаягийн дагуу шилжүүлэх хүсэлт гаргаагүй байна” хэмээн дүгнэж анхан шатны шүүхийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн ажиллагааг зөвтгөх үндэслэлгүй юм.

1.2. Нотлох баримт бүрдүүлэх, үнэлэх процесс зөрчигдсөн

Нэхэмжлэгчээс “архивын хуулбар үнэн” тэмдэг дарагдсан гэрээг гаргаж өгснийг шүүх хүлээн авч нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдвэрээ гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2-т заасныг зөрчсөн. Тус хуулийн 44.4-т зааснаар хуулбар үнэн тэмдэг бүхий баримтыг хэргийн оролцогчдоос гарган өгөх боломжгүй. Зөвхөн шүүх бүрдүүлсэн баримтын хувьд төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд тус тэмдгээр баталгаажсан баримт гаргаж өгөх боломжтой. Энэ талаар гаргасан давж заалдах гомдолд магадлалаар дүгнэлт өгөхдөө “гэрээг талууд эх хувь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байдлаар  гаргаж өгөөгүй боловч хэн аль нь гэрээ байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан гэрээний хувийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн байна. Иймд энэ талаар гаргасан  хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй”  гэжээ. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх үндсэн зарчимтай. Үндэслэл бүхий байх гэдэг зарчим өөрөө хууль ёсны байдлаар бүрдсэн нотлох баримтыг үндэслэх агуулга багтана. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй”  гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх “хэргийн оролцогчоос гаргах нотлох баримтын хувьд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасныг зөрчиж гаргасан баримтыг өгсөн байтал шүүх тус баримтад үндэслэн шийдвэрээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн ноцтой зөрчлүүдийг давж заалдах шатны шүүх дээрхийн нэгэн адил “маргаагүй” гэх үндэслэлээр зөвтгөжээ. Дээрхээс хэргийн оролцогчид л маргаагүй бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж болно гэх дүгнэлтэд хүрч байна.

2. Иргэний хуулийн хэрэглэх ёстой холбогдох заалтыг хэрэглээгүй.

2.1. Шүүх хүчин төгөлдөр бус гэрээнд үндэслэн үүргийн гүйцэтгэлийг хангасан. Шүүх гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар шийдвэрлэж байгаа бол тус гэрээний хууль ёсны хүчин төгөлдөр байдлын талаар шалган тогтоох ёстой.  ,,,,,,,,,,,,,,,,,,,,  “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016.05.18-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээний хүчин төгөлдөр байдлыг Иргэний хуульд зааснаар хүчин төгөлдөр гэрээ эсэхийг шалган тогтоох ёстой. Гэрээнд компанийг төлөөлж гүйцэтгэх захирал хэмээн төслийн багийн удирдагч ,,,,,,,,,,-,,,,,,,,,,,, гарын үсэг зурж байгуулсан байна.  “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2006.01.24-ний өдрөөс эхлэн ,,,,,,,,,,,, ажиллаж байгаад 2019.04.08-ны өдөр Д.Намба гүйцэтгэх захирлаар, 2019.05.09-ний өдрөөс ,,,,,,,,,,,, дахин гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Иймд  “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй ,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,ын иргэн  ,,,,,,,,,,,,,,,,,,,тай байгуулсан 2016.05.18-ны өдрийн А2/16 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээ нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т “Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна”, 83.8-д  “Гүйцэтгэх удирдлага  нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна’’ гэж зааснаар тус гэрээ нь Компанийн тухай хуулийн дээрх заалтыг зөрчиж төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн гэрээ байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байна. Дээрх нөхцөлд шүүх хүчин төгөлдөр бус гэрээний анзыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь “шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна” гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг магадлалаар дүгнэлт хийхдээ “Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй” гэж зааснаар  “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь өөрийн ажилтны байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргах үндэслэлгүй юм. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байна” гэжээ. Давж заалдах шатны шүүх хуулийн тус заалтыг хэрэглэж гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бол ижил үйл баримт бүхий “ ,,,,,,,,,,,,,,,,,,, нь өөрийн бэр ,,,,,,,,,,,,,,ийг өөрийгөө төлөөлөх эрхтэй гэх ойлголтыг гэрээний нөгөө тал болох  “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д өгсөн тул түүний төлөөлж байгуулсан 2019.09.03-ны өдрийн “Тооцоо нийлэх акт”-ыг мөн адил хүчин төгөлдөр гэж үзэх ёстой. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсгийн 6 дах талд “захиалагч  ,,,,,,,,,,,,,,,,,,,аас хуульд заасан төлөөлөл хэрэгжүүлэх эрх олгогдоогүй, уг хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ” гэсэн байна. Төлөөлөх хууль ёсны эрхтэй этгээдийн хийсэн хэлцэл эсэхийг дээрх хэлцлүүдэд аль алинд нь адил тэнцүүгээр авч үзэх ёстой. Өөрөөр хэлбэл “үндсэн гэрээ”, “тооцоо нийлсэн акт” Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар нэг бол адил хүчин төгөлдөр бус хэлцэл, эсхүл Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар адил хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх ёстой. Дээрхийн алинд ч алданги төлөх үр дагавар үүсэх хууль зүйн боломжгүй болно. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг нэг мөр хэрэглээгүй байна.

2.2. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасныг хэрэглээгүй.

Давж заалдах шатны шүүх орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн. Хэрэв тэгж үзэж байгаа бол тус гэрээний агуулгад дүгнэлт өгч шийдвэрлэх ёстой. Гэрээний 5.2-т орон сууц хүлээлгэн өгөх хугацаа болон ажлын гүйцэтгэл нь гүйцэтгэгчээс шалтгаалахгүй, урьдчилан мэдэх боломжгүй байсан, хүндэтгэн үзэх шалтгаанаар хойшлогдох тохиолдолд захиалагч талд урьдчилан мэдэгдэх ба захиалагч тал уг хугацааг хүндэтгэн үзэж хүлээн зөвшөөрөх бөгөөд хугацаа алдсан гэж үзэхгүй, хуульд заасан хариуцлага хүлээхгүй. Үүнд :

-Төр захиргааны байгууллагын асуудал шийдвэрлэх хугацаа, гүйцэтгэгчээс хамааралгүй хойшилсон.

-Цахилгаан, дулаан, холбоо, усны асуудал, хариуцсан байгууллагуудаас шууд шалтгаалах хугацаа,

-Байгаль, цаг уурын гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл,

-Нийгэм, улс төр, гэмт үйлдэл, халдлага зэрэгтэй холбоотой гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл” гэж заасныг анхаарах ёстой байсан. Тус нөхцөл үүссэн талаар захиалагчид 2017.03.22-ны өдөр хүргүүлж гэнэтийн болон давагдашгүй нөхцөл байдлыг 2017.08.01-ний өдөр хүртэл тогтоосон. Энэ хугацаанд хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй.   ,,,,,,,,,,,,,,,,,,, бичгийг хүлээж аваад хариу өгөөгүй байдлаар хүлээн зөвшөөрсөн. Харин орон сууцыг улсын комисс хүлээж авсны дараа өмгөөлөгчөөс нь албан мэдэгдэл 2019 оны 11 сард хүргүүлсэн байдаг нь бодит үйл баримт, нөхцөлтэй нийцэхгүй байна. Орон сууц хүлээн авахдаа үйлдсэн тооцоо нийлсэн акт ( ,,,,,,,,,,,,,,,,,,, өөрөө зурсан), орон сууц хүлээн авах акт зэрэгт хэн алиндаа өр төлбөр, үүргийн гүйцэтгэлгүй гэдгийг тодорхойлсон болно. Тус агуулгаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдолд давж заалдах шатны шүүхээс ямар нэгэн үндэслэл бүхий хариу өгөөгүй байгаа нь давж заалдах гомдлын агуулга тус шатны шүүхээр хэлэлцэгдээгүй гэж үзэхээр байна. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.26-ны өдрийн 101/ШШ2020/00061 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.21-ний өдрийн 447 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч  ,,,,,,,,,,,,,,,,,,,аас хариуцагч  “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 62,752,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан, анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 13,568,000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, харин хариуцагчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргасан ба тэрээр шүүх хуралдааны үеэр хяналтын журмаар гаргасан гомдлынхоо процессын зөрчилтэй холбогдуулж гаргасан үндэслэлээсээ (1 дэх хэсэг) татгалзаж, “шүүх Иргэний хуулийн хэрэглэх ёстой холбогдох заалтыг хэрэглээгүй” гэсэн үндэслэлээр (2 дахь хэсэг) маргаж байгаагаа тодруулсан тул хяналтын шатны шүүх гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтын талаар талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр хариуцагч нь 3 өрөө орон сууц, автомашины гаражийг барьж гүйцэтгэж, 2016 оны 4 дүгээр улиралд багтаан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан, гэвч хариуцагч хугацаа хэтрүүлсэн тул талуудын хороонд байгуулагдсан гэрээний 3.3, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй, хариуцагч төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, захиалагч буюу нэхэмжлэгч гэрээний үнийг хугацаанд нь бүрэн төлсөн, ажил гүйцэтгэгч буюу хариуцагч гэрээний зүйлийг барьж дуусган захиалагчид (хугацаа хэтрүүлсэн ч гэсэн) хүлээлгэн өгсөн, энэ хүртэл хариуцагчийн зүгээс тухайн гэрээний харилцааг хүлээн зөвшөөрсөн атлаа нөгөө талаас ажлыг хугацаа хэтрүүлэн хүлээлгэн өгсний хариуцлага (алданги)-ыг шаардахад “компанийг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан тул тухайн гэрээ хүчин төгөлдөр бус” гэж маргаж байгаа нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэсэнтэй нийцэхгүй.

Давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1. “Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно”, 65 дугаар зүйлийн 65.1. “Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй” гэж зааснаар хариуцагч  “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь өөрийн ажилтны байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргах үндэслэлгүй юм.

Иймд, “... төлөөлөх эрхгүй этгээдийн байгуулсан гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.8.-д зааснаар хүчин төгөлдөр бус, шүүх хүчин төгөлдөр бус гэрээний анзыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй...” гэх хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

2019.09.03-ны өдрийн “тооцоо нийлсэн акт”-ын талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй. Тухайн актад “... гэрээтэй холбоотой цаашид ямар нэгэн тооцоо болон гомдлын шаардлага байхгүй...” гэсэн нь нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан “захиалагч орон сууц, гаражийн үнийг төлж дуусан, ямар нэгэн үлдэгдэл, өр төлбөр байхгүй, гүйцэтгэсэн ажил (доголдол)-ын талаар ямар нэгэн гомдлын шаардлага (доголдолтой холбоотой) гаргахгүй” гэсэн агуулгыг илэрхийлсэн байх боломжтой байна. Мөн “...хариуцагч “үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад хэрэгтэй” гэсэн тул тухайн актад (,,,,,,,,,,,,,,,,,,,,) гарын үсэг зурсан...” гэсэн нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үгүйсгэхээргүй байна.

         Иймээс “гэрээг төлөөлөх эрхтэй этгээд байгуулсан хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бол тооцоо нийлсэн актыг мөн хүчин төгөлдөр гэж үзэх ёстой, гэтэл шүүх хуулийг нэг мөр хэрэглээгүй” гэсэн утгатай хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

Түүнчлэн, хариуцагч “хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажлыг хугацаа хэтрүүлж хүлээлгэн өгсөн” гэх татгалзлын үндэслэлээ нотлоогүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хариуцагч компанид явуулж байсан 2017.12.01-ний өдрийн 12/01-1, 2017.12.14-ний өдрийн 12/14-1 тоот мэдэгдэлд “...Танай компаниас 2017.03.22-ны өдөр гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлж чадаагүй нөхцөл байдлын талаар дурдсан мэдэгдэлд заасан үндэслэлийг захиалагчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй... Сангийн яам, Төрийн банктай гуравдагч этгээдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдахад зээл авах ажил саатсан нь гэрээний 5.2-т заасан (төр захиргааны байгууллагын асуудал шийдвэрлэх хугацаа, гүйцэтгэгчээс хамааралгүй хойшилсон) давагдашгүй хүчин зүйлс гэж үзэх үндэслэлгүй байна...” гэсэн нь “...гэрээний 5.2-т заасан нөхцөл үүссэн талаар захиалагчид 2017.03.22-нд хүргүүлж 2017.08.01-ний өдөр хүртэл тогтоосон, энэ хугацаанд хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй,  ,,,,,,,,,,,,,,,,,,, бичгийг хүлээж аваад хариу өгөөгүй байдлаар хүлээн зөвшөөрсөн, харин өмгөөлөгчөөс 2019 оны 11 сард албан мэдэгдэл хүргүүлсэн байдаг нь бодит байдалд нийцэхгүй, шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-ийг хэрэглээгүй...” гэсэн гомдол үндэслэлгүй.

Иймд, шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.    

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 447 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 471,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХТУЯА

                                    ШҮҮГЧИД                                                    Л.АТАРЦЭЦЭГ

                                                                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         Х.СОНИНБАЯР