Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 619

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/00065 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:”Ш” ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 133 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

Түрээсийн гэрээний төлбөрт 84 802 862 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Сэлэнгэ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Жанчивдорж,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ж.Оюунболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь 2017 онд “Ш” ХХК-тай Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Чингүнжавын гудамж, Ханду байр, 10 тоот хаягт байрлах 389 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг караокены зориулалтаар 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаанд түрээслэхээр тохиролцож, гэрээ байгуулсан.

Манай компани нь 389 м.кв талбайг караокены зориулалтаар 2017 оны 04 дүгээр сараас 2017 оны 07 дугаар сар хүртэл 3 сар гаруйн хугацаанд засан сайжруулалт хийж, засвар үйлчилгээний зардалд 125 000 000 төгрөгийг зарцуулж, түрээсийн гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Гэтэл түрээслүүлэгчийн зүгээс гэрээний үүргээ байнга зөрчиж, түрээсийн төлбөр төлөгдөөгүй гэх шалтгаанаар үйл ажиллагаагаа явуулахад саад учруулж, хаалганы цоожийг 7, 8 дугаар саруудад тус бүр 1 удаа сольж, улмаар тог цахилгааныг тасалдаг, мөн сар бүр тог цахилгааны мөнгө гэж ямар ч тоолуургүйгээр 1 000 000 гаран төгрөгийг авдаг байсан.

Эдгээр байдлаас шалтгаалан бид түрээсийн объектод үйл ажиллагаа явуулж ашиг олох боломжгүй болсон юм. Иймд “Ш” ХХК-аас түрээсийн гэрээний засан сайжруулалтад гарсан зардалд 125 000 000 төгрөг, барьцаа 8 000 000 төгрөг, нийт 133 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч “Ш” ХХК нь түрээсийн зүйлийг ашиглах боломжийг олгоогүй, тог таслах, хаалганы гол солих зэргээр удаа дараа хүндрэл учруулж байсан, түрээсийн төлбөрийг энэ байдлаас болоод алдаг оног төлсөн зүйл байгаа, гэхдээ төлбөрийг төлж байсан. Тог цахилгаан тасалсан учир төлбөрийг төлөх ёсгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: “М” ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ажлын байр түрээслэх гэрээг байгуулан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Чингүнжавын гудамж, Ханду байр, 10 тоот хаягт байрлах 389 м/к талбайг караокены зориулалтаар түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад өгсөн, түрээслэгч “М” ХХК нь түрээсийн төлбөрийг төлөхөөр тохиролцож, түрээсийн зүйлийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээлгэн өгсөн.

Түрээслэгч “М” ХХК нь түрээсийн зүйлийг зориулалтын бусаар буюу тайчих үзүүлбэр бүхий шөнийн клуб, массажны газар ажиллуулсан. Бид түрээслэгчийг зориулалтын дагуу объектыг ашиглахыг удаа дараа шаардсан, сүүлдээ утсаа авахгүй, олдохгүй байсан учир шүүхэд хандаж эрэн сурвалжлүүлсан.

Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг түрээсийн зүйлд 125 000 000 төгрөгийг засвар хийгээгүй, мөн гэрээг 2018-2023 он хүртэл 5 жилийн хугацаатай байгуулсан. 2017 оноос түрээслүүлээгүй. Нэхэмжлэгч нь шүүхэд түрээсийн гэрээг гаргаж өгөхдөө хуудсыг сольсон, мөн цаг тухайдаа төлбөрөө төлдөггүй байсан нь дансны хуулгаар тогтоогдоно.

Бид түрээслэгчийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж хаалганы цоож солиогүй, тог таслаагүй, учир нь түрээсийн өрөөн дотор тогны шийт нь байдаг тул бид таслах боломжгүй.

Түрээслэгчийн буруутай үйлдлийн улмаас манай компани түрээсийн зүйлийг 2019 оны 04 дүгээр сард буцаан авсан. Түрээслэгч нь түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр түрээсийн обьектийн хана, таазанд тайчих үзүүлбэрийн шонгууд, олс зэргийг тогтоосон, мөн массажны орнууд нь одоог хүртэл байж байгаа, үүнийгээ засан сайжруулалт гэж мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Эдгээр зүйлс нь цаашид ашиглагдахгүй, бүгд салгаж болох зүйлс байгаа тул салгаж авах эрх нь түрээслэгчид байгаа.

Дээрх ажлын байрны түрээсийн гэрээний дагуу түрээслэгч “М” ХХК нь 389 м/к талбай бүхий обьектийг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан, 1 сарын түрээсийн төлбөрт 8 000 000 төгрөг төлөхөөр талууд тохиролцсон.

Гэрээнд зааснаар түрээслэгч нь барьцаа 8 000 000 төгрөг байршуулах ёстой боловч өгөөгүй, эхний 1 сарын түрээсийн төлбөрт 8 000 000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд нийт 47 750 000 төгрөгийг цувуулан төлсөн.

“Ш” ХХК нь өөрийн эзэмшилд байгаа дулаан зогсоолыг өвлийн цагт сарын 300 000 төгрөг, зуны улиралд 150 000 төгрөгөөр түрээслэн орлого олдог. Гэтэл “М” ХХК өөрийн 63-15 УНИ улсын дугаартай Мицубиши делика загварын авто машиныг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр манай авто зогсоолд тавин одоог хүртэл аваагүй байгаа болно. “М” ХХК нь 2018 оны 04 дүгээр сараас 2019 оны 03 дугаар сар хүртэл 12 сарын хугацаанд 96 000 000 төгрөгийг түрээсийн төлбөр төлөх ёстойгоос 47 750 000 төгрөгийг төлсөн.

Иймд түрээсийн үлдэгдэл төлбөр 48 250 000 төгрөг, алданги 14 125 000 төгрөг, ашиглалтын зардал 10 077 862 төгрөг, авто зогсоолын 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны төлбөрт 2 350 000 төгрөг, нийт 84 802 862 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч "Ш" ХХК-аас 133 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч "М" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-аас 82 452 862 төгрөг гаргуулж хариуцагч "Ш" ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 350 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 822 950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 581,965 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 570 214 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгтээ нэхэмжлэгч түрээсийн объектод 125 000 000 төгрөгийн засвар, үйлчилгээ хийсэн гэх боловч хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн шинжээчийн дүгнэлт, түрээсийн зүйлд шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургуудаас үзвэл нийт 67 ширхэг эд зүйлс байна. Дээрх эд зүйлсээр тухайн түрээсийн объектод засан сайжруулалт хийсэн гэх боломжгүй, салгаж болох эд зүйлс байх бөгөөд тухайн эд зүйлсийг салгаж авах боломжтой байна гэж дүгнэжээ.

“М” ХХК болон "Ш” ХХК-иудын хооронд 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байр ажлын байр түрээслэх гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээгээр Баянгол дүүрэг, 6-р хороо, Чингүнжав гудамж. Хандү байр, 10 тоот хаягт байрлах 389 м2 талбайтай 3 өрөө ажлын байрыг түрээслэхээр тохиролцсон.

Тус байрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан тул “М” ХХК-аас холбогдох засвар үйлчилгээг хийсэн, уг засвар үйлчилгээ хийхийг хариуцагч тухайн үед хүлээн зөвшөөрч байсан.

Шүүхийн шийдвэрт дурдсан акрилан тайзны ар хэсэгт мазайкан толиор чимэглэсэн, текний толин мазайк, аркан хаалга, текэн дээр угаалтуур, гоёлын том хээтэй плита, 00-ын дотор талын хуванцар гантиг хавтан, чулуун хавтангаар хийсэн угаалтуур түмпүүчиг, буланд шилээр тамхины өрөө хийсэн, суултуур, ОО-ын хаалгыг хавтангаар бүрсэн, хуваалт хийж ажилчдын өрөө гаргасан, ОО-ын өрөө гаргасан, душ, 00 суурилуулсан, хана босгож агуулах хийсэн ханын чимэглэл хос луу, дааман хаалга, цонх порчиктой болгосон, хана босгож гантиг хуванцраар бүрсэн, үүдэнд хана ухаж шинээр хаалга гаргаж хуучин задгай коридорыг хана хийж тагласан, үүдэн хэсгийг гантиг чулуугаар битүү бүрсэн, 3 өрөө шинээр хана босгож хийсэн, өрөө тус бүрд гипсэн уналттай тааз хийсэн, тус бүр 8 ширхэг нүдэн гэрэл, тааз болгонд чимэглэл зураг хийсэн, 00-ын өрөөний шалыг өндөрлөсөн, шүршүүр, 00 өрөөг хажуу өрөө рүү зөөж 00 өрөө гаргасан, лифтний хажуугийн нүүр, хаалганы хажуу ханыг хуванцар хавтангаар бүрсэн гэх мэт засвар үйлчилгээг хийж гүйцэтгэсэн.

Дээрх засвар үйлчилгээнд зарцуулсан бараа материал нь үндсэн эд зүйлсээс салгавал зориулалтын дагуу ашиглагдах боломжгүй болохоор байхад салгаж авах боломжтой гэж шүүхээс тайлбарлаж байгаа нь хууль зүйн хувьд болон бодит байдалд огт нийцэхгүй хууль бус байна.

Түүнчлэн тус шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Ю2/Ш32019/11687 дугаар шүүгчийн захирамжаар “М” ХХК-аас Баянгол дүүргийн 6 дугаар хороо,”Ханду” зочид буудлын 389 м.кв бүхий объектод 2017 оны 04 дүгээр сараас хойш хийсэн засварын үнэлгээ хэдэн төгрөг болохыг “Итгэлт-Эстимэйт” ХХК-г шинжээчээр томилсон. “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Хөрөнгө үнэлгээний ажлын тайлан”-д эд зүйлсийн үнэлгээний дүн 32 846 970 төгрөг, цаашид ашиглах засвар үйлчилгээний ажлын үнэлгээний дүн 12 497 087 төгрөг гэж тодорхойлсон атлаа нийт үнэлгээний дүнг 71 572 509 төгрөг гэж тодорхойлсон.

Шинжээчийн дүгнэлт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримт болохын хувьд эргэлзээгүй байх ёстой бөгөөд үнийн дүнгийн хувьд болон нэр томьёоны хувьд эргэлзээтэй, энэ талаар тодруулах зайлшгүй шаардлагатай байхад шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, энэ асуудлыг мөн шүүгчийн захирамжаар шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн уг объект нь ямар зориулалттай, караокены зориулалтаар ашиглагдах боломжтой байсан эсэх талаар холбогдох захиргааны байгууллагаас тодруулаагүй бөгөөд анх түрээслэхэд ямар зориулалттай байсан, гэрээнд заасан зориулалтын дагуу тус үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах боломжтой байсан эсэхийг шүүх огт анхаараагүй, энэ талаарх нотлох баримтыг хариуцагчаас мөн гаргаж өгөөгүй.

Мөн “Ш” ХХК нь “Өвөр тэрэм” ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 14 дүгээр түрээсийн гэрээг байгуулж дээрх үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлсэн байгааг шүүх анхаараагүй.

Хариуцагчаас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 48 250 000 төгрөг, алданги 24 125 000, ашиглалтын зардал 10 077 862 төгрөг, авто зогсоолын төлбөр 2 350 000 төгрөг, нийт 84 802 862 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд түрээслүүлэгч нь гэрээнд заасан үүргээ дангаараа зөрчиж, манай компанийн хэвийн үйл ажиллагааг алдуулж, үйл ажиллагаа явуулахад саад хийж, хаалганы цоожийг 7, 8 сард тус тус 1 удаа сольсон, цахилгааныг тасалж, сар бүр ямар ч тоолуурын заалтгүйгээр 1 сая гаран төгрөг авч байсан. Гэтэл шүүхээс түрээслүүлэгчийн түрээслэгчид учруулсан дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр түрээсийн төлбөр, түүний алданги, ашиглалтын зардлыг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь хууль бус байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Ш” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний дагуу төлсөн барьцаа 8 000 000 төгрөг, түрээсийн зүйлд хийсэн засвар, үйлчилгээний зардалд 125 000 000 төгрөг, нийт 133 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч түрээсийн төлбөрийн үлдэгдэл 48 250 000 төгрөг, алданги 24 125 000 төгрөг, ашиглалтын зардал 10 077 862 төгрөг, авто зогсоолын төлбөр 2 350 000 төгрөг, нийт 84 802 862 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүднээс 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч шүүгчийн 102/ШЗ2019/11687 дугаар захирамжаар “Итгэлт эстимэйт” ХХК-ийн шинжээчээр томилсон байх бөгөөд шинжээч 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “289 м.кв талбайд “М” ХХК-ийн хийсэн засварын нийт үнэлгээний дүнг 71 572 509 төгрөг” гэж тодорхойлжээ.

 

Уг баримтаас үзвэл “М” ХХК-ийн хийсэн засварын нийт үнэлгээний дүнг “Итгэлт эстимэйт” ХХК нь хэрхэн тодорхойлсон нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, эд зүйлийн үнэлгээний дүнг 32 846 970 төгрөг, цаашид ашиглах засвар үйлчилгээний ажлын үнэлгээний дүнг 12 497 087 төгрөг гэж тодорхойлсон атлаа нийт үнэлгээ 71 572 509 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар эргэлзээтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэмэлт шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны 102/ШЗ2020/00288 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгохдоо нэмэлт шинжилгээ хийлгэх, шинжээч томилох нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь буруу болжээ.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх ажиллагааг дутуу хийсэн, давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/00065 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 822 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

          

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                        ШҮҮГЧИД                                     Д.БАЙГАЛМАА

 

                                                                                              Э.ЗОЛЗАЯА