Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/01425

 

“,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/00065 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 619 дүгээр магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 133,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, түрээсийн гэрээний төлбөрт 84,802,862 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэлэнгэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “,,,,,,,,,,,,,,,” ХХК нь 2017 онд “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Чингүнжавын гудамж, “Ханду” байр, ,,,,, тоот хаягт байрлах 389 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг бар, цэнгээний газрын үйлчилгээ явуулах зориулалтаар 2017.04.01-ний өдрөөс 2024.04.01-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаанд түрээслэхээр тохиролцож, гэрээ байгуулсан бөгөөд 3 сар гаруйн хугацаанд засан сайжруулалт хийж, засвар үйлчилгээний зардалд 125,000,000 төгрөгийг зарцуулж, түрээсийн гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэтэл түрээслүүлэгчийн зүгээс гэрээний үүргээ байнга зөрчиж, түрээсийн төлбөр төлөгдөөгүй гэх шалтгаанаар үйл ажиллагаагаа явуулахад саад учруулж, хаалганы цоожийг 7, 8 дугаар саруудад тус бүр 1 удаа сольж, улмаар тог цахилгааныг тасалдаг, мөн сар бүр тог цахилгааны мөнгө гэж ямар ч тоолуургүйгээр 1,000,000 гаран төгрөгийг авдаг байсан. Эдгээр байдлаас шалтгаалан бид түрээсийн объектод үйл ажиллагаа явуулж ашиг олох боломжгүй болсон. Иймд “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас түрээсийн гэрээний засан сайжруулалтад гарсан зардалд 125,000,000 төгрөг, барьцаа 8,000,000 төгрөг, нийт 133,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь түрээсийн зүйлийг ашиглах боломжийг олгоогүй, тог таслах, хаалганы гол солих зэргээр удаа дараа хүндрэл учруулж байсан, энэ байдлаас болоод түрээсийн төлбөрийг алдаг оног төлсөн зүйл байгаа, гэхдээ төлбөрийг төлж байсан. Тог цахилгаан тасалсан учир төлбөрийг төлөх ёсгүй гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-тай 2018.03.27-ны өдөр ажлын байр түрээслэх гэрээг байгуулан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Чингүнжавын гудамж, “Ханду” байр, ,,,, тоот хаягт байрлах 389 м.кв талбайг караокены зориулалтаар түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад өгсөн, түрээслэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь түрээсийн төлбөрийг төлөхөөр тохиролцож, түрээсийн зүйлийг 2019.03.27-ны өдөр хүлээлгэн өгсөн. Түрээслэгч нь түрээсийн зүйлийг зориулалтын бусаар буюу тайчих үзүүлбэр бүхий шөнийн клуб, массажны газар ажиллуулсан. Түрээслэгчээс объектыг зориулалтын дагуу ашиглахыг удаа дараа шаардсан, сүүлдээ утсаа авахгүй, олдохгүй байсан учир шүүхэд хандсан. Түрээсийн зүйлд 125,000,000 төгрөгийн засвар хийгээгүй, мөн гэрээг 2018-2023 он хүртэл 5 жилийн хугацаатай байгуулсан. 2017 оноос түрээслүүлээгүй. Нэхэмжлэгч нь шүүхэд түрээсийн гэрээг гаргаж өгөхдөө хуудсыг сольсон, мөн цаг тухайдаа төлбөрөө төлдөггүй байсан нь дансны хуулгаар тогтоогдоно. Бид түрээслэгчийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж хаалганы цоож солиогүй, тог таслаагүй, таслах боломжгүй. Түрээслэгчийн буруутай үйлдлийн улмаас манай компани түрээсийн зүйлийг 2019 оны 04 дүгээр сард буцаан авсан. Түрээслэгч нь түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр түрээсийн обьектын хана, таазанд тайчих үзүүлбэрийн шонгууд, олс зэргийг тогтоосон, мөн массажны орнууд нь байгаа, үүнийгээ засан сайжруулалт гэж мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Эдгээр зүйлс нь цаашид ашиглагдахгүй, бүгд салгаж болох зүйлс тул авах эрх нь түрээслэгчид байгаа. “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь 389 м.кв талбай бүхий обьектыг 2018.03.27-ны өдөр хүлээн авсан, 1 сарын түрээсийн төлбөрт 8,000,000 төгрөг төлөхөөр талууд тохиролцсон. Гэрээнд зааснаар түрээслэгч нь барьцаа 8,000,000 төгрөг байршуулах ёстой боловч өгөөгүй, эхний 1 сарын түрээсийн төлбөрт 8,000,000 төгрөгийг төлсөн. “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь өөрийн эзэмшилд байгаа дулаан зогсоолыг өвлийн цагт сарын 300,000 төгрөг, зуны улиралд 150,000 төгрөгөөр түрээслэн орлого олдог. Гэтэл “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК өөрийн ,,,,-,,,,,, УНИ улсын дугаартай “Мицубиши делика” загварын авто машиныг 2018.12.01-ний өдөр манай авто зогсоолд тавин одоог хүртэл аваагүй байгаа. “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь 2018 оны 04 дүгээр сараас 2019 оны 03 дугаар сар хүртэл 12 сарын хугацаанд 96,000,000 төгрөгийг түрээсийн төлбөр төлөх ёстойгоос 47,750,000 төгрөгийг төлсөн. Иймд түрээсийн үлдэгдэл төлбөр 48,250,000 төгрөг, алданги 14,125,000 төгрөг, ашиглалтын зардал 10,077,862 төгрөг, авто зогсоолын 2018 оны 12 дугаар сараас 2019.09.20-ны өдрийг хүртэл хугацааны төлбөрт 2,350,000 төгрөг, нийт 84,802,862 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/00065 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 133,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-аас 82,452,862 төгрөг гаргуулж хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,350,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 822,950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 581,965 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 570,214 төгрөг гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 619 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/00065 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 822,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оюунболдын хяналтын журмаар гаргасан гомдолд:  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.18-ны өдрийн 619 дүгээр магадлалыг бүхэлд нь эс  зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж тус шүүхэд гомдол гаргаж байна. Үүнд:

 Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүднээс 2019.09.20-ны өдрийн шүүх хуралдаанд шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч шүүгчийн 102/Ш32019/11687 дугаар захирамжаар “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон байх бөгөөд шинжээч 2019.10.16-ны өдөр “289 м.кв талбайд “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн хийсэн засварын нийт үнэлгээний дүнг 71,572,509 төгрөг” гэж тодорхойлжээ. Уг баримтаас үзвэл “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн хийсэн засварын нийт үнэлгээний дүнг “Итгэлт-Эстимэйт” ХХК нь хэрхэн тодорхойлсон нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, эд зүйлийн үнэлгээний дүнг 31,846,970 төгрөг, цаашид ашиглах засвар үйлчилгээний ажлын үнэлгээний дүнг 12,497,087 төгрөг гэж тодорхойлсон атлаа нийт үнэлгээг 71,572,509 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019.12.30-ны өдөр нэмэлт шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 102/ШЗ2020/00288 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгохдоо нэмэлт шинжилгээ хийлгэх, шинжээч томилох нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь буруу болжээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх ажиллагааг дутуу хийсэн, давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй хэмээн шүүх бүрэлдэхүүн дүгнэв” гэжээ. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарласан хэмээн үзэж байна. Тухайлбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Өсөхдэлгэр нь 2019.09.20-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлох үүднээс Баянгол дүүргийн 6 дугаар хороо “Ханду” зочид буудлын 389 м.кв бүхий ,,,,, тоот хаягт байрлах 389 м.кв талбай бүхий обьектод хэдэн төгрөгийн засвар хийсэн талаар шинжээч томилуулж, үнэлгээ гаргуулах хүсэлт гаргаж, шүүхээс уг хүсэлтийг хангаж шинжээчээр “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийг томилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн асуултад хариулж дүгнэлтийг бичгээр үйлдэж ирүүлэхийг даалгаж тус шүүхийн 2019.09.20-ны өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 102/Ш32019/11687 дугаар захирамж гарсан. Улмаар “Итгэлт-Эстимэйт” ХХК нь тус шүүхийн захирамжид заасан ажиллагааг явуулж, захирамжид заагдсан асуултад бүрэн хариулт өгч 2019.10.16-ны өдрийн 187/01 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргаж шүүхэд хүргүүлсэн, тус дүгнэлтээр нийт үнэ 71,572,509 төгрөгийн засварын ажил хийгдсэн гэж дүгнэж нэхэмжлэгчийн хүсэлт бүрэн хангагдсан. Улмаар шүүх хэргийг сэргээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн 2019.12.30-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэлэнгэ нь шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, ойлгомжгүй тул нэмэлт шинжээч томилуулж “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн захирал ,,,,,,,,,, , үнэлгээний мэргэжилтэн ,,,,,,,,,,,, нарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан. Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэлэнгийн дээр дурдсан хүсэлтийг үндэслэл зааж хангахгүйгээр шийдвэрлэж 2019.12.30-ны өдрийн 102/Ш32020/00288 дугаартай захирамж гаргасан. Үүнд:

- Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр нэмэлт шинжилгээ хийнэ” гэж заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Гэрчээр “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн захирал ,,,,,,,,,, , үнэлгээний мэргэжилтэн ,,,,,,,,,,, нарыг оролцуулах хүсэлтийн тухайд гэрчээр ямар асуудлыг гэрчлүүлэх, мөн гэрчийн хаяг, утасны дугаарыг шүүхэд өгөөгүй гэх үндэслэл зааж хүсэлтүүдийг хангахгүй шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. Учир нь “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн 2019.10.16-ны өдрийн 187/01 дугаартай шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй, тодорхой бус, бүрэн бус, ойлгомжгүй болсон зүйл огт байхгүй ба шинжээчийн дүгнэлтээр “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн зочид буудлын 10 тоотод байрлах 389 м.кв талбайд түрээсийн хугацаанд нийт 67 ширхэг эд хөрөнгөд засвар, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд нийт үнэ 71,572,509 төгрөг байна гэж тодорхой, ойлгомжтой хариулсан болно. Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан 32,846,970 төгрөг, 12,497,087 төгрөг гэх тоонууд зохигчдын хүсэлтийн дагуу  нэмэлт 2 асуултад хариулсан буюу “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн буцаан авч ашиглаж болох хөрөнгийн дүн 32,846,970 төгрөг байна. “,,,,,,,,,,,,,,,,,,,” XXК цааш нь оффис хэлбэрээр ашиглахад хэрэгтэй энэ хэвээр нь ашиглах засвар үйлчилгээний хөлс 12,497,087 төгрөг байна хэмээн тодорхойлсон. Гэтэл давж заалдах шатны шүүхээс шинжээчийн дүгнэлтийг мушгин гуйвуулж ойлгомжгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар тус шинжээчийн дүгнэлтийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүйгээр дүгнэлт хийж, улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэлэнгийн “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн захирал ,,,,,,,,,,,,, , үнэлгээний мэргэжилтэн ,,,,,,,,,,, нарыг гэрчээр оролцуулах хүсэлт нь өөрөө хуульд нийцээгүй буюу Иргэний хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасантай нийцэхгүй, нэхэмжлэгчийн зүгээс гэрч гэж үзэн хүсэлт гаргаж байгаа бол тухайн оролцуулах гэж байгаа хүмүүсийн нэр, регистр, хаяг зэргийг тодорхой дурдаагүй тул шүүхээс хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй. Түүнчлэн “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь анх өөрийн хүсэлтээр томилогдсон шинжээчийн зардал 2,5 сая төгрөгийг төлөөгүйн улмаас шинжээчээр томилогдсон байгууллага дүгнэлтээ гарган өгөхгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гацсан, шүүхээс шаардсан боловч шинжээчийн зардлыг төлөөгүй, бидний зүгээс энэ асуудлыг шийдвэрлүүлж хэргийг яаралтай шийдүүлэх хүсэлтэй байсан тул шүүх, шүүхийн тамгын газарт хүсэлт, гомдол гаргаж Баянгол дүүргийн Шүүхийн тамгын газар түүний өмнөөс нь тус төлбөрийг төлсөн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс уг хэргийг шийдвэрлүүлэхгүй байх үүднээс удаа дараа элдэв шалтаг шалтгаан гаргаж, шүүх хуралдааныг олон удаа хойшлуулж байсан болохыг дурдах нь зүйтэй хэмээн үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-аас хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан 133,000,000 төгрөг гаргуулахаар, хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан түрээсийн гэрээний төлбөрт 84,802,862 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 82,452,862 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 2,350,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Ийнхүү буцаахдаа “... “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн хийсэн засварын нийт үнэлгээний дүнг “Итгэлт-Эстимэйт” ХХК нь хэрхэн тодорхойлсон нь ойлгомжгүй, эд зүйлийн үнэлгээний дүнг 32,846,970 төгрөг, цаашид ашиглах засвар үйлчилгээний ажлын үнэлгээний дүнг 12,497,087 төгрөг гэж тодорхойлсон атлаа нийт үнэлгээ 71,572,509 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар эргэлзээтэй...” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлтээр тогтоосон нийт 71,572,509 төгрөгийн засвар, тохижилтын ажлаас хариуцагчийн цаашид ашиглах боломжтой 12,497,087 төгрөгийн засвар, тохижилт болоод нэхэмжлэгчийн буцаан авч ашиглах боломжтой 32,846,970 төгрөг (хөрөнгө)-ийг хасахад цаана нь үлдэх 26,228,452 төгрөг нь ямар засвар, тохижилт, эд хөрөнгөд хамааралтай, түүнийг талуудын хэн нэг нь ашиглах боломжтой эсэхийг тодруулах, ийнхүү тодруулсны үндсэн дээр дахин шинжээч томилох эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй.

Түүнчлэн, шинжээчийн дүгнэлтээр 12,497,087 төгрөгийн засвар, тохижилтыг хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь оффис хэлбэрээр ашиглах боломжтой байхаар дүгнэлт гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь эргэлзээтэй, давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт өгөөгүй (буцаасан) тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд, шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 619 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 581,965 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧИД                                                    Л.АТАРЦЭЦЭГ

                                                                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД