Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2020/00065

 

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2020/00065

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Зүүн наран-0, 0 тоот хаягт байрлах М ХХК /РД: 000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Хандү байр, 0 тоот хаягт байрлах Ш ХХК /РД: 0000000/-д холбогдох 

133,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 84,802,862 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагчийн өмгөөлөгч Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: М ХХК нь 2017 онд Ш ХХК-тай Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Чингүнжавын гудамж, Х байр, 0 тоот хаягт байрлах 389 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцыг бар, цэнгээний газрын үйлчилгээ явуулах зориулалтаар 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаанд түрээслэхээр тохиролцож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар гэрээ байгуулсан. Манай компани нь 389 м/к талбайг бар, цэнгээний газрын зориулалтаар 2017 оны 4 дүгээр сарын 2017 оны 7 дугаар сар хүртэл 3 сар гаруйн хугацаанд засан сайжруулалт хийж, засвар үйлчилгээний зардалд 125,000,000 төгрөгийг зарцуулж, түрээсийн гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэтэл түрээслүүлэгчийн зүгээс гэрээний үүргээ байнга зөрчиж, түрээсийн төлбөр төлөгдөөгүй гэх шалтгаанаар бидний үйл ажиллагаагаа явуулахад саад учруулж, бидэнд мэдэгдэхгүйгээр байрны гадна хаалганы цоожийг 7, 8 дугаар саруудад тус бүр 1 удаа сольж, биднийг обьектод нэвтрүүлэхгүй, улмаар тог цахилгааныг тасалдаг, мөн сар бүр тог цахилгааны мөнгө гэж ямар ч тоолуургүйгээр 1 сая гаран төгрөгийг авдаг. Эдгээр байдлаас шалтгаалан бид түрээсийн обьектод үйл ажиллагаа явуулж ашиг олох боломжгүй болсон юм. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эз хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ, мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д талууд өөрөөр тохиролцоогүй бол хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засан сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй гэж заасны дагуу түрээслүүлэгч Ш ХХК-иас дээрх түрээсийн гэрээний засан сайжруулалтад гарсан зардалд 125,000,000 төгрөг, барьцаа 8,000,000 төгрөг, нийт 133,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч Ш ХХК нь түрээсийн зүйлийг ашиглах боломжийг олгоогүй, тог таслах, хаалганы гол солих зэргээр удаа дараа хүндрэл учруулж байсан, түрээсийн төлбөрийг энэ байдлаас болоод алдаг оног төлсөн зүйл байгаа, гэхдээ төлбөрийг төлж байсан. Тог цахилгаан тасалсан учир төлбөрийг төлөх ёсгүй гэв.

 

Хариуцагч Ш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: Манай компани нь нэхэмжлэгч М ХХК-тай 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Ажлын байр түрээслэх гэрээг байгуулан Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Чингүнжавын гудамж, Х байр, 0 тоот хаягт байрлах 389 м/к талбайг караок-ны зориулалтаар түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад өгсөн, түрээслэгч М ХХК нь түрээсийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Түрээсийн зүйлийг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээлгэн өгсөн. Түрээслэгч М ХХК нь түрээсийн зүйлийг зориулалтын бусаар буюу тайчих үзүүлбэр бүхий шөнийн клуб, массажны газар ажиллуулсан. Бид түрээслэгчийг зориулалтын дагуу обьектыг ашиглахыг удаа дараа шаардсан, сүүлдээ утсаа авахгүй, олдохгүй болохоор нь шүүхэд хандаж эрэн сурвалжлүүлсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаж буй шиг түрээсийн зүйлд 125 сая төгрөгийг засвар хийсэн зүйл огт байхгүй, мөн бид гэрээг 2018-2023 он хүртэл 5 жилийн хугацаатай байгуулсан, 2017 оноос түрээслүүлээгүй. Нэхэмжлэгч нь шүүхэд түрээсийн гэрээг гаргаж өгөхдөө хуудсыг сольсон байна, мөн цаг тухайдаа төлбөрөө төлдөггүй байсан нь дансны хуулгаар тогтоогдоно. Бид түрээслэгчийн хэвийн үйл ажиллагаа алдагдуулж хаалганы цоожийг солиогүй, тогийг таслаагүй, учир нь түрээсийн өрөөн дотор тогны шийт нь байдаг тул бид таслах боломжгүй. Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээг сольж хуурамч гэрээг шүүхэд өгсөн байна. Тус гэрээний 2 дугаартай хуудсан гэрээ байгуулагдсан огноо байхгүй, эх гэрээнээс үзсгийн фонт, хэмжээ нь зөрүүтэй, зориулалтыг өөрчилсөн, 1.5 дахь заалтыг хассан, ажлын байр түрээслэх хугацааг өөрчилсөн, гэрээн дээр гараар бичсэн бичиглэл зөрүүтэй, ийнхүү өөрчилснөөр арын 3 дугаар хуудасны 3.1 дэх заалт 2 дугаар хуудас руу шилжиж, давхардсан, мөн тамгын дардас зөрүүтэй, зарим хуудсан байхгүй байгаа нь тус гэрээг засварласан болох нь мэдэгдэж байна. Нотлох баримтыг хууль бусаар үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа тул цагдаагийн байгууллагад өгч шалгуулах болно. Түрээслэгчийн буруутай үйлдлийн улмаас манай компани түрээсийн зүйлийг 2019 оны 4 дүгээр сард буцаан авсан. Түрээслэгч нь түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр түрээсийн обьектийн хана, таазанд тайчих үзүүлбэрийн шонгууд, олс зэргийг тогтоосон, мөн массажны орнууд нь одоог хүртэл байж байгаа, үүнийгээ засан сайжруулалт гэж мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Эдгээр зүйлс нь цаашид ашиглагдахгүй, бүгд салгаж болох зүйлс байгаа тул Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.6-д зааснаар салгаж авах эрх нь түрээслэгчид байгаа.

 

Дараахь сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Дээрх ажлын байрны түрээсийн гэрээний дагуу түрээслэгч М ХХК нь 389 м/к талбай бүхий обьектийг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан, 1 сарын түрээсийн төлбөрт 8,000,000 төгрөг төлөхөөр талууд тохиролцсон. Гэрээнд зааснаар түрээслэгч нь барьцаа 8,000,000 төгрөг байршуулах ёстой боловч өгөөгүй, эхний 1 сарын түрээсийн төлбөрт 8,000,000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хооронд нийт 47,750,000 төгрөгийг цувуулан төлсөн. М ХХК-ийн буруутай үйлдлийн улмаас 2019 оны 3 дугаар сараар эцэслэн, 4 дүгээр сард түрээсэн талбайг буцаан авч, гэрээг цуцалсан. Мөн Ш ХХК нь өөрийн эзэмшилд байгаа дулаан зогсоолыг өвлийн цагт сарын 300,000 төгрөг, зуны улиралд 150,000 төгрөгөөр түрээслэн орлого олдог. Гэтэл М ХХК өөрийн 63-15 УНИ улсын дугаартай Мицубиши делика загварын авто машиныг 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдөр манай автозогсоолд авч ирж тавин одоог хүртэл аваагүй байгаа болно. М ХХК нь 2018 оны 4 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сар хүртэл 12 сарын хугацаанд 96,000,000 төгрөгийг түрээсийн төлбөр төлөх ёстойгоос 47,750,000 төгрөгийг төлсөн.

 

Иймд түрээсийн үлдэгдэл төлбөр 48,250,000 төгрөг, алданги 14,125,000 төгрөг, ашиглалтын зардал 10,077,862 төгрөг, авто зогсоолын 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны төлбөрт 2,350,000 төгрөг, нийт 84,802,862 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ш ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний дагуу төлсөн барьцаа 8,000,000 төгрөг, түрээсийн зүйлд хийсэн засвар, үйлчилгээний зардалд 125,000,000 төгрөг, нийт 133,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч түрээсийн төлбөрийн үлдэгдэл 48,250,000 төгрөг, алданги 24,125,000 төгрөг, ашиглалтын зардал 10,077,862 төгрөг, авто зогсоолын төлбөр 2,350,000 төгрөг, нийт 84,802,862 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд тус тус гаргажээ.

 

Хариуцагч үндсэн нэхэмжлэлийг ... барьцаа 8,000,000 төгрөг төлөөгүй, мөн засварын хийгээгүй, дандаа салгаж болох зүйлүүд байгаа, үүнийгээ авч яв гэдгийг удаа дараа хэлсэн гэж, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг ... түрээсийн төлбөрийг алдаг оног төлсөн зүйл байгаа, барьцаа 8,000,000 төгрөгийг төлсөн, алдангийг зөвшөөрөхгүй, түрээслүүлэгч хаалганы цоож солих, тог таслах зэргээр түрээсийн зүйлийг хэвийн ашиглахад саад учруулж байсан гэж маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчээс болон хариуцагчаас гаргаж өгсөн 2 ширхэг ажлын байрны түрээсийн гэрээ хавтаст хэрэгт авагджээ. Гэвч нэхэмжлэгчээс өгсөн түрээсийн гэрээний он, сар, өдөр, гэрээний зориулалтыг засварласан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-ийн шүүгчийн захирамжийн дагуу гаргаж өгөх өөр гэрээ нэхэмжлэгч талд байхгүй, нэхэмжлэгч тал тухайн гэрээг банкнаас зээл авахдаа он, сар болон бусад зүйлийг засварласан юм байна лээ, хариуцагч талаас гаргаж өгсөн гэрээ үнэн зөв тул бид хариуцагчаас гаргаж өгсөн гэрээтэй маргахгүй гэх тайлбараар тогтоогдож байх тул тухайн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн ажлын байрны түрээсийн гэрээг үнэн зөв, хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлэх боломжгүй, харин хариуцагчаас гаргаж өгсөн ажлын байрны түрээсийн гэрээ /хавтаст хэргийн 109-114 дүгээр тал/-г хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч М ХХК, хариуцагч Ш ХХК нар нь 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Ажлын байрны түрээсийн гэрээ-г байгуулан Баянгол дүүргийн, 0 дугаар хороо, Чингүнжавын гудамж, Х байр, 0 тоотод байрлах 389 м/к талбайг 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай, нэг сарын 8,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан түрээсийн гэрээ байгуулсан, зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, уг гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ ба нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэлээ. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. гэж хуульчилсан боловч үл хөдлөх эд хөрөнгийг хэсэгчлэн түрээслүүлэхэд хуулийн дээрх заалт хамаарахгүй гэж үзлээ.

а/ Үндсэн нэхэмжлэлийн талаар:

 

Зохигчид гэрээ байгуулагдсанд болон тодорхой хугацаанд гэрээ хэрэгжсэн талаар маргаагүй, харин нэхэмжлэгч нь гэрээний дагуу барьцаанд төлсөн 8,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан ба зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 4.1.1-д ... барьцаа төлбөр 8,000,000 төгрөг гэж тохиролцсон боловч нэхэмжлэгч нь барьцааны 8,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн талаарх баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй, өөрөөр хэлбэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйч энэ үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ шаардлага нотлогдохгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С ... 2018 оны 4 дүгээр сарын 9, мөн сарын 24-ний өдөр төлсөн нийт 8,000,000 төгрөг нь барьцааны төлбөр гэх тайлбарыг гаргасан боловч дээрх төлбөрийг барьцаанд төлсөн гэж үзэх боломжгүй, түрээсийн гэрээний эхний сарын төлбөр гэж үзэхээр байна.

Мөн түрээсийн обьектод 125,000,000 засвар, үйлчилгээ хийсэн гэх боловч хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн шинжэчийн дүгнэлт, түрээсийн зүйлд шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургуудаас үзвэл:

улаан даавуун бүрэлт, таазны гэрлийн модон тааз, том авжур, гэрэлтүүлэгний лазер, проектор, цонх- баруун талын цонх, урд эгнээний цонхонд агааржуулагч поржик хийсэн, цонхнуудыг тагласан том зузаан даавуун улаан хүрэн хөшиг, заалны голд 70 см өндөртэй дотроо төмөр карказтай тайз хийсэн, тайзны гэрэл, шон /3.5м/, акрилан тайзны ар хэсэгт мазайкан толиор чимэглэсэн, текний чулуун тавцан, текний толин мазайк, эргэдэг шон /хаалгаар орж ирэхэд байрладаг/, том заал руу ордог аркан хаалга шинээр хийсэн, текний арын дугуй асдаг төмөр рамтай улаан акрилан чимэглэл бүхий 1.5 метр радиустай төмөр суурьтай тавиур, тавиурыг тойруулан улаан торгоор бүрсэн, текэн дээр угаалтуур нэмж хийсэн, шилэн тавиуртай хананы дотор хэсгийг улаан торгоор бүрсэн, жижиг буйдан 11 ширхэг, булангийн том буйдан 2 ширхэг, том буйдан 6 ширхэг, дьюфзер 3 ширхэг, пульт өсгөгч, хөгжим, утаа гаргагч, ногоон хөх өнгийн хивсэнцэр, заалны баруун хэсэгт 20 см өндөрлөсөн шал, гоёлын том хээтэй плита, 00-ын дотор талын хуванцар гантиг хавтан, гантиг чулуун хавтангаар хийсэн угаалтуур түмпүүчиг, буланд шилээр тамхины өрөө хийсэн, суултуур, 00-ын хаалгыг хавтангаар бүрсэн, абжур 3 ширхэг, толь жаазтай 2 ширхэг, хуваалт хийж ажилчдын өрөө гаргасан, make up-ны /мэйк апп/ ширээ, 00-ын өрөө гаргасан /душ, 00 суурьлуулсан/, чулуун тавцантай ширээ, хана босгож агуулах хийсэн, таазыг тэнгэр шиг болгож акрилаар будсан, ханын чимэглэл хос луу, дааман хаалга, коридорын шилэн ханыг модон хавтангаар тагласан, гантиг чулуун хавтангаар иж бүрэн бүрсэн, шил улаан дрожоор бүрсэн, абжур, цонх порчиктой болгосон, хана босгож гантиг хуванцараар бүрсэн, ногоон хөх өнгийн дрожоор бүрсэн, үүдэнд хана ухаж шинээр хаалга гаргаж хуучин задгай коридорыг хана хийж тагласан, үүдэн хэсгийг гантиг чулуугаар битүү бүрсэн, таазанд том унждаг абжур, 3 өрөө шинээр хана босгож хийсэн, өрөө тус бүрд гипсэн уналттай тааз хийсэн, тус бүр 8 ширхэг нүдэн гэрэл, тааз болгонд чимэглэл зураг хийсэн, 4 ширхэг ор зузаан пирус модон рамтай даацын порлонтой бүрэн арьсан бүрэлттэй, 00 өрөөний шалыг өндөрлөсөн, ширшүүр, 00 өрөөг хажуу өрөө рүү зөөж 00 өрөө гаргасан, бүрэн зузаан хивсэнцэр, лифтний хажуугийн нүүр, хаалганы хажуу ханыг хуванцар хавтангаар бүрсэн, унждаг абжур 2 ширхэг гэх мэт 67 ширхэг эд зүйлс байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ., мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.6-д хөлслөн авсан эд хөрөнгөд салгаж болох засан сайжруулалт хийсэн бол гэрээ дуусгавар болоход түүнийгээ салгаж авах; гэж заасан ба дээрх эд зүйлсээр тухайн түрээсийн обьеътод засан сайжруулалт хийсэн гэж боломжгүй, салгаж болох эд зүйлс байх бөгөөд тухайн эд зүйлсийн үнийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй, нэхэмжлэгч тухайн эд зүйлсийг салгаж авах боломжтой байна.

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

б/ Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Зохигчид ажлын байрны түрээсийн гэрээг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан, түрээсийн зүйлийг түрээслэгчид 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээлгэн өгсөн, мөн 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр буцаан хариуцагч өөрийн эзэмшилд авч, гэрээг цуцалсан гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул гэрээ 12 сар буюу 1 жилийн туршид хэрэгжсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Түрээсийн гэрээний дагуу нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ш ХХК-д 47,750,000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан Хаан банкны дипозит дансны хуулгаар тогтоогдож байна. Түрээсийн төлбөр 1 сарын 8,000,000 төгрөг ба нэхэмжлэгч нь 12 сарын хугацаанд 96,000,000 төгрөгийн төлбөрийг төлөх үүрэгтэйгээс 47,750,000 төгрөгийг төлсөн, төлбөрийн үлдэгдэл 48,250,000 төгрөг байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 11.5-т Энэхүү гэрээний 8.1-д заасан үндэслэлээр энэхүү гэрээг цуцлах бол түрээслэгч нь түрээслүүлэгчид учруулсан бусад бүхий л хохирлыг нөхөн төлөх буюу энэхүү гэрээг дуусгавар болох хүртэл хугацаанд хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн нийт үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө. ... гэж зааснаар хариуцагч алданги нэхэмжлэх эрхтэй ба хэтрүүлсэн хугацааны алдангид 24,125,000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасан хэмжээнээс хэтрээгүй байна. Мөн гэрээний 3.2.5-д цахилгаан, дулаан, цэвэрлэгээ, хог тээвэр, халуун, хүйтэн усны хэрэглээний төлбөрийг түрээслэгч түрээслүүлэгчид төлнө гэж зааснаар ашиглалтыг зардлыг түрээслэгч хариуцан төлөх үүрэгтэй байна. Түрээсийн гэрээ хэрэгжсэн хугацааны ашиглалтын зардал буюу цахилгаан, дулаан, цэвэрлэгээ, хог, халуун хүйтэн усны 10,077,862 төгрөгийн зардал гарсан болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ төлбөрийг түрээслүүлэгчид төлөх үүрэгтэй байна. Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагын авто зогсоолын төлбөрт 2,350,000 төгрөг гаргуулахыг хүссэн хэсэг нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохооргүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч М ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 82,452,862 төгрөг гаргуулж хариуцагч Ш ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,350,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч Ш ХХК-иас 133,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК-иас 82,452,862 төгрөг гаргуулж хариуцагч Ш ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,350,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 822,950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 581,965 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 570,214 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.МӨНХТӨР