Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2020/00172

 

 

 

 

2020 оны 01 сарын 08 өдөр           Дугаар 101/ШШ2020/00172         Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М М О” ХХК-д холбогдох,

Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох, 73,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Э, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Ц.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Б, гэрч М.Г, нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Э миний бие 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “М М О” ХХК-тай дугаар 17/01 тоот гэрээ байгуулсан. Тус зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг 30 хоногт 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, Барьцаанд улсын дугаар 00-00убц, 20 тонны Цэвэр, бохирын зориулалттай автомашинаа унаад явах нөхцөлтэй байгуулсан. Гэрээний хугацааг талууд утсаар яриад сунгасан байдаг.

Бид гэрээний дагуу сар бүр хүү төлж байсан ба 2018 оны 5 дугаар сарын      20-ны өдөр хүү төлөхөөр зээлдэгч компанийн захирал Б.Билгүүний утас руу залгахад “танай гэрээний хугацаа дууссан, одоо сунгах бол өмнөх бүх алданги болон үндсэн төлбөрөө төлөөд сунга” гэж хэлсэн. Харин бид хүүгээ сар бүр төлөөд явж байгаа, Алданги гэж байхгүй ш дээ гэхэд та нар гэрээгээ сайн унш, алданги төлнө гэж хэлсэн, бид утсаа алга хийсэн болохоор танай данс мэдэхгүй байна, ямар ч байсан дансаа өгчих хүүгээ төлчихөөд үндсэн зээлээ төлье гэхэд үгүй эхлээд алданги, манайд учруулсан хохирол, дараа нь хүү, үндсэн зээл төл гэсэн. 10 орчим хоногийн дараа дээрх гэрээний дагуу барьцаанд тавьсан цлсын дугаар: 00-00убц, цэвэр, бохирын автомашиныг түрээслэгч “Ж Г И” ХХК-иас танай түрээслүүлсэн машиныг Банк санхүүгийн хүмүүс энэ машин манайд барьцаанд тавиад алдсан машин танайх худалдаад авчих гээд зарчхаад явсан гэсэн. Та нар барьцаанд тавиад алдсан юм байна. Бид одоо танайд түрээсийн төлбөр төлөхгүй гэсэн.

Зээлдэгч М.Э миний бие нь зээлдүүлэгчидтэй дээрх гэрээг анх байгуулахдаа Банк бус санхүүгийн байгууллага гэж бодож байсан. “М М О” ХХК-ийн зүгээс манайх Банк бус санхүүгийн байгууллага биш ер нь мөн биш нь та нарт хамаагүй гэсэн. Энэ компани байнга зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг мөртлөө тусгай зөвшөөрөл байхгүй хууль бусаар үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн үндэслэлгүйгээр алданги, хохирол, тооцож барьцаанд тавьсан эд хөрөнгийг зээлдэгчид мэдэгдэлгүйгээр өөрийн эрх ашигт нийцүүлж, өнөөдрийн байдлаар зах зээлийн үнээр 83,000,000 төгрөгийн үнэтэй автомашиныг манай түрээслэгч буюу гуравдагч этгээдэд 28,000,000 орчим төгрөгөөр зарж зээлдэгч намайг ноцтой хохироож байна. Бид энэхүү барьцаалсан автомашиныг 2017 оны 07 дугаар сарын 24-ны өдөр Иргэн Т.Г /РД:*******/-аас 90,000,000 төгрөгөөр тооцож бартераар худалдан авсан ба 2013 онд үйлдвэрлэгдсэн, 2013 оны 8 дугаар сарын 24-ны өдөр Монголд орж ирсэн, Монголд яваагүй машин байсан. Бид 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Ж Г И” ХХК-д анх түрээсэлсэн болно. Гэвч бид ийнхүү түрээслүүлснээс хойш буюу 7 сарын хугацаанд 7,000,000 төгрөгийн хэвийн элэгдэл хорогдол бий болсон гэж тооцож, 83,000,000 төгрөгөөр тооцсон болно.

 Иймд 2017 оны 10 дугаар 23-ны өдрийн 1701 тоот зээлийн гэрээний зээлдүүлэгч “М М О” ХХК нь байнгын шинжтэй зээлийн үйл ажиллагаа эрхлэх бол Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1-д зааснаар эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг авч, зээлийн үйл ажиллагаа эрхлэх ёстой тул иргэний хуулийн   56.1.8-д зааснаар энэхүү гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, 2017 оны 10 дугаар 23-ны өдрийн 1701 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсонтой холбоотой хүү, алданги гэж төлсөн төлбөр болох 7,400,000 төгрөгийг буцаан гаргуулах, Барьцаанд тавьсан эд хөрөнгө болох улсын дугаар 00-00убц, 20 тонны Цэвэр, бохирын зориулалттай автомашиныг М.Э надад хүлээлгэн өгөхийг “М М О” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Э 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: миний бие 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “М М О” ХХК-тай дугаар 17/01 тоот гэрээ байгуулсан. Тус зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг 30 хоногт 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, Барьцаанд улсын дугаар 00-00убц, 20 тонны Цэвэр, бохирын зориулалттай автомашинаа унаад явах нөхцөлтэй байгуулсан. Би гэрээний дагуу сар бүр хүү төлж байсан ба 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр  хүү төлөхөөр зээлдэгч компанийн захирал Б.Билгүүний утас руу залгахад “танай гэрээний хугацаа дууссан, одоо сунгах бол өмнөх бүх алданги болон үндсэн төлбөрөө төлөөд сунга” гэж хэлсэн. Харин бид хүүгээ сар бүр төлөөд явж байгаа, гэрээний хугацааг сунгасан гэж үзсэн, алданги гэж байхгүй ш дээ гэхэд та нар гэрээгээ сайн унш, алданги төлнө гэж хэлсэн, бид утсаа алга хийсэн болохоор танай данс мэдэхгүй байна, ямар ч байсан дансаа өгчих хүүгээ төлчихөөд үндсэн зээлээ төлье гэхэд үгүй эхлээд алданги, манайд учруулсан хохирол, дараа нь хүү, үндсэн зээл төл гэсэн. 10 орчим хоногийн дараа дээрх гэрээний дагуу барьцаанд тавьсан машины талаар түрээслэгч “Ж Г И” ХХК-иас танай түрээслүүлсэн машиныг Банк санхүүгийн хүмүүс энэ машин манайд барьцаанд тавиад алдсан машин танайх худалдаад авчих гээд зарчихаад явсан гэсэн. Та нар барьцаанд тавиад алдсан юм байна. Бид одоо танайд түрээсийн төлбөр төлөхгүй гэсэн.

Ийнхүү нэхэмжлэгч миний бие зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад барьцаанд тавьсан машиныг бусдад худалдсан гэх үндэслэлээр машинаа буцааж авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэх явцад зээлдүүлэгч нь уг машиныг гуравдагч этгээдэд буюу миний түрээслэгчийн дүү болох иргэн Д.Б-т худалдсан нь тогтоогдсон. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа машины үнийн дүнг гаргуулахаар өөрчилсөн ба уг машиныг Иргэн н.Г-с 90,000,000 төгрөгт тооцож, бартераар худалдан авсан тул уг машины үнийн дүнг бэлэн мөнгөөр бол 80-85 сая орчим үнэтэй гэж тооцоод 83,000,000 төгрөгөөр үнэлж зээлж авсан 20,000,000 төгрөгөө хасаж 63,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэх явцад шинжээч томилж шинжээчийн дүгнэлтээр улсын дугаар  00-00УБЦ, цэвэр, бохирын зориулалттай автомашин нь 96,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж, нэмэгдүүлэн гаргаж байна.

1. Зохигчид нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 17/01 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулах буюу Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ хийсэн байдаг. Зээлдүүлэгч болох ******* ХХК нь барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгодог болно. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгож байгаа бол Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4-т зааснаар "... өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй ” байдаг. Иймд зохигчдын хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17/01 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар “хууль зөрчсөн... ” гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Энэ, гэрээг хүчин төгөлдөр бусад тогтоосонтой холбоотой зээлдүүлэгчийн барьцаанд авсан цлсын дугаар    00-00убц, цэвэр, бохирын зориулалттай автомашиныг буцаан авах хүсэлтэй боловч нэхэмжлэх явцад бусдад зээлдүүлэгч нь бусдад худалдсан тул түүний үнийн дүнг гаргуулах хүсэлтэй байна. 2018 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр дээрх машины үнийн дүнг 83,000,000 төгрөгөөр бодож зээлсэн 20,000,000 төгрөгийн хасаж 63,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан ба Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан дээрх машины үнийн дүнг 7,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж 90,000,000 төгрөгөөр тооцож, зээлж авсан 20,000,000 төгрөгийг хасаж 70,000,000 төгрөг гаргуулах,

2. Зохигчдын хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дугаар 17/01 тоот зээлийн гэрээ нь 3 сарын хугацаатай буюу 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэрээний хугацаа дууссан байдаг ба би гэрээний хугацааг сунгасан гэж үзээд гэрээнд заасанд хүүг 2018 оны 4 дүгээр сарын 22 хүртэл 3,000,000 төгрөг төлсөн. Гэтэл Зээлдүүлэгч нь энэ төлөлтийг алдангид тооцож авсан гэж хэлдэг ба гэрээ сунгагдаагүй бол алданги төлөхгүй тул 3,000,000 төгрөгийг буцаан гаргуулах,

3. Мөн зээлдүүлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдөр зээлийн хүү болох 2,000,000 төлөхөд 400,000 төгрөгийг алдангид тооцож нэмж төлүүлсэн. Хүүгээс алданги тооцохгүй тул 400,000 төгрөгийг мөн буцаан гаргуулах ба нийт 73,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэнтэй холбоотой анх нэхэмжлэл гаргахдаа 964,250 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн ба өөрчилж, нэмэгдүүлсэн шаардлага нь үүнд багтаж байгаа болно гэжээ.

 

Хариуцагчийн Б.Б шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: нэхэмжлэгч нь зээлсэн үнийн дүн, гэрээний хугацаа, хүүг хэлсэн. Тэр бүгд нь үнэн. 3 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан. М.Э нь зээлийн хүүг байнга хугацаа хэтрүүлж төлдөг байсан. Түүнд нь алданги тооцсон. Гэрээгээ сунга гэхээр М.Э нь ирж уулздаггүй. Түүний утас руу нь өөр өөр утсаар залгаж байж утсаа авна. Би зээлээ сунгахдаа өөрийн биеэр ирээд, машиныхаа гэрчилгээтэй ир гэсэн. Манайд барьцаанд тавингуутаа бусдад түрээсэлсэн. Анх надад түрээслэх гэж байгаа гэж хэлсэн. Түрээслэхдээ надад хэлж байгаад түрээслүүлнэ гэсэн. Би түүнийг зөвшөөрч гэрээ хийсэн. Хэрэв надад хэлэхгүйгээр түрээслэх байсан бол би гэрээ хийхийг зөвшөөрөхгүй байх байсан. Машин чинь хаана байгаа гэхээр хаана байгааг нь огт хэлдэггүй. Гэтэл зээл нь 6 сар хэтэрсэн. Гэрчилгээгээ аваад ир гэхээр М.Э нэг л удаа ирж уулзсан. Түүнээс хойш огт ирээгүй. Би машиныг хаана ямар байдалтай байгааг нь мэдэхгүй байсан. Тэгээд бид машины олуулахаар эрсдэлийн албанд хандсан. Машиныг манай эзэмшил болсон өөрийн чинь мэдлээс гарсан гэж огт хэлээгүй. Эрсдэлийн албаны хүн н.Буяндэлгэртэй манай байгууллага дээр машиныг олсон компанид түрээсэлсэн байна. Машиныг авч ирэх гэтэл хүмүүсийн төлөвлөгөөт ажил тасалдах гээд байгаа тул зээлдэгч нартай тохиролцъё гэсэн. Бид яаж тохиролцох вэ гэхээр өрийг манайх дээр шилжүүлчих наад хүн чинь машиныг манайд түрээсэлж байгаа гэсэн. Би ийм зээлийн тооцоотой байгаа гэж хэлсэн. М.Этэй тэр үед утсаар ярьсан. Танай түрээсэлж байгаа байгууллага чинь танай машиныг бид баталгаат агуулахдаа авч ирэх гэхээр тэр хүмүүсийн барилга зогсох гээд байна. Тиймээс таны өрийг чинь шилжүүлчих гээд байна гэхэд Би 26,000,000 төгрөг гэсэн. М.Э нь 28,000,000 төгрөг гэсэн. Би хоёр дундаа хийгээд 27,000,000 төгрөг болсон. Би зарж борлуулсан гэж огт хэлэхгүй. Би “Ж Г И” ХХК-тай өр шилжүүлэх асуудал ярьсан.  Би М.Э-тэй ч энэ л асуудлыг ярьсан. Чи “Ж Г И” ХХК-тай мөнгөө төлөөд машинаа аваарай гэж хэлсэн. Манай байгууллагын  хамгийн анхны зээлдэгч М.Э. Өөрийн биеэр ирээд гэрээг сунга, гэрчилгээг авч ир гэхээр ирдэггүй байсан. Эрсдэлтэй зээл болж хувирсан. Нэхэмжлэгч нь хуульч, өмгөөлөгч хүн байсан. Утсаар ярьж өөрөө шийдсэн хирнээ 7 хоноогүй шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би үүнд нь гомдолтой байна. Бид өөрт хэлээд машиныг шилжүүлсэн гэтэл 7 хоногийн дараа миний машиныг зарсан гээд ор үндэсгүй зүйл ярьсанд нь гомдолтой байна. Би М.Э-тэй яриагүй байсан бол хэзээ ч энэ ийм асуудал болохгүй байх байсан. Би машиныг зараагүй өрийг нь шилжүүлсэн. М.Эийг машин үнэтэй машин. Би зарах байсан бол үндсэн үнийх нь 50-60 хувиар зарах байсан. Надад үнэхээр тус машиныг зарах бодол байгаагүй. Би өөрөө зах зээлийн үнэлгээг судалж тэр ажлыг хийж байгаа гэв.

        Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “М М О” ХХК дээр “Ж Г И” ХХК-г төлөөлөн очсон билээ. Тэнд захирал Б.Б-тэй уулзаж 00-00убц улсын дугаартай Dong Feng маркийн цэвэр бохир усны зориулалттай авто машиныг уг эзэмшигч гэх М.Э, н.Д нартай утсаар холбогдон тохиролцсоны үндсэн дээр би тухайн өдөр өөрийн Хаан банкны данснаас 20,000,0000 төгрөг, салгаж 7,000,000 төгрөгийг шилжүүлэн авто машиныг “М М О” ХХК авто тээврийн байгууллага руу авто машин шилжүүлэн бичиг хийж өгч авто машин шилжсэн. Одоогоор автомашин миний нэр дээр байгаа болно гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Бунядэлгэрийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: шүүхээс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татаж оролцуулсан. н.Буяндэлгэрийн хувьд бол 00-00убц улсын дугаартай машиныг хариуцагчид 27,000,000 төгрөг шилжүүлж авсан. Д.Б нь “Ж Г И” ХХК-ийн ажилтан болон хувьцаа эзэмшигч биш. Тухайн үед н.Б нь “Ж Г И” ХХК-ийн ажилтанг таньдаг байсан. Тэгээд хариуцагч компанийн ажилтан зарах гэх байгааг сонсоод хариуцагчид 27,000,000 төгрөгийг төлөөд машиныг авсан. н.Б нь машины мөнгийг төлөөд авсан учраас машины шударга эзэмшигч юм. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн асуудал нь гуравдагч этгээдэд хамааралгүй гэж үзэж байгаа гэв.

 ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч “М М О” ХХК-д холбогдуулан барьцааны гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах, 73,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас барьцааны гэрээнд заасны дагуу авто машин өрийг шилжүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсан гэж маргасан. 

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараахь нөхцөл байдал тогтоогдов.

            1.    Зээлийн хүү, алданги 3,400,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Хариуцагч “М М О” ХХК нь “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний чиглэл”-ээр үйл ажиллагаа эрхлэх гэрээг Баянзүрх дүүргийн хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэстэй 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулж, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг авчээ./хх-ийн 47 дугаар талууд /

Хариуцагч “М М О” ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр №1701 дугаартай Зээлийн гэрээг байгуулж, 20,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувийн алданги төлөхөөр зээлдүүлэх, М.Э нь зээлийн гэрээний хугацаанд мөнгийг тохиролцсон хүүгийн хамт тогтоосон хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 7-8 дугаар талууд/

Гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгийг шилжүүлж, зээлдэгч     00-00убц улсын дугаартай авто машиныг зээлдүүлэгчийн эзэмшилд шилжүүлэн өгсөн үйл баримт хэрэгт цугларсан зээлийн гэрээ, талуудын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдсон./хх-ийн 8, 12 дугаар талууд/

Талууд зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаангүй учир тэдгээрийн хооронд Иргэний хуулийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2-т заасан хүчин төгөлдөр гэрээг байгуулж 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болжээ.

Зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь зээлийн үүрэгт нийт 23,000,000 төгрөг төлөхөөс Ж.Д-ы Хаан банкны ******* данснаас зээлийн хүүд 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 2,400,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны 1,000,000 төгрөг, 02 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөг, 4 дүгээр сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг,4 дүгээр сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг нийт 6,400,000 төгрөгийг хүү, алданги гэж төлж, үндсэн зээлийн үүрэгт 20,000,000 төгрөгийг алдангийн хамт төлөх үүрэгтэй./хх-ийн 15-42 дугаар талууд/

Зохигчид анзын тухайд гэрээгээр тохиролцсон байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6 дахь хэсгүүдэд анзын гэрээг бичгээр хийх, алданги нь хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээтэй байхаар зохицуулжээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 3,400,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын тухайд:

Зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* маркийн 00-00убц улсын дугаартай, Dong Feng ******* маркийн, ******* арлын дугаартай авто машиныг шилжүүлэх фидуцийн гэрээг байгуулсан байна./хх-ийн 9-11 дүгээр талууд/

Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт 00-00убц улсын дугаартай, Dong Feng ******* маркийн, ******* арлын дугаартай авто машиныг би н.Г худалдан авч, өөрийнх нь жолооны үнэмлэх байхгүй байсан учир найз Ж.Д нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулж, түүний итгэмжлэлийн хүрээд барьцааны гэрээг байгуулсан гэж тайлбарласан./хх-ийн 11, 13 талууд/

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4-д “Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон захиран зарцуулах эрхгүй” гэж хуульчилсан.

Гэтэл хариуцагч “М М О” ХХК нь үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар нэхэмжлэгчтэй фидуцийн гэрээг байгуулж, 00-00убц улсын дугаартай, Dong Feng ******* маркийн, ******* арлын дугаартай авто машиныг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийн өмчлөлд бүртгүүлж, бусдад 27,000,000 төгрөгөөр худалджээ.

Зохигчдын хооронд хийгдсэн барьцаалан зээлдэх журмаар зээлийг олгосон атал талуудын хооронд хийгдсэн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1701 дугаартай “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн байх тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцов.

 

Машины үнэ 70,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлтийг үндэслэн авто машиныг 90,000,000 төгрөгт тооцон зээлийн гэрээний үүрэгт төлөх ёстой 20,000,000 төгрөгийг хасуулж 70,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг шаардсан.

Зохигчдын хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1701 дугаартай “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8- зааснаар шүүх хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон болно.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заажээ.

Хариуцагч” *******” ХХК нь нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан цистерн маркийн, 00-00убц улсын дугаартай, авто машиныг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б 27,000,000 төгрөгөөр худалдсан, уг тээврийн хэрэгсэл нь түүний өмчлөлд бүртгэгдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна./хх-ийн76-77,96 дугаар талууд/

            Хариуцагч авто машиныг худалдахдаа М.Э, Ж.Д нараас зөвшөөрөл авч өрийг шилжүүлсэн гэж тайлбарлах боловч энэ талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй, баримтаар нотлоогүй болно.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүх “*******” ХХК-ийн шинжээчээр томилж, ******* маркийн, 00-00убц улсын дугаартай авто машиныг зах зээлийн үнэлгээ 96,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Хариуцагч шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтийн талаар маргаагүй. /хх-ийн 103-114 дүгээр талууд/

Иймд ******* маркийн 00-00убц улсын дугаартай авто машиныг үнэлгээ 90,000,000 төгрөгт тооцон нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт төлөх 20,000,000 төгрөгийг хасаж 70,000,000 төгрөгийг хариуцагч “Мөнхийн мөнхийн орд” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 964,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 507,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 369,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, шинжээчийн ажлын зардал 150,000 төгрөгийг “*******” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 499009345 дансанд тушаахыг нэхэмжлэгч М.Э-т даалгаж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 286.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Э хариуцагч “М М О” ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1701 дугаартай “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийг гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,400,000  төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “М М О” ХХК-иас 70,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Э-т олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 964,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 507,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 369,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасныг баримтлан шинжээчийн ажлын зардал 150,000 төгрөгийг “*******” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 499009345 дансанд тушаахыг нэхэмжлэгч М.Э-т даалгасугай.

4. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.ГАНЧИМЭГ