Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 652

 

 

 

 

 

 

 

 

 

Жийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00394 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Жийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн ат холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлчг Б.Володя,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/00203 тоот шийдвэрээр А.Батбаяр, Ж нараас 314 900 438 төгрөг гаргуулж “Инвескор ББСБ” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн.

Тус шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, барьцаа хөрөнгийг битүүмжилж, хураасан бөгөөд улмаар үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор хөрөнгө үнэлгээний “Виннер Вэй” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ хийлгэсэн.

Тус компани нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ар зайсан гудамж, 97 дугаар байр, 304 тоот хаягт байрлах, 127,7 м.кв талбайтай, өмчлөх эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг нийт 236 435 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг хөрөнгө үнэлгээний тайланг Жд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдсэн.

Орон сууцны зориулалттай тус барилгыг Ж нь 2014 онд 1 м.квыг нь 3 500 000 төгрөгөөр авч байсан бөгөөд тухайн хөрөнгийн үнэлгээ хамгийн багадаа 447 000 000 төгрөг хүрнэ. Гэтэл шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгийг 236 435 000 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс илт доогуур үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 203 дугаар шийдвэрээр А.Батбаяр, Ж нараас 316 632 890 төгрөг гаргуулж “Инвескор ББСБ” ХХК-д олгож, хариуцагч дурдсан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Ү-2206048011 тоот бүртгэлтэй, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ар зайсан гудамж, 97 дугаар байр, 304 тоот хаягт байрлах 127.7 м.кв талбайтай орон сууц, УНК 05-75 улсын дугаартай Тоёота ланд круйзер прадо маркын автомашин, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Жалханз хутагтын гудамж, г40 дүгээр байр, 2052 тоотод байрлах, Ү-2205055774 дугаартай бүртгэлийн гэрчилгээтэй 22 м.кв авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч А.Батбаяр, Ж нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр битүүмжлэн, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тогтоолоор орон сууцыг хурааж, талуудад үнийн санал ирүүлэх мэдэгдлийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4/26889 дугаар албан бичгээр баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч төлбөр төлөгч А.Батбаяр үнийн санал ирүүлээгүй, төлбөр төлөгч Ж орон сууцыг 355 600 000 төгрөгөөр үнэлсэн.

Төлбөр авагч “Инвескор ББСБ” ХХК нь үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01 тоот тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход “Виннэр Вэй ХХК нь 236 435 000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төлбөр төлөгч Жд, төлбөр төлөгч А.Батбаяр нарт 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлж, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр биечлэн өөрт нь тус тус мэдэгдсэн.

Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар 55.7. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн ат холбогдох Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж 97 байр, 304 тоотод байрлах 127.7 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 236 435 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Жийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Орон сууцны зориулалттай тус барилгыг Ж нь 2014 онд 1 м.кв-ыг нь 3 500 000 төгрөгөөр худалдан авахдаа тухайн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 447 000 000 төгрөг байсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэх газраас Жийн хөрөнгийг 236 435 000 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс илт доогуур үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хуульд нийцүүлэн гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл шинжээч үнэлгээндээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 9 дүгээр зүйлийн 9.3.1, 9.3.2-т заасныг тусгалгүй орхигдуулсан.

“Виннэр вэй” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн үнэлгээ нь дээрх хуулийн зүйл, заалтуудыг зөрчсөн, эргэлзээтэй байхад шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ж нь хариуцагч Нийслэлийн ат холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/00203 дугаар шийдвэрээр Ж А.Батбаяр нараас 314 900 438 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Инвескор ББСБ” ХХК-д олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд, улсын бүртгэлийн Ү-2206048011 дүгээр бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж 97 байр, 304 тоотод байрлах 127.7 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, УНК 05-75 улсын дугаартай Тоёота ланд круйзер прадо маркын автомашин, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Жалханз хутагтын гудамж, г40 дүгээр байр, 2052 тоотод байрлах, Ү-2205055774 дугаартай бүртгэлийн гэрчилгээтэй 22 м.кв авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх 31-36/

 

Нийслэлийн а нь Жийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206048011 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж 97 байр, 304 тоотод байрлах 127.7 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр битүүмжилж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хураах ажиллагаа явуулсан ба уг ажиллагаанд талууд гомдол гаргаагүй, анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосон байна. /хх 45, 49/

 

Төлбөр төлөгч Ж 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийг 355 600 000 төгрөгөөр тогтоолгохоор санал гаргасан ба төлбөр авагч 2019 оны 12 дугаар сарын 11-ны өдөр Жийн орон сууцыг 355 600 000 төгрөгөөр үнэлсэнд санал нийлэхгүй байх тул шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор шинжээчээр “Виннэр Вэй” ХХК-ийг томилжээ.

 

“Виннэр Вэй” ХХК нь Жийн өмчлөлийн орон сууцыг өртөгийн хандлагын аргаар 128 796 000 төгрөг, орлогын капиталжуулалтын хандлагын аргаар 135 710 000 төгрөг, зах зээлийн харьцуулалтын аргаар 236 435 000 төгрөг гэж, дээрх 3 аргаар тогтоосон үнэлгээг харьцуулан дүгнэж зах зээлийн харьцуулалтын аргыг сонгож 236 435 000 төгрөгөөр үнэлж тогтоосон байна. /хх63-85/

 

Нийслэлийн а нь шинжээч орон сууцны зах зээлийн үнийг 236 435 000 төгрөгөөр үнэлсэн тухай 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 4/29253 тоот мэдэгдлийг мөн өдрөө Жд гардуулан өгчээ. /хх 86/

 

Төлбөр төлөгч Ж нь үл хөдлөх эд хөрөнгийг “Виннэр Вэй” ХХК хэт багаар үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00394 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА