Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/00831

 

Ж.Чингистөрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00394 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 652 дугаар магадлалтай, 

Ж.Чингистөрийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагайн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов. 

Нэхэмжлэгч Ж.Чингистөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/00203 тоот шийдвэрээр А.Батбаяр, Ж.Чингистөр нараас 314,900,438 төгрөг гаргуулж Инвескор ББСБ ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгийг битүүмжилж, хураасан бөгөөд улмаар үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор хөрөнгө үнэлгээний Виннер Вэй ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ хийлгэсэн. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ар зайсан гудамж, 97 дугаар байр, 304 тоот хаягт байрлах, 127,7 м.кв талбайтай, өмчлөх эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг нийт 236,435,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг хөрөнгө үнэлгээний тайланг Ж.Чингистөрд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдсэн. Орон сууцны зориулалттай тус барилгыг Ж.Чингистөр нь 2014 онд 1 м.кв-ыг нь 3,500,000 төгрөгөөр авч байсан бөгөөд тухайн хөрөнгийн үнэлгээ хамгийн багадаа 447,000,000 төгрөг хүрнэ гэж үзэж байна. Гэтэл шийдвэр гүйцэтгэх газраас Ж.Чингистөрийн хөрөнгийг 236,435,000 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс илт доогуур үнэлснийг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд дээрх үндэслэлээр хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлсэн илт хууль бус үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 203 дугаар шийдвэрээр А.Батбаяр, Ж.Чингистөр нараас 316,632,890 төгрөг гаргуулж Инвескор ББСБ ХХК-д олгож, хариуцагч дурдсан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Ү-2206048011 тоот бүртгэлтэй, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ар зайсан гудамж, 97 дугаар байр, 304 тоот хаягт байрлах 127.7 м.кв талбайтай орон сууц, УНК 05-75 улсын дугаартай Тоёота ланд круйзер прадо маркийн автомашин, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Жалханз хутагтын гудамж, г40 дүгээр байр, 2052 тоотод байрлах, Ү-2205055774 дугаартай бүртгэлийн гэрчилгээтэй 22 м.кв авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч А.Батбаяр, Ж.Чингистөр нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 19290993/01 тоот тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 19290993/02 тоот тогтоолоор орон сууцыг хурааж талуудад үнийн санал ирүүлэх мэдэгдлийг тус газрын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4/26889 дугаар албан бичгээр баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч төлбөр төлөгч А.Батбаяр үнийн санал ирүүлээгүй, төлбөр төлөгч Ж.Чингистөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ар зайсан гудамж, 97 дугаар байр, 304 тоот хаягт байрлах 127.7 м.кв талбайтай орон сууцыг 355,600,000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр авагч Инвескор ББСБ ХХК нь үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01 тоот тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход Виннэр-вэй ХХК нь 236,435,000 төгрөгөөр үнэлсэн болохыг 4/29253 тоот албан бичгээр 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төлбөр төлөгч Ж.Чингистөрд, төлбөр төлөгч А.Батбаяр нарт 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр баталгаат шуудангаар гэрийн хаягаар нь хүргүүлж, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр биечлэн өөрт нь тус тус мэдэгдсэн. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00394 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар 55.7. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж 97 байр, 304 тоотод байрлах 127.7 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 236,435,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Чингистөрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 652 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00394 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагай хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00394 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 652 дугаартай магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалдаа нэхэмжлэгч Ж.Чингистөр нь Виннэр Вэйи ХХК хэт багаар үнэлсэн гэх тайлбараа нотлох баримтаар нотлоогүй хэмээн дүгнэсэн бөгөөд анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж авагдсан нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэдийгээр Виннэр Вэй ХХК нь тухайн орон сууцыг өртгийн хандлагын аргаар 128,796,000 төгрөг, орлогын капиталжуулалтын хандлагын аргаар 135,710,000 төгрөг, зах зээлийн харьцуулалтын аргаар 236,435,000 төгрөг гэж з аргаар үнэлгээ гаргасан боловч зах зээлийн жишиг үнийг unegui.mn вэб сайтад тавигдсан 3 өрөө байрны үнэтэй харьцуулан гаргасан нь тухайн эд хөрөнгийн шинж байдал, бодит байдалд нийцэхгүй гэж үзэж байна. Учир нь тухайн вэб сайтад тавигдсан эд хөрөнгийн шинж байдал нь тодорхойгүй байхад шууд Ж.Чингистөрийн 4 өрөө орон сууцыг 3 өрөө орон сууцтай харьцуулан үнэлгээ гаргасан, тухайн эд хөрөнгийн өмчлөгч нар өөрийнхөө эд хөрөнгөө хэдэн төгрөгөөр үнэлэх нь тухайн хүний эрх бөгөөд үүнийг шууд зах зээлийн бодит үнэ гэж үзэж, түүнтэй харьцуулан тооцох нь учир дутагдалтай.

Орон сууцны зориулалттай тус барилгыг Ж.Чингистөр нь 2014 онд 1 метр квадратыг нь 3,500,000 төгрөгөөр худалдан авахдаа тухайн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 447,000,000 төгрөг байсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэх газраас Ж.Чингистөрийн хөрөнгийг 236,435,000 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс илт доогуур үнэлснийг Хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хуульд нийцүүлэн гаргаагүй. Хавтаст хэргийн 59 дүгээр талд авагдсан шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль тайлбарласан тухай баримтад байгаа өдрийг гараар нөхөж бичсэн, 60 дугаар талд авагдсан шинжээчийн танилцуулга болон хууль тайлбарласан тухай баримтад байгаа 10 сар гэснийг 12 сар гэж гараар засварлаж бичсэн зэргээс үзэхэд шинжээчид хууль сануулсан гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00394 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 652 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ 

Ж.Чингистөр нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргахдаа үндэслэлээ ...зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад, хэвээр үлдээжээ. 

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэн зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.

 Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Ж.Чингистөр, А.Батбаяр нараас 314,900,438 төгрөгийг гаргуулж Инвескор ББСБ ХХК-д олгох, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 97 дугаар байр, 304 тоотын 127.7 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, г40 дүгээр байр, 201 тоотын 22 м.кв, 2052 тоотын 22 м.кв авто зогсоолыг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.22-ны өдрийн 203 дугаар шийдвэр, 2019.04.18-ны өдрийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагджээ.  

Төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй, шийдвэр гүйцэтгэх байгууллага барьцааны зүйл болох орон сууцыг битүүмжилж, хураасан, улмаар үнийн саналаа ирүүлэхийг төлбөр төлөгч нарт мэдэгдсэн, төлбөр төлөгч 4 өрөө орон сууцыг 355,600,000 төгрөгөөр үнэлэх санал гаргасныг төлбөр авагч зөвшөөрөөгүй байна /хэргийн 56-57 дугаар тал/.  

Талууд үнийг тохиролцоогүй тул хариуцагч шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-г зөрчөөгүй байна.  

Шинжээч Виннэр Вэй ХХК нь 4 өрөө орон сууцыг 236,435,000 төгрөгөөр үнэлэхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан, хариуцагч үнэлгээний талаар төлбөр төлөгчид 2019.12.17-ны өдөр мэдэгдсэн, нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргажээ.  

Виннэр Вэй ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасан аргачлалын дагуу өртгийн, орлогын, зах зээлийн аргаар үнэлж, энэ тухайгаа тайланд тодорхой тусгасан бөгөөд нэхэмжлэгч шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.  

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00394 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 652 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагайн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН  

Х.ЭРДЭНЭСУВД