Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2017/0679/з |
Дугаар | 318 |
Огноо | 2018-09-17 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 318
Д.М-ын нэхэмжлэлтэй,
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: М.Батсуурь
Шүүгчид: Л.Атарцэцэг
Г.Банзрагч
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Ш.Мөнхжаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0137 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2018/0314 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э-О,
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ц нар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0137 дугаар шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.М-ыг урьд эрхэлж байсан Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, 2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны 6 сар 7 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 22.187.805 /хорин хоёр сая нэг зуун наян долоон мянга найман зуун тав/ төгрөгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нэхэмжлэгч Д.М-ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2018/0314 дүгээр магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0137 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н гомдолдоо: “ ... Д.М нь БСШУС-ын сайдын 2014 оноос МУБИС-ийн захирлын албан тушаалд ажиллаж эхэлсэн байна. Тэрээр Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн захирлын үүрэгт ажлыг эрхлэн гүйцэтгэж байхдаа тус сургуулийн төсөв санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, санхүүгийн нөөцийг зөв хуваарилж, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, төсвийн болон төсвийн бус хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах үүргийг хүлээсэн.
4. Гэтэл 2017 онд тус сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх дотоод аудитын хороо төлөвлөгөөт шалгалтыг явуулж, улмаар 14 төрлийн санхүүгийн зөрчилд нийт 859,5 сая төгрөгийн дутагдал гаргасан болохыг тогтоосон байна.
5. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх дотоод аудитын хорооны 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 3-р тогтоолд МУБИС-ийн захирал Д.М нь албан үүргээ гүйцэтгэж /төсвийн шууд захирагч/ байх хугацаандаа төсвийн хөрөнгийг тогтоосон журмын дагуу захиран зарцуулах хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан санхүүгийн ноцтой зөрчлийг удаа дараалан гаргасан гэж дүгнэсэн.
6. Иймд, дээрх тогтоолыг үндэслэж БСШУС сайдын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 тоот тушаалаар Д.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон төдийгүй түүний гаргасан үйлдлийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж, төрд учирсан хохиролыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн.
7. Д.Мын удаа дараа гаргасан санхүүгийн ноцтой үйлдлийг Авилгатай тэмцэх газар шалгаад 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж, улмаар эрүүгийн 170200138 дугаар хэргийг үүсгэсэн бөгөөд энэ талаар хуулийн байгууллагаас албан бичиг шүүхэд ирсэн төдийгүй хариуцагчаас удаа дараалан шүүхэд тайлбар, хүсэлтийг гаргаж байсан.
8. Өөрөөр хэлбэл, Д.М-ын хууль бус үйлдэлд гэмт хэргийн шинж байна гэж хууль хяналтын байгууллага дүгнээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсаар байтал шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхгүйгээр нэхэмжлэгч Д.М-ын хууль бус үйлдэл, төрд учруулсан хохирлыг харгалзан үзэхгүйгээр түүнийг санхүүгийн ноцтой зөрчил гаргаагүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
9. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийн хүсэлтийг огт хүлээж аваагүйгээс гадна ямар үндэслэлээр хүсэлтийг хангахгүй шийдвэрлэсэн байдлаа тайлбарлаж, шүүхийн шийдвэрт дурдаагүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасан “...эрүү. иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй...” бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ” гэсэн хуулийн зохицуулалт байсаар байтал хариуцагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
10. Анхан шатны шүүх хариуцагчийн хүсэлтийг шийдвэрлэхдээ “захиргааны хэргээс тусдаа эрүүгийн журмаар шалгагдаж шийдвэрлэх өөр эрх зүйн маргаан” гээд “гагцхүү БСШУС-ын Сайдын тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэсэн атлаа хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ аудитын хорооны тогтоолд дурдсан санхүүгийн зөрчилд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэлээ. Тухайлбал:
11. “...Санхүүгийн зөрчил бүр нь ямар баримтаар тогтоогдож байгаа, бусад албан тушаалтны төлөх торгууль, төлбөрийг заасан нэг бүрчилсэн акт үйлдээгүй, өгсөн зөвлөмжийн хэрэгжилтээ дүгнээгүй атлаа санхүүгийн шалгалтаар илэрсэн гэх 14 төрлийн 859,5 сая төгрөгийн зөрчлийг дан ганц нэхэмжлэгчид хамаатуулан хөдөлмөрийн харилцаа шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан...ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдсон гэж үзэх...үндэслэлгүй болжээ...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
12. Шүүх аудитын зөрүүтэй дүгнэлтүүдийг холбогдох газарт нь хандаж эцэслэн шийдвэрлээгүй атлаа урьдаас үнэн зөв гэж нотлогдоогүй баримтанд тулгуурлан БСШУС яамны дотоод аудитын дүгнэлтийг хууль бус гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
13. Учир нь БСШУС сайдын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар Д.М шүүхэд нэхэмжлэл гаргасан ба уг хүчингүй болгуулахыг шаардсан маргаан бүхий захиргааны акт нь 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх дотоод аудитын хорооны 3-р тогтоолыг үндэслэл болгосон.
14. Нэхэмжлэгч Д.М-ын талаас шүүхэд Үндэсний аудитын газрын 2017 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 3/528 дугаар “...Монгол Улсын Боловсролын их сургуулийн 2016 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөрх нэгтгэсэн санхүүгийн байдал санхүүгийн үр дүн өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээ болон төсвийн гүйцэтгэлийн нэгдсэн тайланг Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль УСНББОУС-д нийцүүлж сангийн сайдын баталсан бодлого аргачлал, журмын дагуу материаллаг зүйлсийн хувьд үнэн бодитой илэрхийлсэн байна”...” гэсэн албан бичгийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн.
15. Үндэсний аудитын газар нь МУБИС-ийн өөрсдийн гэрээ хийж санхүүгийн жилийн эцсийн тайлан гаргадаг санхүүгийн байгууллагаас гаргаж ирүүлсэн тайлантай танилцаж, “санхүүгийн зөрчилгүй” гэсэн дүгнэлт гаргасан хэдий ч БСШУС яамнаас санхүүгийн шалгалтыг тус сургууль дээр буюу газар дээр нь шалгалт явуулахад санхүүгийн ноцтой зөрчил, дутагдал гаргасныг илрүүлэн тогтоосон.
16. Ийнхүү маргаан бүхий актын үндэслэл болсон Боловсрол соёл шинлэх ухаан, спортын төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх дотоод аудитын хорооны 3-р тогтоол. Үндэсний аудитын газрын 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 3/528 дугаар албан бичиг нь нэг сургуулийн буюу МУБИС-ийн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг шалгасан атлаа хоорондоо эрс зөрүүтэй санхүүгийн дүгнэлтүүд гарсан байна.
17. Энэхүү зөрүүтэй хяналт шалгалтын аль нь үндэслэлтэй эсэх, санхүү нягтлан бодох бүртгэлийн дүрэм, журам зөрчсөн зөрчил нь бодитой эсэх, хэрэв зөрчил нь бодитой байсан бол Үндэсний аудитын газар санхүүгийн тайланг баталгаажуулахад илрэх боломжгүй байсан эсэх, БСШУС-ын төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх дотоод аудитын хорооны хяналт шалгалтаар санхүүгийн зөрчил дутагдлыг хожим илрүүлсэн аль нь болох, дээрх 2 эрс зөрүүтэй үнэлгээ, дүгнэлтийн аль нь үндэслэлтэй эсэхийг тусгай мэдлэгийн хүрээнд магадлуулж дүгнэлт гаргуулах байтал хариуцагчийн хүсэлтийг шүүх огт хүлээж аваагүй болно.
18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасан байтал шүүхээс Үндэсний аудитын газраас ирүүлсэн албан бичгийг хэргийн бодит байдлыг тодруулахад үнэн зөв, ач холбогдолтой, эргэлзээгүй гэж урьдчилан дүгнэсэн нь хариуцагчийн нотлох баримтыг тал бүрээс нь шалгаж тогтоолгох, санхүүгийн зөрчил бодитой гарсаныг харьцуулан судлуулах, шаардлагатай бол санхүүгийн болон хууль хяналтын байгууллагаар нь тогтоолгохоор гаргасан хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс харагдаж байх төдийгүй хариуцагчийн шүүх хуралдаанд мэтгэлцэх боломжийг хангасангүй гэж үзэж байна.
19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж, мөн зүйлийн 32.4 дэх хэсэгт зааснаар “...нотлох баримт цуглуулахыг шаардах эрхтэй ...” гэж заасаар байтал хариуцагчид энэхүү эрхийг эдлэх боломж олгогдсонгүй.
20. Шүүх маргаан бүхий захиргааны акт хуульд нийцсэн эсэхийг тогтоохын тулд санхүүгийн эрх бүхий байгууллагыг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулах замаар нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй нөхцөл байдлыг тогтоож, нотлох баримтыг цуглуулах боломжтой байсан төдийгүй хэргийн оролцогчийн хэн алины хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоох шаардлагатай байсан.
21. Шүүхээс “Д.М нь Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс Боловсролын их сургуулийн захиралын албан тушаалд томилогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь хэсэгт зааснаар төсвийн шууд захирагч буюу Боловсролын их сургуулийн захиралын албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын ангилалд хамаарах бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт зааснаар үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар зохицуулах ёстой” гэжээ.
22. Хариуцагчийн зүгээс Д.Мын төрийн үйлчилгээний албан хаагч, удирдах албан хаагчийн хувьд маргаагүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2 дахь хэсэгт “төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах боловсролын байгууллагын захирал, удирдах албан тушаалтантай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллана” гэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заажээ.
23. Тиймээс Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөгдөх хөдөлмөрийн харилцааг зохицуулсан байх тул төрийн үйлчилгээний албан тушаалтан Д.Мын хөдөлмөрийн харилцаатай асуудлыг түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэж шийдвэрлэсэн болно.
24. БСШУС-ын яамнаас жил бүр дээд боловсролын их дээд сургуулиудад тодорхой хуваарийн дагуу үйл ажиллагаанд нь хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын шалгалтыг явуулдаг бөгөөд МУБИС-д 2017 оны 1 улиралд шалгалтыг явуулахдаа тодорхой удирдамжийг гарган хүргүүлж, газар дээр нь тодорхой хугацаанд байрлаж хяналт шинжилгээ явуулсаар байтал шалгалтын тайлан гарсныг огт мэдээгүй, сонсоогүй гэж төрийн албан хаагч, удирдах албан тушаалтны хувьд ёс зүйгүй аашилж байна.
25. Өөрөөр хэлбэл яамнаас хийж гүйцэтгэсэн ажлын талаар гарсан дүгнэлтийг ажлын хэсэг МУБИС-ийн захирал Д.Мд танилцуулсан тул энэ талаар шүүх холбогдох хүмүүсийг нь хариуцагчийн гэрчээр асуулгах хүсэлтийг бүрэн дүүрэн хангаж шийдвэрлэсэн бол дээрх нөхцөл байдал үгүйсгэгдэх байсан.
26. Түүнчлэн БСШУС сайд, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын үүрэгт ажлыг эрхэлж байсан албан тушаалтнууд Д.Мд захиргааны акт сонсгох үйл ажиллагааг явуулсаар байтал “надад мэдэгдээгүй, намайг хүлээж авч уулзаагүй” гэж, тайлбарласныг үгүйсгэх хүмүүсийг шүүх гэрчээр асуух боломжтой байсан. Төрийн ажлыг гүйцэтгэж байгаа дээрх хүмүүс Д.Мд захиргааны актыг танилцуулсан эсэх, танилцаад ямар хүсэлт гаргаж байсныг нотлох юм.
27. Д.Мөчхжаргал нь тухайн үед ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ мэдсээр байж ямар ч үндэслэлгүйгээр МУБИС-ийн нэр бүхий ажилтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, сахилгын шийтгэл оногдуулах, төсвийн хөрөнгийг шийдвэрлэх зэргээр байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, дураараа аашилж байсан болно.
28. БСШУС-ын яамны дээд боловсролын мэргэжилтэн Х.Батсайхан нь МУБИС-ийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийсэн ажлын тайланд “МУБИС-ийн захирал Д.Мын 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн тайлантай танилцаж доорх ажлууд нь тайлангийн үнэн бодит байдалтай нийцэхгүй” гэж дүгнэснээс үзэхэд Д.Мын үйл ажиллагаа болон санхүүгийн зөрчил нь хожим илэрч, энэ нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл бүхий ноцтой зөрчил байх тул ажил олгогч БСШУС-ын сайд хуулиар олгосон бүрэн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн асуудлыг шүүх үндэслэлгүйгээр “зорилгоосоо хазайж хариуцлага ногдуулсан” гэж дүгнэлт хийхдээ 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлт “Маш сайн” буюу 90 оноогоор дүгнэсэн байна гэж хэт нэг талыг баримталжээ.
29. Хэдийгээр БСШУС-ын сайд нь Д.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний нэг тал буюу ажил олгогч боловч нөгөө талдаа төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд төсвийн шууд захирагч буюу Д.Мтай байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн санхүүгийн үүрэг, хариуцлагаас чөлөөлөгдөхгүй юм.
30. Тиймээс төсвийн шууд захирагчийн хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хууль, дүрэм, журмыг хэрэгжүүлэхгүй байгаа үйлдэлд хяналт тавьж, зөрчил дутагдал илрүүлсэн тухай бүр үйлдлийг таслан зогсоох, хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох үүрэгтэй болно.
31. Иймд анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хариуцагчийн хуульд заасан эрхийг эдлэх боломжоор хангаагүйгээс гадна хариуцагчийн хүсэлтүүд хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байгааг анхаарахгүй, хуульд заасан журмыг баримтлахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.
32. Өөрөөр хэлбэл Д.М нь МУБИС-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож улсад их хэмжээний хохирол учруулсан болохыг салбар байгууллагаас нь илрүүлэн шалгаж, уг үйлдлийг хууль хяналтын байгууллага шалгасаар байтал урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож байгаа нь үндэслэлгүй юм.
33. Иймд, шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүйгээр, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 128/ШШ2018/0137 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2018/0314 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгуулахаар хяналтын журмаар давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
34. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12, Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх Дотоод аудитын хорооны 2017 оны ... 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн, нэхэмжлэгч Д.М-ыг Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн, нэхэмжлэгчээс “... шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, мэдэгдээгүй, ... ээлжийн амралттай байхад ажлаас чөлөөлсөн, ... аудитын шалгалтын дүнг танилцуулаагүй, ... ажлаас чөлөөлсөн нь ... Төсвийн тухай хууль, ... Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн” гэж, хариуцагчаас “... санхүүгийн зөрчил гаргасан ... нь дотоод аудитын хорооны дүгнэлт, тогтоолоор тогтоогдсон, ... хяналт шалгалтын үйл ажиллагаанд өөрөө оролцсон, ... төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан ..., үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй” гэж маргажээ.
35. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаас 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Монгол Улсын Боловсролын их сургуулийн үйл ажиллагаанд хяналт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх ажлын удирдамж” баталж, хяналт шалгалт хийх Ажлыг хэсэг томилсон, үүний дагуу тус яамны Хяналт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хяналт шалгалт хийх тухай мэдэгдлийг Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирал Д.М-д мэдэгдсэн, Ажлын хэсгийн хяналт шалгалтаар “...нийт 14 төрлийн зөрчилд холбогдох 859.5 сая төгрөгийн санхүүгийн зөрчил” тогтоогдсон, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх Дотоод аудитын хорооны 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар Ажлын хэсгийн тайланг дээр дурдсан 14 төрлийн зөрчил нэг бүрээр хэлэлцэж, тус хорооны мөн өдрийн 03 дугаар тогтоолоор “...Боловсролын их сургуульд ажилласан Ажлын хэсгийн тайлан, зөвлөмжийг зөвшөөрч, хэрэгжүүлэх, ... Д.М-д хариуцлага тооцох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, зохион байгуулахыг Төрийн захиргааны удирдлагын газар үүрэг болгох...”-оор тус тус шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс Дотоод аудитын хорооны уг тогтоолтой маргаагүй, “... сайдын тушаалтай маргаж байгаа, ... сайд аудитын дүгнэлтийг үндэслэж тушаал гаргасан нь хууль зөрчиж байна” гэж маргажээ.
36. Анхан шатны шүүх уг маргаанд хамааралтай үйл баримтуудад бүрэн дүгнэлт хийгээгүй атлаа хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх уг алдааг засаагүй байх тул хяналтын шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
37. Тухайлбал, маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Дотоод аудитын хорооны 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар дүгнэлттэй нэхэмжлэгч тал маргахгүй талаар анхан шатны шүүх хуралдаан дээр тодорхой тайлбарласан байхад “... шалгалтаар илэрсэн гэх санхүүгийн зөрчил бүр нь ямар нотлох баримтуудаар тогтоогдож байгаа нь тодорхойгүй”, ‘... шалгалтын зорилгоосоо хазайсан Дотоод аудитын тогтоолыг үндэслэн /нэхэмжлэгчид/ хариуцлага ногдуулсан” гэх зэргээр хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй гэж үзлээ.
38. Түүнчлэн, анхан шатны шүүх хэрэв маргаан бүхий актын үндэслэлд холбогдох “санхүүгийн зөрчил гаргасан эсэх” асуудлаар дүгнэлт хийх тохиолдолд дурдсан зөрчлүүдэд холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж дүгнэлт хийх ёстой байтал, нотлох баримт цуглуулаагүй атлаа “... санхүүгийн шалгалтаар илэрсэн гэх зөрчлийг дан ганц нэхэмжлэгчид хамаатуулан ... хариуцлага тооцсон нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн, ямар зөрчил нь нэхэмжлэгчид хамаарахгүй гэж үзсэн нь ойлгомжгүй болжээ.
39. Давж заалдах шатны шүүх “... нэхэмжлэгч Д.М-ын эрхэлж байсан албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байх боловч тэрээр ... төрийн жинхэнэ албан хаагч байна” гэж дүгнэсэн нь мөн ойлгомжгүй, ийнхүү нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг зөрүүтэй тодорхойлсноос шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн эсэх талаар хариуцагч тал маргаж байх тул уг асуудлаар анхан шатны шүүх нэгмөр дүгнэлт өгөх шаардлагатай.
40. Эдгээр үндэслэлээр, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0137 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2018/0314 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА