Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2018/0314

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2018/0314

         Улаанбаатар хот

 

 

Д.М-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0137 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н-н давж заалдах гомдлоор, Д.М-ын нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 122/ШШ2018/0137 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.М-ыг урьд эрхэлж байсан Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны 6 сар 7 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 22.187.805 /хорин хоёр сая нэг зуун наян долоон мянга найман зуун тав/ төгрөгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нэхэмжлэгч Д.М-ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н давж заалдах гомдолдоо: Д.М-ын нэхэмжлэлтэй Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад холбогдуулан гаргасан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 128/ШШ2018/0137 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад холбогдуулан гаргасан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 тоот тушаал нь Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх дотоод аудитын хорооны 3-р тогтоолыг үндэслэн гарсан бөгөөд аудитын тогтоолд Д.М нь албан үүргээ гүйцэтгэж /төсвийн шууд захирагч/ байх хугацаандаа төсвийн хөрөнгийг тогтоосон журмын дагуу захиран зарцуулах хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан зөрчлийг удаа дараалан гаргасан гэж дүгнэсэн.

Д.М-ын санхүүгийн зөрчил удаа дараалан гаргасан үйлдлийг Авилгатай тэмцэх газарт 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар албан бичиг ирүүлснийг шүүх хүлээн авч мэдсэн боловч хариуцагчийн гаргасан хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасан “...эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй...” бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ” гэсэн хуулийн зохицуулалт байсаар байтал хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэвч шүүх уг хүсэлтийг шийдвэрлэхдээ захиргааны хэргээс тусдаа эрүүгийн журмаар шалгагдаж шийдвэрлэх өөр эрх зүйн маргаан гэж дүгнээд гагцхүү Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэсэн атлаа хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ гол үндэслэл нь санхүүгийн зөрчлийн талаар тухайлбал: ...Санхүүгийн зөрчил бүр нь ямар баримтаар тогтоогдож байгаа, бусад албан тушаалтны төлөх торгууль, төлбөрийг заасан нэг бүчилсэн акт үйлдээгүй, өгсөн зөвлөмжийн хэрэгжилтээ дүгнээгүй атлаа санхүүгийн шалгалтаар илэрсэн гэх 14 төрлийн 859,5 сая төгрөгийн зөрчлийг дан ганц нэхэмжлэгчид хамаатуулан хөдөлмөрийн харилцаа шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан...ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдсон гэж үзэх....үндэслэлгүй болжээ...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Санхүүгийн зөрчилтэй холбоотой асуудал нь хууль хяналтын байгууллагад шалгагдаж байтал уг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад дээрх дүгнэлтийг шүүх гаргах боломжгүй төдийгүй энэталаархи нотлох баримтыг хангалттай цуглуулах байсан.

Учир нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 тоот тушаалыг хүчингүй болгох гэж нэхэмжлэгч Д.М шүүхэд шаардлага гаргасан ба уг хүчингүй болгуулахыг шаардсан маргаан бүхий акт нь 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх дотоод аудитын хорооны 3-р тогтоолыг үндэслэл болгосон байтал нэхэмжлэгч Д.М нь Үндэсний аудитын газрын 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 3/528 дугаар “...Монгол Улсын Боловсролын их сургуулийн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр нэгтгэсэн санхүүгийн байдал санхүүгийн үр дүн өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээ болон төсвийн гүйцэтгэлийн нэгдсэн тайланг Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль УСНББОУС-д нийцүүлж сангийн сайдын баталсан бодлого аргачлал, журмын дагуу материаллаг зүйлсийн хувьд үнэн бодитой илэрхийлсэн байна”...” гэсэн албан бичгийг хэрэгт өөрөө нотлох баримтаар гаргаж өгсөн.

Ийнхүү маргаан бүхий актын үндэслэл болсон Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх дотоод аудитын хорооны 3-р тогтоол, Үндэсний аудитын газрын 2017 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 3/528 дугаар албан бичиг нь нэг сургуулийн буюу Монгол Улсын боловсролын их сургуулийн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг шалгасан атлаа хоорондоо эрс зөрүүтэй дүгнэлт гарсан байна.

Энэхүү зөрүүтэй хяналт шалгалтын аль нь үндэслэлтэй эсэх, санхүү нягтлан бодох бүртгэлийн дүрэм, журам зөрчсөн зөрчил нь бодитой эсэх, хэрэв зөрчил нь бодитой байсан бол Үндэсний аудитын газар санхүүгийн тайланг баталгаажуулахад илрээгүй болох, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх дотоод аудитын хорооны хяналт шалгалтаар санхүүгийн зөрчил дутагдал хожим илрүүлсэн аль нь болох, дээрх 2 эрс зөрүүтэй үнэлгээ, дүгнэлтийн аль нь үндэслэлтэй эсэхийг тусгай мэдлэгийн хүрээнд магадлуулж дүгнэлт гаргуулах байтал хариуцагчийн хүсэлтийг шүүх хүлээж аваагүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасан байтал шүүхээс Үндэсний аудитын газраас ирүүлсэн албан бичгийг хэргийн бодит байдлыг тодруулахад үнэн зөв, ач холбогдолтой, эргэлзээгүй гэж урьдчилан дүгнэсэн нь хариуцагчийн нотлох баримтыг тал бүрээс нь шалгаж тогтоолгох, санхүүгийн зөрчил бодитой гарсныг харьцуулан судлуулах, шаардлагатай бол санхүүгийн болон хууль хяналтын байгууллагаар нь тогтоолгохоор гаргасан хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс харагдаж байх төдийгүй хариуцагчийн шүүх хуралдаанд мэтгэлцэх боломжийг хангасангүй гэж үзэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар "Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж, мөн зүйлийн 32.4 дэх хэсэгт зааснаар “...нотлох баримт цуглуулахыг шаардах эрхтэй ...” гэж заасаар байтал хариуцагчид энэхүү эрхийг эдлэх боломж олгогдсонгүй.

Шүүх маргаан бүхий захиргааны акт хуульд нийцсэн эсэхийг тогтоохын тулд санхүүгийн эрх бүхий байгууллагыг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулах замаар нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй нөхцөл байдлыг тогтоож, нотлох баримтыг ; цуглуулах боломжтой байсан төдийгүй хэргийн оролцогчийн хэн алины хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоох шаардлагатай байсан.

Шүүхээс “Д.М нь Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс Боловсролын их сургуулийн захирлын албан тушаалд томилогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь хэсэгт зааснаар төсвийн шууд захирагч буюу Боловсролын их сургуулийн захирлын албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын ангилалд хамаарах бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар зохицуулах ёстой” гэжээ.

Хариуцагчийн зүгээс Д.М-ын төрийн үйлчилгээний албан хаагч, удирдах албан хаагчийн хувьд маргаагүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 9; дүгээр зүйлийн 9.1, 9.1.2 дахь хэсэгт “төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах боловсролын байгууллагын захирал, удирдах албан тушаалтантай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллана” гэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заажээ.

Тиймээс Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөгдөх хөдөлмөрийн харилцааг зохицуулсан байх тул төрийн үйлчилгээний албан тушаалтан Д.Мөнхжаргалын хөдөлмөрийн харилцаатай асуудлыг түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэж шийдвэрлэсэн болно.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас жил бүр дээд боловсролын их дээд сургуулиудад тодорхой хуваарийн дагуу үйл ажиллагаанд нь хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын шалгалтыг явуулдаг бөгөөд Монгол Улсын Боловсролын их сургууль 2017 оны 1 улиралд шалгалтыг явуулахдаа тодорхой удирдамжийг гарган хүргүүлж, газар дээр нь тодорхой хугацаанд байрлаж хяналт шинжилгээ явуулсаар байтал шалгалтын тайлан гарсныг огт мэдээгүй, сонсоогүй гэж төрийн албан хаагч, удирдах албан тушаалтны хувьд ёс зүйгүй аашилж байна.

Өөрөөр хэлбэл яамнаас хийж гүйцэтгэсэн ажлын талаар гарсан дүгнэлтийг ажлын хэсэг Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирал Д.М-д танилцуулсан тул энэ талаар шүүх холбогдох хүмүүсийг нь хариуцагчийн гэрчээр асуулгах хүсэлтийг бүрэн дүүрэн хангаж шийдвэрлэсэн бол дээрх нөхцөл байдал үгүйсгэгдэх байсан.

Түүнчлэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын үүрэгт ажлыг эрхэлж байсан албан тушаалтнууд Д.М-д захиргааны актыг сонсгох үйл ажиллагааг явуулсаар байтал “надад мэдэгдээгүй, намайг хүлээж авч уулзаагүй” гэж тайлбарласныг үгүйсгэх хүмүүсийг шүүх гэрчээр асуух боломжтой байсан. Төрийн 1 ажлыг гүйцэтгэж байгаа дээрх хүмүүс Д.М-д захиргааны актыг танилцуулсан эсэх, танилцаад ямар хүсэлт гаргаж байсныг нотлох юм.

Д.М нь тухайн үед ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ мэдсээр байж ямар ч үндэслэлгүйгээр Монгол Улсын Боловсролын их сургуулийн нэр бүхий ажилтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, сахилгын шийтгэл оногдуулах, төсвийн хөрөнгийг шийдвэрлэх зэргээр байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, дураараа аашилж байсан болно.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дээд боловсролын мэргэжилтэн Х.Батсайхан нь Монгол Улсын боловсролын их сургуулийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийсэн ажлын тайланд “Монгол Улсын боловсролын их сургуулийн захирал Д.М-ын 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн тайлантай танилцаж доорх ажлууд нь тайлангийн үнэн бодит байдалтай . нийцэхгүй” гэж дүгнэснээс үзэхэд Д.М-ын үйл ажиллагаа болон санхүүгийн зөрчил нь хожим илэрч, энэ нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл бүхий ноцтой зөрчил байх тул ажил олгогч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд хуулиар олгосон бүрэн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн асуудлыг шүүх үндэслэлгүйгээр “зорилгоосоо хазайж хариуцлага ногдуулсан” гэж дүгнэлт хийхдээ 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлт "Маш сайн” буюу 90 оноогоор дүгнэсэн байна гэж хэт нэг талыг баримталжээ.

Хэдийгээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд нь Д.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хувьд ажил олгогч боловч нөгөө талдаа санхүүгийн ерөнхийлөн захирагчийн хувьд төсвийн шууд захирагчтай байгуулсан гэрээгээр хүлээсэн санхүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөхгүй юм. Тиймээс төсвийн шууд захирагчийн төсвийн хөрөнгийг дур зоргоороо захиран зарцуулж байгаа, зориулалтын бусаар үрж байгаа аливаа санхүүгийн ноцтой зөрчлийг илрүүлсэн тохиолдолд таслан зогсоох, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үүрэгтэй.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шаардлагатай нотлох баримтуудыг дутуу бүрдүүлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 128/ШШ2018/0137 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна” гэжээ

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хэргийг хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс “...ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахаасаа өмнө надад мэдэгдээгүй, ээлжийн амралттай байх хугацаанд тушаал гарсан, шалгалтын дүнг танилцуулалгүй, төсвийн зөрчил гаргасан гэж дүгнэж хариуцлага тооцсон нь хуульд нийцээгүй...” хэмээн маргажээ.

Хариуцагчаас “....нэхэмжлэгч Д.М нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа төсвийн хөрөнгийг тогтоосон журмын дагуу захиран зарцуулах хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан зөрчил гаргасан тул ажлаас нь чөлөөлсөн...” гэж тайлбарлаж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Ч-ын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Д.М-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12, Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, 2017 оны Монгол Улсын Боловсролын их сургуулийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудит, хяналт шинжилгээний ажлын хэсгийн тайланг хэлэлцсэн тухай 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч Д.М-ын эрхэлж байсан Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байгаа боловч тэрээр Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилогдож, хариуцагчтай “Үр дүнгийн гэрээ” байгуулан ажилладаг, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан буюу төсвийн шууд захирагч, төрийн захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан төрийн албан хаагч зөрчил гаргасан, албан үүргээ хангалтгүй биелүүлснээс бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх баталгаагаар хангагдах эрхтэй.

Нэхэмжлэгчийг төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулаагүй, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, байгууллагад хохирол учруулсан гэж буруутгаж Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно” гэсэн заалтыг үндэслэж Хөдөлмөрийн тухай хуулийн 38, 40 дүгээр зүйлүүдэд заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах заалтуудыг үндэслэл болгож, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, харин төрийн албаны сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилогдон үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг удирдах албан тушаалтнуудын эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт зааснаар энэ нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулиар шууд тодорхойлох боломжгүй тул маргаан бүхий актад Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтуудыг хэрэглэсэн нь буруу байна.

Зүй нь нэхэмжлэгчийг буруутгаж буй үндэслэл түүнийг сахилгын шийтгэл ногдуулах хэмжээнийх болох нь тогтоогдсон нөхцөлд төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг тусгайлан зохицуулсан Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шийдвэрлэх ёстой.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д төрийн жинхэнэ албан хаагчид мөн хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүний анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулахаар заасан, өөрөөр хэлбэл сахилгын шийтгэл ногдуулахдаа хүлээлгэх хариуцлага нь түүний гаргасан зөрчлийн шинж байдал, гэм бурууд тохирсон байхаар хуульчилжээ.

Гэтэл хариуцагчаас гаргасан зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэн эсэхийг харгалзан үзэхгүйгээр ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар үзэхэд Үндэсний аудитын газраас тус сургуулийн 2015, 2016 онуудын санхүүгийн тайланд аудит хийж зөрчилгүй болохыг гэрчилсэн гэрчилгээ олгогдсон, мөн 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг “90” оноо буюу хангалттай хэмээн дүгнэсэн, харин 2017 онд үр дүнгийн гэрээ байгуулаагүй атлаа тус сургуульд сайдын удирдамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдан үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийгдэж, нэхэмжлэгчийг төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулаагүй, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, санхүүгийн зөрчил удаа дараа гаргаж, байгууллагад хохирол учруулсан гэсэн үйл баримт нь хангалттай тогтоогдоогүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бөгөөд хариуцагч нь төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргахдаа зөвхөн хуульд заасан үндэслэл хангагдсан тохиолдолд ажлаас халах, чөлөөлөх, өөрөөр хэлбэл гаргасан зөрчилд нь тохирсон хариуцлага хүлээлгэх ёстой байхад гаргасан зөрчил дутагдлыг нь шалгалтын зорилгодоо нийцүүлэн арилгуулж, мэргэжлийн туслалцаа үзүүлэхгүйгээр зөрчил дутагдлыг арилгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэсэн шалгалтын зорилгоосоо хазайж, шууд ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргах болсон үндэслэл, шалгалтын баримт материалтай танилцуулалгүйгээр түүний хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасныг зөрчсөн байна. 

Дээрх нөхцөл байдалд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0137 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                  О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                  Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ

 

 

 

 

'>ху�Vh�k4�