Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 282

 

2019 оны 05 сарын 09 өдөр Дугаар 128/ШШ2019/0282 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, шүүгч Д.Халиуна, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.М

Хариуцагч: БСШУСС

Нэхэмжлэлийн шаардлага: БСШУССын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 тоот тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан Монгол Улсын БИС-ийн захирлын албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх-ийг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөг Ө.Э, З.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.М, иргэдийн төлөөлөгч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М болон түүний өмгөөлөгч Ө.Э, З.У нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлдээ: БСШУССын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, намайг амралттай байх үед ямар ч сонсох, мэдэгдэх ажиллагаа хийхгүй ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хуулийг тус тус зөрчиж шийдвэр гарсан тул энэ тушаалыг хүчингүй болгож,урьд эрхэлж байсан Монгол Улсын БИС-ийн захирлын албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөнгөний хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тул миний тооцоог тухайн үед нь тооцоолоод шийдэх байх гэж үзэж байна.

Миний бие боловсролын салбарын бэлтгэгдсэн боловсон хүчин, багшийн мэргэжилтэй, дунд сургууль, дээд сургууль, хувийн сургууль, улсын сургуульд ажиллаж байсан. Мөн Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яаманд боловсролын даргаар ажиллаж байгаад сүүлд Монгол Улсын БИС-ийн орлогч захирал, захирлын албыг нэр төртэй хашиж байсан. Японд мастер, америкт доктор хамгаалсан. Орос, англи, япон хэлээр албан ажил явуулах чадвхитай.

Би бурхны шашин шүтдэг, худлаа ярьж хулгай хийх, ёс зүйгүй авирлахыг цээрлэдэг, авилгал хээл хахуулиас ангид хүн гэж өөрийгөө тодорхойлно. Би захирал байснаа гэнэт санхүүд шунадаг хүн биш төлөвшсөн хүн.

Энэ тушаал нь гэнэт гарсан тушаал. Бүгд амарсан үеэр 8 дугаар сард гарсан. Боловсролын байгууллагад зун хүнийг ажлаас халдаг чөлөөлдөг үзэгдэл бараг байдаггүй. Энэ тушаалыг гаргахдаа сонсох, мэдэгдэх ажиллагаа хийгээгүй. БСШУССын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 тушаал нь яаж гарсан, тушаалын хувийн хэрэг зэргийг шаардахад юу ч ирээгүй. Мөн энэ тушаалаа дотоод аудитын 03 дугаар дүгнэлттэйгээ холбодог. Намайг 800 гаруй сая төгрөг дутаасан гэж тайлбарладаг. Дотоод аудитын хорооны дүгнэлт нь ажил сайжруулах үүднээс зөвлөмжилсөн шинжтэй баримт байх ёстой. Байгууллагыг өнгөтэй өөдтэй авч явсны төлөө би гүтгүүлж, доромжлуулж байна. Ганц ажлаасаа халагдаж хохироогүй, давхар нэр хүнд, сэтгэл санаагаараа хохирч байна.

Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөөгүй, нэмэгдээгүй, БСШУССын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг гарсан цагаас нь хойш бодоход 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс хойш нийтдээ 20 сар 9 хоног ажилгүй байна. Нийгмийн даатгалын дэвтэр дээр Д.Мын сүүлийн 3 сарын цалингийн дундаж нь 3,505,078 төгрөг бөгөөд харьцуулж тооцвол 70,377,424 болж байна. Энэ төгрөгийг гаргуулах, үүнтэй харгалзах нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх, урьд эрхэлж байсан Монгол Улсын БИС-ийн захирлаар эгүүлэн томилуулж өгнө үү гэсэн шаардлагатай байна. Маргаан бүхий захиргааны акт болох БСШУССын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 тоот тушаал нь гарахдаа Төсвийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Моногл Улсын Засгийн газрын тухай хуулиудын холбогдох заалтуудыг ишилж, бодит үндэслэлүүдийг зааж нэрлээгүй байгаа. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан захиргааны байгууллагын шийдвэр бодит нөхцөлд нийцсэн, үндэслэл бүхий байх, хуульд нийцсэн байх гэдэг зарчимд нийцээгүй, холбогдох хуулиудаа буруу тайлбарлаж, хамааралгүй заалтуудыг хэрэглэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэхээс өмнө Д.Мын статус нь төсвийн шууд захирагч тул Хөдөлмөрийн тухай хуулиар биш Төсвийн тухай хуулиар зохицуулагдах ёстой. Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар төсвийн шууд захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулж, жил бүр дүгнүүлэх ёстой. 2016 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Монгол Улсын БИС-ийн захирлын үр дүнгийн гэрээг 90 оноогоор дүгнэсэн. 2017 онд үр дүнгийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй. Үр дүнгийн гэрээ байгуулаагүй учраас гэрээг дүгнэх гэдэг асуудал байхгүй. 2017 онд хяналт шалгалт явуулж байгаад, 8 дугаар сарын 18-ны өдөр ажлаас нь халах шийдвэр гарсан. Төсвийн тухай хуулийг хэрэглэж байгаа бол Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан процессийн дагуу энэ үр дүнгийн гэрээг дүгнээд шууд захирагчийнхаа хувьд төсвийн шууд захирагчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхийг харгалзах оноогоор дүгнэсний дараа энэ шийдвэрийг гаргах ёстой байсан. Д.Мын хувьд Монгол Улсын БИС-ийн захирал, хариуцагчтай үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг. Мөн төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан буюу төсвийн шууд захирагч, төрийн захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэгч гэж статусыг нь тодорхойлсон. Үйл ажиллагааныхаа хувьд Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль хамаарна. Дээрх хуульд заасан захиргааны чиг үүргийг гүйцэтгэх явцад үйл ажиллагаа нь төрийн захиргааны албан хаагчийн үйл ажиллагаанд хамааралтай учраас анхан болон давж заалдах шатны шүүхээс зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийг бус Төрийн албаны тухай хуулийг хэрэглэх байж гэж дүгнэсэн. Захиргааны шийдвэр гаргахтай холбоотой үйл ажиллагаа нь Төрийн албаны тухай хууль тогтоомжоор дүгнэгдэх ёстой. Энэ нь Захиргааны ерөнхий хууль, Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Төсвийн тухай хуульд хамааралтай байна. Маргаан бүхий захиргааны акт дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсгийг үндэслэн бөгөөд ямар зөрчил гаргасан нь энэ 40.1.4, 40.1.5-д заасан зөрчил болсон нь тодорхойгүй. Мөн хөдөлмөрийн гэрээнд талууд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэлүүдийг дурдсан. Энэ гэрээний аль заалтыг зөрчсөн, ямар ноцтой зөрчлийг гаргасан бэ гэдгийг хариуцагч захиргааны байгууллага дурдаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тушаал дээр байгаа Монгол Улсын БИС-ийн үйл ажиллагаанд хийсэн дотоод хяналт, шинжилгээ, ажлын хэсгийн тайланг хэлэлцсэн тухай 03 тоотыг бүхэлд нь үндэслэсэн юм уу, дотоод аудитын зөвлөмжид дурдсан зөрчил гэж үзэхээр байгаа асуудлуудын аль нь Д.Мд хамааралтай гэж үзээд арга хэмжээ авсан нь тодорхойгүй байсан. Ийм учраас Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу аль үндэслэлийг нь ажлаас халах үндэслэл болгосон тухай мэдэхээр хувийн хэрэг, дагалдах хуудсыг нь авахаар албан тоот явуулахад энд хувийн хэрэг болон баримтууд байхгүй байна. Тэгэхээр 03 тоот тогтоол, аудитын зөвлөмжийг үндэслэсэн бодит нөхцөл нь мэдэгдэхгүй байна.

Мөн Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т тендер явуулалгүйгээр санхүүжилт хийхийг хориглоно гэсэн заалт байдаг. Тендер явуулаагүйтэй холбоотой үйл баримт байхгүй. Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон Боловсролын тухай хуулийн заалтууд бол зөвхөн өөрийнх нь ажлаас чөлөөлөх эрх хэмжээг тодорхойлсон заалт байдаг. Процессийн хувьд Захиргааны ерөнхий хуулийг бүхэлд нь зөрчсөн. Захиргааны ерөнхий хуульд зааснаар Захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааг тодорхойлохдоо дарааллыг нь заасан байдаг. Энэ дарааллын аль нь ч хэрэгжээгүй. Эрхийг нь зөрчиж байгаа шийдвэр гаргаж байгаатай холбоотойгоор эрх нь зөрчигдөж байгаа этгээд болох Д.Мд урьдчилсан байдлаар гарах гэж буй шийдвэр болон дотоод аудитын дүгнэлтийг танилцуулаагүй байж байгаад шууд ажлаас халсан. Мэдэгдэх, сонсох ажиллагаа хийсэн тухай баримт хариуцагчийн зүгээс гаргаагүй. Хэрэв мэдэгдэх, сонсох ажиллагаа хийсэн бол тухайн зөвлөмжид дурдсан асуудалд тайлан гаргаад ямар баримтаар нотлогдож, няцаагдаж байгааг нь тодорхой болгосон бол ийм шийдвэр гарахгүй байх бас нэг үндэслэл болох байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Үйл ажиллагаа үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд байх, үндэслэл бүхий байх зэрэг нөхцөл байдлыг тодорхойлж чадаагүй. Тийм учраас Боловсролын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрхийг хамгаалж өгнө үү.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.У: Маргаан бүхий БСШУССын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 тоот тушаал Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйн 40.1.4-д заасныг үндэслэж байгаа. Манай үйлчлүүлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ хавтаст хэрэгт авагдсан. Энэ гэрээнээс харахад ямар нөхцөл илэрвэл тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах вэ гэдгийг хөдөлмөрийн гэрээнд дурдсан. Энэ үндэслэлээ Б/11 тоот тушаалд огт дурдаагүй атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, мөн энэ хуулиудыг дурдаж байгаа. Хэрэв энэ хуулийн заалтыг үндэслэж байгаа бол хөдөлмөрийн гэрээний дагуу ажилтан ямар сахилгын ноцтой зөрчил гаргасны улмаас тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа вэ гэдгийг зааж өгөх ёстой байсан. Гэтэл маргаан бүхий тушаалд ямар нэгэн ноцтой болон давтан зөрчлийн тухай заалт байхгүй байгаа. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын дотоод аудитын хорооны 2017 оны 03 тоот тогтоолын агуулгаас дотоод хяналт хэрэгжүүлсэн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 03 тоот ажлын удирдамж батлаад энэ ажлын удирдамжийн дагуу 5 гишүүн дотоод хяналт, шинжилгээний үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байдаг.Эндээс үзэхэд дотоод хяналтын гол үндсэн зорилгыг удирдамжид маш тодорхой заасан. Энэхүү шалгалтыг тус удирдамжийн хүрээнд шалган зөвлөмж гаргах, эрсдэлээс хамгаалах, илэрсэн зөрчлийг арилгуулах, үнэлгээ, зөвлөгөө өгч зохион байгуулалтын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг болно гэсэн зорилготой. Иймд 03 тоот тогтоолыг үндэслээд байгаа нь өөрөө хууль бус ойлгомжгүй байдлыг бүрдүүлж байгаа. Дотоод хяналт нь удирдамжийнхаа дагуу ороод энэ зорилгоосоо хальсан мэтээр бид нарт ойлгогдож байгаа. Гэтэл энэ акт нь Монгол Улсын БИС-ийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээг дотоод аудит хийх байж. Ажлын удирдамжийн 2 дахь хэсэгт шалгалтын зорилгыг маш тодорхой зааж өгсөн. Энэхүү удирдамжийн хүрээнд зөвлөмж өгөх юм байна, эрсдэлээс хамгаалах юм байна, тухайн байгууллагын үйл ажиллагааг дэмжихэд чиглэгдсэн зөвлөмж хүргүүлнэ гэсэн энэ 3 том хүрээгээр хязгаарлагдаж байгаа. Дотоод аудит гэдэг нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын өөрийн хариуцагч нь тушаалаар батлагдсан дотоод хяналт хэрэгжүүлэх нэгж. Хөндлөнгийн аудитын ямар нэгэн шинжийг агуулаагүй. 3-р хэсэгт шалгалт хийх бүрэлдэхүүн, хугацааг маш тодорхой заасан. Дотоод аудитын хийсэн удирдамжийн хүрээнд 2017 оны 03 дугаар сард БСШУССын Б/11 тоот тушаал нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гарч байгаа тул сахилгын зөрчил гаргасан бол хариуцлага тооцдог, шийтгэл ногдуулдаг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Өөрөөр хэлбэл Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгтэй холбоотой ямар нэгэн үйл баримтыг дурдаагүй, Дотоод аудит, хяналт шинжилгээний 03 тоот тогтоолтой холбоотойгоор сахилгын болон зөрчилтэй холбоотой асуудал дурдагдаагүй байгаа нь энэ захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болж байна. Ажилгүй байсан хугацааны олговор болох нийтдээ 70,377,420 төгрөгийг олгож шийдвэрлэн, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нь зүйтэй гэсэн тайлбар өгч байна. 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 20 сар 9 хоног байна гэв.

 

Хариуцагч БСШУСС Г.Ч итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н-ын өмгөөлөгч Ч.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...БСШУССын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 тоот тушаал нь 03 дугаар сарын 30-ны өдрийн удирдамжийн дагуу Монгол Улсын БИС-ийн үйл ажиллагаанд дотоод аудит, хяналт шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж ажилласан. Энэхүү ажлын хэсгийн тайланд Монгол Улсын БИС-ийн дотоод үйл ажиллагаанд санхүүгийн зөрчил гарсан болохыг илрүүлсэн байсан учраас Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайдын төсвийн ерөнхий захирагчийн дэргэдэх дотоод аудитын хорооны 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоолоор тус сургуулийн төсвийн шууд захирагч захирал Д.Мд хариуцлага тооцож ажиллахыг төрийн захиргааны удирдлагын газарт үүрэг болгож шийдвэрлэсэн. Уг тогтоолд үндэслэж маргаан бүхий акт болох Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б11 дугаар тушаал гарсан. Уг актын үндэслэл болгон Хөдөлмөрийн тухай хуулийг баримталсан байгаа. Хариуцагчийн зүгээс Монгол Улсын БИС-ийн захирлыг Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2-т заасан үйлчилгээний албан тушаалтанд хамаарах, боловсролын байгууллагын захирал, удирдах албан тушаалтан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллана гэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж заасан. Ийм учраас бид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг барьсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан

гэж заасан. Д.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.б-д байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой зөрчил гарсан нь холбогдох байгууллагад шалгалт, хууль хяналтын байгууллагын актаар нотлогдсон гэж зааснаар энэ акт нь Дотоод аудитын хорооны тогтоол юм. Энэ тогтоолд заасан нийт 14 зөрчлийг нэхэмжлэгч гаргасан гэж үзэж Дотоод аудитын хорооноос нэхэмжлэгч Д.Мд арга хэмжээ ав гэсний дагуу маргаан бүхий актыг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ээлжийн амралт эдэлж байх хугацаанд намайг чөлөөлсөн гэж тайлбарладаг ч хавтаст хэрэгт авагдсан материалаар энэ хүн ээлжийн амралтаа эдэлж байх хугацаандаа тушаал, шийдвэрүүдэд гарын үсэг зурж байсан нь тогтоогддог. Ийм учраас Д.М нь сахилгын зөрчил гаргаж, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөн тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, түүнийг ажлаас нь чөлөөлсөн... гэв.

Иргэдийн төлөөлөгч Ц.А нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Энэ тушаал нь бүхэлдээ хууль зөрчсөн тушаал юм байна. Монгол Улсын БИС-ийн захирлыг хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн байна. Аудитын байгууллага гэдэг нь тухайн байгууллагын хэтийн зорилго, зорилтод үйл ажиллагаа нь хэр нийцэж байна вэ гэдгийг тогтоодог, зөвлөдөг байгууллага гэж би ойлгодог. Гэтэл хөндлөнгийн байгууллага мэтээр шалгалтын тогтоолыг үндэслэж энэ захирлыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.М нь БСШУССын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 тоот тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан Монгол УлсынБИС-ийн захирлын албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх-ээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Анх Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар БИС-ийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа дуусах хүртэл хугацаанд тус сургуулийн Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Д.Мыг 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.

Улмаар Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/171 дүгээр тушаалаар Д.Мыг 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс БИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлж, мөн өдрөөс тус их сургуулийн захирлын албан тушаалд жинхлэн томилсон байна.

Монгол Улсын БИС-ийн захирлын албан тушаал нь төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.2-д заасан төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байгаа боловч тэрээр Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулагдсан удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын үндсэн дээр төрийн албанд орсон, хариуцагчтай Үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг, төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан буюу төсвийн шууд захирагч болохын хувьд төрийн захиргааны чиг үүргийг гүйцэтгэдэг тул хөдөлмөрийн харилцаа нь / төрийн албанд авах, ажиллах, албанаас чөлөөлөх, халах/ нийтийн эрх зүйн хүрээнд үүсчээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч төрийн үйлчилгээний албан тушаалтан боловч бодит байдал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, харин төрийн албаны сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилогдон үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг удирдах албан тушаалтнуудын эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт заасанчлан Хөдөлмөрийн тухай хуулиар шууд тодорхойлох боломжгүй юм.

Мөн маргаан бүхий актын агууллагаас үзвэл, нэхэмжлэгчийг дотоод аудитын хорооны тогтоолыг үндэслэн төсвийн шууд захирагчийнх нь хувьд Төсвийн хууль зөрчиж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэсэн үндэслэлээр ажлаас халсан нь Төрийн албаны тухай эсхүл Хөдөлмөрийн тухай хуулийн үндэслэл гэхээсээ илүүтэй төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг тусгайлан зохицуулсан Төсвийн тухай хуулийг үндэслэн гарсан, тул захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдэх захиргааны акттай холбоотой маргаан байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дугаар зүйлийн 40.1.4, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12, Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх Дотоод аудитын хорооны 2017 оны тус сургуулийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудит, хяналт шинжилгээний ажлын хэсгийн тайланг хэлэлцсэн тухай 03 дугаар тогтоолыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Д.Мыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай Б/11 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг Монгол Улсын БИС-ийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгчээс ...шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, мэдэгдээгүй,... ээлжийн амралттай байхад ажлаас чөлөөлсөн,...аудитын шалгалтын дүнг танилцуулаагүй ажлаас чөлөөлсөн нь Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж, хариуцагчаас ...санхүүгийн зөрчил гаргасан нь дотоод аудитын хорооны дүгнэлт, тогтоолоор тогтоогдсон,...төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан..., үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаас 2017 оны 03 дугаар 30-ны өдөр Монгол Улсын БИС-ийн үйл ажиллагаанд хяналт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх ажлын удирдамж  баталж, хяналт шалгалт хийх ажлын хэсгийг томилсон, үүний дагуу тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хяналт шалгалт хийх тухай мэдэгдлийг захирал Д.Мд мэдэгдсэн, ажлын хэсгийн шалгалтаар ...14 төрлийн зөрчилд холбогдох 859,5 сая төгрөгийн санхүүгийн зөрчил тогтоож, дотоод аудитын хорооны 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар дээрх 14 төрлийн зөрчлийг хэлэлцэж, энэ өдрийн 03 дугаар тогтоолоор ...тус сургуульд ажилласан ажлын хэсгийн тайлан, зөвлөмжийг зөвшөөрч, хэрэгжүүлэх...захирал Д.Мд хариуцлага тооцох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, зохион байгуулахыг Төрийн захиргааны удирдлагын газарт үүрэг болгох-оор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс ...сайдын тушаалтай маргаж байгаа,.. дотоод аудитын хорооны уг тогтоолтой маргаагүй,...сайд аудитын дүгнэлтийг үндэслэж тушаал гаргасан нь хууль зөрчиж байна гэж тайлбарлаж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д ...шүүх хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж зааснаар хэргийн оролцогчдын маргаагүй асуудлыг дүгнээгүй болно.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд нь төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх, халах, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг илүү нарийвчилсан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримтлалгүйгээр дан ганц Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг баримталсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5 дахь заалтад заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим, шаардлагыг хангаагүй.

Мөн Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/57 дугаар тушаалаар Төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн захирлуудын Боловсрол, Соёл, шинжлэх ухааны Төсвийн ерөнхийлөн захирагчтай 2016 онд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтэд үнэлгээ хийж, санал боловсруулах ажлын хэсгийг байгуулсан байх бөгөөд улмаар уг ажлын хэсгийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар их, дээд сургууль, коллежийн захирлуудын 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг хэлэлцэж, Монгол Улсын БИС-ийн захирал Д.Мын 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг 90 оноогоор дүгнэж байжээ.

Түүнчлэн Үндэсний аудитын газраас Монгол Улсын БИС-ийн 2015, 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж зөрчилгүй хэмээн гэрчилгээ олгосон болох нь хэрэгт авагдсан Үр дүнгийн гэрээ-г дүгнэсэн хуудас, аудитын гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг Маш сайн буюу 90 оноогоор дүгнэсэн, 2017 онд түүнтэй үр дүнгийн гэрээ байгуулаагүй атлаа зөвхөн дотоод аудитын тогтоолыг үндэслэн түүнд хариуцлага ногдуулсан нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2-д заасныг зөрчжээ.

Д.М нь маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох нэг үндэслэлээ аудитын шалгалтын үр дүнг танилцуулаагүй атлаа уг дүгнэлтийг захирлын албан тушаалаас халах үндэслэл болгосон гэж тайлбарлах бөгөөд Засгийн газрын 2015 оны 483 дугаар тушаалаар батлагдсан Дотоод аудитын дүрэм-ийн 6.3.3-т зааснаар дотоод аудитор нь хяналт шалгалтын тэмдэглэл, акт, албан шаардлагыг шалгуулсан этгээдэд танилцуулж, холбогдох баримт бичигт гарын үсэг зуруулах үүрэгтэй байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26, 27 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, өөрөөр хэлбэл захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах ёстой атал хариуцагч аудит хийсэн шалгалтын тэмдэглэл, дотоод аудитын хорооны тогтоолыг түүнд танилцуулаагүй, түүнчлэн маргаан бүхий тушаалыг гаргахдаа нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй болох нь шалгалтын тэмдэглэл  зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчид мэдэгдэж, сонсгох ажиллагаа явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалтад заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах шаардлагыг хангаагүй байна.

Харин Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/230 дугаар тушаалаар төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн захирлуудын 2017 оны ээлжийн амралтын хуваарийг баталсан байх бөгөөд нэхэмжлэгч Д.Мын амралтын хугацааг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 28-ныг хүртэл ажлын 30 хоногоор тогтоосон байх боловч хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангах ажлыг шуурхай зохион байгуулах ажлын хүрээнд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/111 дугаар тушаалаар ээлжийн амралтын хуваарь баталсан өмнөх тушаалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн ээлжийн амралт дуусах хугацааг 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр болгон өөрчилсөн, маргаан бүхий актыг гаргах үед нэхэмжлэгч нь албан үүргээ гүйцэтгэж байсан нь хэрэгт авагдсан захирлын тушаалууд, төлбөрийн баримт, нэхэмжлэл, албан бичиг, бүртгэл хяналтын карт, өргөдөл баримтуудаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн ... ээлжийн амралт эдэлж байх хугацаанд ажлаас чөлөөлсөн гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасныг баримтлан шийдвэрлэхээр зааж, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д төрийн жинхэнэ албан хаагчид мөн хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүний анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулахаар заасан, өөрөөр хэлбэл сахилгын шийтгэл ногдуулахдаа хүлээлгэх хариуцлага нь түүний гаргасан зөрчлийн шинж байдал, гэм бурууд тохирсон байхаар хуульчилжээ.

Тэгвэл маргаан бүхий актаас үзвэл хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэсэн үндэслэлүүдээр ажил олгогчийн санаачлагаар Д.Мтай байгуулсан хөдөлмөрийг гэрээг цуцалжээ.

Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12-д дээд сургууль ...ийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх гэж зааснаар хариуцагч Монгол Улсын БИС-ийн захиралыг томилж, чөлөөлөх бүрэн эрхтэй боловч, нэхэмжлэгч Д.М нь сонгон шалгаруулалтаар, төрийн үйлчилгээний албан тушаалын удирдах албанд томилогдохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй харин төсвийн ерөнхийлөн захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулж, дүгнүүлдэг тул хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг үндэслэл болгож маргаан бүхий актыг гаргасан нь нэхэмжлэгчийн хуулиар ологдсон эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчжээ.

2017 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.2-т захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цолны, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс бүрдэнэ, 57.12-т Төрийн захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуульд заасан нэмэгдэл хөлс олгоно. 41 дүгээр зүйлийн 41.3-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж тус тус заасны дагуу хариуцагчаас ирүүлсэн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгчийг тухайн албан тушаалыг эрхэлж байхдаа сарын үндсэн цалин 2.190.373 төгрөг, тогтмол нэмэгдэл 110.000 төгрөг, цолны нэмэгдэл 547.593 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 657.112 төгрөг нийт нэг сарын цалин 3.505.078 төгрөгийн цалин авч байсныг тодорхойлсон тул ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өнөөдрийг хүртэл нийт хорин сар, ажлын арван долоо хоногоор тооцон ажлын 22 өдөрт хуваан нэг өдрийн цалин 160.553 төгрөг, нийт 72.830,969 /далан хоёр сая найман зуун гучин мянга есөн зуун жаран ес/ /үүнээс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг суутгана/ төгрөгийг нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч Д.Мын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Монгол Улсын БИС-ийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Монгол Улсын БИС-ийн захирлын албан тушаалд нэхэмжлэгчийг эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай /2017 он/ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 57 дугаар зүйлийн 57.2.2, 57.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Мын ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, нэмэгдэлтэй тэнцэх хэмжээний 72.830,969 /далан хоёр сая найман зуун гучин мянга есөн зуун жаран ес/ төгрөгийн нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ

 

ШҮҮГЧ Д.ХАЛИУНА

 

ШҮҮГЧ Д.ОЮУМАА