| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2018/01331/И |
| Дугаар | 151/ШШ2024/00746 |
| Огноо | 2024-08-15 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 151/ШШ2024/00746
| 2024 08 15 | 151/ШШ2024/00746 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Б,
Нэхэмжлэгч: Х.Б нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.Ч,
Хариуцагч: Т.Э нарт холбогдох,
Т.Ч-аас 80,000,000 төгрөг, Т.Э-гаас 5,000,000 төгрөг тус тус гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Х.Б,
Нэхэмжлэгч Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Г,
Нэхэмжлэгч Х.Б-ын өмгөөлөгч: Г.Ж, М.Ц,
Хариуцагч Т.Ч-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б, Х.Б нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2011 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Т.Э нь “А” компанийн талбайд хаягдал галь эфелийн овоолгыг дахин боловсруулж, техникийн нөхөн сэргээлт хийхээр боллоо, гэрээгээ өнөөдөр хийх хэрэгтэй байгаа учир яаралтай мөнгө хэрэгтэй байна гэж иргэн Д.Б, Х.Б нараас 100,000,000 төгрөгийг мөнгө хүлээн авсан баримт үйлдэн авсан байдаг. Мөнгө өгсөн энэхүү асуудал нь “А” ХХК-д холбогдох эрүүгийн хэрэгтэй хамтатган шалгагдсан бөгөөд ... Прокурорын газрын 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 19 тоот тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй буюу Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь, 32.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр тус хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ийнхүү нийт мөнгөнөөс 15 сая төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд Э буцаан төлж, 85,000,000 төгрөг үлдсэн байна. Хэрэг шалгах хугацаанд Монгол улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасарсан тул Монгол улсын Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасны дагуу хугацааг сэргээн, иргэний хэрэг үүсгэж, дээрх 85,000,000 төгрөгийг иргэн Т.Э-гаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ. /1хх-1-2/
Нэхэмжлэгч Х.Б, нэхэмжлэгч Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Г нар нь 2023 оны 05 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:
Нэхэмжлэгч нар нь өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “ ... Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... ” гэж заасны дагуу тус шүүхэд хариуцагч Т.Ч-аас 80,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Б, Х.Б нар, хариуцагч Т.Э-гаас 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Х.Б тус тус гаргуулах нэхэмжлэлийг гаргасан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Э нас барсан. ... Иймээс Т.Э-д холбогдох хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10, 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэл болон өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсоны дараа хууль ёсны өвлөгчөөс тус тус 5,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байхаар шийдвэрлүүлэх саналтай байна. Хариуцагч Т.Ч-аас шаардсан 80,000,000 төгрөгийг дараах байдлаар гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна.
1. Нэхэмжлэгч Д.Б 30,000,000 төгрөгийг Т.Ч-аас гаргуулах,
2. Нэхэмжлэгч Х.Б 50,000,000 төгрөгийг Т.Ч-аас гаргуулах.
Учир нь хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.Б, Х.Б болон талийгаач Д.С, хариуцагч Т.Э нар нь 100,000,000 төгрөгийг Т.Ч-д өгсөн болох нь тогтоогдож байх ба тус 100,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг хариуцагч Т.Ч нь “Д.Д даргад оруулаад өгчих, өөрөө мэдэж байгаа, гэрээг чинь хийгээд гарын үсэг зураад өгнө” хэмээн тайлбарлаж буцаан өгч үлдэх 80,000,000 төгрөгийг өөрөө авсан болох нь тогтоогдож байна. Тодруулбал: хавтаст хэргийн 11-12 талд авагдсан хохирогчийг дахин байцаасан 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тэмдэглэл, 13-15 талд авагдсан хохирогчийг байцаасан тэмдэглэл, хавтас хэргийн 183-184-р талд авагдсан гэрчийг байцаасан тэмдэглэл зэргээс нэхэмжлэгч болон хариуцагч Т.Э нарын өгсөн 100,000,000 төгрөгөөс 80,000,000 төгрөгийг хариуцагч Т.Ч хүлээн авсан нь нотлогдсон. Өөрөөр хэлбэл хариуцагч Т.Ч нь “А” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд нөхөн сэргээлт нэрээр алт олборлох гэрээ байгуулахад зуучлахаар тохиролцон зуучлалын хөлсөнд 80,000,000 төгрөгийг авсан ба тус гэрээ нь хууль бус учир түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ. Иймээс хариуцагч Т.Ч-аас 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Б-д, 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Х.Б-т, хариуцагч Т.Э-гаас 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Х.Б-т тус тус гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэжээ.
Нэхэмжлэгч Х.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч талийгаач Т.Э нь Д.Б-той яриад мөнгө хэрэгтэй гээд дүү Д.С бид хоёр 70,000,000 төгрөг, Д.Б 30,000,000 төгрөг гаргасан. Т.Ч-ыг мөнгө аваад буухад нь би энэ мөнгийг яах вэ? гэж асуухад байгууллагад өгөөд кассын баримт аваад гараад ирнэ гэж Т.Ч хэлсэн. Т.Э кассын баримтгүй гараад ирсэн. Асуухад ажил гүйцэтгэх гэрээ баримт болно гээд гаргасан байсан. Д.Б, Д.С, бид гурав Т.Э-гаар 100,000,000 төгрөгийн баримт бичүүлж авсан. Би хяналтаар Д.Б-ын хамт очсон. Ажил эхлээд 1 хоног болж байхад “А” ХХК-ийн хамгаалалтын албанаас ажлыг зогсоохоор болсон. Т.Ч-аас мөнгөө буцааж авах гээд их хөөцөлдсөн. Миний хажуугаар гараад явахад нь араас нь очоод уулзаж байсан. Тэгэхэд Т.Ч нь надад “Бүр болохгүй бол танд өөр газар олж өгнө” гэж хэлээд явсан. Дараа нь шүүх хурал дээр намайг танихгүй гэж Т.Ч хэлж байсан. Би мөнгөө авахын тулд эцсээ хүртэл явна. Т.Ч мөнгө аваагүй юм бол юу гэж кассын баримт өгнө гэж надад хэлэх юм бэ? Миний хүргэн дүү Д.С, дүү Х.Н нар надад 50,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрхийг өгсөн. Миний хүргэн дүү Д.С нас бараад эхнэр нь шоконд орсон. Тэгээд дүү Х.Н итгэмжлэл өгсөн байх ёстой. Т.Ч энэ хэрэгт хамаагүй бол яагаад дараа нь уулзахад энд, тэнд газар зохицуулж өгнө гэж 2,3 удаа хэлсэн юм бэ? Би Д-тай уулзаж болох байсан. Гэтэл Т.Ч газар л яриад байсан, би мөнгөө нэхээд байсан. Н.Д гээд яриад байна. Би тэд нарыг огт танихгүй байхад ийм зүйл яриад байгаа нь миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох зорилготой байна. Би Т.Ч-д мөнгөө өгсөн, мөнгөө буцааж авна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болсон үйл явдлыг хараагүй байж ингэж ярьж хэлж болохгүй. Нэхэмжлэгч Х.Б би талийгаач Т.Э-гаас нэхэмжилсэн 5,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь Т.Э нас барсан тул үр хүүхдүүдэд нь хэцүү байгаа, амьд сэрүүнд нь бид шүүхээр шийдвэрлүүлнэ гэж ярилцаж байсан. Монгол хүн байна. Хүний жаргал зовлонг бодолцоод 5,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна. Т.Ч руу гүтгээд дайраад байгаа юм шиг яриад байна. Гэхдээ Т.Ч-д би мөнгө өгсөн нь үнэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Т.Э-гийн нас барсны гэрчилгээний хуулбар хавтаст хэрэгт авагдсан байдаг. Нэхэмжлэгч Х.Б нь хуульд заасан үндэслэлийн дагуу Т.Э-д холбогдох 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хүсэлтийг дэмжиж байна. Нэхэмжлэгч Д.Б нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 187, 188 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байна. Мөнгөний эзэн шаардах эрхээ хэн нэгэн рүү шилжүүлэх эрхтэй. Дансаар орсон, гарсан мөнгө нь В.Г-ийн мөнгө байсан ч Д.Б шилжүүлэн авахыг зөвшөөрсөн баримт 1 дүгээр хавтаст хэргийн 187-188 дугаар талд байгаа. В.Г-ийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргаж байсан гэдэг нь тодорхой боллоо. Д.Б, Х.Б нар нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болох нь харагдаж байна. Цагдаагийн байгууллагад өгсөн Д.С-ын мэдүүлэг, Д.Б, Х.Б нарын гэрчийн мэдүүлэг, бүх гэрчүүд Т.Ч-ыг мөнгө авсан гэдгийг хэлдэг, энэ үйл баримтад хэн ч маргаагүй. Т.Ч 2018 онд ажлаасаа чөлөөлөгдсөн нь баримтаас харагдаж байна. 2019 онд тус иргэний хэрэг үүссэн, хэрэгт хангалттай нотлох баримтууд цугларсан гэж харж байна. Хэргийг бодитой шийдвэрлэх нь зүйтэй. Өнөөдөр энэ хэргийн улмаас 6 жил шүүхээр явж байна. Т.Ч-ыг мөнгө аваагүй гэсэн мэдүүлэг хэрэгт байдаггүй. Нэхэмжлэгч нар зарим нь нас барсан, зарим нь нас өндөр болоод энэ хэрэг эцэстээ тулсан байна. Хавтаст хэрэгт Д-ын мэдүүлэг, шүүх хуралд өөрийн биеэр оролцож байгаа нэхэмжлэгч Х.Б-ын тайлбар, талийгаач Т.Э-гийн гаргасан 2 тайлбар, мэдүүлэг байгаа. Энэ тайлбаруудаас Т.Ч 100,000,000 төгрөгийг аваад явсан байна. Тиймээс өгсөн зүйлээ л авъя гээд байгаа юм. Д.Д-г бид хамтран хариуцагчаар татан оролцуулах эрх нь хуулиар нээлттэй юм. Хавтаст хэргийн 10 дугаар талд авагдсан байлцсан гэх бүх хүмүүсийн мэдүүлгийг хэрэгт татаж орууллаа мөн хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр “А” ХХК-аас баримт ирсэн байна. Нэхэмжлэгч Х.Б нь 5,000,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан, хариуцагч Т.Чинбатаас 50,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Б, мөн 30,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгох үндэслэлтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдаж байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл хариуцагч Т.Ч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзээд байгаа юм. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнтэй холбоотой үүрэг үүсээд байна. Энэ мөнгөний эзэн нь хэн бэ? гэдэг нь 1 дүгээр хавтаст хэргийн 187-188 дугаар талд байгаа баримтаар нотлогдож байгаа юм. Шаардах эрхээ бусдад шилжүүлсэнтэй холбоотой энэ мөнгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдээс бид шаардаж байгаа. Талуудын хооронд зээлийн гэрээ хийгдсэн гэж анхан шатны шүүгч Д.М өмнө нь шийдсэн. Энэ бол зээлийн гэрээний харилцаа биш. Энэ нь 100,000,000 төгрөгийг хууль мэдэхгүй хүмүүсийг хуурч мэхэлж авсан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал юм. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн Т.Ч-аас бид 80,000,000 төгрөгөө шаардаж байгаа. Заасан газар нь тоног төхөөрөмжөө аваачаад газрыг үзээд маргааш нь буцаагаад тоног төхөөрөмжөө ачаад явсан гэдгээ нэхэмжлэгч өнөөдөр өөрөө тодорхой хэллээ. Нэхэмжлэгч нар нэхэмжлэл гаргах эрхтэй, шаардах эрхтэй этгээдүүд мөн. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэл хангагдах үндэслэлтэйг нотолж чадлаа гэж үзэж байна. Нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжилж байгаа 30,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Х.Б-ын өмгөөлөгч Г.Ж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, эрх зүйн дүгнэлтдээ:
Д.Б, Х.Б, Д.С, Т.Э нар нь “А” ХХК-ийн талбайд нөхөн сэргээлт хийх, метал угаах, олборлохоор хамтран ажиллах зорилготой байсан гэдэг нь тэдний өгсөн мэдүүлгээс харагдаж байна. Хамтран ажиллахдаа эдгээр хүмүүс 100,000,000 төгрөгийг гаргаж, хариуцагч Т.Ч-д өгсөн байна. 3 дугаар хавтаст хэргийн 48 дахь тал, 1 дүгээр хавтаст хэргийн 117 дахь талд “Б” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэж танилцуул гэдэг даалгаврыг Т.Ч-д өгсөн Д.Д гэх хүн “100,000,000 төгрөгтэй холбоотой асуудлыг анх удаа мэдлээ” гэдэг. 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн даалгаварт дурдагдсан мэдүүлгийг өгсөн байдаг. Д.Д нь “Би ийм асуудал болсон тухай одоо сонсож байна, би энэ тухай мэдээгүй” гэх мэдүүлэг өгсөн. Ч.Б 100,000,000 төгрөгийг би мэдээгүй гэдэг. Д нь “Д.Б, Х.Б, Д.С, Т.Э гэх хүнийг мэдэхгүй. “Б” ХХК-ийг анх сонсож байна” гэх мэдүүлэг өгдөг. Т.Ч мөнгийг хүлээж аваад 20,000,000 төгрөгийг цааш нь өгөөд 80,000,000 төгрөгийг өөрөө аваад захиран зарцуулсан болох нь тодорхой байна. Т.Ч зүгээр орчуулга хийсэн бол Х.Б орос хэл мэднэ, юу ярьж байгааг ойлгоно. Энэ мөнгийг Т.Ч өөрөө шууд захиран зарцуулсан. Энэхүү мөнгөнөөс 25,000,000 төгрөг нь нэхэмжлэгч Х.Б-ын мөнгө юм. Үлдэх мөнгө нь хэний мөнгө байсан бэ? гэхээр тэр нь гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө байсан. Нэхэмжлэгч Х.Б нь 50,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй, иймдээ ч нэхэмжлээд явж байгаа. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гэж, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасан байна. Анхнаасаа заасан газарт нь олборлох үйл ажиллагаа явуулаад ашиг олох байсан, хүсэл зориг нь энэ дээр давхцаж байна. Д.Б, Х.Б, Д.С, Т.Э нарын хийж байгаа тохиролцоо хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймээс энэхүү хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах нь хуульд нийцнэ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж заасан. Мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна. Т.Ч-ын зуучилсан оролцоо байхгүй гэж төлөөлөгч нь хэлж байна. Гэтэл яагаад Т.Ч байгууллагыг төлөөлж гэрээ хийгээд, газрыг нь зааж өгөөд яваад байгаа юм. Орчуулагч хүн тэгэх ёсгүй, гэтэл Т.Ч нь гэрээ хийж, газрыг нь зааж өгөөд байгаа нь энэ асуудалд бие дааж оролцож байгааг харуулж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Д.Д гэх “А” ХХК-ийн дэд захирал нь Т.Ч-д хүсэлтийг судалж танилцуул гээд албан бичгийг цохоод байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг няцаах нотлох баримт байхгүй байна. Нэхэмжлэгч Д.Б, Х.Б, “Б” ХХК нар нь хамтарч ажиллахаар болсон нь 1 дүгээр хавтаст хэргийн 10 дугаар тал, 3 дугаар хавтаст хэргийн 23 дугаар талаас эхэлж байгаа баримтаас харагдана, мөн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдаж байгаа юм. Газар ашиглуулсны төлбөр өгөөд алт олборлохоор хамтарч ажиллана гэж нэхэмжлэгч нар ойлгосон. Энэ мөнгө өгч байгааг нь зуучлалын үйл ажиллагааны хөлс гэж тодорхойлж байгаа. Энэ баримтууд өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд маш ач холбогдолтой баримт юм. Газрыг ашиглах биш ажил хийх гэж тайлбарлаад байгаа боловч энэ гэрээ, тохиролцоо нь хүчин төгөлдөр бус байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэдэг асуудал яригдаж байна. Х.Б нэхэмжлэл гаргах эрхтэй, өөрөө өгсөн мөнгөө авна гэж нэхэмжилж байгаа. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Б.Б гэх хүн гарч ирсэн Д.Д-г хэргээс мулталсан гэдэг асуудал яригдаад байна. Эрүүгийн журмаар энэ асуудал шалгагдаад хэрэгсэхгүй болсон. Эрүүгийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байхад энд өнөөдөр худал гэх боломжгүй. Эдгээр баримтууд нотлох баримтын хуулийн шаардлага хангасан. Бид эрүүгийн хэргийн баримтыг хуурамч гэх байдлаар хандах боломжгүй. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд заасныг үндэслэн хэргийг нэг мөр шийдэж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Х.Б-ын өмгөөлөгч М.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, эрх зүйн дүгнэлтдээ:
Өмнөх шүүх хуралдаан 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр болсон. Шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдсан байгаа, мөн “А” ХХК-иас болон ... прокурорын газраас ирсэн албан бичигт үндэслээд дараах дүгнэлтийг гаргаж байна. Д.Б, Х.Б, Д.С нар нь 100,000,000 төгрөгийг дундаасаа гаргаж хамтран ажиллаж ашиг хүртэхээр амаар тохирч хэлцэл байгуулсан байна. Уг 100,000,000 төгрөгөөс 70,000,000 төгрөгийг Д.С, Х.Б нар гаргасан. Тэд төрөл садангийн холбоотой, Д.С нь Х.Б-ын хүргэн дүү байна. Дээрх 70,000,000 төгрөгөөс 25,000,000 төгрөгийг Х.Б өөрөө гаргасан болохоо хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч нар 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “А” ХХК-ийг төлөөлөх этгээд болон зуучлагч Т.Ч-тай уулзаж, Т.Ч-д 100,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байна. Автомашинд болон автомашины гадаа Т.Ч, Д.С, Д, Д.Б Х.Б, Т.Э гэх 6 этгээд байсан. Тухайн этгээдүүдээс мөнгийг хэн, хэн хэрхэн хүлээн авсан нь хавтаст хэргээс тогтоогдлоо гэж үзэж байна. Д.С, Д.Б, Х.Б нараас Д, Т.Ч нарт багцаар 100,000,000 төгрөгийг хүлээлгэж өгсөн байна. Т.Ч нь мөнгийг багцаар тоолж 20,000,000 төгрөг болон 80,000,000 төгрөгийг хувааж 80,000,000 төгрөгийг Т.Ч, Д нар авч буусан байна. Т.Ч нь “А” ХХК-ийн оффис бус өөрийн орон сууцруугаа цүнхтэй мөнгийг авч явсан нь тодорхой боллоо. Д-т хэдэн төгрөг яаж өгсөн баримт нь тодорхой болоогүй байна. Мөн хэрэгт авагдсан баримтаас харахад гэрчийн мэдүүлэг, Д.Д, Ч.Б захирал нарын мэдүүлэг баримтаас харахад 100,000,000 төгрөгийг “А” ХХК анхнаасаа огт мэдээгүй байна. Энийг Т.Ч ганцаараа мэдэж байсан байна. Д-ын мэдүүлэгт энэ мөн байдаг. Уг мөнгөнөөс 20,000,000 төгрөгийг Д.Д хүлээж авсан, үүнээс 15,000,000 төгрөгийг Б.Б-аар дамжуулж буцаан хүлээлгэн өгсөн байдаг. Т.Ч-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорын 2013, 2017 оны тогтоолоор гэмт хэргийн шинжтэй үйлдэл болох нь тогтоогдож байгаа боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. 2011-2017 оны хугацаанд Т.Ч яллагдагчаар татагдаж мэдүүлэг өгсөн болох нь хавтаст хэргээс харагдаж байна. Өмнөх он жилүүдэд Т.Ч “Б” ХХК-д орчуулагчаар ажиллаж байсан. 2011 оны 11 дүгээр сараас эхлээд “А” ХХК-д орчуулагчаар ажилласан. Түүнээс өмнө “А” ХХК болон “Б” ХХК-тай ямар нэгэн байдлаар холбоогүй байсан нь гэрчүүдийн тайлбар мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн газрын солбилцолыг Т.Ч зааж өгсөн нь тогтоогддог. Ажил гүйцэтгэх гэрээтэй холбогдуулаад 2 ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байгааг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Сөөг гэх нэртэй газар тусдаа 1 гэрээ, 2011 оны 06 дугаар сард байгуулагдсан 1 гэрээ, нийт 2 ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. Т.Ч 80,000,000 төгрөгийг аваагүй гэдгээ нотлох баримтыг хавтаст хэрэгт гаргаж ирүүлээгүй. Д-т уг 80,000,000 төгрөгийг өгсөн гэдэг боловч хариуцагчийн энэ тайлбар ямар нэг баримтаар нотлогддоггүй. Д нэг ч төгрөг аваагүй, техник хариуцаж байсан, мөнгө төгрөгтэй холбоогүй ажил хийдэг байсан гэдгээ мэдүүлдэг. “Б” ХХК болон “А” ХХК нарын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний солбилцол дээр маргаан үүссэн. Тэгээд 15,000,000 төгрөгийг нь нэхэмжлэгч нар буцаан авсан. Т.Э нас барсан тул нэхэмжлэгч 5,000,000 төгрөгөөс татгалзсан. Алт угаах, олборлох 20,000,000 төгрөгийн гэрээ хэлцлийг хариуцагч Т.Ч 80,000,000 төгрөгөөр нэмэгдүүлэн хэлж, 100,000,000 төгрөгөөр зуучилсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал байна. Бичгээр байгуулагдсан гэрээ хэлцэл байдаггүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар Т.Ч зуучлах үүрэг хүлээгээгүй, ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Т.Ч нь 20,000,000 төгрөгийг 100,000,000 төгрөг гэж хэлж 80,000,000 төгрөгийг хувьдаа захиран зарцуулсан болох нь тогтоогдож байна. Тиймээс нэхэмжлэгч Х.Б нь өөрийн гаргасан 25,000,000 төгрөг, хүргэн дүүтэйгээ хамтран өмчлөх 45,000,000 төгрөгийн 50 хувь буюу 22,500,000 төгрөг, нийт 47,500,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэх, гаргуулах эрхтэй байна. Д мөнгийг авсан гэдэг хариуцагчийн тайлбар баримтаар нотлогддоггүй.
Иргэний хуулийн 241, 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгч нараас мөнгө гаргуулах эрх нэхэмжлэгч нарт байгаа. Тиймээс нэхэмжлэгч Х.Б нь Т.Ч-аас 47,500,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна. Тодруулбал 70,000,000 төгрөгийг Д.С, Х.Б нар хамтарч гаргасан гэдэг. Үүнээс 25,000,000 төгрөг нь Х.Б-ын өмч, үлдэх 45,000,000 төгрөг нь тэдний гэр бүлийн дундын хөрөнгө юм. Иймд 45,000,000 төгрөгийн 50 хувь буюу 22,500,000 төгрөг, нийт 47,500,000 төгрөг нь Х.Б-ын хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй. Иймд 47,500,000 төгрөгийг хариуцагч Т.Ч-аас гаргуулж нэхэмжлэгч Х.Б-т олгож өгнө үү гэв.
Хариуцагч Т.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“А” ХХК-ийн талбайд хаягдал эфелийг ашиглаж нөхөн сэргээлт хийх тухай болон урьдчилгаа мөнгө хэрэгтэй болсон тухай нэхэмжлэгч нартай би ямар ч яриа хийгээгүй, гэрээ байгуулаагүй. 100,000,000 төгрөгийг би аваагүй бөгөөд өөрсдөө “А” ХХК-ийн геологич Т.Ч, дарга Д нарт гардуулж өгсөн. ... Цүнхтэй мөнгөнөөсөө 20,000,000 төгрөгийг Д.Да-д оруулан өгөх болоход өөр цүнхэнд тусад нь авч, Х.Б-тай хамт явж үүдний өрөөнд Х.Б үлдэж би авч орсноор өгсөн. ... Дараа нь бид аль ч үгүй үлдэхэд 20,000,000 төгрөгийг өгсөн ч юм уу гэсэн асуудал гарсан болохоор энэ мөнгөн дээр би унах юм байна гэж ойлгоод, мэдүүлгээ буцаж, заль хэрэглэн Д.Д-гаас 20,000,000 төгрөгийг буцаан авч Б-аар дамжуулан нэхэмжлэгч талд өгсөн. ... Энэ ажилд манай компанийн нэрийг ашигласнаас өөрөөр хариуцлага хүлээх үүргийг би хүлээгээгүй, иймд 85,000,000 төгрөгийг гаргаж өгөх үндэслэлгүй гэжээ.
Хариуцагч Т.Ч-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Өнгөрсөн үйл явдлыг эргэн санахад нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэхийн тулд “А” ХХК-тай уулзалт хийсэн. Хурандаа н.А гэдэг хүнтэй холбогдуулаад Д.Д нартай уулзсан нь нотлох баримтаас уншигдаж байна. Т.Ч-ыг ажлаа хийгээд сууж байхад нь Д.Д дуудаад “Орчуулга хий” гэснээр Т.Ч энэ хэрэгт холбогдсон. Орчуулагчаар оролцсон этгээд гэдэг нь хэрэгт авагдсан мэдүүлгээс судлагдлаа. Т.Ч-тай Д.Б, Х.Б нар 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдөр анх уулзсан юм байна. Энэ хүн анх уулзаж байгаа хүнтэйгээ мөнгө ярина гэдэг асуудал байхгүй. Тухайн үед 30 байгууллагатай холбоотой асуудал эрүүгийн хэргээр шалгагдсан. Тэр анх уулзсан хүмүүс дунд Т.Ч, Т.Э нар байсан байна. Т.Э нь та бүхэнтэй танил тул түүний байр сууринд би итгэхгүй байна. Тухайн үед байгаагүй Б.Б гэх этгээдийг хэрэгт оролцуулж, 20,000,000 төгрөгийг авсан гэж хуурамч мэдүүлэг өгүүлсэн. Т.Ч тухайн үедээ орчуулагчийн ажлаа л хийсэн байдаг. Т.Ч мөнгө авсан аваагүй гэдгийг өнөөдөр баталж, нотолж чадахгүй байна. 1 дүгээр хавтаст хэргийн 10 дугаар талд байгаа баримт байна. 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэрээ хэлцэл хийчихээд 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдөр дахин гэрээ хэлцэл хийсэн байна. Т.Ч-д мөнгө өгсний дараа Д.Б, Х.Б, Т.Э нар гэрээ хийхэд байсан Х.Б энд байна. Т.Ч цүнхтэй мөнгийг аваад машинаас буусан гэдгээ хэлдэг. Гэхдээ Т.Ч уг мөнгийг аваагүй, цүнхтэй мөнгийг орос дарга Д-т өгсөн байдаг. Т.Ч энэ талбай дээр ажиллах уу гэсэн ажлын дуудлага, урилгыг хэн нэгэнд өгөөгүй, гэрч нарын хэнтэй ч Т.Ч харилцаж байгаагүй. Т.Ч орчуулагчийн ажлаа хийсэн, тэр шийдвэр гаргах эрх хэмжээний хүн биш, гэрээг нь боловсруулаад, зургийг нь зуруулаад явуулсан байна. Т.Ч нь нэхэмжлэгч нартай эрх зүйн харилцаанд оролцоогүй, үүрэг хүлээгээгүй, амлалт өгөөгүй, тэр талаар санал санаачлага гаргаагүй байна. Эрх зүйн харилцаа Т.Э-тай үүссэн байна. Нэхэмжлэгч нар мөнгөө өгсөн Т.Э-саа мөнгөө нэхээд Т.Э нь “А” ХХК-иас нэхэмжлэх бүрэн боломжтой байсан. Т.Ч нь энэ харилцаанд бие даасан байдлаар оролцоогүй. Орчуулагчаар энэ харилцаанд орсон байна. Яагаад энэ мөнгөө Т.Э-гаас нэхэхгүй байгаа юм бэ? Яагаад “А” ХХК, “Б” ХХК-иасаа нэхэхгүй байгаа юм. Металийн агууламж бүхий элсийг угаагаад ялгаж авдаг. Дахин угаахад тэндээс дахиад метал гардаг. Энийг ашиглаж ашиг орлого олох гэж байгаа хүмүүс нь Д.Б, Х.Б нар. Т.Ч энэ асуудалд ямар ч хамааралгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б, Х.Б нар нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Т.Э-гаас 85,000,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Б Х.Б нар нь тус хэрэгт хамтран хариуцагчаар Т.Ч-ыг татаж, хариуцагч Т.Э-гаас 5,000,000 төгрөг, хариуцагч Т.Ч-аас 80,000,000 төгрөг тус тус гаргуулахаар 2023 оны 05 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулсан байна. /3хх-117-118/
2. Нэхэмжлэгч Д.Б, Х.Б нарын нэхэмжлэлээс 55,000,000 төгрөгийн шаардлагыг хангаж, 25,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
3. Нэхэмжлэгч Д.Б, Х.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодорхойлсон. Үүнд:
“... 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Т.Э нь “А” ХХК-ийн талбайд хаягдал галь эфелийн овоолгыг дахин боловсруулж, техникийн нөхөн сэргээлт хийхээр боллоо, гэрээгээ өнөөдөр хийх хэрэгтэй учир яаралтай мөнгө хэрэгтэй байна гэж биднээс 100,000,000 төгрөгийг баримт үйлдэн авсан. Т.Э нь 15,000,000 төгрөгийг буцаан төлж, 85,000,000 төгрөг үлдсэн. Үүний 5,000,000 төгрөгийг Т.Э өөрөө авсан, харин үлдэх 80,000,000 төгрөгийг Т.Ч авсан болох нь баримтаар тогтоогддог. Тодруулбал хариуцагч Т.Ч нь “А” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийх нэрээр алт олборлох гэрээ байгуулахад зуучилж өгөхөөр тохиролцон хөлсөнд 80,000,000 төгрөгийг авсан ба тус гэрээ нь хууль бус учир түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ. Иймээс хариуцагч Т.Ч-аас 80,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д 30,000,000 төгрөг, нэхэмжлэгч Х.Б-т 50,000,000 төгрөгийг тус тус олгож өгнө үү. Хариуцагч Т.Э-аас 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ.
4. Хариуцагч Т.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
“... “А” ХХК-ийн талбайд хаягдал эфелийг ашиглаж нөхөн сэргээлт хийх тухай болон урьдчилгаа мөнгө хэрэгтэй болсон тухай нэхэмжлэгч нартай би ямар ч яриа хийгээгүй, гэрээ байгуулаагүй. 100,000,000 төгрөгийг би аваагүй бөгөөд нэхэмжлэгч нар өөрсдөө “А” ХХК-ийн геологич Т.Ч, орос дарга Д нарт гардуулж өгсөн. ... Цүнхтэй мөнгөнөөсөө 20,000,000 төгрөгийг Д.Д даргад оруулан өгөх болоход би Х.Б-тай хамт явж үүдний өрөөнд Х.Б үлдэж би авч орсноор мөнгийг өгсөн. ... Дараа нь бид аль ч үгүй үлдэхэд 20,000,000 төгрөгийг өгсөн ч юм уу гэсэн асуудал гарсан болохоор энэ мөнгөн дээр би унах юм байна гэж ойлгоод заль хэрэглэн Д.Д-гаас 20,000,000 төгрөгийг буцаан авч түүнээс 5,000,000 төгрөгийг нь авч үлдээд 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт буцаагаад өгсөн. 5,000,000 төгрөгийг нь төлнө. ... Энэ ажилд манай компанийн нэрийг ашигласан, өөрөөр хариуцлага хүлээх үүргийг би хүлээгээгүй. Иймд 85,000,000 төгрөгийг би төлөх үндэслэлгүй” гэжээ. /1хх-25-28/
5. Хариуцагч Т.Ч нь нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
“... Нэхэмжлэгч Д.Б, Х.Б нартай би ямар нэг эрх зүйн харилцаанд бие даан оролцоогүй, ... 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Б” ХХК нь “А” ХХК-тай 027/03 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. ... Т.Э, орос дарга Д нарын хооронд орчуулга хийж, Д-ын хэлсэн үгийг орчуулан дамжуулж байсан, ... нэхэмжлэгч нараас ямар нэг мөнгө хүлээн авсан, баримт үйлдсэн зүйл байхгүй, үүрэг хүлээгээгүй, эрүүгийн журмаар шалгаад надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ. /1хх-247-249/.
6. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
6.1. “А” ХХК /захиалагч/-ийн тэргүүн дэд захирал Ч.Б, “Б” ХХК /гүйцэтгэгч/-ийн захирал Т.Э нар нь 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ... дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, уг гэрээний дагуу “... сумын нутаг ... гольдрол нэртэй газарт орших “А” ХХК-ийн ...А тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайн хязгаарт хаягдал галь-эфелийн овоолгыг дахин боловсруулах, уг тусгай зөвшөөрөлтэй талбайн 11.4 га-д техникийн нөхөн сэргээлт хийх”-ээр талууд харилцан тохиролцсон байна. /1хх-34-37/
6.2. Уг ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа, зуучлалын төлбөрт “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Э нь 100,000,000 төгрөгийг “А” ХХК-ийн ажилтан Т.Ч, дэд захирал Д.Д нарт хүлээлгэн өгсөн байх бөгөөд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан үйл баримт болон 100,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн үйл баримтын тухайд маргаагүй байна.
6.3. “Б” ХХК-ийн захирал Т.Э нь уг 100,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Б-оос хүлээн авсан тухай баримт үйлдсэн байх бөгөөд нэхэмжлэгч нар нь “... Т.Э нь “А” ХХК-ийн талбайд хаягдал галь-эфелийн овоолгыг дахин боловсруулах ажил хийхээр боллоо, ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа, барьцаанд өгөх 100,000,000 төгрөг хэрэгтэй байна, үүнийг үйлдвэрлэлийн ажиллагааны анхны ашгаас төлнө, хамтарч ажиллая гэхээр нь Д.Б 30,000,000 төгрөг, Д.С, Х.Б бид хоёр 70,000,000 төгрөг, нийт 100,000,000 төгрөгийг бүрдүүлж Т.Э, Т.Ч нарт хүлээлгэн өгсөн” гэж тайлбарлаж байна.
6.4. Хэрэгт авагдсан “Мөнгө хүлээн авсан тухай” баримтаас үзвэл 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “Б” ХХК-ийн захирал Т.Э-д Д.Б-оос 100,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн талаар тусгаж, хүлээн авсан Т.Э, хүлээлгэн өгсөн Д.Б, байлцсан хүмүүс Д.С, Х.Б гэж тусгаснаар талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба уг баримтын талаар маргаагүй байна. /1хх-10/
6.5. Харин хариуцагч Т.Э нь: “Би нэхэмжлэгч нартай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, 100,000,000 төгрөгийг би аваагүй, нэхэмжлэгч нар өөрсдөө 100,000,000 төгрөгийг “А” ХХК-ийн геологич Т.Ч, орос дарга Д нарт гардуулж өгсөн” гэж тайлбарлаж,
хариуцагч Т.Ч нь: “Нэхэмжлэгч Д.Б, Х.Б нартай ямар нэг харилцаанд бие даан оролцоогүй, Т.Э, Д нарт орчуулга хийж, Д-ын хэлсэн үгийг орчуулан дамжуулж байсан. ... Гэрээ хийхийн өмнө Д намайг орчуулга хийлгэхээр дагуулан машинд суусны дараа цүнхтэй мөнгийг аваад уг мөнгийг Д-т өгсөн” гэж тус тус тайлбарлаж, зохигчдын хооронд ямар нэг эрх, үүрэг үүсээгүй гэж маргаж байна.
7. “Б” ХХК-ийн захирал Т.Э нь 2012 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ... аймгийн ... сум дахь цагдаагийн хэлтэст “А” ХХК-ийн захирал Ч.Б, тэргүүн дэд захирал Д.Д нартай тус компанийн ... сум дахь ... гэх газарт ...А талбайд ажил гүйцэтгэхээр тохиролцож гэрээ байгуулах нэрээр дэд захирал Д.Д-д 20,000,000 төгрөг, Т.Ч-д 80,000,000 төгрөг өгч залилуулсныг шалгаж өгнө үү гэх өргөдөл гаргасныг эрүүгийн журмаар шалгаж, “Б” ХХК-ийн захирал Т.Э нь хохирогчоор тогтоогдсон эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр ... прокурорын газрын 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 19 дугаартай прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /1хх-11-15, 29-30/
8. Хариуцагч Т.Э нь “А” ХХК-тай нөхөн сэргээлтийн гэрээ хийхээр Х.Б, Д.С, Д.Б нарын хамт Т.Ч, Д нарт 80,000,000 төгрөгийг өгсөн, үлдсэн 20,000,000 төгрөгийг Д.Д-д хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан бөгөөд Д.Д-гаас 20,000,000 төгрөгийг буцаан авч, үүнээс 15,000,000 төгрөгийг Д.С-д шилжүүлсэн, үлдсэн 5,000,000 төгрөгийг өөрөө авсан болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан, түүний энэ тайлбар нь мөн хэрэгт авагдсан Т.Э, Х.Б, Д.С нарын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан тайлбартай нийцэж байна. /1хх-13-15, 156-157, 164-165/
9. Мөн .. Улсын иргэн Д мөрдөн байцаагчийн даалгавраар гэрчээр байцаасан тэмдэглэлд “Би монгол улсын иргэд Д.С, Д.Б, Х.Б, “Б” ХХК-ийн захирал Т.Э нараас газар нөхөн сэргээх гэрээ байгуулахын тулд авчирч өгсөн гэх 80,000,000 төгрөгийг аваагүй. Би энэ талаар огт мэдэхгүй, ямар нэгэн хэлэлцээрт оролцож байгаагүй, би хэн нэгэнд мөнгө дамжуулаагүй, хэнээс ч мөнгө аваагүй. Т.Ч намайг гүтгэж байна” гэж мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт авагдсан. /1хх-149-152/
10. Хариуцагч Т.Ч нь 2004-2005 онд “А” ХХК-д уурхайн орчуулагч, 2010-2011 оны 06 дугаар сар хүртэл “Б” ХХК-д орчуулагч, 2011 оны 09 дүгээр сараас 2015 он хүртэл “А” ХХК болон “Б” ХХК-ийн лицензийн мэргэжилтэн, 2015-2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хэлтсийн дарга албан тушаалд тус тус ажиллаж байсан болох нь “А” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаартай албан бичиг, хөдөлмөрийн гэрээ, “А” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай тушаалын хуулбараар тогтоогдож байна. /2хх-1-5, 3хх-37-38, 54/
11. Мөн “Б” ХХК-ийн 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай “Хамтран ажиллах тухай” албан бичгийг “А” ХХК нь хүлээн авч, 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Д.Д-д судалж шийдвэрлэх, 2011 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Т.Ч-д боломжтой эсэхийг судлаад танилцуулах чиглэл өгсөн цохолттой бичилт хийгдсэн зэргээс дүгнэвэл “Б” ХХК, “А” ХХК нарын хооронд 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 027/03 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хариуцагч Т.Ч боловсруулсан, тус гэрээг байгуулахад Т.Ч холбон зуучлах үүрэгтэйгээр бие даан оролцсон гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй байна. /1хх-117/
12. “Б” ХХК, “А” ХХК нарын хооронд 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан ... дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-нд ажлын хөлс, төлбөр, зуучлалын хөлс, урьдчилгаа, барьцаа хөрөнгийн талаар тусгагдаагүй байх бөгөөд хэрэгт авагдсан “А” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, мөн “А” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаартай “Шүүгчийн захирамжийн дагуу хариу хүргүүлэх тухай” албан бичиг зэрэг нотлох баримтаар “Б” ХХК болон “Ал” ХХК нарын хооронд байгуулсан дээрх ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой ямар нэгэн хөлс, төлбөр, орлого “А” ХХК-ийн дансанд ороогүй болох нь тогтоогдож байна. /3хх-37, 38, 4хх-75/
13. Иймд хариуцагч Т.Э, Т.Ч нарт холбогдох 85,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий Д.Б, Х.Б нарын нэхэмжлэлтэй тус маргаан нь ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас үүссэн маргаан гэж үзэх үндэслэлгүй, харин хариуцагч нар нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх үндэслэлтэй байна.
14. Хариуцагч Т.Ч нь “... Эрүүгийн ... тоот хэрэгт Д.С-ын гэрчээр өгсөн мэдүүлэгт нэхэмжлэгч Д.Б, Х.Б нар нэг ч төгрөгийг өөрсдөөсөө гаргаагүй, харин Д.С 70,000,000 төгрөг, В.Г 30,000,000 төгрөгийг гаргасан тухай тодорхой хэлсэн байдаг. Иймд нэхэмжлэгч нар нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдүүд биш ...” гэх тайлбар гаргаж маргасан.
15. Гэрч В.Г нь 100,000,000 төгрөгийг бүрдүүлэхэд 30,000,000 төгрөгийг би данснаасаа бэлнээр гаргаж Д.Б-д өгсөн, бидний дунд тооцоо байсан учраас энэ мөнгийг миний өмнөөс Д.Б нэхэмжлэх эрхтэй гэж тайлбарлаж, бичгээр хүсэлт гарган ирүүлсэн байх хэдий ч уг хүсэлт нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна.
Тодруулбал Д.Б, В.Г нарын хооронд мөнгө өгсөн, авсан асуудал нь тус нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, тусдаа харилцаа байх бөгөөд тухайн этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргах, харилцан тооцох зэрэг нь тэдний эрхэд хамаарна.
16. Харин хэрэгт авагдсан “Мөнгө хүлээн авсан тухай” баримт болон зохигчдын тайлбар, мэдүүлэг зэргээс үзвэл 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсаны зуучлалын төлбөрт 100,000,000 төгрөгийг “А” ХХК-ийн ажилтан Т.Ч, дэд захирал Д.Д нарт хүлээлгэн өгөхөд нэхэмжлэгч Д.Б, Х.Б нар болон уг мөнгөний 40,000,000 төгрөгийг гаргасан гэх Д.С нар биечлэн байлцаж, нэхэмжлэгч Д.Б нь өөрийн өмчлөлийн 30,000,000 төгрөгийг, нэхэмжлэгч Х.Б нь өөрийн өмчлөлийн 30,000,000 төгрөгийг, Д.С нь мөн өөрийн өмчлөлийн 40,000,000 төгрөгийг тус тус хариуцагч нарт хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байна. /1хх-10/
Иймд нэхэмжлэгч Д.Б, Х.Б, мөн Д.С нар нь өөрсдийн шилжүүлэн өгсөн дээрх хөрөнгийн хэмжээгээр мөнгө авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй байна.
17. Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Х.Б Нь: “Уг 100,000,000 төгрөгийн 70,000,000 төгрөгийг миний хүргэн дүү Д.С бид 2 хамтран бүрдүүлсэн. Бид өгсөн 70,000,000 төгрөгөөсөө 15,000,000 төгрөгийг нь буцаан авсан. Хариуцагч Т.Э-аас нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байгаа. Одоо хариуцагч Т.Ч-аас 50,000,000 төгрөгийг гаргуулна. Үүний 25,000,000 төгрөг нь миний өөрийн мөнгө, 25,000,000 төгрөг нь хүргэн дүү Д.С бидний гэр бүлийн хамтын хөрөнгө юм” гэсэн тайлбар гаргаж байна.
Иймд нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч нарт хүлээлгэн өгсөн өөрийн өмчлөлийн 30,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байх бөгөөд харин Д.С-ын өмчлөлийн хөрөнгийг түүний өмнөөс бусдаас шаардах эрхгүй, уг хөрөнгө нь Д.С, Х.Б нарын гэр бүлийн хамтын хөрөнгө гэх тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.
18. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д: Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй,
492.1.1-д: “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасан.
19. Нэхэмжлэгч Д.Б, Х.Б нараас бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хариуцагч Т.Э, Т.Ч нарт хөрөнгө шилжүүлсэн, хариуцагч нар нь тухайн мөнгөн хөрөнгийг авсан болох нь зохигчдын тайлбар, эрүүгийн хэрэг шалгах явцад тэдний өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул хариуцагч нар үндэслэлгүйгээр авсан мөнгөө өмчлөгч нарт нь буцаан төлөх үүрэгтэй.
20. Иймд хариуцагч Т.Ч-аас нийт 55,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д 30,000,000 төгрөгийг, нэхэмжлэгч Х.Б-т 25,000,000 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
21. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн өмнө нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Т.Э-аас 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.
Хариуцагч Т.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу ... өдөр нас барсан болох нь №... дугаартай нас барсны гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /3хх-75/
22. Нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрөө тодорхойлох ба өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хэнд холбогдуулан нэхэмжлэл гаргах нь түүний шүүхэд мэдүүлэх үндсэн эрхтэй нь холбоотой. Мөн нэхэмжлэгч нь тухайн этгээдэд холбогдуулан нэхэмжлэл, шаардлага гаргахгүй байх, гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул хариуцагч Т.Э-гаас 5,000,000 гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, нэхэмжлэгч Х.Б-ын татгалзлыг баталж, энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
23. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэж, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж заасан.
“Б” ХХК, “А” ХХК нарын хооронд “Ажил гүйцэтгэх гэрээ”-г 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан, 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдөр талууд “Мөнгө хүлээн авсан тухай” баримт үйлдсэн, “А” ХХК нь 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаартай албан бичгээр “Б” ХХК-д хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаагаа зогсоох мэдэгдэл хүргүүлсэн баримт зэргээс дүгнэвэл нэхэмжлэгч нарын шаардах эрх 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
24. Гэвч хариуцагч Т.Э нь 2012 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Ц байгууллагад хандан “... “А” ХХК-ийн дэд захирал Д.Д-д 20,000,000 төгрөг, Т.Ч-д 80,000,000 төгрөг өгч залилуулсныг шалгаж өгнө үү” гэх өргөдөл гаргаснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байх ба Т.Э-гийн өргөдлийг шалгаад ... Прокурорын газрын 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 19 дугаартай прокурорын тогтоолоор эрүүгийн ... дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс шинээр эхлэн тоологдсон гэж дүгнэлээ.
25. Нэхэмжлэгч Д.Б, Х.Б нар нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Т.Э-гаас 85,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэв.
26. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Т.Ч-аас нийт 55,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-од 30,000,000 төгрөгийг, нэхэмжлэгч Х.Б-т 25,000,000 төгрөгийг тус тус олгож, Х.Б-ын нэхэмжлэлийн шаардлагаас 25,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
27. 1 дүгээр хавтаст хэргийн 121 дүгээр талд авагдсан СD бичлэг, зураг нь хэн, хэрхэн авсан нь тодорхойгүй байх тул уг СD /бичлэг, зураг/-ийг нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд энэ баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй байна.
28. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 688,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 105,050 төгрөгийг, хариуцагч Т.Ч-аас 452,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Б. Х.Б нарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Т.Ч-аас 55,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д 30,000,000 төгрөгийг, нэхэмжлэгч Х.Б-т 25,000,000 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Т.Э-гаас 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч Х.Б-ын татгалзлыг баталж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 688,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 105,050 төгрөгийг, хариуцагч Т.Ч-аас 452,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Б, Х.Б нарт олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоногийн дараа шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН