Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 1093

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00804 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч.Н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н холбогдох,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль бус ажиллагааг зогсоолгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Эрхбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/03387 дугаартай шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 171 дугаартай магадлалаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москвагийн гудамжны 46-1 дугаар байрны 57 тоот Улсын бүртгэлийн Ү-2205059098 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг Ч.Н эзэмшлээс, мөн хамт 96 тоот, улсын бүртгэлийн Ү-2205059091 дугаарт бүртгэлтэй орон сууцыг Н.Б  эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн ба уг шийдвэр, магадлалд гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

Миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 4/2435 тоот мэдэгдэх хуудастай 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр танилцсан бөгөөд тус мэдэгдэх хуудаст 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цагт 57, 96 тоот орон сууцнуудыг албадан чөлөөлөх агуулгыг тусгасан байдаг бөгөөд хэдхэн цагийн хугацаа өгөөд албадан гүйцэтгэх ажиллагааг явуулах гэж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасан журмын дагуу мэдэгдэл хүргүүлэх мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасан өвлийн улиралд орон байрнаас албадан нүүлгэхэд нүүн гарч байгаа этгээдийн амьдралын нөхцөлийг харгалзан өвлийн улирал дуустал тодорхой хугацаагаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзүүлэх зохицуулалтыг зөрчсөн байна.

Гүйцэтгэх хуудсанд заасан 96 тоот орон сууцанд хариуцагч Б эхнэр Б.Д , Ерөнхий боловсролын сургуулийн сурагч 12 настай хүү Б.Т  7 настай хүү Б.Н  нарын гэр бүлийн хамт, 57 тоот орон сууцанд миний ээж С.Я  69 настай энэ орон сууцнаас өөр ямар нэгэн орон байргүй тэтгэврийн хөгшин, ээжтэй хамт миний дүү нар болох Ч.Л, Ч.Л, зээ Л.Н нар амьдардаг.

Хариуцагч дээрх нөхцөл байдлыг үл ;харгалзан хууль зөрчиж, илт нэг талыг барьж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

Би Г.Б төлөх ёстой 174 593 550 төгрөгийн зээлийн үүргийг төлж, 57, 96 тоот орон сууцыг өөрийн өмчлөлд авч үлдэх талаас түүнтэй харилцан тохирсон бөгөөд дүүргийн 32-Шинэ хотхоны төвийн зүүн талд байрлах 20 000 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай газрыг С.Ж 250 000 000 төгрөгөөр худалдаж, энэ мөнгөнөөс С.Ж 100 000 000 төгрөгийг Г.Б-т  өгч, 57, 96 тоот орон сууцыг эргүүлэн авахаар тохиролцсон. Б-т шүүхийн шийдвэрийг баталгаажуулна, шүүх дээр маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн ч мөнгөө төлбөл буцаагаад байрыг чинь шилжүүлнэ гэж хэлж, 100 000 000 төгрөгийг хүлээн авсан атлаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах хүсэлт гаргасан.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар Г.Б-ийг татаж, 100 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 14103 дугаартай захирамжаар 100 000 000 төгрөгийн хэмжээнд Г.Б  эд хөрөнгийг битүүмжлэх захирамж гарсан.

Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар өвлийн улирал дуустал тодорхой хугацаагаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хууль бус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 4/2435 тоот мэдэгдэх хуудсаар 2020 оны 01 дүгээр сарын 29-ний дотор орон сууцыг албадан чөлөөлөх мэдэгдлийг нэхэмжлэгчид өгсөн. Манай байгууллагаас 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлж нийт 3 удаа мэдэгдэх хуудас явуулж мэдэгдсэн байдаг. Эхний мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчид өөрт нь гардуулж өгсөн, хоёр дахь мэдэгдэх хуудсыг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр баталгаат шуудан болон гэрийн хаягаар нь очиход н.Б  эхнэр хүлээн авахаас татгалзсан захидал явуулсан, сүүлд нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мэдэгдсэн.

Дээрх мэдэгдлээс өмнө өгсөн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдлийн дагуу өвлийн улирал эхлэхээс өмнө нүүх боломжтой байсан боловч нэхэмжлэгч нүүгээгүй, шаардлагыг биелүүлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлд заасны дагуу 3 удаа мэдэгдэл явуулсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан.

Г.Б-т  холбогдох хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт зааснаар дансны зарлагын хөдөлгөөнийг 100 000 000 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжлэх шүүгчийн захирамжийн талаар мэдэхгүй.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.4,100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Н нэхэмжлэлтэй, хариуцагч Н холбогдох хууль бус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй, нэхэмжлэгчийн дээрх тайлбар нэхэмжлэлийн шаардлага болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай хамааралгүй” гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч Б-т нь нэхэмжлэгч Ч.Н-тэй  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон. Уг тохиролцооны үндсэн дээр нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 32 Шинэ хотын төвийн зүүн талд байрлах 20 000 м.кв үйлдвэрийн зориулалттай газраа иргэн С.Ж  250 000 000 төгрөгөөр худалдсан бөгөөд худалдан авагч Ж нь газрын төлбөрийн 100 000 000 төгрөгийг хариуцагч Г.Б-т  төлсөн. Нэхэмжлэгч нь байраа авч үлдэхийн тулд 2019 оны 04 дүгээр сард эхний ээлжид 100 000 000 төгрөгийг өгсөн.

Гэвч Б-т нь мөнгийг хүлээн авсны дараа Н 2 орон сууцыг гаргуулах хүсэлт гаргасан байсан. Энэ талаар тодруулж асуухад үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө шаардаж орон сууцнуудыг албадан чөлөөлүүлнэ, эсхүл нэмж 125 000 000 төгрөг өгөөд орон сууцнуудаа ав гэж шүүхийн шийдвэрээс их хэмжээний мөнгө нэхэж эхэлсэн. Уг нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулахад төлбөр төлөгч Ч.Н  төлбөр авагч Г.Б-т  100 000 000 төгрөг төлсөн болох нь тогтоогддог.

Мөн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г.Б-т  холбогдуулж 100 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах үүднээс Г.Б  хөрөнгийг 100 000 000 төгрөгийн хэмжээнд битүүмжлэхээр захирамж гарсан. Гэтэл өнөөдрийг хүртэл тус захирамж биелэгдээгүй.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл бий болсон ч харгалзалгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ч.Н  нь хариуцагч Н холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль бус ажиллагааг зогсоож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/03387 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 171 дугаар магадлалаар Баянгол дүүрэг, Үйлдвэрийн баруун бүс, Москвагийн гудамжны 46-1 дугаар байрны 57 тоот орон сууцыг хариуцагч Ч.Н, 96 тоот орон сууцыг хариуцагч Г.Б  эзэмшлээс тус тус чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн, хариуцагч байгууллага нь гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Ч.Н-д  2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4/23817 тоот албан бичгээр дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж 57 тоот орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дотор чөлөөлж, түлхүүрийг Г.Б-т  хүлээлгэн өгөхийг мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн байна. /хх 83, 85/

 

Ч.Н  мэдэгдэл хүлээн авсан атлаа шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлд заасны дагуу 57 тоот орон сууцнаас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цагт албадан чөлөөлөх болсныг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 4/24913 тоот мэдэгдлээр хариуцагч байгууллага нь мэдэгдэж, мэдэгдлийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталгаат шууданд хийсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх77/

 

Ч.Н  нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/03387 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 171 дугаартай магадлалыг хянуулахаар хүсэлт гаргасан тул уг шийдвэр, магадлалд хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг тус Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлжээ. /хх 63-65/

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 27 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах Ч.Н хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. /хх69-73/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Ч.Н-д  2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 4/2435 тоот албан бичгээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй эс үйлдэл үргэлжилсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлд заасны дагуу 57 тоот орон сууцыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цагт албадан чөлөөлөх тухай мэдэгдлийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. /хх74/

 

Дээрх бичгийн баримт болон талуудын тайлбараас дүгнэвэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч Ч.Н-д  орон сууцыг чөлөөлөх боломжгүй хугацаа өгч албадан нүүлгэх ажиллагаа хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж дүгнэнэ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр шийдвэр гүйцэтгэх хууль бус ажиллагааг зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан ба уг тайлбарыг анхан шатны шүүх хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэсэн нь буруу болжээ. Учир нь нэхэмжлэгч өмгөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах эрх олгоогүй байна.

 

Түүнчлэн маргаан бүхий 96 тоот сууцыг С.Б  эзэмшлээс чөлөөлүүлэхээр шийдвэр гаргасан ба нэхэмжлэгч Ч.Н  С.Б-аас  шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай холбоотой өөрийгөө төлөөлүүлэх нэхэмжлэл гаргах эрх олгоогүй, 57 тоот орон сууцанд С.Я  болон Ч.Л, Ч.Л нөр оршин суудаг нь эргэлзээтэй, тодорхойгүй иргэний үнэмлэх дэх хаяг нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Голомт хотхон, Үндсэн хуулийн гудамж, Д байр, 83 тоотод харьяалагддаг байна. Мөн өвлийн улирал дууссан нь нэхэмжлэлд заасан үндэслэлгүй болсон байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Ч.Н  нь Г.Б-т  100 000 000 төгрөгийг өгсөн, 57, 96 тоот орон сууцыг өөрийн өмчлөлдөө буцаан авах талаар харилцан тохиролцсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Учир нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2019/14103 тоот шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжаар Г.Б  эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 100 000 000 төгрөгийн хэмжээнд битүүмжилсэн байх боловч Ч.Н нэхэмжлэлтэй Г.Б-т  холбогдох 100 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэсэн шийдвэр гараагүй тохиолдолд эргэлзээгүй нотлогдсон үйл баримт гэж дүгнэхгүй юм. Иймд Ч.Н нэхэмжлэлтэй Н холбогдох хэргийн шийдэлд уг захирамж нөлөөлөхгүй баримт гэж дүгнэн шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээн шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нэрийг Б.Э гэж буруу бичсэнийг Б.Эгэж залруулан өөрчилж шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж 1 гэж өөрчлөн найруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00804 дугаар шийдвэрийг удиртгал хэсэгт “Б.Э” гэснийг “Б.Э” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн

1, 2 дахь заалтыг нэгтгэж, 1 гэж дугаарлан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Н холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль бус ажиллагааг зогсоолгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай Ч.Н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,

3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж дугаарлаж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

      ШҮҮГЧИД                               Г.ДАВААДОРЖ

 

                                                 Э.ЗОЛЗАЯА