Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 804

 

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 19 өдөр                      Дугаар102/ШШ2020/00804          Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

         

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

         Нэхэмжлэгч  дүүрэг,  дүгээр хороо, “-78”-ын  тоотод оршин суух Б овогт Ч Н нэхэмжлэлтэй

 

         Хариуцагч Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, өөрийн байранд байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хууль бус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоолгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

 

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Ч.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

           Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Г.Баттөмөрийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Н, Н.Батбаярт нарт холбогдох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москвагийн гудамжны 46-1 дугаар байрны 57 тоот Улсын бүртгэлийн Ү-2205059098 дугаартай 3 өрөө орон сууцыг Ч.Нн, 96 тоот Улсын бүртгэлийн Ү-2205059091 дугаартай орон сууцыг Н.Батбаяр нарын эзэмшлээс албадан чөлөөлөх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/03387 дугаартай Шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 171 дугаартай Магадлалыг албадан гүйцэтгэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

           Миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 4/2435 дугаартай “Мэдэгдэх” хуудастай 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр танилцсан бөгөөд тус мэдэгдэх хуудсаар 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цагт 57, 96 тоот орон сууцнуудыг албадан чөлөөлөхийг мэдэгдсэн байдаг бөгөөд хэдхэн цагийн хугацаа өгөөд албадан гүйцэтгэх ажиллагааг явуулах гэж байна.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт “Барилга, орон байрнаас нүүлгэн гаргах тухай хугацаатай мэдэгдлийг биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч албадан нүүлгэх өдөр, цагийг тогтоосон мэдэгдлийг нүүн гарвал зохих этгээдэд өгнө” заажээ.

           Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эхлээд мэдэгдэх ёстой ямар ч хугацаатай мэдэгдэх хуудас ирүүлээгүй бөгөөд шууд хэдхэн цагийн хугацаа өгч орон байрнаас албадан нүүлгэх гэж байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг илт нэг талыг барьж хууль зөрчин хийж байна гэж үзэж байна.

           Би өөрийн биеэр ахлах шийдвэр гүйцэтгэгчид Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт “өвлийн улиралд орон байрнаас албадан нүүлгэх тухай шийдвэрийг нүүн гарч байгаа этгээдийн амьдралын нөхцөлийг харгалзан өвлийн улирал дуустал тодорхой хугацаагаар шийдвэрийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй ба орон сууцнуудад амьдарч байгаа иргэдийн хувийн байдалтай танилцахгүйгээр хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсаар байна.

           Гүйцэтгэх хуудсанд заасан 96 тоот орон сууцанд хариуцагч Н.Батбаяр эхнэр Б.Давааням, Ерөнхий боловсролын сургуулийн сурагч 12 настай хүү Б.Түвшинбаяр, 7 настай хүү Б.Наранбаяр нарын гэр бүлийн хамт, 57 тоот орон сууцанд миний ээж С.Янжмаа 69 настай энэ орон сууцнаас өөр ямар нэгэн орон байргүй тэтгэврийн хөгшин, ээжтэй хамт миний дүү нар болох Ч.Лхамхүү, Ч.Лхам-Эрдэнэ, зээ Л.Ням-Очир нар амьдардаг.

            Мөн Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийг хамарсан онцгой нөхцөл байдал буюу коронавирустэй холбогдуулан урьдчилан сэргийлэх, ханиад томууны үеийн эрсдэлийг бууруулах үүднээс сургууль, цэцэрлэгийг өмчийн хэлбэрийг үл харгалзан 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хаах, улсын хэмжээнд боломжит бүх нөхцөлийг ашиглаж бага насны болон өндөр настай иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан зөвлөмж зөвлөгөөг Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, Улаанбаатар хотын захирагчийн албанаас захирамж гарган гэрээсээ хичээлээ хийх талаар Боловсролын яамтай хамтран ажиллаж байна.

           Хариуцагч дээрх онцгой нөхцөл байдлыг үл ;харгалзан хууль зөрчиж, илт нэг талыг барьж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

           Би 174.593.550 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлд хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн 57, 96 тоот орон сууцыг авч үлдэх талаас Г.Баттөмөртэй харилцан тохирсон бөгөөд түүний нэр дээр барьцаа болгож түр шилжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн “32-Шинэ” хотхоны төвийн зүүн талд байрлах 20.000 метр квадрат талбайтай, үйлдвэрийн зориулалттай газрыг С.Жаргалбатад 250.000.000 төгрөгөөр худалдаж, энэ мөнгөнөөс С.Жаргалбат 100.000.000 төгрөгийг Г.Баттөмөрт өгч, 57,96 тоот орон сууцыг эргүүлэн авахаар тохиролцсон.

           Г.Баттөмөр шүүхийн шийдвэрийг “баталгаажуулна” шүүх дээр маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн ч мөнгөө төлвөл буцаагаад байрыг чинь шилжүүлнэ гэж хэлж, 100.000.000 төгрөгийг хүлээн авсан хэрнээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах хүсэлт гаргасан.

           Миний бие гурван өрөө хоёр орон сууцанд төлөх ёстой бүх төлбөрөө барагдуулсан хэдий ч хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад хийсэн бидний хэлэлцээрийн дагуу байраа эргүүлж авах урьдчилгаа төлбөр гэж төлсөн 100.000.000 төгрөгөө авч чадахгүй хүнд байдалд орсон.

           Ингээд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар Г.Баттөмөрийг татаж, 100.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжпэл гаргаж, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 14103 дугаартай захирамжаар 100.000.000 төгрөгийн хэмжээнд Г.Баттөмөрийн эд хөрөнгийг битүүмжлэх захирамж гарсан.

           Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар өвлийн улирал дуустал тодорхой хугацаагаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хууль бус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

      

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2435 дугаартай “Мэдэгдэх” хуудсаар 2020 оны 01 дүгээр сарын 29-ний дотор орон сууцыг албадан чөлөөлөх мэдэгдэлийг нэхэмжлэгчид өгсөн.

           Энэ хэрэг манай байууллагад 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ирсэн.

           Ингээд байгууллагаас 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлж нийт 3 удаа “Мэдэгдэх” хуудас явуулж мэдэгдсэн байдаг.

           Эхний “Мэдэгдэх” хуудсыг нэхэмжлэгчид өөрт нь гардуулж өгсөн, хоёр дахь “Мэдэгдэх” хуудсыг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр баталгаат шуудан болон гэрийн хаягаар нь очиход н.Батбаярын эхнэр хүлээн авахаас татгалзсан захидал явуулсан.

            Хамгийн сүүлд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мэдэгдсэн.

           Дээрх мэдэгдлээс өмнө өгсөн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдлийн дагуу өвлийн улирал эхлэхээс өмнө нүүх боломжтой байсан боловч нэхэмжлэгч нүүгээгүй шаардлагыг биелүүлээгүй.

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Мэдэгдэх” хуудас өгөөд 8 цагийн дараа суллаж өгнө үү гэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлд заасны дагуу 3 удаа мэдэгдэл явуулсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна.

           Г.Баттөмөрт холбогдох хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт зааснаар дансны зарлагын хөдөлгөөнийг 100.000.000 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжлэх шүүгчийн захирамжийг манай байгууллагад ирсэн гэж ярьж байна.

           Бид шүүгчийн захирамжийн ажиллагааг нэн даруй гүйцэтгэдэг бөгөөд тухайн дансны зарлагын хөдөлгөөнийг хязгаарласан талаар болон энэ хэрэг надад байхгүй учраас мэдэхгүй.

           Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

           Нэхэмжлэгч Ч.Н, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан хууль бус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагчийн төлөөлөгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

       

     Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

 

    Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/03387 дугаартай Шийдвэрээр Баянгол дүүрэг, Үйлдвэрийн баруун бүс, Москвагийн гудамжны 46-1 дугаар байрны 57 тоот орон сууцыг, хариуцагч Ч.Нн, 96 тоот орон сууцыг хариуцагч Г.Батбаярын эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангаж мөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 171 дугаартай Магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байна.

 

      Түүнчлэн нэхэмжлэгч дээрх шийдвэрүүдийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 27 дугаартай Тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

        

           Хэрэгт авагдсан баримтаар, тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Ч.Н болох нь талуудын тайлбар, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна.

       

           Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 3602 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” Шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудсын хамт хүргэгдэж, тус байгууллагын тасгийн дарга бөгөөд Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Г.Идэрчулуун 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 19291161 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай” тогтоолыг гарган, Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг нээжээ.

         

           Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цаг 00 минутанд 57,96 тоот орон сууцнуудыг албадан чөлөөлөхийг мэдэгдэн, өөрөөр хэлбэл ердөө хэдхэн цагийн хугацаа өгөөд, албадан гүйцэтгэх ажиллагааг явуулах гэж байгаа нь илт нэг талыг барьсан, хууль зөрчсөн, Г.Баттөмөрийн хохирлыг арилгаж тус байруудыг эргүүлэн авахаар харилцан тохирсон байхад мөн өвлийн улиралд албадаж гаргахыг зөвшөөрөхгүй”,

 

           Хариуцагчийн төлөөлөгч “бид хуулийн дагуу ажилласан. Ямар нэгэн хууль бус ажиллагаа хийгээгүй” гэх тайлбарыг гарган маргаж байна.

 

           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч, нэхэмжлэгч Ч.Нд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4/23817, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4/25964, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 4/2435 дугаартай албан бичгүүдээр орон сууцыг албадан чөлөөлж, холбогдох зардлыг нөхөн гаргуулахыг анхааруулсан “Мэдэгдэл”-ийг хүргүүлсэн нь нотлогдож байна.

 

       Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ”,

 

       Мөн хуулийн 11.2 дахь хэсэгт “шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шүүгчийн захирамжийн дагуу ажиллагаа явуулсан нь тогтоогдож байна.

 

       Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд өөрөөр хэлбэл хууль бус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадаагүй, дээрх хүчин төгөлдөр шийдвэрүүдэд Г.Баттөмөрийн хохирлыг арилгаж тус байруудыг эргүүлэн авахаар харилцан тохиролцсон гэх үндэслэл дурдагдаагүй буюу нэхэмжлэгчийн дээрх тайлбар нэхэмжлэлийн шаардлага болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай хамааралгүй байна гэж шүүх дүгнээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

           Мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.10 дахь хэсэгт “жилийн аль ч улиралд албадан нүүлгэх ажиллагааг гүйцэтгэж болох бөгөөд энэ хуулийн 27.2.4 дэх хэсэгт заасан үндэслэлийн дагуу уг ажиллагааг түдгэлзүүлж болно” гэж заасанчлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагаа тодруулсан тайлбартаа өвлийн улирал дуустал тодорхой хугацаагаар Г.Баттөмөртэй холбоотой 100.000.000 төгрөг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх шаардлагаасаа татгалзасаныг дурдах нь зүйтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн      

           115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.4,100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Нн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хууль бус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

          5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.АРИУНАА