Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00892

 

 

                                                              Ч.Н-н нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00804 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1093 дугаар магадлалтай,

Ч.Н-н нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль бус ажиллагааг зогсоолгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нямдаваагийн гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/03387 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 171 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москвагийн гудамжны 46-1 дүгээр байрны 57 тоот Улсын бүртгэлийн Ү-2205059098 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг Ч.Н-н эзэмшлээс, мөн хамт 96 тоот, улсын бүртгэлийн Ү-2205059091 дугаарт бүртгэлтэй орон сууцыг Н.Батбаярын эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн ба уг шийдвэр, магадлалд гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

Миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2020.01.27-ны өдрийн 4/2435 тоот мэдэгдэх хуудастай 2020.01.29-ний өдөр танилцсан бөгөөд тус мэдэгдэх хуудаст 2020.01.30-ны өдрийн 09 цагт 57, 96 тоот орон сууцнуудыг албадан чөлөөлөх агуулгыг тусгасан байдаг бөгөөд хэдхэн цагийн хугацаа өгөөд албадан гүйцэтгэх ажиллагааг явуулах гэж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 заасан журмын дагуу мэдэгдэл хүргүүлэх, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 заасан өвлийн улиралд орон байрнаас албадан нүүлгэхэд нүүн гарч байгаа этгээдийн амьдралын нөхцөлийг харгалзан өвлийн улирал дуустал тодорхой хугацаагаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзүүлэх зохицуулалтыг зөрчсөн.

Гүйцэтгэх хуудсанд заасан 96 тоот орон сууцанд Н.Батбаяр эхнэр Б.Давааням, 12 настай хүү Б.Түвшинбаяр, 7 настай хүү Б.Наранбаяр нар гэр бүлийн хамт, 57 тоот орон сууцанд миний ээж С.Янжмаа 69 настай энэ орон сууцнаас өөр ямар нэгэн орон байргүй тэтгэврийн хөгшин, ээжтэй хамт миний дүү нар болох Ч.Лхамхүү, Ч.Лхам-Эрдэнэ, зээ Л.Ням-Очир нар амьдардаг. Хариуцагч дээрх нөхцөл байдлыг үл харгалзан хууль зөрчиж, илт нэг талыг барьж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

Би Г.Баттөмөрт төлөх ёстой 174,593,550 төгрөгийн зээлийн үүргийг төлж, 57, 96 тоот орон сууцыг өөрийн өмчлөлд авч үлдэх талаас түүнтэй харилцан тохирсон бөгөөд дүүргийн 32-Шинэ хотхоны төвийн зүүн талд байрлах 20,000 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай газрыг С.Жаргалбатад 250,000,000 төгрөгөөр худалдаж, энэ мөнгөнөөс С.Жаргалбат 100,000,000 төгрөгийг Г.Баттөмөрт өгч, 57, 96 тоот орон сууцыг эргүүлэн авахаар тохиролцсон. Г.Баттөмөр шүүхийн шийдвэрийг баталгаажуулна, шүүх дээр маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн ч мөнгөө төлбөл буцаагаад байрыг чинь шилжүүлнэ гэж хэлж, 100,000,000 төгрөгийг хүлээн авсан атлаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах хүсэлт гаргасан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар Г.Баттөмөрийг татаж, 100,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж, 2019.12.02-ны өдрийн 14103 дугаартай захирамжаар 100,000,000 төгрөгийн хэмжээнд Г.Баттөмөрийн эд хөрөнгийг битүүмжлэх захирамж гарсан. Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар өвлийн улирал дуустал тодорхой хугацаагаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хууль бус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020.01.27-ны өдрийн 4/2435 тоот мэдэгдэх хуудсаар 2020.01.29-ний дотор орон сууцыг албадан чөлөөлөх мэдэгдлийг нэхэмжлэгчид өгсөн. Манай байгууллагаас 2019.10.30-ны өдрөөс эхэлж нийт 3 удаа мэдэгдэх хуудас явуулж мэдэгдсэн байдаг. Эхний мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчид өөрт нь гардуулж өгсөн, хоёр дахь мэдэгдэх хуудсыг 2019.11.07-ны өдөр баталгаат шуудан болон гэрийн хаягаар нь очиход н.Батбаярын эхнэр хүлээн авахаас татгалзсан захидал явуулсан, сүүлд нь 2020.01.27-ны өдөр мэдэгдсэн. Дээрх мэдэгдлээс өмнө өгсөн 2019.10.30-ны өдрийн мэдэгдлийн дагуу өвлийн улирал эхлэхээс өмнө нүүх боломжтой байсан боловч нэхэмжлэгч нүүгээгүй, шаардлагыг биелүүлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлд заасны дагуу 3 удаа мэдэгдэл явуулсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Г.Баттөмөрт холбогдох хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 зааснаар дансны зарлагын хөдөлгөөнийг 100,000,000 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжлэх шүүгчийн захирамжийн талаар мэдэхгүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00804 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.4,100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримтлан хууль бус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1093 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00804 дүгээр шийдвэрийн удиртгал хэсэгт Б.Эрхэмбаяр гэснийг Б.Эрхбаяр гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж, 1 гэж дугаарлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль бус ажиллагааг зогсоолгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай Ч.Н-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, 3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж дугаарлаж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нямдаваа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байнаАнхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу үнэлээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй, нэхэмжлэгчийн дээрх тайлбар нэхэмжлэлийн шаардлага болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай хамааралгүй” гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч Г.Баттөмөр нь нэхэмжлэгч Ч.Н-тэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т “төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасан" гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон. Уг тохиролцооны үндсэн дээр нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 32 Шинэ хотын төвийн зүүн талд байрлах 20,000 м.кв үйлдвэрийн зориулалттай газраа иргэн С.Жаргалбатад 250,000,000 төгрөгөөр худалдсан бөгөөд худалдан авагч С.Жаргалбат нь газрын төлбөрийн 100,000,000 төгрөгийг хариуцагч Г.Баттөмөрт төлсөн. Нэхэмжлэгч нь байраа авч үлдэхийн тулд 2019.04 дүгээр сард эхний ээлжид 100,000,000 төгрөг, үүнээс 3 сарын дараа үлдэгдлийг төлөхөөр Г.Баттөмөртэй харилцан тохиролцож эхний 100,000,000 төгрөгийг дээр дурдсанаар төлсөн. Гэвч Г.Баттөмөр нь мөнгийг хүлээн авсны дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2 орон сууцыг гаргуулах хүсэлт гаргасан байсан. Энэ талаар тодруулахад үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө шаардаж орон сууцнуудыг албадан чөлөөлүүлнэ. Эсхүл нэмж 125,000,000 төгрөг өгөөд орон сууцнуудаа ав гэж шүүхийн шийдвэрээр далайлган их хэмжээний мөнгө нэхэж эхэлсэн. Дээрх нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулахад төлбөр төлөгч Ч.Н төлбөр авагч Г.Баттөмөрт 100,000,000 төгрөг төлсөн болох нь тогтоогддог.

Гэтэл анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Мөн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г.Баттөмөрт холбогдуулж 100,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах үүднээс Г.Баттөмөрийн хөрөнгийг 100,000,000 төгрөгийн хэмжээнд битүүмжлэхээр захирамж гарсан. Гэтэл өнөөдрийг хүртэл тус захирамж биелэгдээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт удаа дараа хүсэлт гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.5-д “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгахаас өмнө эвлэрэх” гэж заасны дагуу мөнгөө төлөөд орон сууцнуудаа буцаан авахаар тохиролцсон. Энэ талаар баримтуудыг гаргаж өгсөн ч огт авч хэлэлцэхгүй Г.Баттөмөрийн худал тайлбарт хөтлөгдөж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааны үед Г.Баттөмөр нь хүний байр авах хүсэлгүй байна, мөнгөө төлөөд орон сууцнуудаа ав гэж хэлсэн” гэж эвлэрч мөнгө авсан болохоо тайлбарладаг. Гэвч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл бий болсон ч харгалзалгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Ч.Н Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль бус ажиллагааг зогсоолгох, албадан нүүлгэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өвлийн улирал дуустал тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх шийдвэрийн удиртгал хэсэгт Б.Эрхэмбаяр гэснийг Б.Эрхбаяр гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж, 1 гэж дугаарлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль бус ажиллагааг зогсоолгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай Ч.Н-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...”, 3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж дугаарлаж тус тус өөрчлөн найруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нямдаваагийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/03387 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 171 дүгээр магадлалаар Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москвагийн гудамжны 46/1 дугаар байрны 57 тоот орон сууцыг Ч.Н-н, 96 тоот орон сууцыг Н.Батбаярын эзэмшлээс тус тус чөлөөлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хариуцагч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Ч.Н-д 2019.10.30-ны өдрийн 4/23817 тоот албан бичгээр дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж 57 тоот орон сууцыг 2019.11.06-ны өдрийн дотор чөлөөлж, түлхүүрийг Г.Баттөмөрт хүлээлгэн өгөхийг мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.3.-т заасан журмын дагуу явуулсан байна.

Ч.Н хугацаатай мэдэгдлийг хүлээн авсан хэдий ч сайн дураар биелүүлээгүй  тул хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйл 100.4.-т зааснаар 2019.11.11-ний өдрийн 10 цагт албадан чөлөөлөх болсныг 2019.11.07-ны өдрийн 4/24913 тоот мэдэгдлээр мэдэгдэж, түүнийг 2019.11.08-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлжээ.

Түүнчлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Ч.Н57 тоот орон сууцнаас 2019.11.20ы өдрийн 09:00 цагт албадан чөлөөлөх болсныг 2019.11.18-ны өдрийн 4/2564 тоот мэдэгдлээр дахин мэдэгдсэн байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/03387 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 171 дүгээр магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлтийг Ч.Н нь 2019.11.11-ний өдөр гаргасан тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/Ш32019/15253 дугаартай захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай Ч.Н-н хүсэлтийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 27 дугаар тогтоолоор хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагч дээрх нөхцөл байдлыг үндэслэн Ч.Н-д 2020.01.27-ны өдрийн 4/2435 тоот албан бичгээр 57 тоот орон сууцнаас 2020.01.30-ны өдрийн 09:00 цагт албадан чөлөөлөх тухай мэдэгдлийг 2020.01.27-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн байна.

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй юм.

Шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/03387 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 171 дүгээр магадлалаас дүгнэвэл Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москвагийн гудамжны 46/1 дугаар байрны 57 тоот орон сууцнаас чөлөөлөх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Ч.Н-д хамаатай.

С.Батбаяр Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москвагийн гудамжны 46/1 дугаар байрны 96 тоотын эзэмшлээс чөлөөлөх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотойгоор өөрийгөө төлөөлүүлэх нэхэмжлэл гаргах эрхийг Ч.Н олгоогүй, 57 тоот орон сууцанд С.Янжмаа болон Ч.Лхамхүү, Ч.Лхам-Эрдэнэ нар оршин суудаг нь эргэлзээтэй, албан ёсны хаяг нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Голомт хотхон, Үндсэн хуулийн гудамж, Д байр, 83 тоотод харьяалагддаг байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.10.-т “Жилийн аль ч улиралд албадан нүүлгэх ажиллагааг гүйцэтгэж болох бөгөөд энэ хуулийн 27.2.4-т заасан үндэслэлийн дагуу уг ажиллагааг түдгэлзүүлж болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч албадан нүүлгэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өвлийн улирал дуустал тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотлож чадаагүй байна.

Учир нь Ч.Н албадан нүүлгэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өвлийн улирал дуустал түдгэлзүүлэх ямар шаардлага бий болсон, хэдий хугацаанд түдгэлзүүлэх, түүнчлэн нэхэмжлэгчийн болон бусад этгээдийн хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөнийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс хариуцагч албадан нүүлгэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Ч.Н-д орон сууцыг чөлөөлөх боломжгүй хугацаа өгсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэж үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.-т “Энэ хуулийн 27.1, 27.2-т зааснаас бусад үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хориглоно” гэсэнтэй нийцсэн гэж үзнэ.

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2019/14103 тоот захирамжаар Г.Баттөмөрийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 100,000,000 төгрөгийн хэмжээнд битүүмжилсэн байна.

Дээрх Ч.Н-н нэхэмжлэлтэй Г.Баттөмөрт холбогдох 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гараагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нөлөөлөх эсэхийг тогтоох боломжгүй юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4.-т “төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан” тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох талаар тодорхой зохицуулан хуульчилжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл төлбөр авагч Г.Баттөмөр,  Ч.Н нар эвлэрсэн, Г.Баттөмөр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэл, зоригоо илэрхийлсэн баримт авагдаагүй тул шүүхээс, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох боломжгүй.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан бөгөөд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон холбогдох бусад хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нямдаваагийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1093 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нямдаваагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.УНДРАХ   

                              ШҮҮГЧИД                              Г.БАНЗРАГЧ               

                                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                             Х.СОНИНБАЯР

                  Д.ЦОЛМОН