| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 183/2019/01561/И |
| Дугаар | 1190 |
| Огноо | 2020-06-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 1190
С ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00866 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С ХХК-ийн хариуцагч Б ХХК-д холбогдуулан бараа нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 699 079 626 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Д,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Долгорсүрэн нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 011213 тоот газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгэрээр Д компани нь Б ХХК-д газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, Б ХХК нь газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авч бүтээгдэхүүний үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Худалдагч болох Д компани нь 2 000 тонн БНД 90/130 маркийн замын битумыг нэг тонн тутмыг нь 870 ам.доллараар нийлүүлэх, худалдан авагч Б ХХК нь нийт 1 740 000 ам.долларын төлбөрийг барааг ачигдсан өдрөөс хойш 120 хоногийн дараа 100 хувь төлж барагдуулах нөхцөлтэй байсан. Мөн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр худалдагч “ДВ Ойл Трейдинг” компани, худалдан авагч Б ХХК болон Я ХХК-иудын хооронд гурвалсан гэрээ байгуулагдаж, гэрээгээр Я ХХК нь Д компаниас нийлүүлсэн замын битумын төлбөр 995 465.66 ам.долларыг Б ХХК-д төлөх байсныг Д компанид шилжүүлэхээр болж, Я ХХК нь 995 465.66 ам долларыг Д компанид шилжүүлсний дараа Б ХХК-иас Д компанид төлөх төлбөр нь хүү алданги тооцохгүйгээр 282 170.62 ам.доллар болохыг тохиролцож талууд тооцоо нийлсэн актуудыг үйлдсэн. Ийнхүү Я ХХК нь Б ХХК-ийн Д компанид төлөх төлбөрөөс 995 465.66 ам долларын төлбөрийг шилжүүлэн авснаар Б ХХК-ийн Д компанид төлөх өр төлбөрийн үлдэгдэл 282 170.62 ам.доллар болсон. Энэ төлбөрөөс Б ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 20 000 ам доллар, 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 10 000 ам.доллар, 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 10 000 ам.доллар, 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 10 000 ам.доллар, 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 32 000 ам.доллар, 10 000 ам.доллар, 2 ширхэг эксковатор хадгалсны төлбөр 10 000 ам.доллар, 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 10 000 ам.доллар буюу нийт 112 000 ам.доллар төлж 170 170.62 ам.долларын үлдэгдэлтэй болсон боловч энэ үлдэгдэл төлбөрөө 2015 оноос хойш төлж барагдуулаагүй бөгөөд өр төлбөрийг 2017 он хүртэл хойшлуулж өгөхийг хүссэн албан бичгүүдийг Д компанид ирүүлж байсан байдаг. Д компани нь Б ХХК-д төлбөрөө төлөхийг, төлбөрөө төлөхгүй удааширч байгаа нь санхүүгийн хувьд ихээхэн хэмжээний хохирол учруулж байгааг, мөн ийнхүү удаашрах тусам талуудын хооронд байгуулагдсан 011213 тоот газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 10 дугаар зүйлийн 10.1-т заасны дагуу алданги тооцогдож байгааг удаа дараа сануулж албан тоотуудыг илгээж байсан. Түүнчлэн газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан боловч Б ХХК нь төлбөр төлөх санаа санаачлага огт гаргалгүй өнөөдрийг хүргэсэн. Б ХХК-д 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дотор төлбөрөө бүрэн барагдуулах боломжийг олгосон байхад энэ төлбөрөө төлөхгүй жил гаруй хугацаа өнгөрсөн тул 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Д компани нь 01/2019 тоот шаардах эрх шилжүүлэх гэрээгээр замын битумын үлдэгдэл төлбөр 170 170.62 ам.долларын үндсэн төлбөрийг 011213 тоот газрын тосны бүгээгдэхүүн нийлүүлэх гэрээний 10.1-т заасан алданги болох 85 085.31 долларын хамтаар нийт 255 255.93 ам долларыг Б ХХК-иас шаардах эрхээ С ХХК-д шилжүүлсэн. Б ХХК нь төлбөрөө барагдуулахгүй байгаа нь Д компанид санхүүгийн ихээхэн хэмжээний хохирол учруулж байгаа учраас 01/2019 тоот аардах эрх шилжүүлэх гэрээгээр шаардах эрхийг шилжүүлж авсан. С ХХК нь №011213 тоот газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөгдөөгүй байгаа үлдэгдэл төлбөр 170 170.62 ам.долларыг, тус гэрээний 10.1-т заасан алдангийн хамтаар Б ХХК-иас гаргуулах дараах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Монгол банкны ам долларын ханш болох 2 738,74 төгрөгөөр тооцож 23 330 392 төгрөгөөр ихэсгэж Б ХХК -иас нийт 699 079 626 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Холбооны Бүгд Найрамдах Герман улсад бүртгэлтэй Д компани нь С ХХК-д өөрийнхөө шаардах эрхийг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өгсөн байна. Үүнээс хойш иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах ёстой боловч С ХХК-ийн захирал 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д-д итгэмжлэл олгосон байна. Өөртөө шаардах эрхээ аваагүй байж шаардах эрхээ авсан юм шиг харагдаж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм. Дээрх итгэмжлэл болон шаардах эрхээ үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Т.Д нэхэмжлэл гаргасан. Энэ процессын байдлыг үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан төлөөлөх эрхгүй этгээд шүүхэд хандсан байгаа тул нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хавтас хэрэгт байгаа бичгийн нотлох баримтаар тогтоогдоно. Д компаниас Б ХХК нь битум авсан нь үнэн. Миний шүүхэд гаргаж өгье гээд байгаа арван баримтаар битумын төлбөр Журмак компани гэсэн утгаар Б ХХК-иас гадаад тэтгэлгийн даалгаврыг гүйцэтгэдэг, хүлээн авагч нь Д компани гэж үздэг. Б ХХК нь гадаад тэтгэлгийн агуулгыг гүйцэтгэдэг, хүлээн авагч нь Д компани гэж үздэг. Б ХХК нь өөрийнхөө авсан битумыг төлбөрийг Журмак гэдэг компаниар хийгээд байгаа нь гадаад төлбөрийн орчуулгын хувиас харагдана. Б ХХК нь төлбөрийг бүрэн дуусгасан. Гурвалсан гэрээгээр Б ХХК нь Д компаниас авсан битумын төлбөрийг Ялгуусан компани төлсөн байдаг. Мон роуд, Журмак компани төлсөн байдаг. Энэ зөвхөн Б ХХК-тай хамаарал бүхий асуудал биш. Төлбөр төлсөн баримтан дээр Мон роуд, Журмак компани төлсөн, манай байгууллага энэ төлбөрийг авсан нь үнэн гэсэн тайлбар хэлээд байгаа боловч бусад компаниудын асуудлыг өөр иргэний хэргийн шүүхийн журмаар Журмак компанаас мөн адил битумын төлбөрийг нэхээд байгаа. Энэ баримтыг нотлох зорилгоор нотлох баримтуудыг гаргуулах гэж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.5-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б ХХК-иас 699 079 626 төгрөгийг гаргуулж нэхэмжлэч С ХХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 3 653 357 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 3 653 357 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс тус нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжпэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэхэд бүрэн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан гэж үзэж байна. Учир нь ХБНГУ-ын “ДВ ойл трейдинг” компани нь өөрийн охин компани болох Монгол улсад бүртгэлтэй С ХХК-д 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б ХХК болон “ДВ ойл трейдинг” компани нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 011213 дугаартай гэрээний шаардах эрхийг шилжүүлсэн байна. С ХХК нь “ДВ ойл трейдинг” компаниас шаардах эрхийг шилжүүлэн авснаас хойш нэхэмжлэгчээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй болж байгаа юм. Гэтэл дээрх шаардах эрх шилжүүлэн авсан С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дарьсүрэн нь дээрхи шаардах эрх шилжүүлэн авах гэрээнээс өмнө буюу 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн итгэмжлэлээр Б ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхийг олж авсан гэж үзэн тус итгэмжлэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна. Өөрөөр хэлбэл, С ХХК нь Герман улсын “ДВ ойл трейдинг” компаниас шаардах эрхээ албан ёсоор аваагүй байхдаа төлөөлөх эрхийн итгэмжлэлийг Т.Д-д олгож нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод байгаа нь хуулийг ноцтой зөрчихөөс гадна шүүхийн буруу жишиг практик тогтоож байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү. Хариуцагчаас шүүхийн журмаар шүүхийн архивт байгаа иргэний хэргээс Б ХХК-ийн гадаад төлбөрийн даалгавар бүхий баримтуудын хуулбар болон Монгол хэл рүү орчуулга хийж, нотариатаар батлуулсан баримтуудыг гаргуулан авахаар хүсэлт гаргаж хүсэлтийг шүүхээс хангаж шүүгчийн захирамж гарсан. Үүний дагуу шүүхийн архивт байсан 10 удаагийн гадаад төлбөрийн даалгавар бүхий баримтуудаас 3 удаагийн гүйлгээний гадаад төлбөрийн даалгаврын баримтууд ирж бусад 7 удаагийн гүйлгээний баримт нь ирээгүй байсан. Өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамжийн биелэлт бүрэн хангагдаагүй гэж үзэж дутуу баримтуудыг авч байж шүүх хуралдааныг явуулж хариуцагч талаас тус баримтуудыг үндэслэн харилцан мэтгэлцэх бололцоог хангаж өгөхийг хүссэн боловч хүсэлтийг хангахаас татгалзаж “хүсэлт шийдвэрлэх тухай” 4837 дугаартай шүүгчийн захирамж гарч шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Мөн хариуцагчаас тус хүсэлтийг хангахаас татгалзаж байгаа шүүгчийн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд заасны дагуу дахин эргэж нягтлан харж үзэхийг хүсэж хүсэлт гаргасан ба энэхүү хүсэлтийг “шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 4838 дугаартай шүүгчийн захирамжаар хангахгүй орхиж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Түүнчлэн уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийг удирдлага болгон гарах эрх зүйн зохицуулалттай ба ингэснээр уг захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар гомдол гаргах эрхийг олгох байтал үндэслэлгүйгээр хааж хуулийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас Б ХХК-аас гадаад төлбөрийн даалгаврын баримтуудыг иш үндэс болгож мэтгэлцэж байсан болохоос ямар нэг гадаад тэтгэлгийн баримтын талаар огт яриагүй. Тийм байтал анхан шатны шүүхийн шийдвэртээ хариуцагчаас гадаад тэтгэлгийн талаар ярьсан мэтээр бичсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж хуулийг ноцтой зөрчсөн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан бараа нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 699 079 626 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагчийн зүгээс дээрх гэрээний төлбөрийг төлсөн гэх татгалзлаа нотлохоор өмнө нь энэ асуудлаар маргаж байсан ба уг хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2019/05371 дүгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн иргэний хэргээс талуудын хооронд байгуулсан төлбөр тооцоо барагдуулах акт, Гадаад төлбөрийн даалгавар зэргийг эх хувь, эх хувиас Монгол хэл рүү орчуулга хийлгэж нотариатаар гэрчлүүлсэн баримтуудыг гаргуулах хүсэлт гаргасныг тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШЗ2020/04089 дугаар шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн байна. Уг захирамжийн дагуу шүүхэд тооцооны акт болон 10 ширхэг төлбөрийн баримтаас 3 ширхэг төлбөрийн баримт иржээ.
Хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарч буй дээрх нотлох баримтууд дутуу ирсэн нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн тэмдэглээр нотлогдож байна. Нотлох баримт гаргуулах тухай хүсэлтэд заасан баримтуудыг ач холбогдолгүй гэж үзэхгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэх ажиллагааг явуулсан боловч дутуу бүрдүүлсэн байгаа нь хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзнэ.
Хэргийн 11 дүгээр талд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...нотлох баримт гаргуулах эрхийг хязгаарласан” тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасны дагуу шүүгчээс татгалзаж “шүүгчийн захирамж бүрэн биелэгдээгүй, нотлох баримтуудыг дутуу авч шүүх хуралдааныг явуулсан нь хариуцагч талаас тус нотлох баримтыг үндэслэн харилцан мэтгэлцэх бололцоог хангаж өгөхийг хүссэн хүсэлтийг хангахгүй орхисон” гэж шүүх хуралдааны явцад шүүгчээс татгалзан гаргах хүсэлт гаргасан байх боловч уг хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр хуралдааныг үргэлжлүүлэн явуулан хэргийг шийдвэрлэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасны дагуу татгалзлыг тухайн шүүхийн ерөнхий шүүгч шийдвэрлэхээр хуулинд зохицуулсан байна. Энэ ажиллагааг хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Шүүгчийг татгалзан гаргах асуудлын тухайн шүүгч өөрөө шийдвэрлэх эрхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дах хэсэгт татгалзан гаргах тухай хүсэлтийг шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэхээс өмнө буюу татгалзан гаргах үндэслэл шүүх хуралдааны явцад тухайн үед нь тус тус гаргана. Шүүхээс шүүх хуралдаан явуулах дэгийг тогтоож, хэргийн оролцогчийн зүгээс шүүгчээс татгалзахгүй гэж шүүх хуралдааны эхэнд хэлсэн боловч хуралдааны явцад шүүгчээс татгалзах талаар хүсэлт гарсан тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.2-т “хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал” 91.1.4-т “ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол” шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй талаар тус тус заажээ.
Хариуцагч энэ талаар гомдол гаргааүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй тул шүүхээс дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн тохиолдолд давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг залруулах, маргааны үйл баримт, түүний хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00866 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 653 357 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ