Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2017/0625

 

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 309 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 309 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 9, 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах тухай” А-236 тоот тушаалын “Д” ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгуулах”, “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А-277 тоот тушаалын “М и к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэхэмжлэлийг, “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А-265 тоот тушаалын “Д” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн гуравдагч этгээд “М и к” ХХК-ийн бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтад нийцэхгүй байна. Учир нь Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг цуцалсан төдийгүй уг захиргааны актыг гаргасан талаар огт мэдэгдээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсоор байхад шүүх анхаарч дүгнэлт хийсэнгүй. Уг захиргааны актын талаар “өөр компанид олгосны дараа” хожим өөр бусад этгээдээс мэдсэн явдал уг захиргааны актын хүчин төгөлдөр байдлыг хангахгүй. Шүүх зөвхөн “газар дээр хашаа барьсан” бол газрыг ашигласан гэж үзэхээр ойлгож дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Маргаан бүхий дээрх 2 га газарт их хэмжээний бүтээн байгуулалт хийгдэхээр төлөвлөгдсөн бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн нотлох баримтыг үнэлэхгүй нэг талыг барьсан. Сайд 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалыг гаргахдаа хууль буруу хэрэглэсэн байхад шүүх зөв дүгнэлт хийгээгүй. Хариуцагч сайд нь манай компанийн газар ашиглах эрхийг хугацаанаас нь өмнө цуцлах хуулийн үндэслэл байгаагүй гэж үзэж байна. Гурвалсан гэрээ байгуулаагүй байсан нь зөвхөн компанийн үйл ажиллагаанаас шалтгаалаагүй, гэрээ байгуулагдаагүй байсан нь газар ашиглах эрхийг цуцлах хуулийн үндэслэл биш бөгөөд гэрээтэй этгээдийн адил үүргээ биелүүлсээр  байсныг шүүх зөв үнэлж чадаагүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн хангуулахаар давж заалдах гомдол гаргаж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй…”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг  зөрчжээ. 

Нэхэмжлэгч “Д” ХХК нь “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах тухай” А-236 дугаар тушаалын “Д” ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А-277 дугаар тушаалын “М и к” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд “М и к” ХХК-иас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А-265 дугаар тушаалын “Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн бие даасан шаардлага гаргасан байна. 

 Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалаар “Д” ХХК-ийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй”, 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлүүдээр цуцалж шийдвэрлэсэн байх ба дээрх үндэслэлүүд хуульд нийцсэн эсэхийг шалгаж, бодит нөхцөл байдлыг тогтоох нь захиргааны хэргийн шүүхийн үүрэг болно. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар газар ашиглагч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд эрх бүхий албан тушаалтан газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй.

          Гэвч нэхэмжлэгчийн тухайд 2012 оноос хойш газрын төлбөрөө төлж, төлбөрийн үлдэгдэлгүй болсон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Харин маргаан бүхий захиргааны актын өөр нэг үндэслэл болох “газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх нөхцөл байдлыг нотолсон баримтыг хангалттай цуглуулаагүй байх тул давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй байна. Зүй нь, 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “Д” ХХК нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт, Нийслэлийн мэргэжлийн хот төлөвлөлтийн газарт, Нийслэлийн ерөнхий архитекторын газарт хандаж барилгын зураг төслийг баталж өгөхийг хүссэн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн, 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн, 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн албан бичгүүд, түүнчлэн Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай газрын удирдлагын газар, Богд хан уулын захиргаа зэрэг байгууллагуудад хандаж тухайн газарт барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгохыг хүссэн албан бичгүүд нотлох баримтаар цугларсан байх ба дээрх албан бичгүүд төрийн захиргааны байгууллагуудад хүргэгдсэн эсэх, албан бичгүүдэд ямар хариу өгөгдсөн, төрийн захиргааны байгууллагууд ямар шийдвэр гаргасан эсэх, уг шийдвэрүүд нь нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу ашиглахад хэрхэн нөлөөлсөн талаар холбогдох нотлох баримтыг цуглуулж, эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байжээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны актын хууль зүйн үндэслэл тус бүрд холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж хэрхэн үнэлсэн болохоо шүүхийн шийдвэрт тодорхой тусгах үүрэгтэй.

Хэдийгээр нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа ч ийнхүү ашиглаагүй нь ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх нөхцөл байдлыг тогтоосноор маргаан бүхий актын үндэслэл хуульд нийцсэн эсэх, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан урьдач нөхцлүүд бүрэн хангагдсан эсэхэд дүгнэлт өгөх боломжтой болно. 

           Иймд нэхэмжлэгчээс гаргасан “маргаан бүхий газарт их хэмжээний бүтээн байгуулалт хийгдэхээр төлөвлөгдсөн бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн нотлох баримтыг үнэлэхгүй нэг талыг барьсан” гэх гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 309 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3  дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                               

      

                                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Д.БАТБААТАР

                                              ШҮҮГЧ                                     Ц.ЦОГТ

                                               ШҮҮГЧ                                 О.НОМУУЛИН