Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 1155

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/00736 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Б ын хариуцагч Ц.О д холбогдуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 54/3 дугаар байрны 4 давхрын   тоот 2 өрөө орон сууц, уг байрны В1 давхрын   тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Д,

Хариуцагч: Ц.О ,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ж ХХК  болон Ц.О тай бусдын газар дээр орон сууц барих хамтран ажиллах гэрээг байгуулж, өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах, 300 м.кв талбай бүхий газар дээр Ц.О ын хөрөнгөөр орон сууц бариулж, ашиглалтад оруулж, ашиглалтад орсны дараа 175 м.кв талбайг, В1 давхрын хоёр ширхэг автомашины зогсоолын хамт Д.Б ын өмчлөлд шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон. Дээрх орон сууцыг ашиглалтад орсны дараа Д.Б уг орон сууцыг өнөөдрийг хүртэл эзэмшиж ашиглаж, амьдарч байгаа. Гэтэл Ц.О 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр маргаан бүхий 2 өрөө орон сууц болон   тоотод байрлах автомашины зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээг гаргуулан, уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д барьцаалан 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/82 дугаартай 500 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан. Д.Б гэрээний дагуу үүргээ бүрэн биелүүлж, өөрийн газар дээр барилга бариулсан. Гэтэл хариуцагч тус гэрээний 2.3.7-д заасан орон сууцны барилга ашиглалтад орсны дараа уг барилгаас газрын үнэд 4 давхрын нийт 175 м.кв талбайг, 2 ширхэг автомашины зогсоолын хамт А талд шилжүүлэн өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж байна. Мөн Ц.О , Д.Б нар 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдөр баталгаа үйлдэж нотариатаар батлуулсан. Уг баталгаанд “иргэн Ц.О , Д.Б нар 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан гэрээний дагуу Ц.О нь Д.Б д Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах 300 м.кв талбай бүхий Д.Б ын газар дээрх Ц.О ын 54/3 дугаар байрны 4 давхрын   тоот 2 өрөө орон сууц болон 2 ширхэг автомашины зогсоолыг Д.Б д хүлээлгэн өгч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гарган өгч, ашиглалтад орох хугацаанд уг орон сууцыг бусдад барьцаалахгүй” гэсэн, баталгааг өөрийн гараар бичиж нотариатаар батлуулсан. Дээрх барилга нь 6 давхар бөгөөд нэхэмжлэгч Д.Б 4 давхрын 10, 12 тоот орон сууцыг Ц.О д шилжүүлж өгсөн боловч   тоот орон сууцны өмчлөх эрхийг өнөөдрийг хүртэл шилжүүлэн өгөөгүй. Иймд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэрийн Туул голын гудамж, 54/3 дугаар байрны   тоот 2 өрөө орон сууц болон тус байрны В1 давхарт байрлах,   тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр Д.Б ыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд Д.Б Ц.О , Ж ХХК-ийн хооронд гурвалсан гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр хэн, хэн нь биенийхээ өмнө үүрэг хариуцлага хүлээсэн бөгөөд миний бие гэрээнийхээ үүргийг биелүүлж, харин хариуцагч Д.Б ыг үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Учир нь Д.Б барилгын төсөл санал болгоод түүний дагуу барилга баригдсан боловч тэрээр бүрэн бус бичиг баримт бүрдүүлснээс болж барилгыг барих хугацаа удааширч, улмаар холбогдох газруудаас зөвшөөрөл авах зэргээр маш их хохирол учирсан учраас тухайн барилгыг шилжүүлж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, дээрх барилга нь хоёр давхар баригдаж, угсралтыг нь хийсэн байсан ба надад ойлгуулахдаа бичиг баримт, техникийн нөхцөл бүрэн барилга гэж итгүүлээд 160 000 000 төгрөг шаардсан байдаг. Д.Б Ж ХХК  нь хоёр давхар хүртэл барьж өрөнд ороод намайг дуудаж, 160 000 000 төгрөг гаргуулж, бичиг баримтаа авъя гэхээр тэрэнд байгаа гэж өгөхгүй явсаар ямар ч техникийн нөхцөл аваагүй, үүнээс болж би маш их хохирсон. Тэгэхээр бидний хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ нь ашиг алдагдлыг хамтран үүрнэ гэсэн агуулгатай. Бодит байдал дээр би банк болон бусад хувь хүмүүст өртэй байгаа нь ямар нэгэн бичиг цаас өгөхөөсөө илүү бодит үнэн харагдаж байна. Иймд гэрээнд оролцогч талууд тодорхой хэмжээнд алдагдлыг үүрэх ёстой бөгөөд би өгөх ёстой орон сууц, гараашаа түүнд бүрэн шилжүүлж өгсөн. Маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь миний бие бөгөөд зохих журмын дагуу бүртгэл хийлгэсэн ба бүртгэл үнэн зөв явагдсан, өмчлөгч мөн гэдгийг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэж хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэгч тал зөвхөн бүртгэл талаас нь харсан гэж тайлбарлаж байна. Шүүх бүх талаас нь судалж, дүгнэлтээ гаргасан. Д.Б миний нэр дээр бүртгэхийг анхнаасаа зөвшөөрсөн байдаг. Анх барилгыг барихдаа “Худалдаа хөгжлийн банк” ХХК-аас санхүүжилт авч гэрээ байгуулж уг барилгыг барьцаанд аваад ипотекийн зээл олгосон. Хамгийн анх зээл авахад банкны журмаар дуусаагүй барилгын гэрчилгээг барьцаанд авахдаа давхар газрыг барьцаанд авсан байдаг ба Д.Б зөвшөөрч гарын үсэг зурсан, тэгэхээр мэдээгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь миний өмч тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Гуравдагч этгээд “Худалдаа хөгжийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.О д тухайн үед зээл олгож, барилга бариулах санхүүжилтийг өгч байсан. Зээлээ төлөөгүй учраас тус банк шүүхэд хандаж, шүүхээр шийдвэрлүүлж, шүүхийн гүйцэтгэх хуудас бичүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байсан. Д.Б ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгтэй холбоотойгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зогссон. Энэ асуудлаар нэхэмжлэгч хэд хэдэн удаа Иргэний болон Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн шүүхээр иргэн Д.Б нь хууль бус гэрчилгээг Ц.О ын нэр дээр гаргаж, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д барьцаалсан тул хүчингүй болгож өгнө үү, мөн энэ байрыг миний нэр дээр бүртгэж өгнө үү гэх нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргасныг Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй, дээрх асуудлыг шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Уг иргэний хэрэг өмнө нь удаа дараа хойшлогдож байсан, хэргийн хугацаа, бусад нөхцөл байдлаас шалтгаалж хойшлуулахгүйгээр шүүх хурлыг явуулах хүсэлтэй байх тул гуравдагч этгээдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.О д холбогдох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 54/3 дугаар байрны 4 давхрын   тоот 2 өрөө орон сууц, уг байрны В1 давхарт байрлах   тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай Д.Б ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 742 950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Д.Б нь 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч Ц.О болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж ХХК -тай 2013/2 дугаартай бусдын газар дээр орон сууц барьж хамтран ажиллах гэрээг байгуулж, өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах 300 м.кв талбай бүхий газар дээр хариуцагч Ц.О ын хөрөнгөөр орон сууц бариулж, орон сууц ашиглалтанд орсны дараа тус барилгын 4 давхрын 175 м.кв талбайг, В1 давхрын 2 ширхэг автомашины зогсоолын хамт Д.Б ын өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж өөрийн эзэмшлийн газар дээрээ орон сууц бариулсан боловч хариуцагч Ц.О нь гэрээний 2.3.7-д “Орон сууцны барилга ашиглалтад орсоны дараа уг барилгаас “А” талд газрын үнэнд 4 давхрын нийт 175 м.кв талбайг, В1 давхрын 2 ширхэг автомашины зогсоолын хамт “А” талын өмчлөлд шилжүүлэн өгөх үүрэгтэй” гэж заасан үүргээ бүрэн гүйцэт биелүүлээгүй тул нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Ц.Оюунбатаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг тодруулбал маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг шаардах эрхтэй юм. Хариуцагч Ц.О , нэхэмжлэгч Д.Б нар нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсаны дараа уг гэрээний 2.1.3, 2.3.7-д заалтуудыг дэлгэрүүлэн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Иргэн Ц.О , Д.Б нар 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан 2013/02 тоот гэрээний дагуу Ц.О нь иргэн Д.Б д Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах иргэн Д.Б ын газар дээрх Ц.О ын 54/3 тоот байрнаас 4 давхрын 2 өрөөтэй 2 ширхэг, 3 өрөөтэй 1 ширхэг байрыг барилгын ажил дууссаны дараа иргэн Д.Б д хүлээлгэн өгч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө. Уг байрыг ашиглалтад өгөх хугацаанд бусдад барьцаалахгүй болно” гэсэн тохиролцоонд хүрч “баталгаа” үйлдэн нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд уг баримтыг анхан шатны шүүх “...баталгаа гэх баримт нь хамтран ажиллах гэрээ байгуулахаас өмнө буюу 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдөр болохыг дурдах нь зүйтэй” гэж дүгнэсэн үндэслэлгүй байна. Учир нь “баталгаа” үйлдсэн баримт дээрх огноог 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гараар бичсэн боловч уг хэлцлийг 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн нотариатч Д.Дашцэдэн гэрээний үнэн зөвийг гэрчилсэн нь болох тогтоогдохоос гадна нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдааны явцад хариуцагч Ц.Оюунбатаас “нэхэмжлэгч Д.Б тай хэдэн онд анх уулзаж байсан бэ, хэзээнээс таних вэ” гэж асуулт асуухад хариуцагч Ц.О нь “2013 оноос хойш танина” гэж хариулсан нь дээрх баталгааг 2013 оноос хойш үйлдэгдсэн болохыг нотолно. Мөн дээрх баталгааны агуулгаас харахад “2013 оны 2013/02 тоот гэрээний дагуу...” гэж нэхэмжлэгч Д.Б болон хариуцагч Ц.О нарын хооронд байгуулагдсан бусдын газар дээр орон сууц барьж хамтран ажиллах гэрээний 2.1.3, 2.3.7-д заалтуудыг дэлгэрүүлэн 4 давхрын 175 м.кв талбайг 2 өрөөтэй 2 ширхэг байр, 3 өрөөтэй 1 ширхэг байрыг барилгын ажил дууссаны дараа хариуцагч Ц.О нь Д.Б д хүлээлгэн өгөх үүрэгтэй гэснээс үзэхэд уг баталгаа 2013 оны гэрээ байгуулагдсанаас хойш буюу барилгын ажил явагдаж байх үед үйлдэгдсэн гэдэг нь тодорхой харагдаж байна. 54/3 тоот байрны 4 давхарт 10,  , 12 тоот гэсэн гурван орон сууц байдаг бөгөөд Ц.О нь 10, 12 тоот орон сууцны өмчлөх эрхийг гэрээнд заасны дагуу Д.Б д шилжүүлэн өгсөн боловч   тоот 2 өрөө орон сууц, В1 давхрын   тоот автомашины зогсоолуудын өмчлөх эрхийг одоог хүртэл шилжүүлж өгөөгүй нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нь харагдаж байна. Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоож чадаагүйгээс гадна нэхэмжлэгч Д.Б нь маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг яагаад өмчлөх эрхгүй болох, хариуцагч Ц.О нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн эсэх дээр үнэлэлт, дүгнэлт өгөөгүй бөгөөд “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 54/3 байрны 4 давхрын   тоот 2 өрөө орон сууц, уг байрны В1 давхарт байрлах   тоот автомашины зогсоолын өмчлөгч нь хариуцагч Ц.О болох нь Ү-2206041501, Ү-2206041494, Ү-2206041497 дугаарт бүртгэлтэй, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна” гэж дүгнэсэн үндэслэлгүй байна. Түүнчлэн Ц.О нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг барилга ашиглалтад орсны дараа Д.Б ын өмчлөлд шилжүүлж өгөлгүйгээр “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ЗБ/82/02 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/82 дугаартай 500 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь нэхэмжлэгч Д.Б ын эрх, хууль ёсны ашиг ноцтой сонирхлыг зөрчсөн. Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаан дээр барьцаалагч “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар “зээлийн хувийн хэрэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолт...”-ыг бүрдүүлнэ, 23.4-т “...эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн эттээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг ...эрх бүхий хүмүүс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ, чанар зэргийг бичнэ” гэсэн заалтуудыг зөрчиж, барьцаа хөрөнгийг биечлэн үзээгүйгээс зээлийн барьцаанд барьцаалсны улмаас Д.Б ын эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хэлцэл байгуулсан гэж үзэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, гэж тус тус үзэж гуравдагч этгээд “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Тухайн орон сууцыг ашиглалтанд орсон цагаас эхлэн өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч Д.Б гэр бүл, үр хүүхдүүдийнхээ хамт эзэмшиж, ашиглан амьдарч байгаа бөгөөд тэднийг амьдарч байх хугацаанд нэг ч удаа “Худалдаа хөгжлийн банк” ХХК-аас барьцаа хөрөнгийг үзэж шалгах гэж хүн ирж байгаагүй. Энэ нь банк болон Ц.О нар нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохыг тодорхой харуулж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 183.3 дах хэсгийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэсэн нь маргааны үйл баримтад хэрэглэгдэх хуулийн зохицуулалт биш байна. Учир нь өмчлөгчөөр тогтоолгохыг хүсч буй үл хөдлөх эд хөрөнгүүд нь ашиглалтад ормогц нэхэмжлэгч Д.Б ын нэр дээр анх удаа өмчлөх эрхийн гэрчилгээ гарах ёстой байсан. Өөрөөр хэлбэл, барилга баригдаж эхлэхдээ л уг үл хөдлөх эд хөрөнгүүд дээр Д.Б ын өмчлөх эрх үүссэн байсан. Гэтэл хариуцагч Ц.О хэлцлээр тохирсон тохиролцоогоо зөрчиж, үүрэг биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж байгаа юм. Харин хуулийн дээрх зохицуулалт нь өмнө нь улсын бүртгэлд бүртгэгдсэн хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авахтай холбоотой зохицуулалт байна. Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101.1 дэх заалтуудыг ямар үндэслэлээр хэрэглэж байгаа, эдгээр нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой талаар тайлбар огт хийгээгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь дүгнэж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэлтэй болж чадаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Ц.О д холбогдуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 54/3 дугаар байрны 4 давхрын   тоот 2 өрөө орон сууц, уг байрны В1 давхрын 2 ширхэг автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Д.Б Ж ХХК , Ц.О нарын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “бусдын газар дээр орон сууц барьж хамтран ажиллах” нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр А тал болох Д.Б нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, амины сууцны зориулалттай, 300 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг В тал болох Ц.О д шилжүүлэх, Б тал болох Ж ХХК  нь А талын эзэмшлийн газар дээр В талын хөрөнгөөр 6 давхар орон сууцны зориулалт бүхий барилгыг барих, В болон Б тал нь орон сууцны барилга ашиглалтад орсны дараа уг барилгаас А талд газрын үнэнд 4 давхрын нийт 175 м.кв талбайг, В1 давхрын 2 ширхэг автомашины зогсоолын хамт А талын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцжээ. /хх-6-8/

 

Дээрх гэрээгээр Д.Б нь газар эзэмших эрхийг Ц.О д Ц.О нь барилгын 4 давхрын нийт 175 м.кв талбайг, В1 давхрын 2 ширхэг автомашины зогсоолыг Д.Б д харилцан өмчлөлд шилжүүлэхээр үүрэг хүлээсэн тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. /хх-6-8/

 

Д.Б нь гэрээгээр хүлээсэн газар эзэмших эрх шилжүүлэх үүргээ биелүүлсэн бөгөөд уг газар дээр Ц.О нь 16 айлын орон сууцны зориулалттай, 4 автомашины дулаан зогсоолтой барилгыг барьж 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ашиглалтад оруулсан болох нь талуудын тайлбар болон 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2015/86 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар тогтоогдож байна. /хх-29-30/

 

Дээрх орон сууцны барилга баригдаж дууссанаар гэрээгээр тохирсон үл хөдлөх эд хөрөнгө тодорхой болж 4 давхрын нийт 175 м.кв талбай нь 10,  , 12 тоот орон сууц, мөн В1 давхрын 2 ширхэг автомашины зогсоол нь В1 давхрын   тоот автомашины зогсоол болсон гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байна.

 

Хариуцагч Ц.О нь гэрээний дагуу дээрх орон сууцны 10, 12 тоот орон сууцыг нэхэмжлэгч Д.Б ын өмчлөлд шилжүүлсэн талаар маргаагүй.

 

Хариуцагч Ц.О нь нэхэмжлэгч Д.Б тай хамтран ажиллах гэрээ байгуулсан, алдагдлаа адилхан хуваах байсан, нэхэмжлэгч нь техникийн нөхцлийг авах байсан ба аваагүйгээс болоод хохирол учирсан тул   тоот орон сууц болон автомашины 2 ширхэг зогсоолыг өгөхгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасны дагуу баримтаар нотлоогүй болно.

 

Иймд нэхэмжлэгч Д.Б нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Оюунбатаас уг   тоот 2 өрөө орон сууц болон 2 ширхэг автомашины зогсоолыг өмчлөлдөө шилжүүлэхийг шаардах эрхтэй байх тул түүнийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 54/3 дугаар байрны 4 давхрын   тоот хаягт байршилтай 54 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн байрны В1 давхрын  хаягт байршилтай тус бүр 18 м.кв талбайтай, 2 ширхэг автомашины зогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоож, зөрчигдсөн эрхийг сэргээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч Ц.О нь 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, үйлдвэр Туул гол гудамж, 54/3 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2206033009 дугаартай, 1 008 м.кв талбайтай 97 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өөрийн нэр дээр бүртгүүлээд уг бүртгэлийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өөрчилж мөн хаягт орших байрны   тоот 54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, мөн байрны В1 давхарт  хаягт байршилтай тус бүр 18 м.кв талбай бүхий автомашины зогсоолыг өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлж, гэрчилгээ авчээ. /хх-86-90, 105-107/

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/012  дугаар захирамжаар Ц.Оюунбатаас 386 509 343 төгрөгийг гаргуулж “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байх ба барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, үйлдвэр Туул гол гудамж, 54/3 байрны   тоот орон сууц, тус байрны В1 давхрын 2 ширхэг автомашины зогсоолуудаар үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэх байгууллага 2017 оны   дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, явуулж байгаа үйл баримт тогтоогдож байна. /хх-92-108/

 

Шүүхийн шийдвэрээр дээрх барьцааны зүйлийн өмчлөгчийг Д.Б болгож өөрчлөх нь Х ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаалан хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх хэвээр үлдэнэ.

 

Харин Д.Б Ц.О нарын хооронд 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдөр үйлдсэн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нотариатчаар гэрчлүүлсэн бичгийн баримтыг эргэлзээтэй гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг буруутгахгүй юм. Уг баримтад “Ц.О нь Д.Б д 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээний дагуу барилгын ажил дууссаны дараа 4 давхрын 2 өрөө 2 ширхэг орон сууц, 3 өрөө 1 ширхэг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хамт гаргуулж хүлээлгэн өгнө” гэсэн боловч баримтыг үйлдсэн 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдөр талууд гэрээ байгуулаагүй байсан байна. /хх-9-10/

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/00736 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 54/3 дугаар байрны 4 давхрын   тоот 2 өрөө орон сууц, уг байрны В1 давхрын   тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоосугай” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Ц.Оюунбатаас 742 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б д олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 742 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  9 дүгээр зүйлийн  9.4,  9.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА

 

                            ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

 

                                                                                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ