Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2020/00736

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2020/00736

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: оршин суух, тоот регистрийн дугаартай, Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: оршин суух, регистрийн дугаартай, Ц.О-д холбогдох

 

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 54/3 дугаар байрны 4 давхрын 11 тоот 2 өрөө орон сууц, уг байрны В1 давхрын 1, 2 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Д.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нямжаргал, хариуцагч Ц.О, гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Энхзул нар оролцов.    

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Жэй ди ай ХХК болон Ц.Отай бусдын газар дээр орон сууц барих хамтран ажиллах гэрээг байгуулж, өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах, 300 м.кв талбай бүхий газар дээр Ц.Оын хөрөнгөөр орон сууц бариулж, ашиглалтад оруулж, ашиглалтад орсны дараа 175 м.кв талбайг, В1 давхрын хоёр ширхэг автомашины зогсоолын хамт Д.Бын өмчлөлд шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон. Дээрх орон сууцыг ашиглалтад орсны дараа Д.Б уг орон сууцыг өнөөдрийг хүртэл эзэмшиж ашиглаж, амьдарч байгаа. Гэтэл Ц.О 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр маргаан бүхий 2 өрөө орон сууц болон 1, 2 тоотод байрлах авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээг гаргуулан, уг үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг Худалдаа хөгжлийн банк ХХК-д барьцаалан 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ЗД82 дугаартай 500.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байдаг. Д.Б 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан гэрээний дагуу үүргээ бүрэн биелүүлж, өөрийн газар дээр барилга бариулсан. Гэтэл хариуцагч тус гэрээний 2.3.7-д заасан орон сууцны барилга ашиглалтад орсны дараа уг барилгаас газрын үнэд 4 давхрын нийт 175 м.кв талбайг, 2 ширхэг авто зогсоолын хамт А талд шилжүүлэн өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж байна. Мөн Ц.О, Д.Б нар 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдөр баталгаа үйлдэж нотариатаар батлуулсан. Уг баталгаанд иргэн Ц.О, Д.Б нар 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан гэрээний дагуу Ц.О нь Д.Бд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах 300 м.кв талбай бүхий Д.Бын газар дээрх Ц.Оын 54/3 дугаар байрны 4 давхрын 11 тоот 2 өрөө орон сууц болон 2 ширхэг авто зогсоолыг Д.Бд хүлээлгэн өгч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гарган өгч, ашиглалтад орох хугацаанд уг орон сууцыг бусдад барьцаалахгүй гэсэн баталгааг өөрийн гараар бичиж нотариатаар батлуулсан. Дээрх барилга нь  6 давхар бөгөөд нэхэмжлэгч Д.Б 4 давхрын 10, 12 тоот орон сууцыг Ц.Оад шилжүүлж өгсөн боловч 11 тоот орон сууцны өмчлөх эрхийг өнөөдрийг хүртэл шилжүүлэн өгөөгүй. Иймд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэрийн Туул голын гудамж, 54/3 дугаар байрны 11 тоот 2 өрөө орон сууц болон тус байрны В1 давхарт байрлах, 1, 2 тоот авто зогсоолын өмчлөгчөөр Д.Быг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд Д.Б, Ц.О, Жи ди ай ХХК-ийн хооронд гурвалсан гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр хэн хэн нь биенийхээ өмнө үүрэг хариуцлага хүлээсэн бөгөөд миний бие гэрээнийхээ үүргийг биелүүлж, харин хариуцагч Д.Быг үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Учир нь Д.Б барилгын төсөл санал болгоод түүний дагуу барилга баригдсан боловч тэрээр бүрэн бус бичиг баримт бүрдүүлснээс болж барилгыг барих хугацаа удааширч, улмаар холбогдох газруудаас зөвшөөрөл авах зэргээр маш их хохирол учирсан учраас тухайн барилгыг шилжүүлж өгөөгүй. Өөрөөр хэлбэл дээрх барилга нь хоёр давхар баригдаж, угсралтыг нь хийсэн байсан ба надад ойлгуулахдаа бичиг баримт, техникийн нөхцөл бүрэн барилга гэж итгүүлээд 160.000.000 төгрөг шаардсан байдаг. Д.Б, Жи ди ай ХХК нь хоёр давхар хүртэл барьж өрөнд ороод намайг дуудаж, 160.000.000 төгрөг гаргуулж, бичиг баримтаа авъя гэхээр тэрэнд байгаа гэж өгөхгүй явсаар ямар ч  техникийн нөхцөл аваагүй, үүнээс болж би маш их хохирсон. Тэгэхээр бидний хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ нь ашиг алдагдлыг хамтран үүрнэ гэсэн агуулгатай. Бодит байдал дээр би банк болон бусад хувь хүмүүст өртэй байгаа нь ямар нэгэн бичиг цаас өгөхөөсөө илүү бодит үнэн харагдаж байна. Иймд гэрээнд оролцогч талууд тодорхой хэмжээнд алдагдлыг үүрэх ёстой бөгөөд би өгөх ёстой орон сууц, гараажаа түүнд бүрэн шилжүүлж өгсөн. Маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь миний бие бөгөөд зохих журмын дагуу бүртгэл хийлгэсэн ба бүртгэл үнэн зөв явагдсан, өмчлөгч мөн гэдгийг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэж хүчин төгөлдөр болсон. Анх өмчлөлийг яагаад миний нэр дээр бүртгэсэн бэ гэдэг нь чухал. Нэхэмжлэгч тал зөвхөн бүртгэл талаас нь харсан гэж тайлбарлаж байна. Шүүх бүх талаас нь судалж, дүгнэлтээ гаргасан. Д.Б миний нэр дээр бүртгэхийг анхнаасаа  зөвшөөрсөн байдаг. Анх барилгыг барихдаа Худалдаа хөгжлийн банк ХХК-иас санхүүжилт авч гэрээ хийсэн ба Худалдаа хөгжлийн банк ХХК-иас бүхэлд нь уг барилгыг барьцаанд аваад ипотекийн зээл олгосон. Хамгийн анх зээл авахад банкны журмаар дуусаагүй барилгын гэрчилгээг барьцаанд авахдаа давхар газрыг барьцаанд авсан байдаг ба Д.Б зөвшөөрч гарын үсэг зурсан, тэгэхээр мэдээгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь миний өмч тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

 

Гуравдагч этгээд Худалдаа хөгжийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдаа хөгжлийн банк ХХК иргэн Ц.Оад тухайн үед зээл олгож, барилга бариулах санхүүжилтийг өгч байсан. Зээлээ төлөөгүй учраас тус банк шүүхэд хандаж, шүүхээр шийдвэрлүүлж, шүүхийн гүйцэтгэх хуудас бичүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байсан. Д.Бын нэхэмжлэлтэй иргэний хэрэгтэй холбоотойгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зогссон. Энэ асуудлаар нэхэмжлэгч хэд хэдэн удаа Иргэний болон Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн шүүхээр иргэн Д.Б нь хууль бус гэрчилгээг Ц.Оын нэр дээр гаргаж, Худалдаа хөгжлийн банк ХХК-д барьцаалсан тул хүчингүй болгож өгнө үү, мөн энэ байрыг миний нэр дээр бүртгэж өгнө үү гэх нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргасныг Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй, дээрх асуудлыг шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Жи ди ай ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.Бын нэхэмжлэлтэй Ц.Оад холбогдох иргэний хэрэгт дараахь хүсэлтийг гаргаж байна. Уг иргэний хэрэг өмнө нь удаа дараа хойшлогдож байсан, хэргийн хугацаа, бусад нөхцөл байдлаас шалтгаалж хойшлуулахгүйгээр шүүх хурлыг явуулах хүсэлтэй байх тул гуравдагч этгээдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Ц.Оад холбогдуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 54/3 дугаар байрны 4 давхрын 11 тоот 2 өрөө орон сууц, уг байрны В1 давхарт байрлах 1, 2 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.   

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар мэдүүлгийг үндэслэн шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           

         Нэхэмжлэгч Д.Б 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр талуудын хооронд бусдын газар дээр орон сууц барьж хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэх ба уг гэрээний 2.3.7 дахь заалт, Ц.О, Д.Б нарын хооронд үйлдэгдсэн “баталгаа” гэх баримтад  дээрх гэрээний 2.1.3, 2.3.7 дахь заалтыг дэлгэрүүлэн бичиж, Ц.О өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тул гэрээний 2.1.3 дахь заалт болон баталгаа гэх бичгийг үндэслэн шаардах эрхтэй гэж тайлбарлан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 54/3 дугаар байрны 4 давхрын 11 тоот 2 өрөө орон сууц, уг байрны В1 давхарт байрлах 1, 2 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг шаардлагаа дэмжиж байна.

 

   Харин хариуцагч Ц.О хамтран ажиллах гэрээний үүргээ Д.Б бүрэн биелүүлээгүй бөгөөд маргаан бүхий орон сууц, автомашины зогсоол нь миний өмч тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

          Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдов.

 

         Нэхэмжлэгч Д.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Жи ди ай ХХК, хариуцагч Ц.О нарын хооронд 2013 оны 9 дүгээр сарын  06-ны өдөр “бусдын газар дээр орон сууц барьж, хамтран ажиллах тухай” гэрээ байгуулагдсан байх ба гэрээний зорилго нь Б тал буюу Жи ди ай ХХК нь А тал буюу Д.Бын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 300 м.кв талбай бүхий амины орон сууцны зориулалттай газар дээр В тал буюу Ц.Оын хөрөнгөөр орон сууцны зориулалт бүхий байшин барих, орон сууцны барилгаас олсон ашгийг Д.Б, Ц.О нар гэрээгээр тохиролцсны дагуу хуваарилан авахаар зохицуулжээ.  

 

         Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.3-т “...Орон сууцны барилга ашиглалтад орсны дараа уг барилгаас өөрийн эзэмшлийн газрын үнэнд тооцон 4 давхрын нийт 175 м.кв талбайг, В1 давхрын 2 ширхэг авто машины зогсоолын хамт өөрийн өмчлөлд шилжүүлэн авна. Бусад маргаан гаргахгүй байх үүргийг хүлээнэ. Үүнд нэмж талбай авахгүй, ашгаас хувь хүртэхгүй, борлуулалтад оролцохгүй зэрэг болно...” гэж, 2.3.7-д “...Орон сууцны барилга ашиглалтад орсны дараа уг барилгаас А талд газрын үнэнд 4 давхрын нийт 175 м.кв талбайг, В1 давхрын 2 ширхэг авто машины зогсоолын хамт А талын өмчлөлд шилжүүлэн өгөх үүрэгтэй...” гэж, Баталгаа гэх баримтад “...иргэн Ц.О, Д.Б нар 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан 2013/02 тоот гэрээний дагуу Ц.О нь иргэн Д.Бд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах, дээрх Ц.Оын 54/3 тоот байрнаас 4 давхрын 2 өрөөтэй 2 ширхэг, 3 өрөөтэй 1 ширхэг байрыг барилгын ажил дууссаны дараа хүлээлгэн өгч, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгнө. Уг байрыг ашиглалтад орох хүртэл бусдад барьцаалахгүй болно...” гэж тохирсон байна.

 

         Нэхэмжлэгч Д.Б дээрх гэрээний заалт болон баталгааны дагуу тохирсон ёсоор үүргээ биелүүлээгүй гэж гэрээний үүргийн биелэлт шаардаж, маргаан бүхий 3 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан боловч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 54/3 дугаар байрны 4 давхрын 11 тоот 2 өрөө орон сууц, уг байрны В1 давхарт байрлах 1, 2 тоот автомашины зогсоолын өмчлөгч нь хариуцагч Ц.О болох нь Ү-2206041501, Ү-2206041494, Ү-2206041497 дугаарт тус тус бүртгэлтэй, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.

 

          Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т “...Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно...“ гэж, мөн хуулийн 183.3-т “...Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй...” гэж тус тус заажээ.

          

Нэхэмжлэгч Д.Б дээрх бүртгэлийг эс зөвшөөрч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Ц.Оад олгосон Ү-2206041501, Ү-2206041494, Ү-2206041497 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэл хууль бус болохыг тогтоож, гэрчилгээг хүчингүй болгож, Д.Бын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0627 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргаснаар  Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0647 дугаар магадлалаар хуулийн зүйл заалтад өөрчлөлт оруулж, шийдлийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

            Түүнчлэн хэргийн баримтаас харахад дээрх 3 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ц.О болохоос өмнө буюу 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 54/3 тоот, 1008 м.кв талбай бүхий, 97 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны өмчлөгчөөр Ц.Оыг бүртгэсэн байх ба тэрээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, 750.000.000 төгрөгийн зээл авсан болох нь 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Худалдаа хөгжлийн банк ХХК, Ц.О нарын хооронд байгуулсан зээл болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна.

 

            Худалдаа хөгжлийн банк ХХК нь зээлдэгч Ц.Оыг гэрээний үүргээ зөрчснөөс шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

           Нөгөө талаар Д.Б нь Ц.Оыг дээрх хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлаж, 4 давхрын 10, 12 тоот орон сууцыг шилжүүлж өгсөн боловч 11 тоот орон сууцны өмчлөх эрхийг өнөөдрийг хүртэл шилжүүлэн өгөөгүй гэж маргаж байх боловч Д.Б, Жи ди ай ХХК, Ц.О нарын хооронд байгуулсан гэрээ болон баталгаа гэх баримтаас харахад Ц.Оаас Д.Бд өгөх орон сууц, гаражийн тоог тодорхой заагаагүй, түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ц.О, Д.Б нарын хооронд үйлдэгдсэн “баталгаа” гэх баримтад хамтран ажиллах гэрээний 2.1.3, 2.3.7 дахь заалтыг дэлгэрүүлэн бичсэн гэж тайлбарлах боловч баталгаа гэх баримт нь хамтран ажиллах гэрээ байгуулахаас өмнө буюу 2012 оны 6 дугаар сарын 26-нд үйлдэгдсэн болохыг дурдах нь зүйтэй. 

 

           Иймд дээр дурдсан үндэслэлээр Ц.Оад холбогдох орон сууц болон автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай Д.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн  100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Оад холбогдох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 54/3 дугаар байрны 4 давхрын 11 тоот 2 өрөө орон сууц, уг байрны В1 давхарт байрлах 1, 2 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай Д.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 742.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.ДАВААСҮРЭН