Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2021/01152

 

 

                                           Д.Б-ын нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/00736 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1155 дугаар магадлалтай,

Д.Б-ын нэхэмжлэлтэй

Ц.О-д холбогдох

Гуравдагч этгээд “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Жэй Ди Ай” ХХК

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 54/3 дугаар байрны 4 давхрын 11 тоот 2 өрөө орон сууц, уг байрны В1 давхрын 1, 2 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагч Ц.О-ын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Должинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Б 2013.09.06-ны өдөр “Жэй Ди Ай” ХХК болон Ц.О-тай бусдын газар дээр орон сууц барих хамтран ажиллах гэрээг байгуулж, өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах, 300 м.кв талбай бүхий газар дээр Ц.О-ын хөрөнгөөр орон сууц бариулж, ашиглалтад оруулж, ашиглалтад орсны дараа 175 м.кв талбайг, В1 давхрын хоёр ширхэг автомашины зогсоолын хамт Д.Б-ын өмчлөлд шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон. Дээрх орон сууцыг ашиглалтад орсны дараа Д.Б уг орон сууцыг өнөөдрийг хүртэл эзэмшиж ашиглаж, амьдарч байгаа. Гэтэл Ц.О 2015.07.01-ний өдөр маргаан бүхий 2 өрөө орон сууц болон 1, 2 тоотод байрлах автомашины зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээг гаргуулан, уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д барьцаалан 2015.07.06-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, 2015.06.24-ний өдрийн ЗГ/82 дугаартай 500,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан. Д.Б гэрээний дагуу үүргээ бүрэн биелүүлж, өөрийн газар дээр барилга бариулсан. Гэтэл хариуцагч тус гэрээний 2.3.7-д заасан орон сууцны барилга ашиглалтад орсны дараа уг барилгаас газрын үнэд 4 давхрын нийт 175 м.кв талбайг, 2 ширхэг автомашины зогсоолын хамт А талд шилжүүлэн өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж байна. Мөн Ц.О, Д.Б нар 2012.06.26-ны өдөр баталгаа үйлдэж нотариатаар батлуулсан. Уг баталгаанд иргэн Ц.О, Д.Б нар 2013.09.06-ны өдөр байгуулсан гэрээний дагуу Ц.О нь Д.Б-д Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах 300 м.кв талбай бүхий Д.Б-ын газар дээрх Ц.О-ын 54/3 дугаар байрны 4 давхрын 11 тоот 2 өрөө орон сууц болон 2 ширхэг автомашины зогсоолыг Д.Б-д хүлээлгэн өгч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гарган өгч, ашиглалтад орох хугацаанд уг орон сууцыг бусдад барьцаалахгүй гэсэн, баталгааг өөрийн гараар бичиж нотариатаар батлуулсан. Дээрх барилга нь 6 давхар бөгөөд нэхэмжлэгч Д.Б 4 давхрын 10, 12 тоот орон сууцыг Ц.О-д шилжүүлж өгсөн боловч 11 тоот орон сууцны өмчлөх эрхийг өнөөдрийг хүртэл шилжүүлэн өгөөгүй. Иймд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэрийн Туул голын гудамж, 54/3 дугаар байрны 11 тоот 2 өрөө орон сууц болон тус байрны В1 давхарт байрлах, 1, 2 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр Д.Б-ыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд Д.Б, Ц.О, “Жэй Ди Ай” ХХК-ийн хооронд гурвалсан гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр хэн, хэн нь биенийхээ өмнө үүрэг хариуцлага хүлээсэн бөгөөд миний бие гэрээнийхээ үүргийг биелүүлж, харин хариуцагч Д.Б-ыг үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Учир нь Д.Б барилгын төсөл санал болгоод түүний дагуу барилга баригдсан боловч тэрээр бүрэн бус бичиг баримт бүрдүүлснээс болж барилгыг барих хугацаа удааширч, улмаар холбогдох газруудаас зөвшөөрөл авах зэргээр маш их хохирол учирсан учраас тухайн барилгыг шилжүүлж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, дээрх барилга нь хоёр давхар баригдаж, угсралтыг нь хийсэн байсан ба надад ойлгуулахдаа бичиг баримт, техникийн нөхцөл бүрэн барилга гэж итгүүлээд 160,000,000 төгрөг шаардсан байдаг. Д.Б, “Жэй Ди Ай” ХХК нь хоёр давхар хүртэл барьж өрөнд ороод намайг дуудаж, 160,000,000 төгрөг гаргуулж, бичиг баримтаа авъя гэхээр тэрэнд байгаа гэж өгөхгүй явсаар ямар ч техникийн нөхцөл аваагүй, үүнээс болж би маш их хохирсон. Тэгэхээр бидний хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ нь ашиг алдагдлыг хамтран үүрнэ гэсэн агуулгатай. Бодит байдал дээр би банк болон бусад хувь хүмүүст өртэй байгаа нь ямар нэгэн бичиг цаас өгөхөөсөө илүү бодит үнэн харагдаж байна. Иймд гэрээнд оролцогч талууд тодорхой хэмжээнд алдагдлыг үүрэх ёстой бөгөөд би өгөх ёстой орон сууц, гараашаа түүнд бүрэн шилжүүлж өгсөн. Маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь миний бие бөгөөд зохих журмын дагуу бүртгэл хийлгэсэн ба бүртгэл үнэн зөв явагдсан, өмчлөгч мөн гэдгийг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэж хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэгч тал зөвхөн бүртгэл талаас нь харсан гэж тайлбарлаж байна. Шүүх бүх талаас нь судалж, дүгнэлтээ гаргасан. Д.Б миний нэр дээр бүртгэхийг анхнаасаа зөвшөөрсөн байдаг. Анх барилгыг барихдаа “Худалдаа хөгжлийн банк” ХХК-иас санхүүжилт авч гэрээ байгуулж уг барилгыг барьцаанд аваад ипотекийн зээл олгосон. Хамгийн анх зээл авахад банкны журмаар дуусаагүй барилгын гэрчилгээг барьцаанд авахдаа давхар газрыг барьцаанд авсан байдаг ба Д.Б зөвшөөрч гарын үсэг зурсан, тэгэхээр мэдээгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь миний өмч тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Гуравдагч этгээд “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.О-д тухайн үед зээл олгож, барилга бариулах санхүүжилтийг өгч байсан. Зээлээ төлөөгүй учраас тус банк шүүхэд хандаж, шүүхээр шийдвэрлүүлж, шүүхийн гүйцэтгэх хуудас бичүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байсан. Д.Б ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгтэй холбоотойгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зогссон. Энэ асуудлаар нэхэмжлэгч хэд хэдэн удаа Иргэний болон Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн шүүхээр иргэн Д.Б нь хууль бус гэрчилгээг Ц.О-ын нэр дээр гаргаж, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д барьцаалсан тул хүчингүй болгож өгнө үү, мөн энэ байрыг миний нэр дээр бүртгэж өгнө үү гэх нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргасныг Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй, дээрх асуудлыг шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “Жэй Ди Ай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүх хурлыг явуулах хүсэлтэй байх тул гуравдагч этгээдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/00736 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.О-д холбогдох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 54/3 дугаар байрны 4 давхрын 11 тоот 2 өрөө орон сууц, уг байрны В1 давхарт байрлах 1, 2 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай Д.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 742,950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1155 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/00736 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 54/3 дугаар байрны 4 давхрын 11 тоот 2 өрөө орон сууц, уг байрны В1 давхрын 1, 2 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоосугай” гэж, 2 дахь заалтын “...үлдээсүгэй” гэснийг “...үлдээж, хариуцагч Ц.О-аас 742,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 742,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.О хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гаргаж байна. Давж заалдах шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хууль буруу тайлбарлан хэрэглэж миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан тул гомдолтой байна. Миний бие Ц.О нь иргэн Д.Б, “Жэй Ди Ай” ХХК-тай 2013.09.06-ны өдөр “Бусдын газар дээр орон сууц барьж, хамтран ажиллах тухай” гэсэн нэртэй хамтран ажиллах гэрээг байгуулсан. Гэрээний дагуу Д.Б нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 300 м.кв талбай бүхий амины орон сууцны зориулалттай газар, түүнд холбогдох барилгын ажлын зөвшөөрөл бичиг баримтуудыг, “Жэй Ди Ай” ХХК нь мэргэжлийн боловсон хүчин, Ц.О миний бие барилгыг дуусгахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг тус тус оруулахаар тохиролцсон. Гэтэл анхнаасаа барилгын холбогдох зөвшөөрөл, баримт бичиг нь дутуу байсан тул барилга дулааны төвийн шугамд холбогдож чадахгүй, улсын комисст хүлээлгэж өгч чадахгүй байсны улмаас барилгын ашиглалтад оруулах хугацаа хойшилсон юм. Ийнхүү барилга хугацаандаа ашиглалтад ороогүйн улмаас тооцсон ашиг буурч, алдагдал өссөн болно. Талуудын хооронд байгуулсан “Бусдын газар дээр орон сууц барьж, хамтран ажиллах тухай” гурвалсан гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан “Хамтран ажиллах гэрээ”-ний төрөлд хамаарна. Гэтэл давж заалдах шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “Дээрх гэрээгээр Д.Б нь газар эзэмших эрхийг Ц.О- д, Ц. Оюунбат нь барилгын 4 давхрын нийт 175 м.кв талбай, В1 давхрын 2 ширхэг автомашины зогсоолыг Д.Б харилцан өмчлөлд шилжүүлэхээр үүрэг хүлээсэн тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэснээрээ хуулийг буруу хэрэглэсэн байна. Тодруулбал, арилжааны гэрээ гэдэгт талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлдөө шилжүүлэх үүрэг хүлээсэн байхыг ойлгох бол хамтран ажиллах гэрээ гэдэгт хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээж байгааг ойлгоно. Эндээс харвал миний бие Ц.О, иргэн Д.Б, “Жэй Ди Ай” ХХК-ийн хооронд байгуулсан гурвалсан гэрээ нь ашиг олох зорилготой хамтран ажиллах гэрээ мөн тул ашиг, алдагдлыг талууд адилхан хуваах ёстой. Иймд дээр дурьдсанчлан нэхэмжлэгч Д.Б-ын бүрдүүлж өгсөн зөвшөөрөл, бичиг баримт дутуун улмаас тооцсон ашиг буурсан тул Д.Б-д 4 давхрын 10, 12 тоот орон сууцыг шилжүүлж өгсөн болно. Д.Б нь намайг хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлаж, 4 давхрын 11 тоот орон сууцны өмчлөх эрхийг өнөөдрийг хүртэл шилжүүлэн өгөөгүй гэж маргаж байна. Гурвалсан гэрээ болон баталгаа гэх баримтаас харвал Ц.О миний бие Д.Б-д өгөх орон сууц, автомашины зогсоолын тоог тодорхой заагаагүй, өөрөөр бол 4 давхрын 11 тоот, В1 давхрын 1, 2 дугаар зогсоолыг шилжүүлнэ гэж тохиролцоогүй тул Д.Б-д маргаж буй үл хөдлөх хөрөнгүүдийг шаардах эрх байхгүй. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.Б болон бид 2-ын хооронд үйлдэгдсэн “баталгаа” гэх баримтад хамтран ажиллах гэрээний 2.1.3, 2.3.7 дахь заалтыг дэлгэрүүлэн бичсэн гэж тайлбарлах боловч баталгаа гэх баримт нь хамтран ажиллах гэрээ байгуулахаас өмнө буюу 2012.06.26-нд үйлдэгдсэн гэдгийг анхаарах хэрэгтэй. Ийнхүү давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, Д.Б-шаардах эрхийн үндэслэл байхгүй байхад шийдвэр гаргасан зэрэг нь хууль хэрэглээний ноцтой алдаа байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.Б нь Ц.О-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 54/3 дугаар байрны 4 давхрын 11 тоот 2 өрөө орон сууц, уг байрны В1 давхрын 2 ширхэг автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрт нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн өөрчлөлт оруул

 Ц.О хяналтын шатны шүүхэд 2020.07.06-ны өдөр гомдол гаргасан боловч зохигч нар 2021.07.01-ний өдөр эвлэрсэн байна.

Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчихгүй юм. 

Д.Б Ц.О-т нарын хооронд 2021.07.01-ний өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээнд “Ц.О болон Д.Б нар нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 54/3 дугаар байрны 11 тоот 54 м.кв орон сууц болон 01, 02 тоот автомашины зогсоолууд дээр өмчлөлийн маргаан явагдаж байсныг харилцан тохиролцож дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг Д.Б-ын нэр дээр шилжүүлж, Д.Б нь Ц.О-д 25,000,000 төгрөг төлж бидний хооронд дахин шүүхийн маргаан байхгүй дууссаныг баталж байна.”   гэжээ.    

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдөхөд барьцааны гэрээнд нөлөөлөхгүй тул гуравдагч этгээд “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/00736 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1155 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Ц.О болон Д.Б нар нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 54/3 дугаар байрны 11 тоот 54 м.кв орон сууц болон 01, 02 тоот автомашины зогсоолууд дээр өмчлөлийн маргаан явагдаж байсныг харилцан тохиролцож дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг Д.Б-ын нэр дээр шилжүүлж, Д.Б нь Ц.О-д 25,000,000 /хорин таван сая/ төгрөг төлөхөөр тус тус тохиролцсон, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 742,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

   Г.ЦАГААНЦООЖ           

   Д.ЦОЛМОН

    Х.ЭРДЭНЭСУВД