Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 1135

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Б ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2020/01074 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Б ийн хариуцагч Ш.Э д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34 428 826 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Ө,

Хариуцагчийн өмгөөлөгч: М.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б миний бие 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Ш.Э д 30 500 000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай өдрийн 0.5 хувийн хүүтэйгээр зээлдүүлж нотариатчийн 2178 дугаар бүртгэлээр зээлийн гэрээг бичгээр байгуулж тухайн өдөрт нь мөнгийг дансаар хүлээлгэн өгсөн. Ш.Э мөн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 2 000 000 төгрөг шилжүүлсэн.Ш.Э нь энэ талаар тайлбартаа дутуу бичсэн байна. Өөрөөр хэлбэл А.Б надад Ш.Э д 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний дагуу зээлдүүлсэн 30 500 000 төгрөгөөс нийт 14 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, алдангийг дараах байдлаар тооцсоныг дэлгэрэнгүй байдлаар хүргүүлж байна. Үндсэн зээл 30 500 000 төгрөг, зээлийн хугацаа 7 хоног, зээлийн хугацааны хүү 1 067 500 төгрөг, зээлийн гэрээний хугацаа дуусахад буюу 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүрэг нь 31 567 500 болсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй учир 1 өдрийн алдангид 157 837 төгрөг болсон .Ингээд нийт 37 725 337 төгрөгийн үүрэг үүссэн байдаг. Ш.Э 31 725 337 төгрөгийн зээлийн гэрээний үүргээс 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 12 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр 19 725 337 төгрөг болсон. Ш.Э 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл нийт 53 хоногийн хугацаа өнгөрсөн  бөгөөд энэ хугацаанд гэрээний хугацаа биелүүлээгүй өнгөрсөн бөгөөд 1 өдрийн алданги 98 626 төгрөг бөгөөд 53 хоногоор тооцоход 5 227 214 төгрөг бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 19 725 337 төгрөг дээр 53 хоногийн 5 227 214 төгрөг нийт 24 952 551 төгрөг болсон. Ш.Э 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 2 000 000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлсэн бөгөөд үүнийг гэрээний үлдэгдэл төлбөр болох 24 952 551 төгрөгөөс хасаж тооцоход 22 952 551 төгрөгийн үлдэгдэл төлбөр төлсөн. 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гэхэд үлдэгдэл төлбөр 22 952 551 төгрөг болсон бөгөөд үүнээс хойш Ш.Э зээлийн гэрээний үүргээ огт биелүүлээгүй болно. 22 952 551 төгрөгийг 1 өдрийн алдангийн хэмжээ нь 114 762 төгрөг байна. 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн буюу нэхэмжлэл гаргах хүртэл 101 хоног байна. 101 хоногийн алданги нь 11 591 038 төгрөг болно. Гэвч энэ 22 952 551 төгрөгийн 50 хувиас хэтэрч байх тул 11 476 275 төгрөгийг нэмж тооцож 34 428 826 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 01 дүгээр сараас хааяа мөнгөний хэрэг гарахаар мөнгө зээлж авдаг байсан боловч удалгүй буцаан төлдөг байсан. Бид хоорондоо зөвхөн Хаан банкны дансаар харалцдаг байсан бөгөөд нэг ч удаа бэлнээр мөнгө өгч авч байгаагүй ба заримдаа н.А гэдэг хүний дансаар мөнгө өгч би бас түүн рүү шилжүүлдэг байсан. Өнгөрсөн хугацаанд А.Б ийн Хаан банкан дахь 5111002905 дугаартай төгрөгийн данснаас миний нэр дээр 5084369199 тоот дансанд 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 4 000 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 4 000 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 3 700 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 4 000 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 80 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 4 000 000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 100 000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 600 000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 6 000 000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 900 000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 4 000 000 төгрөг нийт 23 380 000 төгрөг авсан байдаг. Харин А.Б ийн дансанд 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 5 500 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 400 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 500 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 1 000 000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 12-ний өдөр 735 000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 800 000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний 3 600 000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 100 000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 1 400 000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 8 000 000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 260 000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 4 000 000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 1 000 000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 2 000 000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 04-ны өдөр 12 000 000 төгрөг нийт 39 495 000 төгрөг болгож өгсөн байдаг. Энэхүү 39 495 000 төгрөгт н.А гэх данснаас шилжүүлсэн мөнгийг ч мөн бүрэн төлж дуусгасан учир одоогоор би А.Б д ямар ч өглөггүй юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдаж буй 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2178 дугаартай зээлийн гэрээний 3.2 дахь хэсэгт заасан 30 500 000 төгрөгийг зээлдүүлэгч А.Б надад өгөөгүй болно. Хүүхэд миний өвчтэй байх үед яаран сандран нотариат дээр дурдахад би очиж гарын үсэг зурж дансны гүйлгээг нарийн шалгаагүй байсан. Иймээс гэрээний дагуу миний бие ямар ч хүү, алданги төлбөр төлөх үүрэггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Э аас зээлийн гэрээний үүрэгт 26 100 750 төгрөгийг гаргуулж А.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 328 076 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330 094 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Э аас улсын тэмдэгтийн хураамжид 288 454 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Б д олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01897 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах хугацаанд хүчинтэй байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр 30 500 000 төгрөгийг хариуцагч Ш.Э д бэлнээр өгсөн гэж гэрээнд тусгасан боловч нэхэмжлэл гаргахдаа дансаар өгсөн гэж зөрүүтэй мэдүүлэхээс гадна дээрх мөнгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн тухайгаа баримтаар нотлоогүй байхад шүүх өөрийн үзэмжээр хэргийг шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн хариуцагч шүүхэд 2 удаа бичгээр, шүүх хуралд амаар тайлбар өгөхдөө нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлэн өгөөгүй гэж мэдүүлсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу мөнгийг хүлээлгэн өгөөгүй тухай тайлбарласаар байтал хүчин төгөлдөр эсэхтэй маргаагүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Хариуцагч хариу тайлбараа нотлох зорилгоор нэхэмжлэгч болон хариуцагчийн бүх дансны хуулгийг гарган өгч түүнээс түүвэр хийж өгсөөр байхад түүнийг эсрэгээр тайлбарлаж өмнө нь зээлийн харилцаа байсан 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2178 дугаартай гэрээг байгуулсан гэж дүгнэсэн нь бодит үнэнд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч өмнө нь нэхэмжлэгчээс мөнгө авч, буцааж өгч байсан тухай тайлбарлаж байгаа нь өмнөх харилцааны дагуу 14 000 000 төгрөг шилжүүлснээ тайлбарласаар байхад 2178 дугаартай зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн мэтээр өөрөө санаачлагаараа нотлох баримтыг нэхэмжлэгчид ашигтай хэлбэрээр тайлбарлан хэргийг шийдвэрлэж байгаа нь харагдаж байна. Хариуцагч нь нэхэмжлэгчээс хэзээ хэдэн төгрөгийн зээлийг зээлсэн, түүний дансанд 14 000 000 төгрөг шилжүүлсэн зээлийг аль зээлийн үүрэгт гүйцэтгэсэн талаарх татгалзлаа баримтаар нотлоогүй, нотлох эрхээ хэрэгжүүлээгүй болно гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсгийг ноцтой зөрчиж хариуцагч миний хүсэлтийн дагуу шүүхийн журмаар гаргуулан өгсөн баримтуудыг нэгийг нь үнэн зөв талаас нь үнэлээгүйд гомдолтой байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл дээрээ дансаар хүлээлгэн өгсөн гэж дурьдсан бөгөөд хүсэлт гаргаж дансны хуулга авахуулж дансаар хүлээлгэн өгөөгүй нь нотлогдоход бэлнээр хүлээлгэн өгсөн гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т заасан “шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах” үүргээ ноцтой зөрчсөн байхад түүнийг харгалзан үзээгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан бөгөөд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй тул хүү болон алданги нэхэмжлэх эрхгүй байхад шүүх үүнийг анхаарч үзээгүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Ш.Э д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 22 952 551 төгрөг, алданги 11 476 275 төгрөг нийт 34 428 826 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч “...хариуцагч Ш.Э д 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 30 500 000 төгрөг зээлдүүлснийг буцаан төлөөгүй тул зээл, зээлийн хүү, алдангийн хамт нэхэмжилнэ” гэж, хариуцагч нь “...зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөөгүй, өмнөх зээлийн төлсөн төлбөрийг нэхэмжилсэн гэж тус тус тайлбар гаргажээ.

Талуудын хооронд 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 2178 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч А.Б нь зээлдэгч Ш.Э д 30 500 000 төгрөгийг, өдрийн 0.5 хувийн хүүтэй, 7 хоногийн хугацаатай зээлдүүлэх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцжээ. /хх-5/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрх гэрээний 3.4-т зээл олгох хэлбэр хугацаа гэсэн хэсэгт “бэлнээр 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зээлдэгчид хүлээлгэн өгсөн” гэж бичиж зээлдэгч Ш.Э зөвшөөрч гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэнээс дүгнэвэл зээлдүүлэгч А.Б нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгч Ш.Энхжаргалын өмчлөлд шилжүүлсэн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Хэргийн 59-74, 81-89 дүгээр тал дах “Хаан банк” ХХК дахь Ш.Э болон А.Б нарын эзэмшлийн дансны хуулга болон тэдгээрийн тайлбараар зохигчдын хооронд өмнө нь зээлийн гэрээний харилцаа үүсэж байсан болох нь тогтоогджээ.

 

Талуудын байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2178 дугаар зээлийн гэрээний дагуу зээл төлөх хугацаа 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байсан, хариуцагч Ш.Э “Хаан банк” ХХК дахь А.Б ийн эзэмшлийн 5111002905 тоот дансанд 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 12 000 000 төгрөг, мөн оны 08 дугаар сарын 27-ны өдөр 2 000 000 төгрөг, нийт 14 000 000 төгрөг төлснийг дээрх зээлийн гэрээний төлбөрт төлсөн гэж үзэх үндэслэлтэй. /хх-87, 89/

 

Хариуцагч Ш.Э нь А.Б надад 30 500 000 төгрөг өгөөгүй хүүхэд өвчтэй байх үед яаран сандран нотариат дээр дуудахад очиж гарын үсэг зурсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Хариуцагч Ш.Э нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй гэрээгээр хүлээсэн үүрэг зөрчсөн тул нэхэмжлэгч А.Б нь зээлийн гэрээний 3.7 болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй.

 

Иймд анхан шатны шүүх зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчид хариуцагч нь 30 500 000 төгрөгийн 1 өдрийн хүү 152 500 төгрөг, 7 хоногийн хүү 1 067 500 төгрөг, нийт 31 567 500 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төлөх үүрэгтэй байснаас түүний төлсөн 14 000 000 төгрөгөөс 1 067 000 төгрөгийг зээлийн хүүд тооцож, 12 933 500 төгрөгийг үндсэн зээлээс хасаж, үлдэгдэл 17 066 500 төгрөг, алданги 8 328 076 төгрөг, нийт 26 100 750 төгрөгийг Ш.Э аас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...гэрээнд бэлнээр мөнгө өгсөн гэж тусгасан боловч дээрх мөнгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн тухайгаа баримтаар нотлоогүй байхад зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, өмнөх зээлд 14 000 000 төгрөг төлсөн байхад зээлийн гэрээний дагуу төлсөн мэтээр нотлох баримтыг үнэн зөв талаас нь үнэлж дүгнээгүй” гэх гомдол гаргасан боловч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул түүний энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагнарангийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2020/01074 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 288 452 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.ОТГОНЦЭЦЭГ                                                                                          

                          ШҮҮГЧИД                                         С.ЭНХТӨР

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ