Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2020/01074

 

 

2020         03          31                                       101/ШШ2020/01074

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ш.Э-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 34,428,826 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өнөржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагнаран, өмгөөлөгч М.Энхжаргал, нарийн бичгийн дарга Ж.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Б миний бие 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Ш.Э-д 30,500,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай өдрийн 0.5 хувийн хүүтэйгээр зээлдүүлж нотариатчийн 2178 дугаар бүртгэлээр Зээлийн гэрээг бичгээр байгуулж тухайн өдөрт нь мөнгийг дансаар хүлээлгэн өгсөн. Зээлийн гэрээгээр Ш.Э 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр надад нийт 12,000,000 төгрөг өгсөн. Үүнээс 7 хоногийн зээлийн хүү нь 1,067,500 төгрөг болж, нэг хоногийн алданги 157,837 төгрөг нийт алданги 1,227,337,төгрөг, үндсэн зээлээс 10,774,663 төгрөг хасагдаж надад 19,725,337 төгрөгийн хүүний хамт төлөх үлдэгдэлтэй болсон. Уг үлдэгдэл 19,725,337 төгрөгийн 1 өдрийн алданги 98,626 төгрөг болж байгаа юм. Үүнээс хойш Ш.Эаас мөнгө өг гэж удаа дараа шаардаж байсан боловч өгөхгүй байсаар 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн надад өгсөн юм.

Энэ хугацааны зээлийн гэрээний хүү /2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр/ нийт төлбөр 24,952,551 төгрөг болсон байсан тул уг төлбөрөөс 2,000,000 төгрөгийг хүүнээс хасаж 22,952,551 төгрөгийг хүүний хамт төлөх үлдэгдэлтэй болсон. Үүнээс хойш үндсэн зээл болон хүүний төлбөрийг огт хийхгүй хугацаа байх тул Ш.Э-аас төлбөр төлөөгүй үлдэгдэл болох 22,952,551 төгрөг, хүү 11,361,438 төгрөг/2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр/ хүртэл 100 хоногийн хүү 11,476,200 төгрөг нэг өдрийн хүүг бодохдоо /22,952,551*0,5%=114,762 төгрөг/ нийт 34,428,826 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өнөржаргал шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: А.Б Ш.Э нар 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Ш.Э-д 30,500,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай өдрийн 0.5 хувийн хүүтэй, үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтэрсэн хоногт 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцон 30,500,000 төгрөгийг барьцаагүй зээлдүүлж Зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагчийн нэмэлт тайлбарт дурдсан дансны гүйлгээнээс зөвхөн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн гэрээ байгуулснаас хойш 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 12,000,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээ нь хамааралтай болно. Ш.Э мөн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн.Ш.Э нь энэ талаар тайлбартаа дутуу бичсэн байна. Өөрөөр хэлбэл А.Б надад Ш.Э-д 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний дагуу зээлдүүлсэн 30,500,000 төгрөгөөс нийт 14,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, алдангийг дараах байдлаар тооцсоныг дэлгэрэнгүй байдлаар хүргүүлж байна.

1. Үндсэн зээл 30,500,000 төгрөг, зээлийн хугацаа 7 хоног, зээлийн хугацааны хүү 1,067,500 төгрөг,

2. Зээлийн гэрээний хугацаа дуусахад буюу 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүрэг нь 31,567,500 болсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй учир 1 өдрийн алдангид 157,837 төгрөг болсон .Ингээд нийт 37,725,337 төгрөгийн үүрэг үүссэн байдаг.

3. Ш.Э 31,725,337 төгрөгийн Зээлийн гэрээний үүргээс 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 12,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр 19,725,337 төгрөг болсон.

4. Ш.Э 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл нийт 53 хоногийн хугацаа өнгөрсөн  бөгөөд энэ хугацаанд гэрээний хугацаа биелүүлээгүй өнгөрсөн бөгөөд 1 өдрийн алданги 98,626 төгрөг бөгөөд 53 хоногоор тооцоход 5,227,214 төгрөг бөгөөд Үндсэн зээлийн үлдэгдэл 19,725,337 төгрөг дээр 53 хоногийн 5,227,214 төгрөг нийт 24,952,551 төгрөг болсон.

5. Ш.Э 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлсэн бөгөөд үүнийг гэрээний үлдэгдэл төлбөр болох 24,952,551 төгрөгөөс хасаж тооцоход 22,952,551 төгрөгийн үлдэгдэл төлбөр төлсөн.

6. 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гэхэд үлдэгдэл төлбөр 22,952,551 төгрөг болсон бөгөөд үүнээс хойш Ш.Э зээлийн гэрээний үүргээ огт биелүүлээгүй болно. 22,952,551 төгрөгийг 1 өдрийн алдангийн хэмжээ нь 114,762 төгрөг байна.

7. 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн буюу нэхэмжлэл гаргах хүртэл 101 хоног байна. 101 хоногийн алданги нь 11,591,038 төгрөг болно. Гэвч энэ 22,952,551 төгрөгийн 50 хувиас хэтэрч байх тул 11,476,275 төгрөгийг нэмж тооцож 34,428,826 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагнаран шүүхэд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: А.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй. А.Б бидний хооронд бие биендээ мөнгө өгч авалцах тохиолдол олон байсан бөгөөд энэхүү харилцаа нь 2019 оны 01 дүгээр сараас эхлэлтэй юм. Би хааяа мөнгөний хэрэг гарахаар мөнгө зээлж авдаг байсан боловч удалгүй буцаан төлдөг байсан. Бид хоорондоо зөвхөн Хаан банкны дансаар харалцдаг байсан бөгөөд нэг ч удаа бэлнээр мөнгө өгч авч байгаагүй ба заримдаа н.А гэдэг хүний дансаар мөнгө өгч би бас түүн рүү шилжүүлдэг байсан. Өнгөрсөн хугацаанд А.Б-гийн Хаан банкан дахь ******* дугаартай төгрөгийн данснаас миний нэр дээр ******* тоот дансанд 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 4,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 3,700,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 80,000 төгрөг, 2019.02.19-ны өдөр 4,000,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 100,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 600,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр  6,000,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр  900,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 4,000,000 төгрөг нийт 23,380,000 төгрөг авсан байдаг.

Харин А.Б-гийн дансанд 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 5,500,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 400,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 12-ний өдөр 735,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 800,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний 3,600,000 төгрөг, 2019 4 дүгээр 26-ний өдөр 100,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 1,400,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 8,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 260,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 4,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 04-ны өдөр 12,000,000 төгрөг нийт 39,495,000 төгрөг болгож өгсөн байдаг. Энэхүү 39,495,000 төгрөгт Алтантуяа гэх данснаас шилжүүлсэн мөнгийг ч мөн бүрэн төлж дуусгасан учир одоогоор би А.Б ямар ч өглөггүй юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдаж буй 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2178 дугаартай зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан 30,500,000 төгрөгийг зээлдүүлэгч А.Б надад өгөөгүй болно. Хүүхэд миний өвчтэй байх үед яаран сандран нотариат дээр дурдахад би очиж гарын үсэг зурж дансны гүйлгээг нарийн шалгаагүй байсан. Иймээс гэрээний дагуу миний бие ямар ч хүү алданги төлбөр төлөх үүрэггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Б хариуцагч Ш.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 22,952,551 төгрөг, алданги 11,476,275 төгрөг нийт 34,428,826 төгрөгийг гаргуулахыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ш.Э 2019 оны 01 дүгээр сараас эхлэн А.Бурд надад 23,380,000 төгрөгийг зээлдүүлсэнг, миний бие 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хүртэл хугацаанд 39,495,000 төгрөг болгож төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

 Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Ш.Э-тай 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 30,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай, өдрийн 0,5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн  алданги төлөхөөр харилцан тохиролцож зээлдүүлэхээр талууд хүсэл зоригийг илэрхийлж, Зээлийн гэрээ байгуулж хэн аль нь гарын үсгээ зурж нотариатаар гэрчлүүлжээ./хх-ийн 5 дугаар тал/

Зохигчид зээлийн гэрээний хүчин төгөлдөр эсэх, хариуцагч гэрээнд зурагдсан гарын үсгийн бичвэрийн талаар маргаагүй.

Хариуцагч зээлийг бэлнээр аваагүй, урд авсан мөнгийг буцаан төлсөн,  гэж маргасан.

Хавтас хэрэгт авагдсан зохигчдын дансны баримтаар талууд 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулахаас өмнө тэд бие биендээ мөнгө зээлдүүлж, зээлж талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэж байсан нь тогтоогдож байна. Үүнд:

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд:

нэхэмжлэгч А.Б-гийн Хаан банкны ******* данснаас хариуцагч Ш.Э-ын Хаан банкны ******* дансанд 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 4,000,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 80,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 100,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 600,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 6,000,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 900,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 4,000,000 төгрөг нийт 15,680,000 төгрөгийг,

хариуцагчийн Хаан банкны ******* данснаас нэхэмжлэгчийн Хаан банкны ******* дансанд 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 5,500,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 400,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 300,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 300,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 135,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 800,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 200,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 600,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 200,00 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 50,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 400,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 260,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 2,000,000 төгрөг нийт 26,745,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн нь тогтоогдож байна. /хх-ийн 59-74,  82-89 дүгээр тал/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,

282 дүгээр зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-т “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заажээ.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 3ээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т “30,000,000 төгрөгийг”, 3.4-д “бэлнээр 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээлгэн өгсөн” гэж тохирчээ./хх-ийн 5 дугаар тал/

 Хариуцагч Ш.Э зээлийн гэрээ/2019.06.26/ байгуулснаас хойш нэхэмжлэгчийн Хаан банкны ******* дансанд 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 12,000,000 төгрөг, 8 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 14,000,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлсэн үйлдэл, түүний 23,380,000 төгрөгийг 39,495,000 төгрөг болгож буцаан төлсөн гэх тайлбар няцаагдаж, зээлийн гэрээний үүргийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. /87-89 дүгээр тал/

Хариуцагч нь нэхэмжлэгчээс хэзээ хэдэн төгрөгийн зээлийг  зээлсэн, түүний дансанд 14,000,000 төгрөгийг шилжүүлсэн зээлийг аль зээлийн үүрэгт гүйцэтгэсэн талаарх татгалзлаа баримтаар нотлоогүй, нотлох эрхээ хэрэгжүүлээгүй болно.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчаас 14,000,000 төгрөг шилжиж орж ирсэн дүнгээс хүү 1,067,500 төгрөгийг төлсөн гэж үзсэн гэж тайлбарласан.

Хариуцагч Ш.Э-ын зээлийн гэрээний үүрэгт төлсөн 14,000,000 төгрөгөөс зээлийн хүү болох 1,067,000 төгрөгийг хасаж, үндсэн зээлээс 12,933,500 төгрөгийг төлж, үлдэгдэл 17,066,500 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 101 хоногийн алданги 11,476,275 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан. 

Зохигчдын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 3.7-д “гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө.” гэж тохирчээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д ”Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж тус тус зааснаар хариуцагчаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 17,066,500 төгрөгийн 50 хувь болох 8,533,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Иймд хариуцагчаас үндсэн зээл 17,066,500 төгрөг, алданги 8,533,2500 төгрөг нийт 26,100,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,328,076 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Шүүх, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан шаардлага хангасан гэж дүгнээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Э-аас зээлийн гэрээний үүрэгт 26,100,750 төгрөгийг гаргуулж А.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,328,076 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330,094 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 288,454 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Б-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01897 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжийг давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах хугацаанд хүчинтэй байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ