| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Ганзориг |
| Хэргийн индекс | 106/2018/0413/Э |
| Дугаар | 216 |
| Огноо | 2019-05-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Дамдинсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 216
Б.Д-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 976 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 168 дугаар магадлалтай, Б.Д-д холбогдох 1805016040336 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүүгийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, эмэгтэй, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1033 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, Д овогт Б.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д-ыг “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Д-аас нийт 954,100 төгрөг гаргуулж, хохирогч Д.М-д 360,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.С-д 270,100 төгрөг, С.М-д 324,000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Б.Д-ын бага насны хүүхэд А.Б, Д.Н нарын харгалзан дэмжих асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгахаар нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүгдэгч Б.Д- нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа учруулсан хохирлоо бүрэн төлж, баримтаа өмгөөлөгчөөрөө дамжуулан өгсөн байтал давж заалдах шатны шүүх хуралдаанд уг хохирол, хор уршгийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно...” гэж заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Д- нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирлыг төлсөн байтал энэ талаар дүгнэлт хийгээгүй нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.
Давж заалдах шатны шүүх учирсан хохирлыг төлсөн тухай нотлох баримтыг шийдвэрлээгүйн улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлд заасан “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох” асуудал орхигдох, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шийдвэрлээгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Д- нь гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан бодит хохирлыг төлж барагдуулан бүрэн хохиролгүй болгосон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нэг нөхцөл юм. Мөн өөрийн үйлдсэн гэмт хэргээ ямар нэг дарамт шахалтгүйгээр, үнэн зөв мэдүүлж, үйлдсэн хэргээ илчилсэн бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд зүйл, хулгай хийсэн гэх газрын байршил болон хулгай хийж олсон зүйлийг барьцаалсан барьцаалан зээлдүүлэх газар зэргийг үнэн зөвөөр зааж өгсөн нь мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тэмдэглэл, гэрэл зургаар харагдаж байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн явцад үйлдсэн гэмт хэргийн талаар тогтвортой үнэн зөв мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн үйлдэлдээ гэмшиж байгаа талаар мэдүүлсэн байдаг.
Цаашлаад давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуульд заасан хохирлыг нэг мөр тогтоосон бол шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэж заасны дагуу хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл үүсэх байсан.
Мөн шүүгдэгч Б.Д- нь эрүүл мэндийн хувьд бөөрний архаг үрэвсэлтэй, өрх толгойлсон, 3 болон 5 настай бага насны хүүхдийн хамт амьдардаг бөгөөд ганц бие эх зэрэг амьдралын хүнд нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэх боломжтой байтал Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт анхан шатны шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байтал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хохирол, хор уршгийг тогтоогоогүй. Эрүүгийн 6.12 дугаар зүйлд зааснаар хорих ялаас хугацаанаас өмнө суллах боломжтой байсан.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасны дагуу шүүгдэгч Ц.Д д оногдуулсан хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь үйлдсэн гэмт хэргийн хувьд маргадаггүй. Анхан шатны шүүх хуралдааны дараа гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийг төлж барагдуулсан. Харин давж заалдах шатны шүүх нь шүүгдэгчийн хувийн байдал, өмнө гэмт хэрэгт холбогдож байсан зэргийг харгалзан үзэж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч нь хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн юм. Шүүгдэгчид ямар хэмжээний ял оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүүгийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Д-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Б.Д- нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн тоот хашаанд байрлах иргэн Д.М-н эзэмшлийн монгол гэрийн хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч “Хайер” загварын 40 инчийн зурагт, монетон ээмэг, зүүлт, “Самсунг нөүт-2” загварын гар утас зэрэг эд зүйлийг хулгайлж 1,160,000 төгрөгийн,
2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн ...дугаар гудамж, ..тоотод оршин суух Л.Б-ы гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 42 инчийн “TLC” брэндийн зурагт, “SHARP” брэндийн хөргөгч зэрэг эд зүйлийг хулгайлж 919,800 төгрөгийн хохирол тус тус учруулсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Д-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, уг тогтоосон үйл баримт, нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.
Харин Б.Д-, түүний өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүх хуралдаанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн баримтуудаа гарган өгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрснөө илэрхийлсээр байтал энэхүү нөхцөл байдлыг яагаад ялыг хөнгөрүүлэх үндэслэлд тооцоогүй талаар давж заалдах шатны шүүх шийдвэртээ огт дүгнээгүй байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмын нэг илрэл боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэм хэмжээг хэрэглэх үндэслэл, шалгуурыг хангасан тохиолдолд тусгай ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн тогтоож болдог нь эрүүгийн хариуцлага бодит байдалд нийцсэн, тохирсон байх агуулгыг илэрхийлдэг бөгөөд үүнийг Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр зохицуулсан байна.
Б.Д- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан ялыг хөнгөрүүлэн тогтоож болох нөхцөлүүдийг хангасан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд шийтгэх тогтоол, магадлалд ялыг хөнгөрүүлсэн өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 976 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 168 дугаар магадлалд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Д-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН