Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 387

 

Г.Г-ын нэхэмжлэлтэй,

Богдхан уулын дархан цаазат газрын

хамгаалалтын захиргааны дарга Ц.Д-д холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                М.Батсуурь

Шүүгчид:                   Г.Банзрагч

                                    Б.Мөнхтуяа

                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б-37 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын Газар ашиглалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин болох нийт 6,218,280 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0186 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0354 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Г.Г, түүний өмгөөлөгч Ж.Э, Б.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, түүний өмгөөлөгч М.О нар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0186 дугаар шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.4, 27.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2017 оны 10 сарын 20-ны өдрийн Ажлаас халах тухай Б-37 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Г.Г-ыг урьд эрхэлж байсан албан тушаал болох Газар ашиглалт хариуцсан /Газар зохион байгуулалт/ мэргэжилтний албан тушаалд томилохыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга /Ц.Д/-д даалгаж, 2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Гын нэхэмжлэлийн шаардлагаас цалингийн олговроос илүү нэхэмжилсэн 1778376 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, түүний ажиллаагүй хугацааг 2017 оны 10 сарын 20-ны өдрөөс 2018 оны 3 сарын 21-нийг хүртэлх хугацаагаар тооцож, 4439904 /дөрвөн сая дөрвөн зуун гучин есөн мянга есөн зуун дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохыг, ийнхүү олгохдоо хуульд заасан холбогдох суутгалуудыг хийхийг, нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, зохих журмын дагуу сар тутмын шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг тус тус хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0354 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0186 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О-ын гомдол: “... давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...хариуцагчийн зүгээс удаа дараа хөгжлийн бэрхшээлтэй болохоо батал гэж шаардаж, хүний эрхийн зөрчил гаргасан байна”, мөн “... хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэн болохоо батлах үүрэг Г.Год ногдуулаагүй боловч хариуцагч эрх мэдлээрээ далайлгаж байсан тул аргагүйн эрхэнд нэхэмжлэгч Г.Г нь эмнэлгийн байгууллагаар өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэн болохоо батлахаар явсан байдал нь тогтоогдож байна ...” гэж дүгнэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.5.1, 43 дугаар зүйлийн 43.1.7-г тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь ажлаас халсан тушаалын 1 үндэслэл нь “Г.Гыг ээлжийн амралтын хугацааг хууль бусаар нэмэгдүүлсэн тооцоо гаргаж өгснөөр 2013-2017 онуудад жил бүр 5 хоногийн амралтын мөнгө завшсан” гэдэг ба үүнтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нийгмийн даатгалын хэлтсээс лавлагаа авахад Г.Г нь мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй байсан.

4. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэдэгт бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралгүй бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг” хэлэхээр тодорхойлсон байх ба мөн тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс тодорхой шалгуураар тогтоодог.

5. Гэтэл нэхэмжлэгч Г.Г нь тус байгууллагад ажиллах хугацаандаа хөгжлийн бэрхшээлтэй гэж ээлжийн амралт илүү эдэлж байсан ба үүнийг хариуцагчийн зүгээс тодруулах зорилгоор асуусныг давж заалдах шатны шүүх хүний эрхийн зөрчил, эрх мэдлээрээ далайлгасан гэх мэтээр хэтрүүлэн дүгнэжээ.

6. Нэхэмжлэгч Г.Г нь өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор тогтоолгож дүгнэлт гаргуулсны дараа хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг эдлэх ёстой гэж үзэж байна.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан манай байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Нацагдоржийн давж заалдах гомдолд дурдсан зөрчил хөөн хэлэлцэх холбоотой асуудлыг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулийн дагуу зөв зүйтэй дүгнэлт хийж шийдвэрлээгүй” гэжээ.

ХЯНАВАЛ:

            8. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

            9. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б-37 дугаар тушаалаар “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлйин 26.1.3, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.3.6, 9.3.7, Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.3.7, БОАЖЯ-ны Ёс зүйн хорооны 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 11/5483 дугаар дүгнэлт, даргын дэргэдэх зөвлөл болон хамт олны өргөтгөсөн хурал зэргийг” тус тус үндэслэн, ‘... иргэд, үйлчлүүлэгч, албан хаагчдыг доромжилж харьцдаг, Хүний нөөц, газар ашиглалт хариуцсан мэргэжилтнэээр ажиллаж байсан давуу байдлаа урвуулан ашиглаж, өөрийнхөө амралтын хугацааг хууль бусаар нэмэгдүүлсэн тооцоог гаргаж өгснөөр 2013-2017 онуудад жил бүр 5 хоногийн амралтын мөнгө буюу нийт 383,283 төгрөгийн төсвийн мөнгийг завшсан, Тусгай хамгаалалттай газрын байршил, газар ашиглагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн газар ашиглалтын талаар кадастрын мэдээлэл агуулсан толгой компьютерийг бусдад ашиглуулан, өөрийнхөө хийвэл зохих ажлыг бусдаар гүйцэтгүүлж байсан, аливаа албан бичгийг архив бичиг хэргийн ажилтанд бүртгүүлэхгүй, удирдлагын цохолтгүй шууд хүлээн авч, өөрийн сонирхлоор шийдвэрлэж, албан бланк дээр хэвлүүлж удирдлагад эцсийн байдлаар танилцуулж, шийдвэрлүүлэх гэж дур зоргоороо авирладаг, зарим өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлэдэггүй, удирдлагаас өгсөн шийдвэр, үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлээгүй, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс ажлын 5 хоног хуурамч эмнэлэгийн магадлагаа өгч ажил тасалсан зэрэг...” гэх зөрчлүүд дурдан Г.Гыг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халсан байна.

            10. Нэхэмжлэгчээс уг тушаалыг эс зөвшөөрч маргасан үндэслэлээ, “... дурдсан зөрчлүүдийг гаргаагүй, ... худал зүйлийг үндэслэл болгож ажлаас халсан ... нь хууль бус” гэж, хариуцагчаас “... Г.Г эдгээр зөрчлүүдийг гаргасан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон тул ... ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь ... хуульд нийцсэн” гэж маргажээ.

            11. Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг шалгахдаа, актад дурдсан зөрчил нэг бүр нь тухайн актын үндэслэл болсон “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлйин 26.1.3, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.3.6, 9.3.7, Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.3.7, БОАЖЯ-ны Ёс зүйн хорооны 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 11/5483 дугаар дүгнэлт”-д хэрхэн холбогдож байгаа талаар болон зөрчил тус бүрт холбогдуулан хөөн хэлэлцэх хугацааны талаар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх уг алдааг залруулаагүйгээс хяналтын шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. 

            12. Тодруулбал, маргаан бүхий захиргааны актад “ ...иргэд, үйлчлүүлэгч, албан хаагчдыг доромжилж харьцдаг, ... /албаны мэдээлэл агуулсан/ толгой компьютерийг бусдад ашиглуулсан, ... албан бичгийг архив бичиг хэргийн ажилтанд бүртгүүлэхгүй, удирдлагын цохолтгүй шууд хүлээн авдаг, ... өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлэдэггүй, ... удирдлагаас өгсөн шийдвэр, үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлээгүй” гэх зөрчил дурдаж, үүнтэй холбогдуулан БОАЖЯ-ны Ёс зүйн хорооны 2017 оны 11/5483 дугаар дүгнэлт, “ДиЖиПи” ХХК-ийн захирал Д.Г, М.А нарын гаргасан тайлбар, Захиргааны хурлын 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн тэмдэглэл, Хамт олны хурлын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн тэмдэглэл, түүнчлэн, “нэхэмжлэгч Г.Г нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн биш болохыг нотлоно” гэж Сүхбаатар дүүргийн ЭМНДХ-ийн 2017 оны 697 дугаар албан бичиг зэргийг хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгснийг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан, шүүх эдгээр нотлох баримтуудад дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу, зүй нь шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад бүрэн гүйцэд үнэлэлт, дүгнэлт өгч, хэргийн оролцогчдын тайлбар, үндэслэлээ нотлохоор гаргаж өгсөн зөрүүтэй нотлох баримтууд нь маргааны үйл баримтыг хэрхэн үгүйсгэж байгаа, эсхүл хэрхэн нотолж байгаад дүгнэлт хийх ёстой юм.

            13. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч, хариуцагч нараас нэхэмжлэлийн үндэслэлд холбогдуулан гаргасан тайлбар, татгалзалд холбогдох хэрэгт цугларсан нотлох баримтуудад үнэлэлт өгөлгүйгээр “.../маргаан бүхий захиргааны акт/ зөрчлийн шинж байдалд тохироогүй, бодит байдалд тохироогүй” гэх ерөнхий дүгнэлтээр хэргийг шийдвэрлэсэн, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож буй үндэслэлдээ “... ямар шалтгааны улмаас яагаад ийм зөрчил гарах болсон, уг зөрчлүүдийг сануулах байдлаар засах арга хэмжээг захиргаа хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй” гэх зэрэг дүгнэлт хийснээр, шүүх нэхэмжлэгч Г.Г-ыг захиргааны актад заасан зөрчлүүдийг “гаргаагүй” эсхүл, “гаргасан”, “заримыг нь гаргасан” алинаар нь дүгнэж байгаа нь ойлгомжгүй, зөрчил тус бүрт хамааруулан хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийгээгүй, “/зарим зөрчлүүдийн хувьд/ ... хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэж дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байх”, “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” зарчмуудад нийцээгүй байна.

            14. Түүнчлэн, нэхэмжлэгч нь “хөгжлийн бэрхшээлтэй иргэн” мөн эсэх талаар талууд маргасан байхад уг маргаанд холбогдох хуулийн заалтыг тайлбарлан хэрэглээгүй, маргааны үйл баримтад дүгнэлт хийгээгүй, давж заалдах шатны шүүх Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “хүн бүр хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байж, үндсэн эрх, эрх чөлөөгөө эдлэн, нийгмийн баялгаас адил хүртэх эрхтэй”, 6.5.1-д “хүнийг хөгжлийн бэрхшээлээр нь доромжлох, тохуурхах, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүл, эцэг эхийг гадуурхах, олон нийтэд хөгжлийн бэрхшээлийн талаар буруу ойлголт төрүүлэхүйц мэдээлэл, зар сурталчилгаа явуулах, соёл урлагийн бүтээл хийх, хүний сүсэг бишрэл, итгэл үнэмшилд суурилан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхэд халдсан аливаа зөвлөгөө өгөх.../ –ийг ялгаварлан гадуурхалт гэнэ/”, 43 дугаар зүйлийн 43.1.7-д “... /хуулийн этгээд нь/ хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй зүй бусаар харилцах, эрх, эрх чөлөөг нь аливаа хэлбэрээр зөрчихийг үл тэвчих Хүнийг хөгжлийн бэрхшээл болон эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглоно” гэсэн заалтуудыг тайлбарлан хэрэглэж, “хариуцагч хүний эрхийн зөрчил гаргасан” гэж дүгнэсэн нь өрөөсгөл болжээ.

            15. Иймд, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О-ын “... хөөн хэлэлцэх холбоотой асуудлыг ... шүүх хуулийн дагуу зөв зүйтэй дүгнэлт хийж шийдвэрлээгүй”, “... нотлох баримтуудыг бүрэн үнэлээгүй”, “... Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.5.1, 43 дугаар зүйлийн 43.1.7-д заасныг буруу хэрэглэсэн” гэх гомдлыг хангаж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.     

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0186 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0354 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

               

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА