Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 795

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Б ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/00464 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Б ийн хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ц.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Ц ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Э” ХХК-ийн захирал гэх залууд 100 сав /1сав нь 25л/ гадна фасадны чулуун будаг зарсан. Будгийг 1 савыг нь 79 000 төгрөгөөр тооцож, нийт 7 900 000 төгрөгийн үнэ бүхий будаг өгч явуулсан. Бид тохирохдоо 7 хоногийн дотор мөнгийг бүтнээр нь төлж дуусгахаар болсон. Гэтэл тус компаниас надад 6 удаагийн гүйлгээгээр хэсэгчилж нийт 6 000 000 төгрөг өгсөн. Барааны үлдэгдэл 1 900 000 төгрөгийг одоог хүртэл өгөхгүй намайг хохироож байна. Хэрэв НӨАТ оруулж тооцох ёстой байсан гэж үзвэл би зах зээлийн үнээр буюу 1 савыг 83 000 төгрөгөөр тооцсон үнээр худалдах байсан. Тиймээс “Э” ХХК-аас худалдан авсан чулуун будагны үлдэгдэл төлбөр 1 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК  нь 2019 оны 03 дугаар сараас 2019 оны 06 дугаар сарын хооронд “Х” ХХК-д Twin coat нэрийн нийт 519 сав гадна фасадны чулуун будгийг худалдсан байдаг. Харин 2019 оны 07 дугаар сард тус “Х” ХХК-ийн барилгын гадна фасадны ажлыг гүйцэтгэсэн гэх иргэн Ц.Б нь ажлынхаа хөлсөнд “Хүслэн хайрхан” ХХК-аас манай компанийн худалдсан 100 сав будгийг тооцож авсан гэж мэдэгдэн, эдгээр будгийг худалдаж өгөх боломж бий эсэх, хэрэв тийм бол худалдаж мөнгийг нь гаргаж өгөхийг хүсэж компанийн захирал Э.Б т хувь хүнийх нь хувьд хандаж утсаар холбогдсон байдаг. Энэхүү хүсэлтийг хүлээн авч, эдгээр 100 сав будгийг бусдад худалдаж, түүний төлбөр бүрэн төлөгдсөний дараа нэхэмжлэгчид будагны үнийг бүрэн төлөхөөр Ц.Б тэй утсаар ярьж харилцан тохиролцсон. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан шиг будагны үнийг 7 хоногийн дотор төлөхөөр огт тохиролцоогүй болно. Дээрх 100 сав будгийг цөөн тоогоор хэсэгчилж зарж, тухайн худалдсан будагны төлбөр төлөгдмөгц Ц.Б тэй холбогдох тооцоог тухай бүрт хийж байсан ба одоогоор түүнд нийт будагны үнэд 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн болно. Үлдэх 1 900 000 төгрөгийн будгийг бусдад худалдсан боловч түүний төлбөр бүрэн төлөгдөж дуусаагүй байгаа болно. Тус 100 сав будгийг бид НӨАТ-тэй үнээр бусдад худалдсан бөгөөд уг будагт ногдох 718 181.82 төгрөгийн НӨАТ-ийг Ц.Б бидэнд хариуцан төлөх үүрэгтэй болно. Мөн хувь хүний орлогын албан татвар нийт үнийн дүнгийн 10% буюу 790 000 төгрөгийг хасаж тооцох ёстой. Бидний зүгээс нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн үзэж, дээрх будагны төлбөр бүрэн төлөгдөхөөс өмнө нэхэмжилж буй зохих төлбөрийг түүнд өөрсдөө хариуцан урьдчилан төлөх эрмэлзэлтэй байсан боловч улирлын шинж чанараас шалтгаалан компанийн үндсэн үйл ажиллагаа зогсож санхүүгийн хүндрэлтэй байна. Иргэн Ц.Билхүүг бид хохироох, хуурч мэхлэх аливаа санаа, зорилго огт байхгүй ба харин түүний зүгээс манай компанийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулах үйлдэл гаргасан гэдгийг энд дурдах нь зүйтэй юм. Иймд нэхэмжлэгч Ц.Б ийн гаргасан хариуцагч “Э” ХХК-аас 1 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 1 508 181.82 төгрөгөөс бусад хэсгийг төлөх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Э” ХХК-аас 1 900 000 төгрөгийг гаргуулж Ц.Б д олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 45 350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь алдаатай болсон байна. Талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй бөгөөд гэрээний зүйл болох 100 сав чулуун будгийг хариуцагчид шилжүүлэх болсон шалтгааныг талууд өөр өөрөөр тайлбарладаг. Хэрэгт цугларсан баримт буюу нэхэмжлэгч нь аливаа төлбөр авахгүйгээр 100 сав чулуун будгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн, будгийн төлбөр болох 6,000,000 төгрөгийг тодорхой хэмжээгээр хуваан нэхэмжпэгчид шилжүүлж байсан баримт зэргээс харахад талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ бус худалдааны комиссын гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Гэтэл шүүх хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбарыг харгалзан үзэлгүйгээр талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэл муутай болсон байна. Анхан шатны шүүх Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5.1, 26.1.1 дэх хэсэгт заасны дагуу бараа худапдан борлуулсан төлбөрөөс НӨАТ болон хувь хүний орлогын албан татвар төлөх үүргийг нэхэмжпэгч хүлээнэ гэж дүгнэсэн нь алдаатай дүгнэлт болсон байна. Учир нь талуудын хооронд худалдааны комиссын гэрээ байгуулагдсан бөгөөд худалдааны комисс нь өөрийн нэрийн өмнөөс гэхдээ бусдын зардлаар барааг борлуулдаг тул тухайн барааг борлуулахтай холбогдон гарсан зардал буюу НӨАТ болон ашгийн албан татварыг нэхэмжлэгч хариуцах ёстой. Гэтэл анхан шатны шүүх уг татваруудыг нэхэмжлэгч өөрөө төлөх ёстой тул хариуцагчийн төлөх төлбөрөөс хасахгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд дээрхийг харгалзан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрээс 1 508 181.82 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 900 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...100 сав будгийн 1 савыг нь 79 000 төгрөгөөр тооцож нийт 7 900 000 төгрөгийн үнэ бүхий будаг худалдсан, үлдэгдэл 1 900 000 төгрөгийг гаргуулан авна” гэх, хариуцагч татгалзлаа “...100 сав будгийг НӨАТ-тай үнээр бусдад худалдсан бөгөөд уг будагт ногдох НӨАТ-ыг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй” гэж тус тус зөрүүтэй тайлбар гаргасан байна. /хх-1, 15-16/

 

Нэхэмжлэгч Ц.Б нь чулуун будгийн 1 бүрийн үнийг 79 000 төгрөгөөр тооцож нийт 7 900 000 төгрөгийн үнэ бүхий 100 сав чулуун будгийг хариуцагч “Э” ХХК-д шилжүүлсэн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

 

“Э” ХХК  нь Ц.Б д будагны үнэд 6 000 000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлсэн болох нь хэргийн 5-7 дугаар тал дах “Хаан банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Хариуцагч “Э” ХХК  нь нэхэмжлэгчийн хүсэлтээр чулуун будгийг бусдад худалдсан бөгөөд уг будагт ногдох НӨАТ-ыг Ц.Б хариуцан төлөх үүрэгтэй” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

 

Шүүх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар татвар төлөгч өөрөө татвар ногдох орлогоо үнэн зөв тодорхойлж албан татварыг холбогдох төсөвт төлөх үүрэгтэй учраас хариуцагч нь худалдан авсан зүйлийн үнээс тооцох хууль зүйн үндэслэлгүй талаар зөв дүгнэсэн тул энэ талаарх хариуцагчийн тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Б д хариуцагчийг хэлэлцэн тохирсон үлдэгдэл будагны үнийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж 1 900 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...худалдах худалдан авах гэрээ бус худалдааны комиссын гэрээ байгуулагдсан бөгөөд өөрийн нэрийн өмнөөс бусдын зардлаар барааг борлуулдаг тул тухайн барааг борлуулахтай холбогдон гарсан зардал буюу НӨАТ болон ашгийн албан татварыг нэхэмжлэгч хариуцах ёстой” гэх гомдол үндэслэлгүй. Учир нь талуудын хооронд Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт заасан үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул дээрх гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/00464 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 39 081 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

 

                ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ