Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2012 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 464

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

      

Нэхэмжлэгч: Ц.Б-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: “ЭЭТ” ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмон, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Би 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “ЭЭТ” ХХК-ийн захирал гэх залууд 100 сав /1сав нь 25л/ гадна фасадны чулуун будаг зарсан. Будгийг 1 савыг нь 79,000 төгрөгөөр тооцож, нийт 7,900,000 төгрөгийн үнэ бүхий будаг өгч явуулсан. Бид тохирохдоо 7 хоногийн дотор мөнгийг бүтнээр нь төлж дуусгахаар болсон. Гэтэл тус компаниас надад 6 удаагийн гүйлгээгээр хэсэгчилж нийт 6,000,000 төгрөг өгсөн. Барааны үлдэгдэл 1,900,000 төгрөгийг одоог хүртэл өгөхгүй намайг хохироож байна.

Хэрэв НӨАТ оруулж тооцох ёстой байсан гэж үзвэл би зах зээлийн үнээр буюу 1 савыг 83,000 тооцсон үнээр худалдах байсан.

Тиймээс “ЭЭТ” ХХК-аас худалдан авсан чулуун будагны үлдэгдэл төлбөр 1,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Манай “ЭЭТ” ХХК нь 2019 оны 3 дугаар сараас 2019 оны 6 дугаар сарын хооронд “Хүслэн хайрхан” ХХК-д “Twin coat” нэрийн нийт 519 сав гадна фасадны чулуун будгийг худалдсан байдаг. Харин 2019 оны 7 сард тус “Хүслэн хайрхан” ХХК-ийн барилгын гадна фасадны ажлыг гүйцэтгэсэн гэх иргэн Ц.Б нь ажлынхаа хөлсөнд “Хүслэн хайрхан” ХХК-аас манай компанийн худалдсан 100 сав будгийг тооцож авсан гэж мэдэгдэн, эдгээр будгийг худалдаж өгөх боломж бий эсэх, хэрэв тийм бол худалдаж мөнгийг нь гаргаж өгөхийг хүсэж компанийн захирал Э.Батбилэгт хувь хүнийх нь хувьд хандаж утсаар холбогдсон байдаг.

Энэхүү хүсэлтийг хүлээн авч, эдгээр 100 сав будгийг бусдад худалдаж, түүний төлбөр бүрэн төлөгдсөний дараа нэхэмжлэгчид будагны үнийг бүрэн төлөхөөр Ц.Бтэй утсаар ярьж харилцан тохиролцсон. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан шиг будагны үнийг 7 хоногийн дотор төлөхөөр огт тохиролцоогүй болно.

Дээрх 100 сав будгийг цөөн тоогоор хэсэгчилж зарж, тухайн худалдсан будагны төлбөр төлөгдмөгц Ц.Бтэй холбогдох тооцоог тухай бүрт хийж байсан ба одоогоор түүнд нийт будагны үнэд 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн болно. Үлдэх 1,900,000 төгрөгийн будгийг бусдад худалдсан боловч түүний төлбөр бүрэн төлөгдөж дуусаагүй байгаа болно. Тус 100 сав будгийг бид НӨАТ-тэй үнээр бусдад худалдсан бөгөөд уг будагт ногдох 718,181.82 төгрөгийн НӨАТ-ийг Ц.Б бидэнд хариуцан төлөх үүрэгтэй болно. Мөн хувь хүний орлогын албан татвар нийт үнийн дүнгийн 10% буюу 790,000 төгрөгийг хасаж тооцох ёстой.

Бидний зүгээс нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн үзэж, дээрх будагны төлбөр бүрэн төлөгдөхөөс өмнө нэхэмжилж буй зохих төлбөрийг түүнд өөрсдөө хариуцан урьдчилан төлөх эрмэлзэлтэй байсан боловч улирлын шинж чанараас шалтгаалан компанийн үндсэн үйл ажиллагаа зогсож санхүүгийн хүндрэлтэй байна.

Иргэн Ц.Бг бид хохироох, хуурч мэхлэх аливаа санаа, зорилго огт байхгүй ба харин түүний зүгээс манай компанийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулах үйлдэл гаргасан гэдгийг энд дурдах нь зүйтэй юм.

Иймд нэхэмжлэгч Ц.Бгийн гаргасан хариуцагч “ЭЭТ” ХХК-аас 1,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 1,508,181.82 төгрөгөөс бусад хэсгийг төлөх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 

Шүүх талуудын тайлбар, шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтууд зэргийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч “ЭЭТ” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,900,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч “ЭЭТ” ХХК нь бусдад худалдсан будагны үнэд ногдох 718,181.82 төгрөгийн НӨАТ, 790,000 төгрөгийн ХХОАТ-ыг тус тус нэхэмжлэгч хариуцан төлөх үүрэгтэй гэж маргаж, суутган тооцсон дүнгээс үлдэх 391,818.18 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй ч нэхэмжлэгчээс 1 бүрийн үнэ 79,000 төгрөг, нийт 7,900,000 төгрөгийн үнэ бүхий 100 сав чулуун будгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч чулуун будагны үнэд 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд нийт 6,000,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч чулуун будаг худалдсан гэх тайлбар, хариуцагч нэхэмжлэгчийн хүсэлтээр чулуун будгийг бусдад худалдан борлуулж өгсөн гэх тайлбар тус тус гаргаж байгаа ч хэн алиных нь тайлбар бичгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

 

Иймд шүүх тогтоогдсон дээрх үйл баримтад үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй.

 

Хэргийн баримт, талуудын маргаагүй тайлбараар нэхэмжлэгч нь 1 бүрийн үнэ 79,000 төгрөг, нийт 7,900,000 төгрөгийн үнэ бүхий 100 сав чулуун будгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч чулуун будагны үнэд 6,000,000 төгрөг төлсөн, үлдэх 1,900,000 төгрөгийг төлөөгүй үйл баримт тус тус тогтоогдсон бөгөөд хариуцагч НӨАТ болон ХХОАТ суутгасан дүнгээр 391,818.18 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн. 

 

Худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдсан барааны үнээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэгтэй бол энэ үүрэг нь манай тохиолдолд хуулийн дагуу нэхэмжлэгчид үүсэхээс биш хариуцагчид үүсэхгүй, мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар нэхэмжлэгч нь татвар төлөгч байх бөгөөд үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д зааснаар татвар төлөгч өөрөө татвар ногдох орлогоо үнэн зөв тодорхойлж, албан татварыг холбогдох төсөвт төлөх үүрэгтэй байх тул хариуцагч нь худалдан авсан зүйлийн үнээс НӨАТ болон ХХОАТ-ыг суутган тооцох хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Иймд хариуцагч “ЭЭТ” ХХК-ийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзэж, тус компаниас 1,900,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бд олгож шийдвэрлэлээ.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан “ЭЭТ” ХХК-аас 1,900,000 төгрөгийг гаргуулж Ц.Бд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 45,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор ирж гардан авах үүрэгтэй бөгөөд эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Ө.УЯНГА